13 February 2010

Түүхэнд ховорхон барилдаан

“Тийн урвагч” хэмээх 17-р жарны төмөр Цагаан бар жилийн хаврын тэргүүн сарын сар шинийн бөхийн барилдаанд даян аварга Г.Өсөхбаяр, улсын арслан До.Ганхуяг, улсын арслан Д.Азжаргал, улсын арслан Х.Мөнхбаатар, улсын гарьд П.Сүхбат, улсын гарьд И.Доржсамбуу, улсын гарьд Б.Ганбат, улсын заан Ц.Мягмарсүрэн, улсын заан Ч.Батзориг, улсын заан Д.Бумбаяр, улсын заан М.Баяржавхлан, улсын заан М.Өсөхбаяр нарын ид хав нь тэгширсэн улс, аймаг, цэргийн цолтой хүчит 256 бөх зодоглосноос Архангай аймгийн Хашаат сумын харъяат цэргийн хурц арслан Чимэдрэгзэнгийн Санжаадамба түрүүлж даян аварга Г.Өсөхбаяр үзүүрлснээр Монгол бөхийн түүхэн дэх сар шинийн барилдаанд урьд өмнө байгаагүй ховорхон сайхан барилдаан боллоо. Монгол улс 1963 оноос хойш сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдааныг жил бүрийн цагаан сарын битүүний өдөр уламжлал болгон барилдуулан нааддаг сайхан уламжлалтай бөгөөд энэ жилийн сар шинийн барилдаан түүхэнд анх удаа улсын цолгүй бөх түрүүлснээрээ онцлог сайхан боллоо. 1963 оноос хойш улсын аварга, арслан, заан цолтнууд сар шинийн барилдаанд түрүүлж байснаас аймаг цэргийн цолтой нэг ч хүн түрүүлсэн удаа байхгүй билээ. Цагаан сарын барилдааны түүхэнд хамгийн бага цолтой бөх ганцхан удаа түрүүлсэн түүх нь гэвэл 1987 оны сар шинийн барилдаанд улсын аварга О.Балжинням улсын начин цолтойдоо түрүүлсэн байдаг билээ. Харин улсын заан Б.Ганбат болон улсын харцага Ц.Магалжав нар аймгийн арслан цолтойдоо тус тус цагаан сарын барилдаанд үзүүрлэж байсныг бид мэднэ.
Суут хүчтэнүүдийн удам тасрах учиргүй Монгол бөхийн хойморт үе үеийн шижигнэсэн залуу бөхчүүдийн арми хүч түрэн орж ирэн удамт бөхчүүдийнхээ залгамж халааг үргэлжлүүлэн уран мэх хурц ухаанаараа уралдан Монгол түмнийхээ нүд сэтгэлийг баясгасаар байдаг билээ. Яг одоо энэ цаг үе буюу 2010-аад он маань ард түмнийхээ дундаас ааг бяр ид хаваа жинхэнэ багтааж ядан буй олон бахармаар залуу бөхчүүдийг бөөн бөөнөөр нь төрүүлэн өлгийдөн авч буйгаараа Монгол бөхийн түүхэнд маш чухал цаг үе гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Тэдгээр залуу бөхчүүдээс нэр дурдвал цэргийн хурц арслан Ч.Санжаадамба цэргийн хурц арслан А.Бямбажав, аймгийн хурц арслан Б.Одгэрэл, аймгийн арслан Ж.Амартүвшин, С.Багахүү, Ч.Эрдэнэчулуун, М.Эрдэнэбат, А.Отгонбаатар, Р.Түвшинбаатар, Ч.Баянмөнх, А.Алтанхуяг, Б.Нэргүй, Ш.Жаргалсайхан, Ж.Чулуунбат, Д.Энхбат нар билээ.
Энэ жилийн түрүү бөх 1985 онд төрсөн Архангай аймгийн Хашаат сумын харъяат Бөхбилэгт дэвжээний бөх цэргийн хурц арслан Чимэдрэгзэнгийн Санжаадамба хэмээх үнэхээр ааг бяр нь тэгширч, од нь гийсэн энэ хийморьтой сайхан залуу өнгөрсөн жилийн улсын хэмжээний том болоод томоохон олон барилдаануудад ихэнхэд нь үзүүр түрүү булаалдсан билээ. Тэрээр өчигдөр буюу 2 сарын 12-нд сар шинийн баярт зориулсан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд цэргийн арслан А.Бямбажаваар найм давж бас л түрүүлсэн юм. Ааг бяр, ид хав, од хийморь, хурц мэх, уран ухаан нь багтаж ядан гялалзаж буй 25-хан настай энэ залуугийн урд өөр олон олон түүхэн барилдаан олон олон наадам олон олон амжилтууд хүлээж байна. Ард түмэн чинь чамд итгэн хүлээж байгаа шүү. Чамд сайн бүхнийг хүсъе.

2010 оны 2 сарын 13-ны 22:00 цаг
БНСУ
Жич: Интернет телевизээр бага зэрэг гацаатай үзээд барилдаан дуусав уу үгүй юу, юу л байна бичих гэж яардаг бивээр яаран сандран нэг цагийн дотор халти мөлт тоймлосон минь энэ. Монголдоо магадгүй бөхийн өргөөнд үзсэн бол илүү дэлгэрэнгүй гоё бичих байсан болов уу. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

No comments: