13 August 2010

Үе үе үнэртэй байр

Удаж удаж эвгүй гарчигтай пост бичих нээ... Учир нь шинэ байранд нүүж ирээд сар илүү л болж байгаа юм л даа. Хоёр жил гаран амьдарч бараг л төрсөн гэр шигээ дассан гэрээсээ нэгт ажилтайгаа ойртох хоёрт мөнгө хэмнэх гэсэн зайлшгүй шаардлагаар нүүхээс аргагүй болоод хотын төврүү ажилтай ойр хямдавтар нэг өрөө хөлсөлсөн юм. Дургүйд хүчгүй гэдэг болоод ч тэрүү бага зэрэг үнэтэй хуучин байрнаасаа хагацах гэж уйлахаас наахнуур л юм болов. Хуучин байр маань хотын төвөөс тав зургаахан километр зайтай наддаа л томдсон нэг өрөө, дээрээс нь уужим урт luxury гал зуух, угаалгын өрөө, balcony гээд ядарсан надад хирдээ л ахадсан байр байжээ. Хамгийн гол нь дөнгөж шинээр бариад хамгийн түрүүний эзэн нь байсан болоод ч тэрүү тэр байрандаа тун ч их хайртай байсан юм.
Сөүл мэтийн томоохон хотуудаар бидний хувьд байр хөлслөн амьдрахад байрны мөнгөндөө сард олдог хэдийнхээ бараг 50%-ийг нь тавиад туух нь энүүхэнд... дээрээс нь хоол идмээр, хувцас өмсмөөр, Монгол явуулмаар... хадгаламжиндаа нойл воны үлдэгдэлтэй явах, зарим сард бүр хасах үлдэгдэл заах нь ч бий. Миний амьдардаг хотод хотын төврүү нэг өрөө байранд 2саяаас 5 саяын барьцаа өгч дээрээс нь сар бүр 350-450 мянган воны хөлс төлж амьдарна. Хотын зах хэсэгрүү хашаа байшинтай айлын хоёр давхарт юмуу дээврийн давхарт бол арай хямдавтар 1 саяаас 2 саяын барьцаанд 200-250 мянган вон, харин гаднаа жорлонтой нэг давхар хуучны шавар амбаарархуу юмуу эсвэл подвальд 100-150 мянган вон төлөх жишээтэй. Солонгост ажил хийж мөнгө хураадаг монголчуудын дийлэнх нь мөнгө хэмнэхийн эрхэнд дээрх гаднаа нойлтой шавар тагзанд эсвэл чийгтэй подвальд амьдрана. Тэгсний хүчинд л эндхийн хэрэглээнээсээ илүү гарган таван төгрөг хурааж Монголруу өрөндөө эсвэл гэр бүлдээ явуулж чадна. Байнга чийгтэй, байгалийн гэрэл тусдаггүй газар доогуурх подвальд унтах нь тэдний эрүүл мэндэд хэрхэн өдрөөс өдөрт үл мэдэгдэхүйцээр нөлөөлсөөр байгааг хэн ч үл анзаарна... Өнөөдөр 100 мянган вон хэмнэж чадаж л байвал маргааш хэрхэхийг ч тооцохгүй амьдрана. Дээрээс нь Солонгост сүүлийн жил гаруй эдийн засгийн хямралтай, долларын үнэ тэнгэрт хадаж, будаа, ногоо, хүнсний бүтээгдэхүүний үнэ нэг жилийн өмнөхтэй харьцуулахын аргагүй хоёр гурав дахин нэмэгдсэн боловч гадаад ажилчдын цалин цагийн 3100 төгрөг хэвээрээ... Гэвч Солонгосруу урсах Монголчуудын цуваа цөөрөх биш улам л ихэссээр... Эрүүл мэндээ, залуу насаа, гэр бүлээ золин байж олсон хэдэн төгрөгөөрөө буцаагаад эрүүл мэндээ, залуу насаа, гэр бүлээ худалдаад авч чадахсан билүү дээ.
Үе үехэн үнэртэй байр гэж гарчиг өгснөө мартаад яриа хадуураад амьдарч буй байрныхаа тухай бичих гэснээ өөр сэдэврүү хазайгаад явчихлаа. Гэхдээ л энд байр ярихаар, амьдрал ярихаар яахын аргагүй энд амьдарч буй Монголчуудын жинхэнэ амьдралын тухай ярихаас аргагүй болох юмаа. Миний хувьд Солонгост дөрөвдэх жилийн нүүрийг үзэж байгаа ч цамаан зангийнх биздээ одоохондоо подвалийн өрөө эсвэл гаднаа нойлтой хуучны байранд орчихoлгүй шиг л амьдрахыг хичээх юм. Тэгж цамаан загнасныхаа төлөөсөнд мөнгө гэдгийг дансандаа сая саяаар нь хурааж үзээгүй л явна... Харин саяхан нүүж ирсэн байрнаас маань үе үехэн сонин эвгүй үнэр үнэртээд... цонхоор үнэртээд байдаг юмуу... таван давхар байрны дөрвөн давхарт жижгэвтэр нэг өрөө. Өдөр ч тэр шөнө ч тэр их эвгүй үнэр байсгээд сэн сэнхийтэл үнэртэх юм... ядаж байхад миний үнэрлэх мэдрэмж бусдынхаас илүү хөгжсөн юм шиг байгаан... хэн нэгэн дэргэд ирээд гэдэснийхээ хийг гаргачихаад яваад өглөө л гэж бодмоор... Hэгэнт жилийн гэрээ хийгээд хоёр сая воны барьцаа өгчихсөн болохоор гарах арга байдаггүй. Өрөөндөө үнэртүүлэгч цацахаар сүүлдээ аль нь ч аль үнэр юм мэдэхээ байтал толгой эргэчих юм. Солонгос улс ер нь их үнэртэй чийг ихтэйн дээрээс нь газар доогуурх бохирын шугам нь замын хажуугын борооны ус ордог төмөр хаалтуудаараа бараг ил харагдаж байдаг, замын хажуугаар ч тэр ер нь хаа л бол хаа тааралдах борооны ус урсдаг төмөрнөөс бохирын үнэр хамар сэтлэм үнэртдэг юм. Анх Солонгост ирсэн өдрөө Инчоны нисэх буудлаас метро олох гэж зам мэдэхгүй төөрөөд загасны захны дэргэдүүр их удаан алхсандаа ч тэрүү "яасан өмхий газар вэ" л гэсэн хамгийн анхны сэтгэгдэл төрж байж билээ. Харин гэр дотор хүртэл үнэртэх нь гайгүй л байдаг шиг санагдах юм... ямартаа ч шинэ байрандаа дасахгүй байгааг хэлэх үү... эвгүй үнэр нь битгий үнэртээсэй гэтэл л тэгэхээс тэгэх шиг үүнийг бичих гэж гучин минут суухад гурван удаа үнэртэв......

No comments: