Showing posts with label Захидал. Show all posts
Showing posts with label Захидал. Show all posts

12 March 2010

Зүрх тэмтрэгч чамд

Солонгос улсаас дэлхий дахинд цацагдаж буй Монголчуудын онлайн радиод нэвтрүүлэг хөтлөн ажиллаж байгаа би хайрын тухай нэгэн захидал бичин түүгээрээ сэдэвлэн нэгэн нэвтрүүлгийн зохиомж бичснээ блогтоо оруулчихъя.

ХАЙР- гэдэг энэ богинохон үгийг, зөвхөн хэлэхэд л сэтгэл яагаад ч юм өөрийн эрхгүй гэв гэгээн бас тунгалаг болж хайр гэдэг энэ мэдрэмжийг зүрх сэтгэлээрээ мэдрэх хүн хэмээх бурхнаас заяасан хувь заяандаа талархмаар.....?? Хайр чинийхээр юу вэ эсвэл хайрын тухай чиний бодол гэх мэт олон асуулттай би тулгардаг ч яагаад ч юм их агуу юмны тухай үгээр хэлэхэд ч хэцүү байдагтай адилхан хайрын тухай хэн нэгэнд хариулт өгөн ярилцах их хэцүү юм шиг санагдна. Гэсэн ч миний бас таны бид бүгдийн мэдэрсэн хайрын түүх, дурсамж, хайрын эзэн л өөр болохоос хайрын мөн чанар бидний зүрх сэтгэлд ав адилхан нэг л янзаар оршдог гэж бодно. Тиймээ бидний мэдэрсэн амталсан тэр зүрх зүсэн, өр өвтгөж зовоосон бас нөгөө талаасаа биднийг энэ ертөнцийн хамгийн аз жаргалтай хүн болгож¬жаргаасан тэр хайр гэдэг агуу мэдрэмжийн тухай бид дуулахгүй бол сайхан хайр гомдох юм шиг ээ. Орчлонд юунд ч хоригдож дийлддэггүй ганцхан хүчийг би хайр л гэж хэлнэ.
Энэ орой ч бас сонсогч та нартайгаа хайрын тухай ярилцах болсон миний сэтгэл нэг л хүчтэй догдлохын хажуугаар нэг тийм нууцхан хирнээ үл мэдэг гунигт аялгуу зүрхийг минь эзэмдэн ертөнцөд түр үдлээд буцах энэ богинохон хоромд хайр гэдэг энэ нандин мэдрэмжээр намайг хөглөсөн тэр нэгэн хүнийг яагаад ч юм дурсан дурсан сууна.


"....Өчигдөрхөн бороо орсон… үсэн дээр бас уруул дээр минь бороон дуслууд аяархан буусаар харин би тэр их бороон дундуур нэг л замаар зүрхээ чагнан алхаж явсан… өнөөдөр цас орж байна… мөрөн дээр минь, хацар дээр минь, сормуусан дээр минь цас аяархан буусаар харин би энэ их цасыг үүрээд нөгөө л замаараа зүрхээ чагнасаар алхаж явна …
Цаснаар ч тэр борооноор ч тэр чи миний зүрхийг тэмтэрсээр тэгэх бүрт чинь би тэсэлгүй чамруу явсаар бараг гурван жил өнгөрчихөж... дахиад би хичнээн жил чамруу явах юм бол??? Чи миний зүрхийг тэмтрэхээ боливол эсвэл миний зүрх юуг ч мэдрэхгүй болчихвол би чамруу дахиад явахаа болих байх даа... ингэхэд зүрх юуг ч мэдрэхгүй болдог юм болов уу, энийг надаас илүү чи л сайн мэднэ дээ...
Сайн байгааг чинь мэдэж байгаа болохоор сайн байна уу гэж мэнд мэдэж эхэлсэнгүй бас одоо хүртэл би чамайг үгүйлдгийг одоо хүртэл чамайг санахдаа үзгээ бэхэнд дүрдгийг минь чи мэдэхсэн билүү дээ…
Хайрын тухай яагаад ч юм би ярихыг хүсдэггүй… миний мэдэрсэн хайр бусдын ярьдаг шиг, ном зохиолд гардаг шиг тийм их дүрэлзэж дэвэрсэн шатсан гоё хайраас тэс өөр болоод... ядаж хамтдаа өнгөрүүлсэн ганц өдрийн дурсамжгүй болохоор тэгдэг юм болов уу... Хайрын тухай зөндөө их бичдэг мөртлөө би хайрын тухай хэнтэй ч ярьсангүй. Чи бид хоёрын сэтгэл нэгэн цэг дээр давхцдаг байсан тэр богинохон хугацаанд ч би чамд хайрын тухай ярьсан бил үү? Одоо санахнээ хайрын тухай гоё гялгар үгийг чамд хэлж байгаагүй юм байна аа харин чи намайг “хайр” гэж дууддаг байсныг, “намайг санаж байна уу” гэж асуухад чинь санасан хирнээ “санаагүй” гэж хариулдаг байсан минь л санагдана. Чи бид хоёр ядаж ганц ч удаа бие биесээ хараагүй хирнээ, ганц ч удаа харц харцаа ширтэж, гар гараа атгаж байгаад хайрын тухай яриагүй мөртлөө яагаад бид хоёрын сэтгэл бие биедээ тийм амархан ууссаныг би мэднэ ээ харин тэр цагаас хойш би хайрын тухай бодох бүр яагаад өр зуран ганцхан чамайг дурсдагыг зүрхний минь ширхэг бүхэн надаас одоо хүртэл яагаад зөвхөн чамайг нэхдэгийг чи мэдэхсэн бил үү? Амьдралаас олон амт амталж үзээд хэрийн юманд сэтгэл хөдлөхөө больчихсон энэ насанд итгэхэд бэрх ч гэсэн тийм гэнэнээр яг л хүүхэд шиг итгэж, хүүхэд шиг догдолж, хүүхэд шиг баярласан тийм гэрэлтэй мэдрэмж анх удаа мэдэрсэн минь чи байсан юм шүү. Гуниг ганцаардлыг ханатлаа амсч бас залхсан миний амьдралд чи огт санамсаргүйгээр чиний хэлээр яг л учрал шиг орж ирчихээд зүрхэн дээр минь чив чимээгүйгээр “-гуниг ганцаардлыг таньсандаа чи бид хоёр ойртсон юм шүү” гэж шивнэчихээд буцаад явчихснаас чинь хойш гайхалтай нь миний зүрх ер ганцаардахаа больчихсон юм шиг санагддаг шүү. Бусадтай адилхан гар гараасаа хөтлөлцөн хамтдаа алхсан, хамтдаа өнгөрүүлсэн нэг ч өдрийн дурсамж чи бид хоёрт алгаа…. би харамсдаггүй ээ чамтай анх и-мэйлээр танилцсан, зөн шиг бие биедээ тэмүүлсэн тэр богинохон мөч бас түүнээс хойш нэг ч удаа уулзаж чадаагүй өнгөрүүлсэн гурван жилийн хугацаанд чи миний сэтгэлээс хол нэг ч өдөр байгаагүй болохоор зүрх минь ямагт чамаар дүүрэн – дурсамжны ч хэрэггүй юм уу даа...
Хайртай хүмүүс хамт байх гэж тэмүүлдэг, хамт байх гэж хүсдэг бол надад чамайг хайрласан минь, хайр гэдэг тэр мэдрэмжийг надад мэдрүүлсэн чинь л дэндүү хангалттай. Амьдрал зурснаараа л болохоос хүссэнээр болох биш дээ… чи бид хоёрт ядаж ганцхан өдөр хамтдаа байх тавилан зураагүй байсан болохоор л чи бид хоёр уулзаж чадаагүй байх… би харуусдаггүй ээ. Харин сэтгэлдээ хэн нэгнийг хайрлах, хэн нэгнийг голоо эгштэл санах, баярлах гуних, уйлах инээхэд хамгийн түрүүнд сэтгэлдээ ханьтай байх, өглөө босоод нар ургахыг харахдаа надтай адилхан энэ нарыг харж байгаа болов уу гэж боддог хүнтэй байх шиг сайхан юм юу байхав дээ. Хайрыг хайрлах л сайхан… чи миний тухай юу ч гэж бодсон одоо хамаагүй ээ харин чамаас үлдсэн бүхэн надад гэгээн байсан болохоор би чамд баярладаг шүү. Магадгүй чамтай учраагүй байсан бол би хайрыг ийм гэгээн гэдгийг бас ийм тэвчээртэй гэдгийг, ийм өгөөмөр гэдгийг бас ийм амгалан гэдгийг мэдэрч чадахгүй байсан байх аа. Чамд эсвэл өөртөө гомдож, цөхөрч, уйлж, уучилж бас харамсаж харуусаж үзсэнгүй ээ… миний энэ орчлонд ирээд анх удаа мэдэрсэн, энэ орчлонгоос яван явтлаа дахиад мэдэрч чадахгүй энэ цорын ганц нандин мэдрэмжний минь дэргэд гомдол, цөхрөл, нулимс, уучлал, харамсал, харуусал аль аль нь харьцуулахын аргагүй өчүүхэн жижигхэн зүйлс байсан юм шүү.
Дахиад чам шиг хүнийг би энэ түмний дундаас олно гэж үү… орчлонд хайрламаар... бүр их хайрламаар хүмүүс олон ч анхны бас сүүлчийн хайр гэж байхгүй миний хувьд чи цорын ганцхан нь байлаа...
Дахиад зуун зуун жил амьдарвал гуниг, шаналал, инээд, нулимс, баяр тайтгарлаа би яг өнөөдрийх шиг зүрхэн дотроо ганцхан чамтай хуваалцаж, хоолойд аргам энэ гашуун амьдралаас авчихмаар нь ганцхан чамайг хайрласан хайр минь л байсан болохоор амьдралын амт, амьдралын утга, амьдралын үнэ цэнийг энэ хайрнаас олж амьдрахыг хичээнээ.
Өчигдөрхөн бороо орж, өнөөдөр цас орлоо… үсэн дээр, мөрөн дээр бас уруул,сормуусан дээр минь бороон дусал, цасан ширхэгүүд аяархан буусаар харин тэр их бороог туучин цасыг үүрээд их л холоос ЧИНИЙ ЗҮГ нэг бүсгүй зүрхээ дагасаар очвол чи намайг таних уу???..."
2010 оны 1 сар БНСУ


Xайр өөрөөсөө асар их сэтгэлийн тэнхээ уучлал өршөөлийг төрүүлдэг ажээ. Гэтэл бид хайрыг энэ хэвээр нь энэ агуу тэнгэрлиг мөн чанараар нь, гэрэл гэгээтэй тэр л хэвээр нь хадгалан хайрлаж чаддагсан билүү? Хайр өөрөө агуу их хүч гэж би дээр хэлсэн. Харин энэ агуу хүч - бидний өөрсдийн минь зан чанар араншинг яг бодитоор нь яг жинхэнээр нь гаргаж чаддагаараа гайхалтай юм мэдээж хүн бүрийн зан чанар өөр болохоор хайр хэмээх энэ хүчийг зарим нь буруугаар ашиглан өөрийнхөө амьдралдаа төдийгүй өрөөлд ч гэм хор учруулах үйлдэлд хүргэдэг байна. Түүхийн болоод уран зохиолын хуудас сөхөөд үзвэл хайр сэтгэлийнхээ төлөө юуг ч хийхээс буцахгүй болсон олон хүмүүс хүний амь хороож улс үндэстнийг түйвээсэн түүхүүд ч дэндүү олон ажээ. Өнөөгийн бидний залуус ч ялгаагүй хайртай л бол хамт байх ёстой хэмээн зүтгэж уйлж дуулан хэн нэгнээс зүүгдэн өөртөө болон өрөөлд зовлон учруулж эцэстээ амиа хорлох эсвэл хайртай хүнээ хөнөөх зэрэг аймшигт үйлдлийг хүртэл хийх нь энүүхэнд болж.
Өнөөгийн залуус бид тийм үнэнч ариун хайрыг бүтээх ёстой болохоос хайрынхаа төлөө л бол юу ч хийсэн хамаагүй хэмээн хар мөртэй харалган үйлдэл бүү хийгээсэй мөн хайр дурлал хэмээх энэ нандин зүйлийг өнгө мөнгөтэй бүү хольж хутгаасай гэж хүснэ.... хүн төрөлхтөн бид энэ гайхамшигт тэнгэрлиг мэдрэмжийг мэдэрсэн нь л дэндүү сайхан нь юм шүү магадгүй ертөнцийг минь аврах хамгийн гэрэл гэгээтэй зөв зам хүнлэг чанар – хайр сэтгэл юм шүү.
Энэ нэвтрүүлгийг бэлдэгч бидний гол санаа нь хайр гэдэг тэр тэнгэрлиг сайхан мэдрэмжийг зөвхөн сайхнаар нь бидний амьдралд хамгийн их гэрэл гэгээ өгөх тэр эерэг сайхан чанараар нь хадгалж явахсан гэдгийг сонсогч та бүхэндээ хүргэхээр зорьсон билээ.