07 October 2010

Ийм бэлэг илгээх найзтай хүн

.
Муу хүний заяа завагт гэдэг билүү дээ... хаа очиж би сайн хүмүүстэй, сайхан хүмүүстэй бяцхан ч атугай шижмээр холбогдох хувьтай хүн... Сайн сайхан хүн гэхээр олны танил ч юмуу аль эсвэл яг одоо нэрд гарч олны өмнө алга ташуулан ид шуугиулж яваа нэгэн хэмээн ойлгох хүмүүс олон. Магадгүй тийм сайхан хүн олон байх ч тэднээс дутахгүй өөрөөсөө гэрэл гаргаад бусдад өөрөө ч мэдэлгүй гэгээ түгээчихээд өөрийнхөө амьдралын замаар чимээгүйхэн ажиггүйхэн алхаж одох олон сайхан энгийн хүмүүс бий.
Урлагт дурлаж утга зохиол тэр дундаа бурхныг тэгж шүтдэггүй хирнээ яруу найргийг түүнээс илүүгээр шүтэх гээд байдгийн минь ач гэж байдаг бол түүний хүчээр л би хэд хэдэн гэрэлт хүмүүсийг таньдаг юм. Тийм л нэг даруухан хирнээ билэгт хөвгүүн намайг эмнэлэгт хэвтснийг сонсоод бэлэг ирүүлжээ.... Доорх бэлгийг мэдээж хурдан эдгэхийг хүссэн ерөөлийн үгтэй хамт.
.
.
Санахуйн гэгээ
.
Толгодын чинь дотно бараа
Санахуйн нүдэнд зээглэнэ.
Чамд үлдээгээд ирсэн бүхэн
Тавилан нэхэж зүүд эргэнэ.
Багтартлаа санадаг Эх орон минь.
.
Сэтгэл тунгаагч, гүн хөх тэнгэрийн чинь алсыг
Шидийг үзүүлэгч, догдлом гоо үүлсийн чинь урсгалыг
Тэврэн урсаад, зүрх эдгээгч салхины чинь амьсгалыг
Танхил нас минь эргээд ирэх шиг санагддаг
Хөрсний чинь нойтон үнэрийг
.
Бүс сулрах мэт энэ бүгээн жилүүдэд
Бүрэн ойлгох л гэж чамаасаа холдсон мэт
Тэвэрт чинь байхдаа сэрж чадаагүйн үнэнийг
Цээж давчдах энэ л энэллээр мэдрүүлэх гэж
.
Тавиланг минь зурсан бурханы санаа сая гүйцжээ.
Тэсгэлгүй догдлох харцнаас нь ойсон гэгээ
Бүдэн цээжинд минь харван үүр цайж байна.
Бүх юм
Бүх юм ямар
Гайхалтай вэ ?!.
.
.
Ps: Энэ бэлгийг илгээсэн нөхрийг Л.Санждорж гэдэг юм, анх шүлгүүдийг нь уншчихаад дөч гарсан хүн л амьдралыг ингэж ойлгож бичдэг байхдаа гэж бодсондоо ч тэрүү нэрийг нь сонсоод их л хөгшин ах юм гэж бодсонсон. Харин түүнтэй уулзснаас хойш шүлэг бичихэд нас ер хамаагүй юм гэдгийг мэдэхээр барахгүй хэзээ нэг түүний тухай бас түүний шүлгүүдээс надад үлдсэн бүхнийг хамж байгаад "нэг юм" болгож бичнэ дээ хэмээн бодсон ч /би муудаа/ одоо хүртэл бодсоор л яваа... Харин түүнтэй хамгийн сүүлд уулзаад салснаас хойш цөөнгүй он өнгөрсөн ч яг тэр өдөр миний цээжинд орж ирсэн энэ дөрвөн мөр яагаад ч юм үргэлжлээгүй хирнээ одоо хүртэл сэтгэл дотор минь дурайсаар л явдаг юм.
.
Цаст уулнаасаа өөр шүтээнгүй
Сартуулын бардам шүлэгч хүүхний
Цагаан гунигт зүрхнийх нь гүнд
Сахиус мэт үлдсэн чи минь......
.
.

2 comments:

Оогий said...

Эмнэлэгт бичсэн бичлэгийг нь уншлаа. хурдан эдгээрэй. Би бас энд ирээд өвдөж хагалгаанд орсон. Эмнэлэгийн үйлчилгээ гайхмаар сайн бас чанартай юм билээ. Бараг л хөл дээрээ явж чадахгүй хагас ухаантай амьтан ирээд л тэр өдөртөө хагалгаанд орж хурдан эдгээд гарсан шүү. эмнэлэгийн үйлчилгээ сайн эмч нар нь зөөлөн болохоор хурдан эдгэсэн байхаа гэж боддоогийн. хагалгааны ор мөр гэж бараг сорви байхгүй л эдгэсэн дээ.

Ананда संस्कृत said...

Яаасан гунигтай юм бэ?
Хөнгөн гуниг гэж