03 March 2012

Зургаан жилийн дараах цагаан сар

Цагаан сарыг жинхэнэ утгаар нь тэмдэглээгүй зургаан жилийг үдсэн учир ийн нэрлэв. Тэртээ 2007 оны 2 сарын 18-нд Цагаан сарын шинийн нэгний өдөр таарч харин тэр өглөө үүрээр би УБ-Сөүлийн онгоцонд сууж байсансан. Шинийн нэгний өглөө үүрээр онгоцны цонхоор УБ хот тэр чигээрээ харанхуй утаан дунд аль нь аль болохыг ялгаж танихад бэрх харагдаж билээ. Цаг хугацааны хүрдэн даан ч хурдан эргэх болохоор нэг мэдэхнээ 2012 оны цагаан сартай нутагтаа золгож байна. Аав ээжээс тустаа гарсны анхны, алс нутгаас ирсний анхны гээд бүх юм анхны цагаан сар байлаа. Манайхан нэгэн хэсэг цагаан сарыг тээршаах хандлагатай байх шиг байсан чинь одоо бүр эсрэгээр, бүр өргөнөөр, бүр сүртэйгээр тэмдэглэн өнгөрүүлдэг болсон шиг санагдлаа. Би ч юу дутахав анхных гэдэг утгаараа өөрийнхөө хирд өргөн дэлгэр байлгах гэж юм бүхнээ, гэрээ, идээ тавгаа, ууц, буузаа, хувцас хунараа, бэлэг сэлтээ төгс бэлдэхийг хичээлээ. Дээл өмсөж сураагүйдээ жаахан эвгүй болохоос ээжийн бэлдэж өгсөн үйтэн хуар дээлэн дээр булган эмжээртэй хантааз зохисон ч гэж ванлий гэдэг шиг л орсон айл болгон, үзсэн хүн бүрт магтуулав. (Ээж л намайг ирэхэд ингээд бэлдчихсэн байв. Нэгэнт бэлдсэн хувцсыг нь өмсөхгүй бол гомдоно. ) Загварын шоу үзүүлэх аятай юм болж ээжид тийм дээл, хантаазны захиалга хүртэл ирэв. Ээж аав хоёртой хамаатны золгодог хөгшчүүлд нь очиж золгоод л гоё байлаа. Гудамжаар яваа хүмүүс, хүүхэд хөгшид, залуусын өмссөн үндэсний хувцас, үндэсний зан заншлаа хадгалсан золгох үйл болоод уламжлалт мэндчилгээний үгс үнэхээр сэтгэл хөдөлгөм сайхан санагдлаа. Ямар сайхан том уламжлал, ямар гоё үндэсний соёл, яасан сайхан жинхэнэ Монгол ёслол вэ гэж бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрнө. Цагаан сараар нутагтаа байгаагүй удсан болоод ч бүр тэр юм болов уу... Шинэ жил болоод бусад баярт би нээх ач холбогдол өгдөггүй. Харин уламжлалаа хадгалсан, үр ачдаа өвлүүлэн үлдээж байгаа цагаан сар хэмээх жинхэнэ Монгол энэ баярыг улам монголжуулж, монгол гэсэн бүхнээрээ товойлгож дөвийлгөж, улам хуучинсаг бөгөөд уламжлалт зүйлсээрээ сэргээн тэмдэглээсэй гэж хүсэв. Баян, ядуу гэхгүй бүгд өөр өөрийнхөө хэмжээнд идээгээ засч, ууцаа тавин, үндэсний хувцсаа өмсөн бие биедээ хадаг барин золгодог, хөөрөг зөрүүлэн мэндэлдэг энэ ёс заншил, дээдсээс уламжлан ирсэн энэ өв дэлхийд өөр газар бий билүү... Энэ утгаараа залуус бид ч бас Цагаан сарыг, Монгол ёс заншлаа хүндэтгэх ёстой. Манайхан цагаан сар дөхөхөөр л сонин сэтгүүл, хэвлэл мэдээллээр баахан, ууц, бууз, бэлэг сэлтний үнэ яриад л шатлаа хоосорлоо аятай юм бичих юм. Цагаан сар хэмээх энэ сайхан өв соёлтой нь харьцуулахад түүнд зарцуулагдах хэдхэн төгрөг үнэндээ юу ч биш шүү дээ. Бие биенээсээ дээш давж гарч, нэгнээсээ олон давхар идээ засч, том ууц тавихдаа гол нь биш болохоор боломж боломжоороо дээд хөх тэнгэр, байгаль дэлхий, өвөг дээдэстээ залбирч уламжлалаа сэргээн ёс заншлаа хадгалан үлдэх нь гол нь бус уу... Миний хувьд энэ жил надад хамгийн сайхан бүхнийг авч ирнэ хэмээн итгэсэн. Итгэсэн болохоор бүх юм сайхан байна.

30 August 2011

Goodbye my fatherland....

Goodbye my fatherland.... Ийм нэгэн title.тай постыг бичнэ дээ гэж их удаан бодож ирсэнсэн... нутагтаа харих тэр л өдрийн өмнөх шөнө нь магадгүй нулимстай ч юм уу бичих байх даа гэж төсөөлдөг байсан юм. Эцэг орны хал, хайр хоёрын тухай, миний зүрхнээс хэзээ ч арчигдахгүй байж мэдэх саар сайхан олон дурсамжыг, цэнхэр далайн Хан нутаг миний амьдралд болоод зүрхэнд минь ямархнаар нөлөөлж юуг үлдээв дээ гэдгийг нэг л бичнэ дээ гэж бодсонсон, бодоод л байсан... Ихэнх санаа нь аль хэдийнэ цээжин дотор исэлдээд бүрэлдчихсэн л байсан. Тэгсэн хирнээ би бичсэнгүй. Миний залхуугийнх л байх, цаг гаргаж амжихгүй байсаар эцэг оронтойгоо үзэг цаасаараа мэнд мэдэж амжсангүй нэг л мэдэхэд Чингис хаан нисэх буудалд бууж байв. /Гэсэн ч залуу насныхаа цөөнгүй жилийг бэлэглэн үлдээсэн тэр л нутгийн тухай нөхөж заавал бичих юм шүү... Хаанаас ч юм нисэн ирээд үзгээ бариад хурдан бич хэмээн шавдуулдаг тэр мэдрэмжээ ирсэн үед нь бичнэ гэдэгтээ итгэж байна./
Харин энд нутагтаа ирсэн тухай, миний төсөөлсөн, миний хүлээсэн, миний мөрөөдсөн эх орон минь тэр л мөрөөдөн хүлээсэн сэтгэлийн босгонд хүрээгүй тухай хэдхээн үг бичих гэсэн юм. Намар, нар хоёроо дэлгэж угтсан эх орон минь хагархай зам, бөглөрөл, хуурай шороо, хүмүүсийн бухимдал гээд л сайхныхаа хажуугаар саар олон асуудалтайгаа "төрүүлсэн охин"-тойгоо мэндэллээ. Яавал энэ бүхнийг өөрчлөх билээ хэмээн толгойгоо гашилгаж хэд хонолоо.... /Гадуур гарахаас халшираадв.../ Яаж энэ бүхнийг өөрчлөх билээ? БИ ӨӨРЧИЛЖ ЧАДАХ БОЛОВ УУ? /Нутагтаа ирсэн хүн бүр над шиг ингэж өөрөөсөө асууж байгаа юм болов уу?????
.
.

08 July 2011

Завхан нутаг минь...



Нүдээ аниад л би нутагтаа оччихдог юм... Төрсөн нутгийн минь салхи заримдаа тэсэхийн аргагүй ясан дотроос минь, цусан дотроос минь сэвэгнэхэд нь би хэдхээн хором аньсан нүдэндээ уул усаа харж аваад сэpвэлзэн сэвэгнэх тэр салхийг цээжнийхээ гүнээс гарган ирж амтлан амьсгалдаг юм. Mөн ч олон удаа тэгж нутагтаа очсонсон... Дөрвөн жилийн туpш ингэж хөлөрсөн сэтгэл минь надаас түрүүлэн живэрсэн адуу шиг цаст уулруугаа цахилан одох бүрийд хүний газрын хүйтэн бороон дунд зөвхөн бие минь л чичирсээр үлддэг юм.
Өчигдөр охин минь "Ээж би 999 морин хуурч үзсэн" гэж ээждээ их том сонин дуулгасан юм. Ээж нь интернетээр хайж өнөөдөр үзлээ. Завхан аймагт Хөгжим бүжгийн коллеж гэж байдаг бодвол тэр сургуулийн сурагчид байлгүй нутгийн минь авьяаслаг бяцхан жаалуудын яг л нэг хүн шиг хөдлөх гарын хөдөлгөөн морин хуурыг Улаанбаатартай xөглөcөн нь энд намайг уйлууллаа. Монгол айл гэрийнхээ жаврыг үргээж хийморийг нь сэргээхдээ гэртээ морин хуур татуулдаг шиг энэ бяцхан жаалууд Улаанбаатар xoтын жаврыг үргээж хийморийг нь сэргээсэн бололтой.

999 морин хуурын аялгуунд хөтлүүлэн би дахиад л нүдээ анин өөрийнхөө замаар аньсгандаа нулимстай нутгаа зоpьлоо... . Гэхдээ хүний нутагт унагасан эцсийн дусал нулимс минь хэмээн итгэсээр тиймээ, би нутагтаа харьж явна.


.

03 June 2011














한국에 온지 벌써 4년이나 다 지나갔네요~~ 앞으로 한두달만 지나면 지금쯤 집에 있을지도 모르겠네요... 세월이 참 빠르다... 이나라에서 참 오랜세월을, 한말로 내젊은생을 여기서 보낸것같은데 그렇지만 지난 날들 여기서 얻은거 뭔지또 잘 모르겠다... 단지 나는 내 자신 보다 하루하루 나를 기다리며 내가 올 그 길을 바라보고 있는 소중한 내 가족들을 뭣보다 사랑하는걸 너무나 잘안다~~~

내 블로그 위에 있는 이꽃을 아주 오래전에 누구한테 온라인으로 선물 받았는데... 아직또 내곁을 지키고 있네요~~~




Already four years gone over since I've come to Korea ~~ I guess be home after couple months but not sure... Time goes very fast~~~ It would be said almost young ages of my life have been spent in ths country. Though I do not really know what I obtained the last days here... the one I really know is I love my precious family every day waitin 'for me looking at the way where I come out more than myself~~~




The flower on the head of my blog I received it as gift for a long time ago from a poet... Yet it keeps stand my side.




31 January 2011

Уураар биш ухаанаар шийдэх цаг болоогүй юм гэж үү...

Монгол хүнийг магтаад л байвал бодит ертөнцөөсөө тасраад нисээд явчихаж мэдэх гэнэн хүмүүс харин ялигүйхэн шүүмжлэх юмуу өөлөөд биччихээр өөдөөс босч ирээд цохиод авж мэдэх омголон хүмүүс. Бид өөрсдөө өөрсдийгөө яаж харах нь нэг хэрэг гадныхан биднийг хэрхэн үнэлж дүгнэх нь бас нэг өөр хэрэг. Орчин үеийн хүмүүний сэтгэхүйтэй уралдан за даа, бараг түүнээс ч өрсөн хөгжиж байгаа “е-эрин зуун” гээчид Монголчууд бид ч гадныхнаас дутах юмгүй яах ийхийн зуургүй хөл дүрэн ороод энгийн иргэн бүр л “сайн дурын сэтгүүлч” болчихоод компъютерийн араас үзсэн харсан, үгссэн хуйвалдсан тэр байтугай идсэн уусан, баасан шээснээ хэн дуртай нь тив дэлхий дээгүүр тарааж бичдэг болчихоод байгаа. Юм хөгжинө гэдэг сайхан л юм... "ардчилал" гэдэг амттай л юм. Интернет гэдэг зөвхөн цөөхөн хэдхэн монголчууд бидний хэрэглэдэг, хэрэлддэг юм биш хэдэн зуун орны хичнээн сая түмэн хүн миний магадгүй таны бичсэн, хэлснийг, хийсэн, үйлдснийг хараад уншаад сууж байхыг үгүйсгэхгүй. Интернет бол толь бас дэлхийтэй холбогдох хамгийн ойр гүүр. Интернетээр хэдхэн цаг хэсээд монголын сайтаас мэдээ нийтлэл уншихаар доод талд нь тухайн мэдээнээсээ хэдэн зуун хувь илүү коммент буюу уншигчийн сэтгэгдлийнх нь тавин хувиас илүү нь хэрүүл, хараал, гүтгэлэг, доромжлол, ой гутаж урам хугармаар үгс бас яг тэр үгсээ дагаад яг тийм энерги цацаж байгаа нь харамсалтай. Энд магадгүй тойруулж тойруулж миний хэлэх гээд байгаа юмны гол нь ердөө л өөрсдийг нь жаахан өөлөхөөр л өрвийж босч ирээд нударгаа зангиддаг, уурлаж хашгичан бүдүүлэг үгээр булдаг муухай монгол зангийн тухай л хэлэх гэсэн юм. Алийн бүр бид нар ухаанаар биш уураар юмыг шийдэх гэсэн юм бэ гэж? Хүний тархинаас хүртэл өрсөөд “өөрөө” хөгжих гээд байгаа тэр “е-эрин зуун” чинь тэр хэмжээгээрээ биднээс соёл гээч юмыг шаардаад байгааг яасан ойлгодоггүй юм бэ гэж? Уухай хашгиран морин дэл дээгүүр ниссээр хүчирхийлэн эзэлдэг асан тэр цаг үе биш ухаанаа цэнэглэж толгойгоо ажиллуулсаар ялан дийлдэг огт өөр цаг үе хаяанд биш бүр гэрт орж ирээд суучихсан байгааг яасан олж хардаггүй юм бэ гэж? Хүний нутаг гүний газар амьдарч учиргүй олон биш ч ээлжийн нэг хоёрхон харь хэлийг хальт мулт гадарладгийнхаа ачаар гадаадын том жижиг янз янзын вэбсайтаас хол ойрын мэдээ, нийтлэл хардаг ч монгол сайт дээрх шиг тийм бүдүүлэг, тийм уншихаас хэл бузартмаар үг хэллэгийг би одоо хүртэл олж хараагүй л яваа. Ялангуяа солонгос улсад найман настай балчираас наян настай хөгшид нь хүртэл интернет ашиглаж мэддэг шигээ интернет дэх мэдээ мэдээлэлд өөрийн байрь суурийг илэрхийлэх соёл буюу reply culture гэдэг юм маш сайн хөгжсөн нь эднийхэн сэтгэгдэл, коммент оруулахдаа ямагт хүндэтгэлийн үгээ хэрэглэдэгээс нь харж болно. Дээхнэ нэг удаа би дээд талдаа монголиан топ моп ч билүү number one ч билүү сүрхий нэр өгсөн нэг сайтаас нэг бичлэг олж уншаад золтой л цус харвачихаагүй. Муухайгаа нуудаг монгол хүний зангаар хэлэхэд монгол сайт дээрээ монгол хэлээр элдвийг бичиж уур цухлаа гаргасныг нь гадныхан уншиж мэдэхгүй юм чинь одоо дүүрсэн хэрэг хэмээн бодоход эндхийн Immigration Office-ийн албан ёсны сайт дээр нэг монгол залуу солонгос хэлээр буруу зөрүү аймшигтай гэж хэлэхэд ч багадах бичлэг оруулаад тавьчихсныг тэр топ моп ч билүү монгол сайтын админ хүүхэн өөрийнхөө сайт дээр тэр хэвээр нь копидож авч ирж тавихдаа дээр нь томоос том улаанаар “Сак монгол залуугийн сак бичлэг” гэж гарчиглаад “Солонгост арван жил ажилласан монгол залуу солонгос хэл ингэж гайхалтай сурч иммигрейшний сайтад ийм лайтай бичлэг оруулсан байна, надад бол үнэхээр таалагдаж байна, энд ажиллаж байгаа монгол залуус энэ залуугаас сураарай” ухааны юм бичээд тайлбар тавьчихсан байв. Сонирхоод нөгөө бичлэгийг нь уншсан чинь /ээ бурхан минь ээ/, би газар дээрээ амьсгал түгжрэх шиг л болсон солонгос хэлний хамгийн муу муухай, бараг эднийхэн өөрснөө хэлэхээс ч цээрлэдэг үг хэллэгийг бүгдийг нь урсгаад хамт амьдарч байсан монгол хүүхэн нь баригдаад явсан тул иммигрейшний шалгалтынхнаас хариугаа авахын тулд солонгос янхны газар очиж хүүхнүүдтэй “наргидаг” /энэ үгийг би зөөлчлөв/, гэх мэтээр хүний санаанд багтамгүй муухай бүгдийг бичээд хамгийн гутамшигтай нь доор нь би монгол хүн гээд бичсэн байв. Бас харамсмаар нь арван жил солонгост болсон гээд өөрийгөө гайхуулж гайхуулан бичсэн ч тэр муухай үгнүүд дотор нь нэг ширхэг ч зөв бичсэн үг байхгүй байв. Хуулж авч ирж сайтдаа тавьсан тэр монгол сайтын админ хүүхэн хэл мэдэхгүй байж болно, өөрөө уншаад ойлгоогүй байж болно хүнээс ч болтугай асууж болноо доо яаж монгол залуусаа энэ залуугаас үлгэр аваарай гэж бичиж чадав аа. Би оронд нь байсан бол солонгосын иммигрейшний веб-д edit хийж болдогсон бол хамгийн доод талын “би монгол хүн” гэдэг хэсгийг арилгачихмаар л байлаа. Тэд биднийг тэр хүнээр л төлөөлүүлж харна шүү дээ. Ийм байдлаар бид дэлхийн толинд тусмааргүй, сүүдрээ үлдээмээргүй л байна. Уураар биш ухаанаар шийдэх цаг болоогүй юм гэж үү... Бас нэг жишээ yahoo.com -ийн нэг блог дээр “Mongolia’s Worst Winter in 30 Years” – “Сүүлийн гучин жил болоогүй хүйтрэл цас зудыг монголчууд хэрхэн давж байгаа нь” гэсэн агуулгатай photo interview байхтай санамсаргүй таарсан юм. Нэг талыг барин хэтэрхий гуйвуулсан буруу мэдээлэл байсан ч монголчууд бид нар л болсон хойно хараал, хэрүүлийн муухай үгээ урсгаад л хариу барьсан байв. Нийт монголчууд биш зөвхөн хогийн цэг дээр хог түүж, архи ууж амьдардаг гуйлгачдын зургийг албаар авчихаад монголчууд иймэрхүү маягтай амьдарч байна гэж бичсэн тайлбарын дор дэлбэрч, тэсэрч, уурлаж хараасан бүдүүлэг үгээр коммент бичихийн оронд үнэн зөв байдлыг тайлбарлан даруйхан устгахыг шаардсан ч юмуу соёлтой байдлаар хандсан бол арай зөв болох байлаа. Гэтэл тэнд олон хүмүүс бичснээс монгол хүний л бичсэн сэтгэгдэл гэхээр андашгүй уураа барьж ядсан бүдүүлэг үгс дүүрэн сэтгэгдлүүд байв. Тэд биднийг тийм л байдлаар харна шүү дээ.... Ийм байдлаар бид дэлхийн толинд тусмааргүй, сүүдрээ үлдээмээргүй л байна.. Уураар биш ухаанаар шийдэх цаг болоогүй юм гэж үү... Алтан хувьт монгол хэл минь бурхны тарни биш билүү, ариун цэцэн монгол ухаан минь тэнгэр заяатай биш билүү? Гадныхан биднийг отож суугаа, дээш нь биш доош нь хийхийг л анаж суугаа нь олон харин бид тэдэнд хариуг нь тэнэг уураар биш цэцэн ухаанаар өгъе тэх үү?

15 January 2011

НӨХӨРЛӨЛИЙН ТУХАЙ ДУУН

.
Энэтхэгийн нэртэй яруу найрагч Кумар Вишвас хэмээх нөхрийн нэгэн шүлгийг Монголын Соёл Яруу Найргийн Академийн сэтгүүл дээр хэвлүүлэхэд нь зориулж монголчилсон минь. /Жич: монголчилохыг нь би хийж урлахыг нь Бавуудорж ах урласан юм^^./

Нөхөрлөлийн тухай дуун

Эрхэм сайн андууд минь тус тусдаа
Эзэн бурхан гэрэлт шүтээнтэй
Мөхөс би л тэгэхэд гань ганцаар
Мөн чанарыг тойрон бурхад бурхдыг солисоор...
Аяа,алт мөнгөн бурхад
Амирлангуйн дүрээр зандравч
Эгэлгүй сэтгэлээр барилдсан
Эрдэнэт нөхдийнхөө нөхөрлөлийг
Энгүй шүтээн гэж мунхагланам
Од гариг,тэнгэрсээс ч
Онцгой юм миний найз нар...
Огторгуйн мөн чанарт шилжин одлоо ч та нарын минь оронд
Ондоо шинэ андууд дахиад л тэвэрт минь ирнэ
Сэтгэлийн минь үүд ямагт дэлгээтэй байдаг болохоор
Сүү мэт сайхан нөхөрлөл халин дэврэн байнам

FRIENDSHIP

Everyone of my friends
delights in the creed
of a different God.
I immersed myself
into one creed but came out;
immersed into another
and came out.
Still, yearning to
immerse myself again
into another.
But more than God,
I delight in the fellowship
of my friends and view them
as the totality of Godhead.
The stars and planets too,
I view as my friends.
Even as these friends fly through
the vast space of cosmos
new friends keep joining the group –
and my heart is filled to overflowing.


Орчуулсан Д.Болормаа, Ц.Бавуудорж

18 November 2010

Буу - мөнгө

Америкийн яруу найрагч Лин Коффинсийн шүлгүүдээс чадан ядан монгол хэлрүүгээ хөрвүүлсэн минь.

Буу, мөнгө
Сара Менделд зориулав

Амьдрал мэдэхгүй гэнэн нялхсын ангайсан амнаас
Амаа мэдэхгүй чалчих их мэдэгсдийн мэдэмхийрлээс
Намайг холдууж өгөөч
Эзнээ ололгүй шуудангийн хайрцагны мухарт хаягдсан
Ирэх очих хугацаа нь дууссан захидал шиг мартаад өгөөч
Сэрзийсэн хогын шүүр, сэтэрхий шаазан, үхсэн малын утсан мах
Гар хангалга, ижил хүйстнүүдийн гутамшигт хурьцал
Гурван хэмжээст цаг хугацаа, уйтай энэ бүхнээс
Намайг аваад яваач
Дотор тал нь хов хоосон тэмдэглэлийн дэвтэрүүд
Толгойдоо эмэгтэй хүний хиймэл үс зүүсэн халзан эрс
Нью Жерси, Маплевүүдийн нэг урсгалт гудамжнууд
Силвиа ч билүү Сибилээс намайг явуулж өгөөч
Хөгшин, залуу, дунд насны хэн ч бай
Хүндтэн ямбатан алдар цуутан ч байсан ялгаагүй
Хүмүүсийн сүүдрээс холдуулж өгөөч
Хилс гүтгэлгэ, харгис дарангуйлал
Хагарчихаж мэдэх хачин эмзэг өдөр хоногууд
Харанхуй уй бүхнээс хагацааж өгөөч намайг
Адгийн шийтгэл алт шиг гоё магтаал
Аль аль нь надад хэрэггүй
Буруу харахад нь буудчихаад
Булшийг нь мөнгөөр өнгөлчихдөг
Бузар ёсноос ангижруулж өгөөч
Бохир гар, хиртэй хормогч
Хөлсны үнэр, тавагтай хоол
Бодолд минь үлдсэн дурсамж бүрээс
Бушуухан намайг салгаж өгөөч
Хад чулуус хүртэл амьтай гэдгийг мартсан
Хар нүгэлтэн, хууран мэхлэгчдээс… Тиймээ,
Тэрслүү үл эвлэрэгч өөрөөс минь хүртэл
Толинд тусах энэ дүрээс минь намайг салгаж өгөөч
Өөдгүй хайнга, өөртөө ахадсан бардам зангаас минь
Өө, бурхан минь та өөрөөсөө хүртэл явуулж өгөөч
Эцэст нь би эндээс бүрмөсөн явмаар байна.


Оршуулгын газар
Артур Финней-д зориулав

Хайхрамжгүй зөрүүдхэн минь
Хайран чи минь
Итгэмтгий гэнэн минь
Ингээд хагацна чинээ санасан гэжүү
Дуртатгал, хамтдаа өнгөрөөсөн мөч бүр ширхэг ширхэгээрээ
Дундаршгүй их далайн ёроол уруу живсээр байна
Дороос нь түүнийг шүдгүй хөгшин загас тосон
Даах зөөлөн хэсгээсээ үмхэхээр яарна
Нүдэнд л үзэгдэхгүй бол дурсамж ч бай юу ч бай
Нэг л мэдэхэд бүрмөсөн арилчихдаг болохоор
Хонгор насныхаа чулуун тоглоомуудыг
Хормой дотроо би одоо хүртэл хадгалсаар явaa
...
Хэн хэн нь чимээгүй...
Хэзээ л чи бид хоёр ойлголцож байлаа
Гуниг харууслаа тайлах энэ л газар
Чи бидний хэн байсныг
Чухамдаа юуг чадаж, эс чадахыг минь
Чин үнэнээр нь шүүх газар юм...


Орчуулсан Д.Болормаа

Лин Коффинс

Халуу дүүгсэн агуй-1

/Дерект зориулав/

Хол зам, хүнд аялалыг туулан
Хадат эргийн муруй үзүүрт ирэхэд
Хэзээ эрт хясаа нурсаны үлдэгдэл
Хагарч сүйрсэн агуй харлан үзэгдлээ
Чухам хэзээ юуны учир
Чулууд хагарч, агуй нурсныг мэдэхгүй ч
Өнө эртний харанхуй мэдрэмж биеийг минь эзэмдэн
Өвөл мэт жихүүн төсөөлөлд хайруулан
Цээжин гүнээс хатгах олон салаа бодолд
Санаашран зогсохуй…
Хуучирч бүдгэрсэн гэрэл зураг мэт өнгөрсөн түүхийн
Хуудас бүрийг чи өөрийнхөөрөө сэргээж
Энд амьдрагч, бүтээгч, дурлагч асан нэгний
Эртний дурсамжыг сөхнө…
“Гайхмаар юм, хараач
Гал бадарсан зуух байж!
Халууныг одоо хүртэл … Зүрхэн хэсэгтээ
Хадгалан үлдэж шүү!” гэж чи хэлээд
Цагаан утаа хэрхэн зуухнаас
Цагираглан эргэсээр гадагшлахыг харууллаа
Яагаад ч юм Хос-морин Бяцхан Хөдөлгүүр
Яриангүй амьд мэт мэдрэгдэж
Энэхэн хоромд ч нүдний минь өмнө
Эргэлдэн эргэсээр асч болох шиг санагдавч
Хагарсан ханан дээрх нэгэн бичиг
Хараанд минь бүрэлзэн үзэгдэхэдүйд, ахиулан уншвал
“Халуу дүүгэн гал асч байвал
Хясаа чулуу, хадан агуй бүгд амьд байгаа” гэсэн байлаа
Бүүр үлдээч гэж ятгахыг чинь ч үл сонсон
Буцах нислэгийн чинь цагийг би давтан асуулаа.


Орчуулсан Д.Болормаа

11 November 2010

11 сар ертөнцийн хамгийн...

Арван нэгэн сараа гэж... Ертөнцийн хамгийн "гоё сар" юм шиг санагдах чинь... хамгийн гунигт сар... ерөөсөө надад л дэндүү зохих сар юм.
Зулай гишгэж төрсөн эгчийн минь төрсөн өдрөөр эхэлдэг сар... өөрийнхөө төрсөн өдрийг мартчих гээд байдаг тул би гүүглийн болон бусад сайтад нэвтрэх үгээ энэ амархан тоогоор эгчийнхээ төрсөн өдрөөр хийчихдэг юм. Мартахгүйн тулд... гэтэл тэр л хэдхэн тоогоор олон олон сайтруу нэвтэрч хуруугаа эцтэл компьютерийн товч нүдсэн хирнээ муу эгчдээ төрсөн өдрийнх нь мэндийг шөнө дунд өнгөрсөн хойно гэнэт санаж хүргэдэг байгаа.
Арван нэгэн сарын арван нэгэн гэж... Бэбэрү дэй ч билүү хангүгт энэ өдрийг гозгор шагшуурганы өдөр болгож тэмдэглээд бие биедээ бэлэглэдэг юм.... надад бэбэрүү өгөх хүн ч байдаггүй, би ч бас өгөх хүн байдаггүй өдөр өнгөрөх тийшээ хандаад оройныхоо ажилд гарах гээд сууж байна.... Хэтэрхий гунигтай байна... цонхоор хүйтэн салхи сэнгэнээд... моднууд салхинд бөгтийтлөө гудайчихсан... ийм хүйтэн, ийм салхитай байхад навчнууд ямар ч амь бөхтэй юм дээ, аанай л мөчиртөө дүүжигнэсээр л байгаа нь зөндөө.... хэтэрхий уйтай юм.... яг л над шиг.
Ойрд нэг шалгалтанд бэлдээд хэд хоног ёстой л шөнө өдрийг ялгаж танихаа байтал сууж нэг юм ард нь гарсан боловч хариу нь гарах болоогүй... сэтгэл ялимгүй зовнихын хажуугаар хугацаа нь хоолой дээр тулчихсан хэдэн шүлгийн орчуулга хийх ёстой байдаг гэтэл надад энэ өдрийн уй халдварлаад юу ч хийлгэсэнгүй өнжлөө... Тархиа амраах гээд сэтгэлийн чигийг үл ялиг өөр тийш хазайлгасан биш ужиг өвчнөө хэт сэдрээж байх шиг байна..... арван нэгэн сар аа гэж... тэртээ цээжний минь гүнд нэг тасардаггүй хирнээ өчүүхэн нарийхан нэг утас байх шиг, түүний үзүүрээс хэн нэгэн үл үзэгдэгч үе үе татаад байх шиг тийм л сар юм даа... ....хайрлаж явсан дурсамж хүртэл заавал арван нэгэн сараас эхэлж арван нэгэн сар дээр дууссан байх юм...
Яг одоо гараад pub-д ороод даадагсан бол үхтлээ уумаар... дараа нь хундагаа хага чулуудчихаад хүв хүйтэн бороод нүцгэн гарч гүйн гудамжаар шал согтуу алхмаар.... эсвэл тархиа задартал рок сонсож гитар нүдмээр.... янзын сарын янзын өдөр вэ???

Tom Waits


Guns&Roses

31 October 2010

Кофе кофе кофе


Өдөр тутмын хэрэглээ болсон за жаахан хэтрүүлэгтэй хэлбэл бараг түүнгүйгээр амьдарч чадахгүй болтлоо дассан ч гэх юмуу дадаж хэвшсэн зүйлүүд энэ амьдралд зөндөө. Миний хувьд тэрхүү өдөр тутмын байнгийн хэрэглээний маань нэг яахын аргагүй кофе хэмээгч амтат ундаан билээ, кофеноос шинэ өглөө эхэлнэ, өдрийн цай ч бас кофетой, за тэгээд орой ажиллаж шөнө тардаг тул орой ч бас кофе, түүний хажуугаар гадуур гарах, ажил амжуулах, хүнтэй болзох эсвэл амрах, аялах, кино үзэх гээд амьдралын бүх л идэвхитэй үйлдлүүдтэй минь хамт аяга кофе байнга дагаастай.

Монголчууд бидний хувьд хөгшин хөвөөгүй аагтай сайхан шаргал цайгаа хэдэн үеээрээ ууж алжаал ядаргаагаа тайлсаар ирсэн болохоор бусад улсуудтай харьцуулахад кофе нилээд сүүл үерүү бараг л хорьдугаар зууны сүүл үеээс л бага сага хэрэглэж мэдэх болсоор өнөөдөртэй золгосон байх гэж бодно. Миний хүүхэд байхад кофены талаар мэдэх нь байтугай кофе гэдэг үгийг ч сонсоогүй өссөн гээд хэлвэл хэтэрхий хөдөөний хүүхэд намайг худлаа ярьж байна гэхгүй л байх. Хүүхэд байхад хөдөөгүүр гадны жуулчид хаа нэг явна... тэдний нэг нь ээжид маань хоёр ширхэг гялгар ууттай юм өгөөд кофе гэж хэлснийг санаж байна. Нэг өдөр л ээж бид нарт кофе чанаж өгөх юм боллоо, данх дүүрэн ус буцалгаад нөгөө хоёр ууттай юмаа задалж хийгээд буцалгаж буцалгаж нэг нэг аяганд аягалаад өгсөн чинь жаахан түлэнхий амттай цэхийсэн шингэн ус байж билээ. Түүнээс хойш хотын хүн болоод ч тэр кофенд ямар ч сонирхол байсангүй, жинхэнэ кофе гэгчийг ууж амтыг нь мэдээгүй болоод л тэр байх.
Харин энд ирснээс хойш ажил дээр нойр хүрэх, ядрахын алийг тэр гэхэв юуны түрүүнд эхлээд шууд л сэргээш маягаар кофег хэрэглэж эхлэв, харин одоо бол зүгээр л энгийн хэрэглээ минь болсон юм. Кофены түүхийг сөхөөд харвал аль галавын үед 7-8-р зуунд эртний Этиоп-д нэгэн лам улаан жижигхэн жимстэй, навчирхаг модноос жимсийг нь идэнгүүтээ гэнэт бүжиглэж эхэлсэн бөгөөд лам нар тэр модыг сэргээх, хүч тамир оруулах увьдастай хэмээн итгээд бясалгах, уншлага унших үедээ навчыг нь хандлан уух, жимсыг нь идэх зэргээр хэрэглэж эхэлснээс үүдээд Европд тархсан гэдэг. Ямартаа ч өдгөө кофе дэлхий дээрх хамгийн үнэтэй ундаа болсон байна, худалдаалах хэмжээгээрээ нефть, төмрийн хүдрийн дараа гуравт ордог гэнэ түүнээс гадна дэлхийн нийт кофены хэрэглээний 50 илүү хувийг Европчууд хэрэглэдэг гэнэ. Кофег хүний биед хортой, зүрхний ажиллагаа муутгадаг бараг л хар тамхи шиг нөлөөтэй тул эд эсийг үхжүүлдэг гэх мэт сөрөг мэдээллүүд одоо аль хэдийнэ хоцрогдсон бөгөөд нотолгоогүй худал цуурхал юм байна. Кофенд агуулагдах кофейн нь харин ч эсрэгээр хүний эд эсийг сэргээж идэвхитэй үйл ажиллагаанд оруулах төдийгүй хүний тархины санах ойн чадварыг нэмэгдүүлдэг бас хэд хэдэн төрлийн хорт хавдрын тархалтыг удаашруулах зэрэг сайн үйлчилгээтэй ажээ. Өдөрт таван аягаас дээш хэтрүүлэлгүй уувал кофе хүний биед тустай эд юм байна.
Дэлхий дээр өнөөдөр хичнээн мянган төрлийн кофе ургуулж, үйлдвэрлэж байгаагаас хамгийн чанартайг Бразилийн Arabica гэж үздэг бөгөөд хамгийн үнэтэй кофег сонирхуулахад Индонезийн Kopi Luwak юм байна. Энэ кофе нь маш өвөрмөц аргаар бэлтгэгдэг нь кофены жимсийг муурын төрлийн жижигхэн амьтанд идүүлэн түүний гэдсэн дотор боловсруулаад гарсан ялгадасыг түүж цэвэрлэн хуурч хийдэг юм байна. Өөрөөр хэлбэл муурын бааснаас гаргасан кофе маань дэлхий дээр нэг килограм нь 6600 ам.доллар харин нэг аягыг ууя гэвэл 50 орчим ам.доллар юм байна. /Хэзээ энэ гайхалтай эдийг ууж үзнэ?/
За тэгээд Солонгост дэлхийд нэртэй Starbucks, Cafe Bene зэргээс авахуулаад эдний өөрийнх нь маш олон нэрийн кофе хаузууд байх бөгөөд миний хувьд гадуур явж байх үедээ амт, үнэр сайтай сайн хийгдсэн кофег нэг аягыг 5-6 мянган воноор авч уухаас гадна ажил дээрээ кофены машинд Americano буюу хар кофе харин гэртээ Arabica blend бас л хараар нь ууна, ер нь бол амт нь hazelnut-д нилээн дуртай. Компьютерийн ард суугаад юм хийвэл эсвэл хүнтэй яриад удаахан суувал томхон аяганд хийсэн халуун американо-г хэд бол хэдэн аягыг уух байх шүү. Харин жаахан чихэрлэг юм уу амт хөөмөөр санагдсан үедээ хаа нэг Caramel Macchiato уухаас Capuccino ч юмуу Caffe Latte-д жаахан дургүй талдаа.
Миний байсан үеийн юмгүй Монголд маань ч ялгаагүй одоо онгорхой болгон кофе хауз болсон сурагтай, бүүр түүхий эдийг нь буюу хатаасан үрийг нь гадаадаас худалдаж аваад хуурч амт чанарыг нь тохируулан үйлдвэрлэж байгаа компани ч байгуулагдсан гэж сонссон юм байна, дэлхийн жишигтэй хэрэглээг дагаад басхүү кофе хэмээх ундааны том соёл Монголд маань нэвтэрч байгаад баяртай л байна. За ингээд миний мэдэх цөөхөн кофеныхоо төрлөөс оруулдаг юм билүү.
1. Эспрессо - Espresso
Тусгай зориулалтын машинаар нунтагласан кофен дээр халуун усыг маш өндөр даралтаар шахаж гаргадаг Итали маягын хар кофе. Маш өтгөн найрлагатай, маш бага хэмжээтэй. Кофены хамгийн жижиг аяга эспрессогийн аяга байдаг. Дээрээ шаргалдуу хөөсөрхөг байвал сайн шахагдсан чанартай эспрессо гэж үздэг юм билээ.

2. Маккайдо - Macchiato
Дээрх эспрессон дээр түүнээс бага хэмжээтэй сүүг нэмж хөөсрүүлэн хийсэн кофе. Дээрээс нь карамел, зөгийн бал зэрэг амтлагч хийж болох тул маш амттай.







3. Капучино - Cappuccino
Эспрессо буюу хар кофен дээр түүнээс хоёр дахин бага хэмжээний халуун сүү хийж аяганы тал болгоод дээд хэсэгт нь сүү хөөсрүүлэгч машинаар гаргасан сүүний хөөсийг нэмж дүүртэл нь хийнэ.

4. Кафе Латте - Caffe latte
Эспрессо буюу хар кофен дээр түүнээс хоёр дахин их хэмжээний халуун сүү хийгээд дээр нь сүү хөөсрүүлэгч машинаар гаргасан сүүний хөөсийг багахан хэмжээгээр нэмнэ. Маккайдотой бага зэрэг төстэй боловч сүү нь харьцангуй их байна.

5. Американо - Americano

Эспрессон дээр түүнээс хоёр дахин их ус нэмж шингэлэн найруулдаг хар кофе.

.
.
.
.
.
.
.
6. Кафе Мока - Caffe Mocha

Кафе Латтег америк маягаар хийдэг сүүтэй кофе. Эспрессон дээр шоколадны юумуу какаоны сироп нэмэн халуун сүү хийгээд хамгийн дээд хэсэгт нь сүүн крем хийнэ.






7. Эспрессо Конпана - Espressо Con Pana
Эспрессон дээр сүү ч, ус ч нэмэлгүй тэр хэвээр нь дээрээс нь сүүн крем хийсэн кофег хэлнэ.

22 October 2010

Fate Reversed



If we should ever meat again

Let's not leave each other then

Destiny will reverse in front of our love...

Хойд насандаа магад дахиад учирвал

Хагацахгүй юм шүү хайрт минь

Хувь тавилан хүртэл тэр үед

Хувирч солигдоно хайрын минь өмнө

.....

07 October 2010

Ийм бэлэг илгээх найзтай хүн

.
Муу хүний заяа завагт гэдэг билүү дээ... хаа очиж би сайн хүмүүстэй, сайхан хүмүүстэй бяцхан ч атугай шижмээр холбогдох хувьтай хүн... Сайн сайхан хүн гэхээр олны танил ч юмуу аль эсвэл яг одоо нэрд гарч олны өмнө алга ташуулан ид шуугиулж яваа нэгэн хэмээн ойлгох хүмүүс олон. Магадгүй тийм сайхан хүн олон байх ч тэднээс дутахгүй өөрөөсөө гэрэл гаргаад бусдад өөрөө ч мэдэлгүй гэгээ түгээчихээд өөрийнхөө амьдралын замаар чимээгүйхэн ажиггүйхэн алхаж одох олон сайхан энгийн хүмүүс бий.
Урлагт дурлаж утга зохиол тэр дундаа бурхныг тэгж шүтдэггүй хирнээ яруу найргийг түүнээс илүүгээр шүтэх гээд байдгийн минь ач гэж байдаг бол түүний хүчээр л би хэд хэдэн гэрэлт хүмүүсийг таньдаг юм. Тийм л нэг даруухан хирнээ билэгт хөвгүүн намайг эмнэлэгт хэвтснийг сонсоод бэлэг ирүүлжээ.... Доорх бэлгийг мэдээж хурдан эдгэхийг хүссэн ерөөлийн үгтэй хамт.
.
.
Санахуйн гэгээ
.
Толгодын чинь дотно бараа
Санахуйн нүдэнд зээглэнэ.
Чамд үлдээгээд ирсэн бүхэн
Тавилан нэхэж зүүд эргэнэ.
Багтартлаа санадаг Эх орон минь.
.
Сэтгэл тунгаагч, гүн хөх тэнгэрийн чинь алсыг
Шидийг үзүүлэгч, догдлом гоо үүлсийн чинь урсгалыг
Тэврэн урсаад, зүрх эдгээгч салхины чинь амьсгалыг
Танхил нас минь эргээд ирэх шиг санагддаг
Хөрсний чинь нойтон үнэрийг
.
Бүс сулрах мэт энэ бүгээн жилүүдэд
Бүрэн ойлгох л гэж чамаасаа холдсон мэт
Тэвэрт чинь байхдаа сэрж чадаагүйн үнэнийг
Цээж давчдах энэ л энэллээр мэдрүүлэх гэж
.
Тавиланг минь зурсан бурханы санаа сая гүйцжээ.
Тэсгэлгүй догдлох харцнаас нь ойсон гэгээ
Бүдэн цээжинд минь харван үүр цайж байна.
Бүх юм
Бүх юм ямар
Гайхалтай вэ ?!.
.
.
Ps: Энэ бэлгийг илгээсэн нөхрийг Л.Санждорж гэдэг юм, анх шүлгүүдийг нь уншчихаад дөч гарсан хүн л амьдралыг ингэж ойлгож бичдэг байхдаа гэж бодсондоо ч тэрүү нэрийг нь сонсоод их л хөгшин ах юм гэж бодсонсон. Харин түүнтэй уулзснаас хойш шүлэг бичихэд нас ер хамаагүй юм гэдгийг мэдэхээр барахгүй хэзээ нэг түүний тухай бас түүний шүлгүүдээс надад үлдсэн бүхнийг хамж байгаад "нэг юм" болгож бичнэ дээ хэмээн бодсон ч /би муудаа/ одоо хүртэл бодсоор л яваа... Харин түүнтэй хамгийн сүүлд уулзаад салснаас хойш цөөнгүй он өнгөрсөн ч яг тэр өдөр миний цээжинд орж ирсэн энэ дөрвөн мөр яагаад ч юм үргэлжлээгүй хирнээ одоо хүртэл сэтгэл дотор минь дурайсаар л явдаг юм.
.
Цаст уулнаасаа өөр шүтээнгүй
Сартуулын бардам шүлэгч хүүхний
Цагаан гунигт зүрхнийх нь гүнд
Сахиус мэт үлдсэн чи минь......
.
.

25 September 2010

“Эрүүл л байвал бусад нь болно, миний хүү биеээ бодоорой”

Намар гэдэг янзын ч улирал юм аа даа... гадаа гармаар, цонхоор хаяа хаяахан сэвэлзэн үлээх салхийг бүүр дэргэдээс нь үнэртмээр... болж өгвөл дотор нь ороод бүүвэйлүүлчихмээр, намрын дунд сарын арван тавны цагаан шөнө голын эрэг дээр очиж суугаад усны урсгал чагнан модны навчис үнэртэнгээ амандаа дуу аялмаар... зүгээр л энэ бүхнийг мэдрэхийн төлөөнөө амьд явмаар, амьдрал дотроос амьд байхын, амьдрахын амтыг амсмаар... дэндүү сайхан орчлонгийн дэндүү сайхныг энэ л намраас авмаар санагдах чинь юуных вэ?
“Эрүүл л байвал бусад нь болно, миний хүү биеээ бодоорой” ээж минь энэ л үгээ хэд дахин давтана... Хамгийн эгэл хамгийн энгийн бүхэн хамгийн үнэтэй хамгийн үнэн байдаг. Эрүүл л байвал бусад бүх юм хамаагүй гэдэг энэ үгийг хичнээн их сонссон ч тэр хэмжээгээр ухаарч ухсангүй... учир нь тэр үед эрүүл байхын үнэ цэнийг, хоёр хөл дээрээ алхаж явахын гайхамшгийг мэдэж мэдрээгүй л явж. Хүн гэдэг юмыг биеээр үзэж байж л ойлгодог гэдэг үг байдаг билүү... (Монголчууд шиг жинхэнэ үнэнийг яг голыг нь олоод урнаар зүйрлүүлээд хэлчихдэг тийм цэцэн ард түмэн бий юм болов уу.) Эрүүл саруул өвчингүй байх гэдэг хичнээн их жаргал юм гэдгийг одоо л өвчин зовлон өөрийн бие дээр ирсэн хойно нь ойлгож, зүгээр л хараад суугаад байхын аргагүй энэ гэгэлгэн намрын өдрүүдийг эмнэлгийн цонхоор л мэдэрч, санаан зоргоор босож яваад гарчихаж чадахгүйдээ давчдана.
Хүүхэд байхаас биен тамирын хичээлд гавихгүй бас хурдан гүйж чаддаггүй нэгэн байлаа нас нэмэхийн хирээр өвдөгний хирд багахан өвчин мэдрэгдэж, сургууль төгссөнөөс хойш өөрийгөө үе мөчний өвчтэй юм болов уу хэмээн хаяа хаяа бодохоос биш эмчилгээ энэ тэрийн тухай бодож ч явсангүй. Бүүр хожим гадагшаа явахын өмнөхөн хөлөндөө бага зэрэг санаа зовоод Монголдоо л нэртэй гэгдэх хувийн болоод улсын эмнэлгээр зураг хөрөг авахуулж жаахан явтал архаг үе мөчний өвчин гэж оношлоод, залуу хүн гэхэд энэ насанд яагаад ингээд эмээ өвөө нарын өвчнөөр өвдчихдөг байнаа хэмээн гайхаж үе мөчний эм бичиж өгснийг нь энд хүний нутагт ирснээс хойш байнга ууж, физик эмчилгээ хийлгэсээр гурав гаруй жил өнгөртөл хөл улам өвчин орж сүүлийн нэг жилийн өмнөх юмгүй бараг доголох шахам явдаг болж өвдөг хавьцаа нэг юм улам бүр томорсоор байгаа нь мэдрэгдэв. Ингээд энд юуны төлөө эмнэлэг эмчилгээ сайтай газар байгаа билээ, энэ өвчин чухам юу болохыг мэдэхээр хамгийн сүүлийн үеийн зургийн оношлогооны аппаратууд болох MRI болон CT зэрэгт харуулан оношлуултал ямар юмных нь Монголд оношлуулсан үе мөчний архаг өвчин байхав, үе мөчтэй ямар ч хамаагүй газар маш олон жил удсан хавдар байгаа нь илрэв. Миний хэдэн жил уусан үе мөчний эм болон физик эмчилгээ, шаралгаа өвчнийг эмнэх биш харин хавдрыг улам томруулсан бололтой юм эмч хэлж байх юм. Ингээд эндэхийн нэгэн University Hospital-д хэд хоногын өмнө хавдрын хагалгаанд орж олон жил удаж намайг зовоож байсан бас ч үгүй нилээн томорсон хавдрыг авахуулаад шинжилгээний хариу гарахыг хүлээн хэвтээ минь энэ. Хавдар гэдэг хоёр талтайг хэн хүнгүй л мэдэх хойно бага зэрэг түгшиж байгаа намайг арван дөрөв хоногын дараа гарах хариуг хүлээх зуураа өвчнийхөө хажуугаар шаналах вий гэсэндээ эмч маань нүдээр харахад ямар ч хоргүй, санаа зоволтгүй хавдар байх шиг байсан, битгий зовоорой гэж хэллээ, сэтгэл санаа ямар их амар амгалан болж байна гэх вэ.
Өвчин л бол өвчин... хүний нутагт өвдөх, өөрийн нутагт өвдөх хоёрт уг нь ямар ялгаа байхав дээ шаналахдаа адилхан л шанална... гэтэл яагаад ч юм би хоёр цаг үргэлжилсэн хагалгаанаас гарч ирэн наркозноос сэрж нүдээ нээмэгцээ л дагжтал чичирч байх тэрхэн зуур ээж аав хоёр байхгүй гэж бодмогц л хоёр нүднээс нулимс бөөн бөөнөөрөө асгарч байлаа. Ухаан санаа орж гарч байсан тул санаанд хамгийн түрүүн бодогдож байгаа нь “би ээж аав хоёрыг байхгүйд өвдчихөж... тэр хоёр ирээд яанаа” гэсэн бодол л орж ирээд тэгэх тусам бие тэр чигээрээ бөмбөртөл чичирч нулимс сул асгараад байв. Бурхныг тэгтлээ шүтдэггүй надад энэ орчлонд эжий аав хоёроос минь өөр авралтай бурхан үгүй юм шиг байналээ. Хүн идэж ууж наргиж цэнгэж явахдаа эжий аав хоёрыгоо юуны түрүүнд санаж дууддаг билүү, харин яагаад өвдөж зовохынхоо цагт л ухаангүй байсан ч тэр хоёр хүнийг хамгийн түрүүнд эрж хайдаг юм болдоо. Муу ижий аав хоёр минь яг тэр үед гандан болгоны босгыг элээж, сайчуул гэсэн хүн болгон дээр очиж залбирч, даатгаж, арц сан уугиулж, өргөх өргөл болгоныхоо дээжийг Солонгосын зүг өргөж, харин буурай ээж минь гэртээ миний насны тоогоор Цагаан Дарь-Эхээ уншингаа уйлсан гэнэлээ. Өдий хүрчихээд ингэж эцэг эхийгээ, бас намайг л хүлээн амьд байна гэж хэлдэг муу хөгшин ээжийгээ зовоож байгаадаа биенээс илүү сэтгэл минь өвдөж байгаа ч ээж аавын минь миний төлөөнөө залбирсан сэтгэлийн хүчээр буурай ээжийн минь миний төлөөнөө өглөөнөөс шөнө хүртэл маань тарни уншсан тэр хайрын хүчээр би муу болгоноос холуур байж хөл дээрээ босно гэдэгтээ итгэлтэй байгаа юм.
Монголын улсын эмнэлгүүдэд хэвтэж үзсэн хүмүүсийн ярианаас сонсоход эмчээсээ эхлүүлээд асрагчаа хүртэл гар хардаг, муухай ааштай, үйлчилгээ эмчилгээ муутай, тэрэнд оруул мөнгийг нь төлж дийлвэл хувийн эмнэлэг нь дээр хэмээн ам муутай байдгийг л их сонссон боловч миний хувьд аль ч газрын эмнэлэг гэдэг үхэж байгаа хүний амьдруулдаг, хэвтээ хүнийг босгодог ид шидтэй гэмээр газар юм даа хэмээн итгэх юм. Солонгост Монголоос эсрэгээрээ том эмнэлгүүд нь улсын эмнэлгүүд байх бөгөөд үнэ төлбөр нь маш өндөр ихэнх томоохон хагалгаануудыг улсын том эмнэлгүүдэд л хийдэг. Харин хувийн жижиг эмнэлгүүд нь хямдхан бас солонгосчууд өөрсдөө хувийн эмнэлгийг тийм ч чанартай гэж үздэггүй бөгөөд өөрөөр хэлбэл өвчтөний анхан шатны очих газар нь хувийн эмнэлэг бөгөөд тэндээс улсын эмнэлгүүд рүү хүргэгддэг байна. Жишээ нь өвчтөн эмчид үзүүлж онош тодрууллаа гэхэд хувийн эмнэлэгт нэг удаа үзүүлэхэд арваас гучин мянга байхад улсын эмнэлэгт нэг удаа үзүүллээ гэхэд очер дугаар хэдэн өдрийн өмнөөс авч байж үзүүлэхдээ зуу орчим мянган төгрөг төлөх жишээтэй. Эмч, сувилагч нар нь сайхан зан харьцаатай, энд өвчтнүүд бараг л хаан гэхэд болох байх, миний хувьд тэгж үзээгүй болохоор ч тэрүү намайг хариуцсан нэг профессор, хоёр их эмч бас сувилагч нартаа өртэй юм шиг л санаа зовох юм. Монгол хүний нөгөө л зангаараа баярласан сэтгэлээ илэрхийлж ямар нэгэн бэлэг ч юм уу өгмөөр ч юм шиг санагдана, харин энд тийм юм үгүй тул бараг юм өгвөл буруудах биздээ. Монголд олгойны хагалгаа байсан ч яадаг билээ дээ хоол цай авч очоод л орсон бүх эмч нарт дугтуйнд мөнгө бэлдэж хийгээд өгдөгсөн биш билүү. Харин солонгос өвчтнүүд эмчилгээний өч төчнөөн сая төгрөг төлж байгаа гэсэндээ ч тэгдэг юмуу над шиг эмч сувилагчдаа бэлэг ч болтугай өгөхсөн гэсэн сэтгэл байх нь битгий хэл харин ч эсрэгээр ингэх л ёстой гэсэн шиг тэр ч тэгсэнгүй энэ ч ингэсэнгүй хэмээн гомдол гаргах, хоол ундаа голох зэрэг асуудал зөндөө л байх юм. Өрөөний хувьд нэг хоёр, дөрөв, тав, зургаан хүнийх гэх мэтээр ангиллаараа үнэ нь нэг өдрийн 15-150 мянга бөгөөд миний хувьд зургаан хүний өрөө хайтал байхгүй байсан тул 130 мянгын хоёр хүний өрөөнд хоёр хоноод сувилагчдаа захин байж өдрийн арван таван мянгын зургаан хүний өрөөнд орсон юм. Хөргөгч, угаалтуурыг хамтдаа хэрэглэх бөгөөд ор тус бүрийг хөшгөөр тусгаарласан энэ өрөөнд орж ирээд л би өвчин шаналанд нэрвэгдсэн хүн хичнээн их байдгийг, жинхэнэ өвчин гэж ямар аймаар зүйл байдгийг, амьд байхын тулд хүнээс ямар их тэвчээр гардгийг, үхэл амьдралын дэнсэн дээр хүн амьдралаас ямар их зуурдгийг, амьд байна гэдэг ямар их утгатайг, хоосон ч гэсэн хоёр хөл дээрээ алхаад явж байгаа хүн ямар аз жаргалтай, атаархмаар юм гэдгийг, үрээ гэсэн эхийн хайр эцсийн дүндээ яасан ч дуусдаггүй их үйл юм бэ гэдгийг, сайн муу хүний сэтгэлийн жинхэнэ мөн чанар яаж илэрдгийг бие сэтгэлээрээ мэдэрч авлаа. Хөлнийхөө, цээжнийхээ эсвэл нурууныхаа ясанд том төмөр аппарат зоолттой, хадаастай хэзээ эдгэж хэзээ босч алхана гэмээр хэдэн сар өвчиндөө шаналж хүн харахын эцэсгүй болсон хүмүүс амьдрах гэж, босох гэж шүдээ зуун тэсч байгааг хараад өмнөөс нь зүрх халширмаар байлаа. Шөнө болгон нойргүй ээлжилж ёолсоор бие биенээ унтуулна гэж үгүй, өвчин намдаагч хийлгээд нэг нь түр зуур чимээ намжихад нөгөөх нь орилоод эхэлнэ. Би ч ялгаагүй хагалгаа хийлгэсэн эхний өдрөө тэр хэдийгээ унтуулсангүй шөнөжин ёолж, өвчин намдаагч хийлгэтэл тэр нь харшилж харин ч эсрэгээрээ өвчин гараагүй хирнээ толгой эргэж, цээж давчдан ухаан санаа орж гаран, огиж бараг л галзуурахаа шахав. Өөрөө босоод өтгөн шингэнээ гаргачихаж чадахгүй хүний гарт орно гэдэг шиг, өрөөсөн хөл огт хөдөлгөөнгүй байна гэдгийн хэцүүг хүн өөр дээрээ ирж байж л ойлгох юм байна, бүх бие эрүүл, бүх эрхтэн бүтэн хөдөлгөөнтэй байвал өөр хүсэх юм үгүй мэт л санагдана. Энд өвчтнөөс дутахгүй өрөвдмөөр хүмүүс бас бий солонгосоор пухужа буюу манайхаар сахиур нар... хичнээн сар хувцсаа тайлаагүй бүтэн нойртой хонож үзээгүй хүмүүс зөндөө. Солонгос эмнэлгийн манайхаас ялгаатай нэг том зүйл нь ямар ч хагалгаа байсан ямар ч өвчтөн байсан асран хамгаалагч буюу сахиур нь бараг л хамт амьдрах төдийгүй эргэлт ч өвчтөний өрөөнд чөлөөтэй орж ирнэ. Гэр бүлийн хэдэн хүн байсан ч өвчтэй хүнийхээ дэргэд хичнээн цагаар тэр байтугай хоносон ч болно, нэг хүн дээр гурван хүн зэрэг сахиж байхад нөгөө нэг дээр нь гурван хүн зэрэг эргэлтээр орж ирэн бас нөгөө дээр нь ажлын газрынхан нь тэр аяараа орж ирээд өрөөнд ямар ч зайгүй ямар ч агааргүй болсон ч сувилагч эмч нар юу ч хэлэхгүй, бас тэр хүмүүс нь ямар ч халаад, таавчик, малгай, маск өмсөх шаардлагагүй шууд л гуталтайгаа орж ирнэ. Эхэндээ их л гайхал төрүүлж байлаа, олон хүнтэй өрөөнд байвал өрөө дүүрэн хүн болчихоод өвчний хажуугаар хэцүү л юм байналээ магадгүй би өөрөө ч гэсэн ээж аав ах дүү гээд олуулаа байсан бол бас л бүгдээрээ зэрэг зэрэг орж ирэх байсан байлгүй дээ. Олон сар хамт байсан өвчтөн сахиур хоёр хэн хэн нь ядарсандаа, цуцсандаа цухалдан стресс их авдаг биздээ бие биедээ уцаарлах, хэрэлдэх, бараг зодолдохоо шахах нь энүүхэнд. Охиноо сахиж байгаа ээж орхиод явж чадахгүй хирнээ охиныхоо гаргах элдэв ааш аягыг заримдаа дийлэхээ болиод гутрахаараа тэгдэг биз енгинэтэл уйлаад л “хоёулаа үхъе... ингэж зовж байхаар чи ч үх, би ч үхъе” гээд үглэнэ, солонгос эмээ нар хөгшрөхөөрөө “чимэ” гээд мэдрэлийн өвчин тусчихдаг, тийм өвчтэй эмгэн тэнэж яваад машинд мөргүүлээд ясаа хугалчихсныг бэр нь сахиж байсан юм, эмгэнийг унтахгүй дэмий донгосоод эхлэхээр нь бэр нь цохиж аваад л “мэдрэлийн өвчин, зөнөсөн эмгэн, ингэж хүн зовоож байхаар, хурдан үхээч” гээд хэрэлдэнэ. Зарим үр хүүхэд нь бүүр өөрснөө сахихгүй “асрагч” хөлсөлнө, 24 цагийн зуун мянган төгрөгийн цалинтай асрагч нар хоолыг нь идүүлж, өтгөн шингэнийг нь цэвэрлэж, эмчилгээг нь хийлгүүлнэ. Ингээд бодохоор хэл л өөр болохоос солонгос ч бай монгол ч бай хүн бүр сэтгэл нь адилхан гэж боддог байсан минь арай үгүй болтой, ямартаа ч манай Монголд л лав өвдөж зүдэрсэн үр хүүхдээ, эсвэл ээжийгээ үх гээд хэрэлддэг хүн байхгүй л байх, эцэг эхийгээ огт танихгүй гадны хүнд мөнгө өгөөд сахиур хийлгэх хүн ховорхон л байх. Хичнээн сайн байлаа гээд хүнд үр хүүхдээс илүү, эсвэл эцэг эхээс илүү байна гэжүү дээ. Эх үрийн нандин холбоо, Монгол хүний өрөвчхөн эх нь үрээ, үр нь эхээ гэсэн халуун сэтгэл яагаад ч юм эндхийн хүмүүсээс олж харагдахгүй байлаа. Тэднийг харан хэвтэх би чилэхээ мэдэхгүй хичнээн удаан хамаагүй нурууг минь илж өгдөг ээжийнхээ зөөлхөн гарыг, асрамж хайрыг үнэхээр их үгүйлэн санаж байлаа, энэ хүний оронд миний ээж байсан бол... хэмээн бодон нулимсаа арчиж байлаа.
Ямартаа ч эмнэлэгт өнгөрүүлэх энэ хэдэн хоногт өвчин зовлонг дааж яваа хүн хичнээн ихийг, бие нь үхлийн ирмэгт ирчихээд сэтгэл нь үхлээс зугтааж яваа хүн ямар олныг, сэтгэлийн тэнхээгээр, итгэлийн хүчээр л хүн босч ирдгийг, хоёр хөл хоёулаа зэрэг хөдлөөд алхана гэдэг шиг жаргал байхгүй, түүнээс илүү бурхнаас орчлонгоос хүсэх юм үгүй юм гэдгийг мэдэрч сууна.
Намар гэдэг... гадаа гармаар, цонхоор хаяа хаяахан сэвэлзэн үлээх салхийг бүүр дэргэдээс нь үнэртмээр... болж өгвөл дотор нь ороод бүүвэйлүүлчихмээр, намрын дунд сарын арван тавны цагаан шөнө голын эрэг дээр очиж суугаад усны урсгал чагнан модны навчис үнэртэнгээ амандаа дуу аялмаар... зүгээр л энэ бүхнийг мэдрэхийн төлөөнөө амьд явмаар, амьдрал дотроос амьд байхын, амьдрахын амтыг амсмаар... дэндүү сайхан орчлонгийн дэндүү сайхныг энэ л намраас авмаар санагдах чинь юуных вэ?

26 August 2010

Зуны амралтыг...

Найман сар дуусах дөхөж байгаа ч Солонгосын халуун дуусах шинжгүй, хөдөлсөн ч хөлс, хөдлөөгүй байхад ч хөлс... Халууны амралтаар заавал явна даа хэмээн хичнээн хоногын өмнөөс бэлдэж байснаараа waterpark явж хоёр хоног амарлаа. Машиныхаа Navigation-ыг буруу хайлгачихаад замдаа хоёр удаа төөрснийг эс тооцвол Тэжоноос гараад Нажү хэмээх хотруу хурдны замаар дөрвөн цаг орчим давхиад зорьсон газраа очлоо.

Усан дунд орохоороо хүн ядрахаа мэдэхээ больчихдог юм шиг байналээ. Өдөржин тоглосон ч ер ядраагүй шүү харин дараа өдөр нь хамаг бие булраад өвчин болоод хөдлөхөд хэцүү байсан. Ямар ч хөдөлгөөнгүй байхаар хүний бие тийм болдог болтой.
Хиймэл давалгаатай тул яг давалгаа ирсэн үедээ үнэхээр аймаар юм байналээ.

Бас их ус дээрээс асгарахаар толгой хүзүү рүү нэг хүнд юмаар цохиод авах шиг л мэдрэмж ккк
Энэ гулсуураар түрүүлгээ харж хэвтээд элгээрээ гулгагахаар яах ийхийн зуургүй л нүүрлүү ус цацраад нэг мэдэхэд доор ирчихсэн байсан. Дахин дахин гулгамаар гоё юм байналээ.
Харин энэ хамгийн эвгүй хэцүү нь... эгц өндөр болохоор хоёр тийшээ өгсөөд унахаар дотор муухайрдаг юм байнадээ нүдээ тас анисан. ккк
Энэ гулгаж унаж байгаа ч гэсэн бас эвгүй. Racing slide нь завьтай, завьгүй хоёр янзаар гулгаж болдог юм байналээ.



За нэг иймэрхүү... Гэдэс өлсвөл тэнд нь фастфүүд-үүдээс хоол идчихнэ, бас саун, шүршүүр болон бүх юм нь бэлэн . Жинхэнэ усан дотор л байж баймаар халуунд энд ирж өдөр өнгөрөөхөд сайхан амралт л байлаа. Орох эрх нь нэг хүний 65 мянган вон бөгөөд дотроо ороод тус бүрнээ өөртөө таарсан үнэлгээтэй юм байналээ.

18 August 2010

Тэр хүн...

И Син Чоль - Тэр хүн


13 August 2010

Үе үе үнэртэй байр

Удаж удаж эвгүй гарчигтай пост бичих нээ... Учир нь шинэ байранд нүүж ирээд сар илүү л болж байгаа юм л даа. Хоёр жил гаран амьдарч бараг л төрсөн гэр шигээ дассан гэрээсээ нэгт ажилтайгаа ойртох хоёрт мөнгө хэмнэх гэсэн зайлшгүй шаардлагаар нүүхээс аргагүй болоод хотын төврүү ажилтай ойр хямдавтар нэг өрөө хөлсөлсөн юм. Дургүйд хүчгүй гэдэг болоод ч тэрүү бага зэрэг үнэтэй хуучин байрнаасаа хагацах гэж уйлахаас наахнуур л юм болов. Хуучин байр маань хотын төвөөс тав зургаахан километр зайтай наддаа л томдсон нэг өрөө, дээрээс нь уужим урт luxury гал зуух, угаалгын өрөө, balcony гээд ядарсан надад хирдээ л ахадсан байр байжээ. Хамгийн гол нь дөнгөж шинээр бариад хамгийн түрүүний эзэн нь байсан болоод ч тэрүү тэр байрандаа тун ч их хайртай байсан юм.
Сөүл мэтийн томоохон хотуудаар бидний хувьд байр хөлслөн амьдрахад байрны мөнгөндөө сард олдог хэдийнхээ бараг 50%-ийг нь тавиад туух нь энүүхэнд... дээрээс нь хоол идмээр, хувцас өмсмөөр, Монгол явуулмаар... хадгаламжиндаа нойл воны үлдэгдэлтэй явах, зарим сард бүр хасах үлдэгдэл заах нь ч бий. Миний амьдардаг хотод хотын төврүү нэг өрөө байранд 2саяаас 5 саяын барьцаа өгч дээрээс нь сар бүр 350-450 мянган воны хөлс төлж амьдарна. Хотын зах хэсэгрүү хашаа байшинтай айлын хоёр давхарт юмуу дээврийн давхарт бол арай хямдавтар 1 саяаас 2 саяын барьцаанд 200-250 мянган вон, харин гаднаа жорлонтой нэг давхар хуучны шавар амбаарархуу юмуу эсвэл подвальд 100-150 мянган вон төлөх жишээтэй. Солонгост ажил хийж мөнгө хураадаг монголчуудын дийлэнх нь мөнгө хэмнэхийн эрхэнд дээрх гаднаа нойлтой шавар тагзанд эсвэл чийгтэй подвальд амьдрана. Тэгсний хүчинд л эндхийн хэрэглээнээсээ илүү гарган таван төгрөг хурааж Монголруу өрөндөө эсвэл гэр бүлдээ явуулж чадна. Байнга чийгтэй, байгалийн гэрэл тусдаггүй газар доогуурх подвальд унтах нь тэдний эрүүл мэндэд хэрхэн өдрөөс өдөрт үл мэдэгдэхүйцээр нөлөөлсөөр байгааг хэн ч үл анзаарна... Өнөөдөр 100 мянган вон хэмнэж чадаж л байвал маргааш хэрхэхийг ч тооцохгүй амьдрана. Дээрээс нь Солонгост сүүлийн жил гаруй эдийн засгийн хямралтай, долларын үнэ тэнгэрт хадаж, будаа, ногоо, хүнсний бүтээгдэхүүний үнэ нэг жилийн өмнөхтэй харьцуулахын аргагүй хоёр гурав дахин нэмэгдсэн боловч гадаад ажилчдын цалин цагийн 3100 төгрөг хэвээрээ... Гэвч Солонгосруу урсах Монголчуудын цуваа цөөрөх биш улам л ихэссээр... Эрүүл мэндээ, залуу насаа, гэр бүлээ золин байж олсон хэдэн төгрөгөөрөө буцаагаад эрүүл мэндээ, залуу насаа, гэр бүлээ худалдаад авч чадахсан билүү дээ.
Үе үехэн үнэртэй байр гэж гарчиг өгснөө мартаад яриа хадуураад амьдарч буй байрныхаа тухай бичих гэснээ өөр сэдэврүү хазайгаад явчихлаа. Гэхдээ л энд байр ярихаар, амьдрал ярихаар яахын аргагүй энд амьдарч буй Монголчуудын жинхэнэ амьдралын тухай ярихаас аргагүй болох юмаа. Миний хувьд Солонгост дөрөвдэх жилийн нүүрийг үзэж байгаа ч цамаан зангийнх биздээ одоохондоо подвалийн өрөө эсвэл гаднаа нойлтой хуучны байранд орчихoлгүй шиг л амьдрахыг хичээх юм. Тэгж цамаан загнасныхаа төлөөсөнд мөнгө гэдгийг дансандаа сая саяаар нь хурааж үзээгүй л явна... Харин саяхан нүүж ирсэн байрнаас маань үе үехэн сонин эвгүй үнэр үнэртээд... цонхоор үнэртээд байдаг юмуу... таван давхар байрны дөрвөн давхарт жижгэвтэр нэг өрөө. Өдөр ч тэр шөнө ч тэр их эвгүй үнэр байсгээд сэн сэнхийтэл үнэртэх юм... ядаж байхад миний үнэрлэх мэдрэмж бусдынхаас илүү хөгжсөн юм шиг байгаан... хэн нэгэн дэргэд ирээд гэдэснийхээ хийг гаргачихаад яваад өглөө л гэж бодмоор... Hэгэнт жилийн гэрээ хийгээд хоёр сая воны барьцаа өгчихсөн болохоор гарах арга байдаггүй. Өрөөндөө үнэртүүлэгч цацахаар сүүлдээ аль нь ч аль үнэр юм мэдэхээ байтал толгой эргэчих юм. Солонгос улс ер нь их үнэртэй чийг ихтэйн дээрээс нь газар доогуурх бохирын шугам нь замын хажуугын борооны ус ордог төмөр хаалтуудаараа бараг ил харагдаж байдаг, замын хажуугаар ч тэр ер нь хаа л бол хаа тааралдах борооны ус урсдаг төмөрнөөс бохирын үнэр хамар сэтлэм үнэртдэг юм. Анх Солонгост ирсэн өдрөө Инчоны нисэх буудлаас метро олох гэж зам мэдэхгүй төөрөөд загасны захны дэргэдүүр их удаан алхсандаа ч тэрүү "яасан өмхий газар вэ" л гэсэн хамгийн анхны сэтгэгдэл төрж байж билээ. Харин гэр дотор хүртэл үнэртэх нь гайгүй л байдаг шиг санагдах юм... ямартаа ч шинэ байрандаа дасахгүй байгааг хэлэх үү... эвгүй үнэр нь битгий үнэртээсэй гэтэл л тэгэхээс тэгэх шиг үүнийг бичих гэж гучин минут суухад гурван удаа үнэртэв......

09 July 2010

Амьд явахад улсын наадам үзнэ...

Сумын наадмын дэвжээг өдөржин тойрох морьтноос
Суран жолоо атгасан өнгийн цэцэг ургаа юу... хэмээн Д.Пүрэвдорж найрагч тэртээ гучаад жилийн өмнө шашир цацагт асар нь дэрвэж сайн морь сайхан хүүхнээр гоёдог сумын наадмын сайхныг их энгийн хирнээ яг л тэр хэвээр нь нүднээ дурайтал нь бичжээ. Нээрэн л наадмын сураг өдөр ирэх тутам ойртон авга нагац ах нар морьдоо уяж, хананд өлгөсөн хөхүүртэй айрагны шуугих нь ихсэж, “хавийн уран эгч нар” ураа гарган дээл шаглахад яагаад ч юм сэтгэл тогтож өгөхгүй яаж ийгээд ч болсон сумын наадамд явахсан гэж өдрийн бодол шөнийн зүүд болдог байсан арван хэдхэн нас минь... Жил бүрийн наадам сумын төвийн стадионд болдог байж билээ... арван гурав дөрвөн наснаас өмнө зун нь зусланд гардаггүй сумын төвдөө байдаг байсан болохоор ээж аавын бэлдэж өгсөн дэгжин палажыг өмсөөд л наадмын талбайгаар өдөржин хэсэж, ундаа, хуушуур амттан шимттэн юу л байна эргүүлдэг байж. Харин арай томхон болсон хойно зун нь хөдөө зусланд гардаг болсноос хойш наадам болох бүрийд наадам явахсан гэхээс тэсч байхын аргагүй болдогсон. Холоос болохоор айл саахалтын наадамчид бүгд мориор наадамдаа явна... намайг наадамд явахыг ээж аавын хэн ч зөвшөөрөхгүй тул өмсөөд явах шинэ дээл, гуталгүй ч гэлээ дотроо хэнд ч хэлэлгүй унаж явах морио бэлддэг байж билээ... Тэр үед надад гэсэн торгон дээл, савхин гутал байсансан бол би үүрээр нуугдаж оргоод ч болсон явах л байсан байх даа. Наадамд морьтой явж байгаа болохоор монгол хувцас л өмсөх ёстой гэж боддог байж гэтэл сумын төвийн хүүхэд надад хаанаас тэр дээл гутал нь байх билээ. Арван таван насны зун юм уу даа нэг зун бүүр хэдэн өдрийн өмнөөс ээж ааваас гуйж уйлж унжиж бөөн юм болж байж наадамчид дагаж шорт, сандаалтай морь унаж явахдаа өмссөн хувцаснаасаа мөн ч их ичиж билээ. Гялгар хар савхин гутал, цэнхэр торгон дээлэн дээр шар дурдан бүс бүслэж улаан тууз толгойдоо уяад Пүрэвдорж гуайн хэлснээр суран жолоо атгасан өнгийн цэцэг болоод сумын наадмын талбайг тойрохсон гэдэг л арван хэдэн насны минь мөрөөдөл байсан юм уу даа.
Нас ахиж томрох тусам хүүхэд насны гэгээн нь бүдгэрч баяраас илүү гуниг нь амьдралд түрж орж ирдэг болоод ч тэр үү завгүй амьдрах тусам наадам гэдэг тэр сайхан зүйл их том байр суурь эзлэхээ болиод бас түүний хажуугаар наадамд явах гэдэг тэр хүслэн маань ч унтарчихсан юм шиг. Хүний нутагт дөрвөн зунтай золгож дөрвөн наадмыг мэдрэлгүй өнгөрөөж... гэсэн ч одоо хир нь наадам дөхөхөөр сэтгэл дотор нэг бяцхан гэрэл сүүмэлзэж юунд ч юм догдолж нутагт минь сайхан байгаа даа... нартай хуртай Монгол наадам минь эхэлж, морьдын тоос тэнгэрт тултал гогцоорч, наадмын зүлэг нов ногооноороо байгаа даа... наадамчид бөхөн дээрээ нэг шуугилдаж, морин дээрээ нэг овоорч, хуушууран дээрээ нэг шавалдаж байгаа даа...
Амьд явбал улсын наадам үзнэ гэж үг байдаг даа... Тэр жил 2006 оны зун ажил дээр гадаадаас зочидтой, тэднийг ийш тийш нь аваачин наадамдуулах гэсээр амарсан ч юмгүй амьсгаа дээхнэтэй явахдаа Төв Цэнгэлдэх Хүрээлэнд орон алдаад чадаагүй билээ. Энгийн үед хэрэг болгож цэнгэлдэхэд орж улсын наадам үзэх биш дээ ажлаар далимдуулан улсын наадмын нээлтийг үзэх боломж гарах нь хэмээн баярлаж шилэн туфль, биеийнхээ галбирыг тодруулсан цагаан саатай дан дээл бэлдээд яг орох гэж байтал наадмын өглөө гадаадын зочдын нэгнийх нь бие идсэн хоолноосоо болж эвгүйрхээд үдээс өмнө нь Баянголын эрүүл мэндийн төв дээр үдээс хойш нь зочид буудалд наадмын өдрийг өнгөрөөж билээ. Гэсэн ч амьд явбал улсын наадам үзнэ дээ гэж итгэсэн хэвээр л... Энэ жил 7 сарын 11 –ны бүтэн сайн өдөр би өглөө 9 цагаас шөнийн 1 цаг хүртэл бүтэн өдөржин ажилтай интернетээр бөхөө үзэж гэртээ хуушуураа ч хийж идэж л чадахгүй нь дээ...

Суарез, би чамд хайртай...

Хэдэн өдөр ФИФА-аас болж нойргүй... Ялангуяа Суарезээс болоод ч тэрүү Уругвайг гүй мөн их дэмжлээ... "Эх орноо цээжээрээ хаах" гэж эрэлхэг халуун эх оронч залуусд зориулсан гоё үг байдаг билүү, тэрэн шиг Ghana-ын шигшээтэй шөвгийн дөрөвт үлдэх тоглолтон дээр ёстой л эх орноо хөлөөрөө хааж, гараараа хааж, бүх биеээрээ хаасаар өөрөө улаан карт авч тоглолтоос хөөгдсөн хэдий ч багтаа ялалтыг авчирсан Суарезыг ойрхон байсан бол тэвэрч үнсмээр л байлаа. Магадгүй түүний дараагийн Голландуудтай тоглосон тоглолтонд мань хүн тоглосон бол 3:2-оор Уругвайчууд хожигдоо ч билүү... Ингэхэд энэ бүтэн сайны шөнө Уругвай-Германы тоглолтын талаар нөгөө "алдарт" Paul ямар сонголт хийсэн юм бол???
Нээрэн алдарт Paul гэснээс энэ муу Paul наймаалжнаас болоод арван мянган вон алдчихлаа. Зуун мянгаар бариагүй байсан минь л яамай. Германуудыг тийм амархан арчуулчихна гэж хэн мэдлээ... Би бүр зуун мянгаар барья гэж шалаад байсныг яана, харин барьсан хүн маань өөртөө итгэлгүй "би ч Paul-д л итгэсэндээ Испани хожино гэж бодож байна... түүнээс биш ч... " гээд байсан чинь нээрээ тэр наймаалж тийм зөнч гэдэг бас гайхмаар зүйл шүү. ФИФА гэснээс энэ талбайн шүүгч нар нээрээ будлианыг нь хутгаж байнаа. Орсон гоолыг ороогүй болгож, ороогүй гоолыг орсон болгож, алдаа гаргаагүй тамирчныг талбайгаас хөөж, алдаа гаргасан тамирчныг харахгүй өнгөрөөж энэ тэр... тоглож байгаа багуудын байтугай үзэж байгаа дэмжигчид бидний хүртэл уул цухлыг барж дууслаа. Хөлбөмбөгийн шүүлтэд яах аргагүй шинэ технологи, шинэ аргыг нэн даруй Хөлбөмбөгийн холбооноос шийдвэрлэхгүй бол талбай дээрх гуравхан хүний үзэмжээр шийдээд багуудын хувь заяаг нэгмөсөн эргүүлээд хаячихдаг энэ шүүлт дэлхий нийтээр нэгэн том баяр болгон тоглодог жил ирэх тусам улан хөгжин газар авч байгаа FIFA World Cup-д яахын аргагүй тохирохгүй байнаа гэж....

15 June 2010

Тэханмингүг файтин ба The shouts of Reds, Korea

БНСУ миний хувьд усыг нь ууж ёсыг нь дагаж агаараар нь амьсгалж газар дээр нь гишгин алхаж яваа яахын аргагүй “эцэг орон” минь. Энэ оронд хэдэн жил амьдарсных хүн зон, хэл ус, хот тосгон, уур амьсгал, нийгэм соёл, ёс заншил гээд хүн сурч дасаж болох бүгдтэй нь аль хэдийнэ салахын аргагүй дотносож дасчээ. Тиймдээ ч миний хувьд Хангүг нутаг харь орон шиг санагдахаа ч болиод удаж... Ямартаа л өнгөрсөн зуны Бээжингийн олимпод Солонгосын жүдо бөхийн тамирчин хамгийн анхны алтан медалиа авахад нь дагаж уйлж, Ванкуверийн өвлийн олимпод уран гулгалтын эмэгтэй ганцаарчилсан төрөлд “Мөсөн дээрх хатан хаан” Ким Ёнагийн үзүүлбэр дээр өөрөө уралдаж байгаа мэт л түгшиж хамгийн өндөр оноог зарлахад орилон босч дэвхрэн харайн уйлж хамт ажилладаг Солонгосчууд хүртэл гайхан “Ким Ёна Монгол тамирчин биш, чи яагаад байгаан” хэмээн эгдүүцэж байсансан.
Энэ ертөнцийн хаана нь ч бай Монгол ч бай Солонгос ч бай ялгаагүй нэг л тэнгэр дор ганц гэрэлт шар нар, ганц цэнхэр сарны дор байгаа хүмүүс бид ав адилхан “Дэлхий” гэдэг нэг л гэртэй хүмүүс гэж боддог болохоор минийх чинийх гэсэн аминч үзлээс би холуур байдаг. FIFA 2010 ДАШТ -ний хамгийн анхны ялалтыг Reds буюу Солонгосын хөлбөмбөгчид Европын аварга Грекийг 2:0-оор хожиж баярт мэдээ дуулгалаа. Тоглолтыг эхнээс нь дуустал нүд салгалгүй үзсэн миний харахад хүртэл Улаанууд дэлхийн хатуухан багуудын нэг болох Европын аварга Грекийн багаас хурдаар илт давуу байгаа нь харагдаж байлаа. 2002 онд нутагтаа болсон хөлбөмбөгийн ДАШТ-д гайхалтай сайхан амжилт үзүүлэн шөвгийн дөрөвт үлдэн шуугиулж байсан Солонгосын багийг энэ жил дахин босч ирнэ хэмээн Солонгосчууд бүх л итгэл найдвараа тавин хүлээж байгаа бөгөөд тамирчид ч сэтгэл зүйн болоод багийн бэлтгэл бүрэн ханасан учраас энэ удаад амжилт үзүүлнэ хэмээн амалж байгаа юм. Английн “Манчестер Юнайтед”-д тоглодог Пак Жи Сон ахлагчтай Солонгосын баг юутай ч ийнхүү анхныхаа ялалтыг Грект нэг ч гоол оруулах боломж олголгүйгээр өлхөн байгуулаад маргааш буюу 6.17-нд домогт Марадонaгийн эх нутаг Аргентины багтай тоглохоор тоглолтын хуваарь гараад байгаа билээ. FIFA-ийн хоёр удаагийн аварга, алдарт Марадонaгийн үе залгамжлагчид Нигериагийн багийг 1:0-оор хожоод байгаа юм... аргентинчууд энэ удаад санасныг бодоход сэтгэлд хүрсэн тоглолт үзүүлж чадаагүй мэт санагдснаа нуугаад яахав.
Ямартаа ч маргааш орой Солонгосын Улаанууд Аргенитиныг хожих боломж бас найдвар миний хувьд 60%-аас дээш хувьтай л байна.... Үүнийг маргаашийн тэнгэр мэдэх болов уу... Ойрын үед Солонгос улс улаан өнгөөр амьсгалж байгаа би ч бас юу дутахав маргааш улаан пудволкоо өмсөөд л ажилдаа явна даа.

Fighting Korea!!! Reds Go Go Go!!!


2010.06.16
South korea

14 June 2010

Гутрал

Нээлттэй салхивчны минь цаанаас
Нүсэр тээртэй дуу чимээ
Бөглөрөл, хашгираан, хэн нэгний хараал хэлэх
Бүгдээрээ энэ амьдралын дуу
Яг одоо гадаа цаг хугацаа буцалж байна
Нүүр нь инээсэн
Нүд нь гэрэлгүй сэтгэл нь хоосон хүмүүс
Нэгнийхээ өврийг тэмтчин зүрхийг нь хулгайлна...
Нээрэн энэ ч бас амьдралын үзэгдэл
Бас цаг хугацааны бэлэг
Цонхоо хааж хөшгөө татаад ч
Ай амьдрал минь
Энэ цаг хугацаанаас бидэнд
Юу үлдэнэ вэ???

2010 он
South Korea

23 April 2010

Сэрүүн хоносон шөнө буюу би хамгийн азтай хүн

Шөнийн 1:00 цагаас миний ажил дуусдаг... Ажлаа тараад гэрлүүгээ явахаар такси хүлээж зам дээр нилээн удаан бороонд зогссоны эцэст ашгүй такси ирж гэрлүүгээ явлаа... Өдөр бүр дуудлагын такси дуудахаар километрийн мөнгөн дээрээ дуудлагын үнэ гээд мянган вон /천원/ нэмж нэхээд байдаг болохоор нь 1000 вон хэмнээд сүүлийн үед call taxi дуудахгүй зам дээр гарч такси барьдаг болсон юм. Гэрийнхээ үүдэнд ирээд гэрлүүгээ орох гэтэл хажуу талын хоолны газрын үүдэнд нэг юм нүдэнд тусахаар нь хэрэгт дурлаад очтол бараг шинээрээ шахуу автомат угаалгын машин бороонд цохиулаад байж байх нь тэр... Солонгост ихэнхдээ айлууд шинэ цахилгаан бараа авахаараа хуучнаа гадаа гаргаад хаячихдаг харин монголчууд бид тэрийг нь "цэцэглэж" арай гайгүйг нь эндээ хэрэглэх нь хэрэглэж бас Монгол руу ачуулах нь ачуулдаг билээ. Миний хувьд нэгт өргөөд дийлэхгүй хоёрт хог цуглуулах дургүйдээ тэрүү энд тэндээс нэг их "цэцэг" цуглуулаад байдаггүй болохоор хаяа Монголоос ээж эгч нар утсаар ярихдаа "тэдний хүүхэд тийм угаалгын машин явуулчихаж эдний хүүхэд ийм хөргөгч явуулчихаж" гэж ярихаар нь өөдөөс нь "тэр хогоор яадаг юм дараа шинийг аваад явуулья" гэж худлаа томрохоос цаашгүй амьтан байгаа юм. Гэтэл урд шөнө ямар шунал нь хатгасан юм бүү мэд тэр угаалгын машиныг арай л нус нулимс бүх юмаа гаргахаас наахнуур юм болж байж өргөж чирсээр гэртээ оруулж ирлээ усан борооноор шүү... Өөрөөсөө тийм бяр гарсанд гайхаад байгаа юм. Гэртээ оруулж ирээд хартал нүүрэн дээр нь "Хэрэглэж байгаа тул авч явахгүй байхыг хүсье" гэсэн бичиг наалттай байх нь тэр… Ёстой уйлах ч биш инээх ч биш болдог байна ш тээ харанхуйд бичиг нь сайн харагдахгүй байсан юм. Арай гэж ганц удаа "цэцэглэж" үзэх гэсэн ингэж л таарна, хэрэглэж байгаа юм бол юундаа гаднаа тавьдаг байнаа гэж бодон уур ч хүрэх шиг... бараг л эцсийн хүчээ шавхан байж буцааж гаргаж байсан байранд нь тавьчихаад орж ирээд аяга үзэмний шүүс уугаад нэгэнт нойр хүрэхээ больсон тул телевизийн суваг эргүүлтэл эдний National Television /국회 방송/ -аар Монгол маань гарч байгаатай таарчихлаа. Солонгосын залуухан кино жүжигчин бүсгүй И Бу Ён /Lee Bo Young/ Unicef-ийн элчээр Монголд очин 4 хүүхэдтэй ядуу бүсгүйн гэрт нь туслан 14 хоног хамт амьдран хүүхдүүдэд нь дулаан хувцас дулаалгатай гэр авч өгөөд ирсэн тухай нэвтрүүлэг юм байна.
Миний харснаар Баянхошууны Хөтөл юмуу эсвэл Зурагтын эцэс хавьцаа болтой оршуулгын газартай яг зэрэгцээд гэр нь байх бөгөөд хүүхдүүд нь оршуулгын чулуунуудын яг хажуугаар нь тоглолдоод л гүйх юм. 32хон настай хирнээ 4 хүүхдийн ээж тэр монгол бүсгүйг надаас 3, 4-хон насаар эгч гэж бодохоор итгэмгүй... Тэр айлын амьдарч буй гэр орныг нь, өрөвдмөөр халтар хүүхдүүдийг нь харсан чинь нутгаа их санасандаа ч тэрүү нулимс гарлаа. Тэр аяараа утаандаа харанхуйлж нүүгэлтсэн Улаанбаатарын гэр хорооллыг алсаас татаж харуулсан зураглалыг хараад ичиж нэрэлхэхээсээ илүү сэтгэл өвдлөө. Үнэхээр юу гэж хэлэхийн аргагүй нэг юм цээжинд зангирч ирээд хоолой хавьд тээглэчихлээ. Эх орон минь...
Зөвхөн ганц тэднийх ч биш тэр нүүгэлтэж харанхуйлсан гэр хорооллын ихэнхи айлуудад орвол яг дээрх айлтай адилхан дүр зураг өөдөөс угтана гэхээр л.... дээрээс нь нэмээд энэ өвлийн зуданд хамаг малаа дуусгасан хөдөөнийхөн бүгд хар бор гэрээ чирээд энэ зун хотруу орж ирнэ... дахиад энэ айл шиг хэдэн мянган айлын тоо нэмэгдэнэ гэхээр л.... сэтгэл яасан их өвдөнө. Жүжигчин бүсгүй дээрх айлд “Хамгийн дулаахан өвлийг бэлэглэлээ” гэж нэвтрүүлгээ нэрлэсэн байв… Үнэхээр л 4 бяцхан амьтан ээжтэйгээ өвлийн хэдэн сар дулаахан гэрт дулаахан хувцастай хэд хоногтоо л идэх хоолтой хоцорсон. Харин И Бу Ён-ыг буцснаас хойш тэд яах вэ... байнга өгөөд байх хэн байх билээ...Хүүхдүүд нь том болсныг нь гараад телевизын мэдээ зарж, гутал ч болсон тослоод өдрийнхөө хоолны мөнгийг ол гээд "хөөгөөд" гаргахсан ч 10 ч хүрээгүй насны энэ нялх амьтдыг яалтай ч билээ. Тэдний буруу биш шүү дээ... Нэг ой ч хүрээгүй хүүхдээ орхиод хаана очиж ямар ажлаа хийж мөнгө ол гэж энэ ээжид хэлэхсэн билээ дээ. Монголын амьдралаас тэгж их хөндийрчихсөн хүн гэдгээ би мэдсэнгүй... Тийм амьдралтай хүмүүс байдгийг хараад цочсон шүү. Та бүхэн ч гэсэн тэр айлын доторх амьдрал, идэж буй “юм”, өмсөж буй хувцас, байгаа байдлыг харсан бол үнэхээр над шиг цочирдох байсан байх... Үнэхээр ард түмний дийлэнхийнх нь амьдралын үнэн бодит царайг бид мэддэггүй юм байна. Энэ айлын ард бас ийм адилхан хичнээн мянган айл байгаа шүү дээ. Сэтгэл өвдөхөөс өөр юу ч хийж чадахгүйдээ хичнээн бухимдана.

Энэ нэвтрүүлэг бараг шөнө дунд хүртэл яваад дууслаа. Нэгэнт нойр гэдэг юм хаашаа ч юм хийсэн одсон болохоор дахиад л сувгаа эргүүллээ. Эдний КBS1 телевизээр Human Theater буюу /인간극장/ хэмээх жинхэнэ амьдралаас сэдэвлэж хийдэг documentary series – манайхаар бол баримтат кинотой төстэй нэвтрүүлэг байдаг юм. Тэр нэвтрүүлэг гарч байгаатай таарав. Эхнэр нь өөр хүнтэй явалдаад хамаг юмыг нь хамж аваад орхиод явах мөрөөрөө явахгүй нөхрийнхөө нэрээр мөнгө хүүлэгчдээс /사채 업체/ хичнээн саяын зээл аваад явчихсан нэгэн залуугын тухай гарч байна. Солонгосын мөнгө хүүлэгчид буюу өндөр хүүтэй мөнгө зээлдэгчид бараг л мафи гэхэд болно л доо. Эдэнд өр тавьсан хүмүүс хүүнийх нь өндрөөс болоод төлж чадаагүй нь олон байх ба төлж чадаагүй хүн амьд гарах найдвар тун бага. Гэтэл дээрх залуу хаяад явсан эхнэрийнхээ тавьсан өрийг дарах гэж үхэхээс наахнуур зүтгэж байгаад ходоодны хорт хавдар тусчихаж... Бурхан хүнийг нэг мартхаараа эргэж харахаа бүүр мартчихдаг болтой. Юу юу ч үгүй эхнэр ч үгүй мөнгө ч үгүй орох орон ч үгүй мөрөндөө тохох хувцасгүй биендээ өвчнөөс өөр юу ч үгүй тэр залуугийн нулимс нүдэндээ багтахгүй асгарах юм. Эр хүнээс тэгж их нулимс гардгийг урд шөнө л харлаа.
Орчлон дээр зовж шаналсан хүмүүс яасан их юм бэ? Бидний мэдэхгүй бидний төсөөлөлд ч байхгүй хэцүү амьдралыг туулж яваа хүмүүс ямар олон юм бэ? Харин бид дээрх Монгол бүсгүйн дөрвөн хүүхдийн дэргэд өлслөө гэж хэлэх эрхгүй энэ хорт хавдартай солонгос залуугын дэргэд уйлах эрхгүй юм байна. Би л лав тэднийг бодохноо жаргаж яваа хүн юм байна … Түрийвчиндээ мөнгөтэй хирнээ дуудлагын таксины мянган вон хэмнээд харанхуй шөнө гудамжинд ганцаараа зогссон өөрийгөө хохь нь хэмээн бодож гэртээ угаалгын машинтай хирнээ бусдын үүдэн дээрх угаалгын машинд шунасан шуналаасаа ичиж сууна. Шөнө нэгэнт унтаагүй тул өглөө босоод майлээ шалгатал мессенжирт нэг танил маань дараах зурвасыг үлдээжээ.
“Хэрвээ та мөрөндөө тохох хувцастай байгаа бол дэлхийн бүх хүний 75 хувиас баян. Ээж тань эсэн мэнд, эрүүл саруул байгаа бол та хамгийн азтай хүн. Харин та үүнийг уншаад баярлаж байгаа бол бичиг үсэггүй 2 миллиард хүнээс азтай юм. Тиймээс одоо байгаа зүйлдээ бүү гутарч амьдраарай” гэсэн байв.

Ингээд л би энэ тэмдэглэлээ бичлээ. Бас хаанаас ч билээ сонссон нэг хуучны хэллэг санаанд орж байна. "Хөлгүй хүнтэй танилцах хүртлээ хуучин муу гуталтай явж байна гэж үргэлж сэтгэлээр унадаг байлаа..." гэж.
Тиймээ бид хамгийн азтай нь юм байна одоо байгаадаа сэтгэл хангалуун амьдаръя.




01 April 2010

Хүлээлт -2

Зүрхнээсээ
Зүс бүрийн шувууд
Хийсгэн
Зүг бүрт
Илгээв
Зүүрмэглээд цочин сэртэл
Зуун шувуу
Зуун зүгээс ирж
Зүрхийг минь хучжээ.
Би чамайг
Зуун жил хүлээхээр
Шийдэв

Хүлээлт - 1

Асгараад л…. энэ бороо дуусна
Амьдрал уу?
Амьдрал ч бас
Ав адилхан асгараад л дуусна
Цус минь энэ бороо шиг шуугивч
Цаг нь ирэхэд бас л дуусна
Ай даа…
Амьдралаас давж амьдрах минь
Юунд хэрэгтэй …
Амьсгал минь зогсох хүртэл
Чамайг би хүлээх
Үнэндээ энэ л амьдралын утга

23 March 2010

비라도 오면 ...

비라도 오면 내 마음 씻길까...
세상에 찌들어 더럽혀진 내 마음
비라도 오면 씻길까...
세상사에 상처 받고 멍든 내 마음
비라도 오면 씻길까....
사랑에 울고 이별에 아파하던 내 마음
비라도 오면 씻길까...

비라도 오면 우산 없이
그냥 흠뻑 적시고 길을 거닐고 싶다
빗소리에 내 마음을 맡긴체 다 잊고
그냥 흠뻑 젖고 싶다
빗길 따라 그 어느 곳이든
발길 닿는 그 곳으로 가고 싶다
빗길 따라 걷다 보면
사랑하는 사람 있는 곳으로 가지 않을까....

16 March 2010

.......

Ай...
Яасан өчүүхэн юм бэ би бас бид
Хармаар юм юу ч үгүй энэ амьдралаас
Харах нь хичнээн их юм бэ
Нүдээ аниад
Таг дүлий эсвэл сохор байхгүй дээ
Зүрх баярлах л байсан даа
Халширмаар халирмаар та нартай
Харц тулгарахгүй гэж
Хичнээн ч их хичээв дээ
Өндрөөс үсэрчихмээр
Өөрөөсөө явчихмаар
Өвдөлт иймсэн билүү
Өр зүрх рүү минь...
Ай...
Яасан өчүүхэн юм бэ би бас бид

12 March 2010

Зүрх тэмтрэгч чамд

Солонгос улсаас дэлхий дахинд цацагдаж буй Монголчуудын онлайн радиод нэвтрүүлэг хөтлөн ажиллаж байгаа би хайрын тухай нэгэн захидал бичин түүгээрээ сэдэвлэн нэгэн нэвтрүүлгийн зохиомж бичснээ блогтоо оруулчихъя.

ХАЙР- гэдэг энэ богинохон үгийг, зөвхөн хэлэхэд л сэтгэл яагаад ч юм өөрийн эрхгүй гэв гэгээн бас тунгалаг болж хайр гэдэг энэ мэдрэмжийг зүрх сэтгэлээрээ мэдрэх хүн хэмээх бурхнаас заяасан хувь заяандаа талархмаар.....?? Хайр чинийхээр юу вэ эсвэл хайрын тухай чиний бодол гэх мэт олон асуулттай би тулгардаг ч яагаад ч юм их агуу юмны тухай үгээр хэлэхэд ч хэцүү байдагтай адилхан хайрын тухай хэн нэгэнд хариулт өгөн ярилцах их хэцүү юм шиг санагдна. Гэсэн ч миний бас таны бид бүгдийн мэдэрсэн хайрын түүх, дурсамж, хайрын эзэн л өөр болохоос хайрын мөн чанар бидний зүрх сэтгэлд ав адилхан нэг л янзаар оршдог гэж бодно. Тиймээ бидний мэдэрсэн амталсан тэр зүрх зүсэн, өр өвтгөж зовоосон бас нөгөө талаасаа биднийг энэ ертөнцийн хамгийн аз жаргалтай хүн болгож¬жаргаасан тэр хайр гэдэг агуу мэдрэмжийн тухай бид дуулахгүй бол сайхан хайр гомдох юм шиг ээ. Орчлонд юунд ч хоригдож дийлддэггүй ганцхан хүчийг би хайр л гэж хэлнэ.
Энэ орой ч бас сонсогч та нартайгаа хайрын тухай ярилцах болсон миний сэтгэл нэг л хүчтэй догдлохын хажуугаар нэг тийм нууцхан хирнээ үл мэдэг гунигт аялгуу зүрхийг минь эзэмдэн ертөнцөд түр үдлээд буцах энэ богинохон хоромд хайр гэдэг энэ нандин мэдрэмжээр намайг хөглөсөн тэр нэгэн хүнийг яагаад ч юм дурсан дурсан сууна.


"....Өчигдөрхөн бороо орсон… үсэн дээр бас уруул дээр минь бороон дуслууд аяархан буусаар харин би тэр их бороон дундуур нэг л замаар зүрхээ чагнан алхаж явсан… өнөөдөр цас орж байна… мөрөн дээр минь, хацар дээр минь, сормуусан дээр минь цас аяархан буусаар харин би энэ их цасыг үүрээд нөгөө л замаараа зүрхээ чагнасаар алхаж явна …
Цаснаар ч тэр борооноор ч тэр чи миний зүрхийг тэмтэрсээр тэгэх бүрт чинь би тэсэлгүй чамруу явсаар бараг гурван жил өнгөрчихөж... дахиад би хичнээн жил чамруу явах юм бол??? Чи миний зүрхийг тэмтрэхээ боливол эсвэл миний зүрх юуг ч мэдрэхгүй болчихвол би чамруу дахиад явахаа болих байх даа... ингэхэд зүрх юуг ч мэдрэхгүй болдог юм болов уу, энийг надаас илүү чи л сайн мэднэ дээ...
Сайн байгааг чинь мэдэж байгаа болохоор сайн байна уу гэж мэнд мэдэж эхэлсэнгүй бас одоо хүртэл би чамайг үгүйлдгийг одоо хүртэл чамайг санахдаа үзгээ бэхэнд дүрдгийг минь чи мэдэхсэн билүү дээ…
Хайрын тухай яагаад ч юм би ярихыг хүсдэггүй… миний мэдэрсэн хайр бусдын ярьдаг шиг, ном зохиолд гардаг шиг тийм их дүрэлзэж дэвэрсэн шатсан гоё хайраас тэс өөр болоод... ядаж хамтдаа өнгөрүүлсэн ганц өдрийн дурсамжгүй болохоор тэгдэг юм болов уу... Хайрын тухай зөндөө их бичдэг мөртлөө би хайрын тухай хэнтэй ч ярьсангүй. Чи бид хоёрын сэтгэл нэгэн цэг дээр давхцдаг байсан тэр богинохон хугацаанд ч би чамд хайрын тухай ярьсан бил үү? Одоо санахнээ хайрын тухай гоё гялгар үгийг чамд хэлж байгаагүй юм байна аа харин чи намайг “хайр” гэж дууддаг байсныг, “намайг санаж байна уу” гэж асуухад чинь санасан хирнээ “санаагүй” гэж хариулдаг байсан минь л санагдана. Чи бид хоёр ядаж ганц ч удаа бие биесээ хараагүй хирнээ, ганц ч удаа харц харцаа ширтэж, гар гараа атгаж байгаад хайрын тухай яриагүй мөртлөө яагаад бид хоёрын сэтгэл бие биедээ тийм амархан ууссаныг би мэднэ ээ харин тэр цагаас хойш би хайрын тухай бодох бүр яагаад өр зуран ганцхан чамайг дурсдагыг зүрхний минь ширхэг бүхэн надаас одоо хүртэл яагаад зөвхөн чамайг нэхдэгийг чи мэдэхсэн бил үү? Амьдралаас олон амт амталж үзээд хэрийн юманд сэтгэл хөдлөхөө больчихсон энэ насанд итгэхэд бэрх ч гэсэн тийм гэнэнээр яг л хүүхэд шиг итгэж, хүүхэд шиг догдолж, хүүхэд шиг баярласан тийм гэрэлтэй мэдрэмж анх удаа мэдэрсэн минь чи байсан юм шүү. Гуниг ганцаардлыг ханатлаа амсч бас залхсан миний амьдралд чи огт санамсаргүйгээр чиний хэлээр яг л учрал шиг орж ирчихээд зүрхэн дээр минь чив чимээгүйгээр “-гуниг ганцаардлыг таньсандаа чи бид хоёр ойртсон юм шүү” гэж шивнэчихээд буцаад явчихснаас чинь хойш гайхалтай нь миний зүрх ер ганцаардахаа больчихсон юм шиг санагддаг шүү. Бусадтай адилхан гар гараасаа хөтлөлцөн хамтдаа алхсан, хамтдаа өнгөрүүлсэн нэг ч өдрийн дурсамж чи бид хоёрт алгаа…. би харамсдаггүй ээ чамтай анх и-мэйлээр танилцсан, зөн шиг бие биедээ тэмүүлсэн тэр богинохон мөч бас түүнээс хойш нэг ч удаа уулзаж чадаагүй өнгөрүүлсэн гурван жилийн хугацаанд чи миний сэтгэлээс хол нэг ч өдөр байгаагүй болохоор зүрх минь ямагт чамаар дүүрэн – дурсамжны ч хэрэггүй юм уу даа...
Хайртай хүмүүс хамт байх гэж тэмүүлдэг, хамт байх гэж хүсдэг бол надад чамайг хайрласан минь, хайр гэдэг тэр мэдрэмжийг надад мэдрүүлсэн чинь л дэндүү хангалттай. Амьдрал зурснаараа л болохоос хүссэнээр болох биш дээ… чи бид хоёрт ядаж ганцхан өдөр хамтдаа байх тавилан зураагүй байсан болохоор л чи бид хоёр уулзаж чадаагүй байх… би харуусдаггүй ээ. Харин сэтгэлдээ хэн нэгнийг хайрлах, хэн нэгнийг голоо эгштэл санах, баярлах гуних, уйлах инээхэд хамгийн түрүүнд сэтгэлдээ ханьтай байх, өглөө босоод нар ургахыг харахдаа надтай адилхан энэ нарыг харж байгаа болов уу гэж боддог хүнтэй байх шиг сайхан юм юу байхав дээ. Хайрыг хайрлах л сайхан… чи миний тухай юу ч гэж бодсон одоо хамаагүй ээ харин чамаас үлдсэн бүхэн надад гэгээн байсан болохоор би чамд баярладаг шүү. Магадгүй чамтай учраагүй байсан бол би хайрыг ийм гэгээн гэдгийг бас ийм тэвчээртэй гэдгийг, ийм өгөөмөр гэдгийг бас ийм амгалан гэдгийг мэдэрч чадахгүй байсан байх аа. Чамд эсвэл өөртөө гомдож, цөхөрч, уйлж, уучилж бас харамсаж харуусаж үзсэнгүй ээ… миний энэ орчлонд ирээд анх удаа мэдэрсэн, энэ орчлонгоос яван явтлаа дахиад мэдэрч чадахгүй энэ цорын ганц нандин мэдрэмжний минь дэргэд гомдол, цөхрөл, нулимс, уучлал, харамсал, харуусал аль аль нь харьцуулахын аргагүй өчүүхэн жижигхэн зүйлс байсан юм шүү.
Дахиад чам шиг хүнийг би энэ түмний дундаас олно гэж үү… орчлонд хайрламаар... бүр их хайрламаар хүмүүс олон ч анхны бас сүүлчийн хайр гэж байхгүй миний хувьд чи цорын ганцхан нь байлаа...
Дахиад зуун зуун жил амьдарвал гуниг, шаналал, инээд, нулимс, баяр тайтгарлаа би яг өнөөдрийх шиг зүрхэн дотроо ганцхан чамтай хуваалцаж, хоолойд аргам энэ гашуун амьдралаас авчихмаар нь ганцхан чамайг хайрласан хайр минь л байсан болохоор амьдралын амт, амьдралын утга, амьдралын үнэ цэнийг энэ хайрнаас олж амьдрахыг хичээнээ.
Өчигдөрхөн бороо орж, өнөөдөр цас орлоо… үсэн дээр, мөрөн дээр бас уруул,сормуусан дээр минь бороон дусал, цасан ширхэгүүд аяархан буусаар харин тэр их бороог туучин цасыг үүрээд их л холоос ЧИНИЙ ЗҮГ нэг бүсгүй зүрхээ дагасаар очвол чи намайг таних уу???..."
2010 оны 1 сар БНСУ


Xайр өөрөөсөө асар их сэтгэлийн тэнхээ уучлал өршөөлийг төрүүлдэг ажээ. Гэтэл бид хайрыг энэ хэвээр нь энэ агуу тэнгэрлиг мөн чанараар нь, гэрэл гэгээтэй тэр л хэвээр нь хадгалан хайрлаж чаддагсан билүү? Хайр өөрөө агуу их хүч гэж би дээр хэлсэн. Харин энэ агуу хүч - бидний өөрсдийн минь зан чанар араншинг яг бодитоор нь яг жинхэнээр нь гаргаж чаддагаараа гайхалтай юм мэдээж хүн бүрийн зан чанар өөр болохоор хайр хэмээх энэ хүчийг зарим нь буруугаар ашиглан өөрийнхөө амьдралдаа төдийгүй өрөөлд ч гэм хор учруулах үйлдэлд хүргэдэг байна. Түүхийн болоод уран зохиолын хуудас сөхөөд үзвэл хайр сэтгэлийнхээ төлөө юуг ч хийхээс буцахгүй болсон олон хүмүүс хүний амь хороож улс үндэстнийг түйвээсэн түүхүүд ч дэндүү олон ажээ. Өнөөгийн бидний залуус ч ялгаагүй хайртай л бол хамт байх ёстой хэмээн зүтгэж уйлж дуулан хэн нэгнээс зүүгдэн өөртөө болон өрөөлд зовлон учруулж эцэстээ амиа хорлох эсвэл хайртай хүнээ хөнөөх зэрэг аймшигт үйлдлийг хүртэл хийх нь энүүхэнд болж.
Өнөөгийн залуус бид тийм үнэнч ариун хайрыг бүтээх ёстой болохоос хайрынхаа төлөө л бол юу ч хийсэн хамаагүй хэмээн хар мөртэй харалган үйлдэл бүү хийгээсэй мөн хайр дурлал хэмээх энэ нандин зүйлийг өнгө мөнгөтэй бүү хольж хутгаасай гэж хүснэ.... хүн төрөлхтөн бид энэ гайхамшигт тэнгэрлиг мэдрэмжийг мэдэрсэн нь л дэндүү сайхан нь юм шүү магадгүй ертөнцийг минь аврах хамгийн гэрэл гэгээтэй зөв зам хүнлэг чанар – хайр сэтгэл юм шүү.
Энэ нэвтрүүлгийг бэлдэгч бидний гол санаа нь хайр гэдэг тэр тэнгэрлиг сайхан мэдрэмжийг зөвхөн сайхнаар нь бидний амьдралд хамгийн их гэрэл гэгээ өгөх тэр эерэг сайхан чанараар нь хадгалж явахсан гэдгийг сонсогч та бүхэндээ хүргэхээр зорьсон билээ.

24 February 2010

Зөвхөн гуниг л байдаг

Зүүд рүүгээ би гунигын шатны гишгүүр дамжин
Зөөлхөн алхалсаар чимээгүйхэн ороход
Тэнд амьдралаас ангид амьдрал
Огт танихгүй намайг
Танимгайрхан угтдаг ч
Харц нь яг л чиний минь нүд шиг
Гялалзсан гунигтай
Хавар нь яг л намар шиг
Шав шаргал өнгөтэй
Хүсэл ч үгүй мөрөөдөл ч үгүй
Хүрэх хязгаар тийм гүн
Цаг хугацаа тэнд чив чимээгүй бас хөдөлгөөнгүй
Цагийн зүү нэг л цэг дээр...
Навч бороо нулимс илүүдсэн
Над шиг ийм гэнэн сэтгэлтний
Зүрхнээс юүлсэн гуниг л энд
Зуун өнгөрсөн ч амьд хэвээрээ
Зүүдрүүгээ би гунигын шатны гишгүүр дамжин
Зөөлөн алхалсаар чимээгүйхэн ороход
Зураг мэт өөдөөс инээмсэглэн угтдаг нь
Зөвхөн миний гуниг л байдаг
Зөвхөн миний гуниг л....

13 February 2010

Түүхэнд ховорхон барилдаан

“Тийн урвагч” хэмээх 17-р жарны төмөр Цагаан бар жилийн хаврын тэргүүн сарын сар шинийн бөхийн барилдаанд даян аварга Г.Өсөхбаяр, улсын арслан До.Ганхуяг, улсын арслан Д.Азжаргал, улсын арслан Х.Мөнхбаатар, улсын гарьд П.Сүхбат, улсын гарьд И.Доржсамбуу, улсын гарьд Б.Ганбат, улсын заан Ц.Мягмарсүрэн, улсын заан Ч.Батзориг, улсын заан Д.Бумбаяр, улсын заан М.Баяржавхлан, улсын заан М.Өсөхбаяр нарын ид хав нь тэгширсэн улс, аймаг, цэргийн цолтой хүчит 256 бөх зодоглосноос Архангай аймгийн Хашаат сумын харъяат цэргийн хурц арслан Чимэдрэгзэнгийн Санжаадамба түрүүлж даян аварга Г.Өсөхбаяр үзүүрлснээр Монгол бөхийн түүхэн дэх сар шинийн барилдаанд урьд өмнө байгаагүй ховорхон сайхан барилдаан боллоо. Монгол улс 1963 оноос хойш сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдааныг жил бүрийн цагаан сарын битүүний өдөр уламжлал болгон барилдуулан нааддаг сайхан уламжлалтай бөгөөд энэ жилийн сар шинийн барилдаан түүхэнд анх удаа улсын цолгүй бөх түрүүлснээрээ онцлог сайхан боллоо. 1963 оноос хойш улсын аварга, арслан, заан цолтнууд сар шинийн барилдаанд түрүүлж байснаас аймаг цэргийн цолтой нэг ч хүн түрүүлсэн удаа байхгүй билээ. Цагаан сарын барилдааны түүхэнд хамгийн бага цолтой бөх ганцхан удаа түрүүлсэн түүх нь гэвэл 1987 оны сар шинийн барилдаанд улсын аварга О.Балжинням улсын начин цолтойдоо түрүүлсэн байдаг билээ. Харин улсын заан Б.Ганбат болон улсын харцага Ц.Магалжав нар аймгийн арслан цолтойдоо тус тус цагаан сарын барилдаанд үзүүрлэж байсныг бид мэднэ.
Суут хүчтэнүүдийн удам тасрах учиргүй Монгол бөхийн хойморт үе үеийн шижигнэсэн залуу бөхчүүдийн арми хүч түрэн орж ирэн удамт бөхчүүдийнхээ залгамж халааг үргэлжлүүлэн уран мэх хурц ухаанаараа уралдан Монгол түмнийхээ нүд сэтгэлийг баясгасаар байдаг билээ. Яг одоо энэ цаг үе буюу 2010-аад он маань ард түмнийхээ дундаас ааг бяр ид хаваа жинхэнэ багтааж ядан буй олон бахармаар залуу бөхчүүдийг бөөн бөөнөөр нь төрүүлэн өлгийдөн авч буйгаараа Монгол бөхийн түүхэнд маш чухал цаг үе гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Тэдгээр залуу бөхчүүдээс нэр дурдвал цэргийн хурц арслан Ч.Санжаадамба цэргийн хурц арслан А.Бямбажав, аймгийн хурц арслан Б.Одгэрэл, аймгийн арслан Ж.Амартүвшин, С.Багахүү, Ч.Эрдэнэчулуун, М.Эрдэнэбат, А.Отгонбаатар, Р.Түвшинбаатар, Ч.Баянмөнх, А.Алтанхуяг, Б.Нэргүй, Ш.Жаргалсайхан, Ж.Чулуунбат, Д.Энхбат нар билээ.
Энэ жилийн түрүү бөх 1985 онд төрсөн Архангай аймгийн Хашаат сумын харъяат Бөхбилэгт дэвжээний бөх цэргийн хурц арслан Чимэдрэгзэнгийн Санжаадамба хэмээх үнэхээр ааг бяр нь тэгширч, од нь гийсэн энэ хийморьтой сайхан залуу өнгөрсөн жилийн улсын хэмжээний том болоод томоохон олон барилдаануудад ихэнхэд нь үзүүр түрүү булаалдсан билээ. Тэрээр өчигдөр буюу 2 сарын 12-нд сар шинийн баярт зориулсан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд цэргийн арслан А.Бямбажаваар найм давж бас л түрүүлсэн юм. Ааг бяр, ид хав, од хийморь, хурц мэх, уран ухаан нь багтаж ядан гялалзаж буй 25-хан настай энэ залуугийн урд өөр олон олон түүхэн барилдаан олон олон наадам олон олон амжилтууд хүлээж байна. Ард түмэн чинь чамд итгэн хүлээж байгаа шүү. Чамд сайн бүхнийг хүсъе.

2010 оны 2 сарын 13-ны 22:00 цаг
БНСУ
Жич: Интернет телевизээр бага зэрэг гацаатай үзээд барилдаан дуусав уу үгүй юу, юу л байна бичих гэж яардаг бивээр яаран сандран нэг цагийн дотор халти мөлт тоймлосон минь энэ. Монголдоо магадгүй бөхийн өргөөнд үзсэн бол илүү дэлгэрэнгүй гоё бичих байсан болов уу. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

08 February 2010

Амралтын өдрүүдийг “АВАТАР”-тай


Ажил амралтаа зөв зохицуулаад өөртөө зав гаргаж чаддагүй би их санамсаргүйгээр өнгөрсөн долоо хоногын амралтын өдрийг туйлын зөв боловсон өнгөрүүлж хавьд шагайгаагүй синема-даа тухлан “Аватар”-дчихлаа шүү. Өнгөрсөн 2009 оны 12 сард нээлтээ хийсэн 20th Century Fox-ийн гайхамшигт бүтээлүүдийн нэг Жеймс Камеруны найруулсан Аватар кино дэлгэцээр гараад багагүй хугацаа өнгөрчихөөд байгаа ч үзэх юмсан гэж бодсоор ажлын заваас болоод амжихгүй байсан юм. Ингээд муу хүн идсэнээ сайн хүн үзснээ гэдэг билүү... сайн хүн болох гээд үзсэн киноныхоо тухай товчхон өгүүлчихъе. Аватар нь компьютер техникийн арга хослуулан хийгдсэн шинжлэх ухаан болон хүний сэтгэхүйн хөгжлийг дээд цэгт нь хүртэл харуулсан зөгнөлт кино юм байна. Киноны үйл явдал 2154 онд Пандорра хэмээх шинэ гариг дээр өрнөх бөгөөд хүн төрөлхтөн энэ шинэ гаригийг нээн тэр гариг дээрх unobtanium хэмээх valuable mineral /үнэт эрдэс/ -ийг олборлох зорилгоор бүхэл бүтэн зэвсэглэсэн уурхайн армийг шинжлэх ухааны туршилтын багийнхний хамт бэлтгэнэ. Пандорра гаригийн агаар хортой хүн төрөлхтөнд таарахгүй тул туршилтын багийнхан тус гаригийн оршин суугчид болох Navi омгийнхонтой адил хүмүүс бүтээн тэднийг жирийн хүн төрөлхтний тархины үйл ажиллагаанд холбон аватар хэмээн нэрлэж туршилтандаа ашиглаж байлаа. Тэдний нэг Jake Sully хэмээх тэргэнцэртэй залуу туршилтаар Пандорра гаригт очин санамсаргүйгээр багийнхнаасаа салж төөрснөөр киноны үйл явдлын зангилаа цаашаа өрнөнө...
Ингээд хүн хүний сэтгэлийн болоод оюуны хараа өөр байдаг болохоор миний ярьснаар энэ киног үзвэл танд их сонирхолгүй болчих болов уу.... та бүхэн өөрсдөө заавал үзээрэй.
Миний хувьд уг киног stereoscopic 3D-ээр үзэж яг л киноны дотор нь Пандорра гариг дээр оччихсон юм шиг амьсгал түгжин амьсгаа ч авч чадахгүй үзэхийн хажуугаар бас дунд нь нулимс дуслуулаад авсан харин кино маань төгсөхдөө хүн төрөлхтний мөнхийн сэдэв "ХАЙР СЭТГЭЛ" ялж дууссанд сэтгэл үнэнхүү хангалуун байв... үүдэнд гарч ирэхдээ би ямар ч хамааралгүй... Хайрлахгүй гэсийм би чамайгаа хэмээн дуу аялсаар гарч ирсэн шүү.

Энэ кино эхнээсээ төгсгөл хүртэл шинжлэх ухааны хөгжлийн туйл, хүний сэтгэхүйн хөгжил, компьютерийн ертөнцийн гайхамшиг гэдгийг үнэнхүү алмайрууллаа. Харин энэ бүхэн хичнээн эцэстээ хүртэл хөгжин хөгжсөн ч магадгүй дэлхийг аврах цорын ганц зам нь хүнлэг зөөлөн сэтгэл, хүн чанар, хайр дурлал л байна гэдэгт би өчүүхэн ч эргэлзэхгүй байна... энэ кино ч бас тэгж хэлж байна. Сүүлийн үеийн гайхамшигт бүтээлүүд хүний сэтгэл рүү илүү өнгийсэн хүний хүн чанарт илүү ойртсон бүтээлүүд гарах болжээ. Ертөнцийн хамгийн сүүлийн чимээ буун дуу биш эхэр татах уйлах нулимсны чимээ л байна гэж хэн бичлээ дээ байз....









Жич: Энэ кино маань 237 сая ам.долларын өртгөөр бүтсэн бөгөөд одоогийн байдлаар $2,204,693,000 долларын ашиг орлого олоод байгаа юм байна.