Showing posts with label Бусдынх гэхдээ таалагддаг. Show all posts
Showing posts with label Бусдынх гэхдээ таалагддаг. Show all posts

07 October 2010

Ийм бэлэг илгээх найзтай хүн

.
Муу хүний заяа завагт гэдэг билүү дээ... хаа очиж би сайн хүмүүстэй, сайхан хүмүүстэй бяцхан ч атугай шижмээр холбогдох хувьтай хүн... Сайн сайхан хүн гэхээр олны танил ч юмуу аль эсвэл яг одоо нэрд гарч олны өмнө алга ташуулан ид шуугиулж яваа нэгэн хэмээн ойлгох хүмүүс олон. Магадгүй тийм сайхан хүн олон байх ч тэднээс дутахгүй өөрөөсөө гэрэл гаргаад бусдад өөрөө ч мэдэлгүй гэгээ түгээчихээд өөрийнхөө амьдралын замаар чимээгүйхэн ажиггүйхэн алхаж одох олон сайхан энгийн хүмүүс бий.
Урлагт дурлаж утга зохиол тэр дундаа бурхныг тэгж шүтдэггүй хирнээ яруу найргийг түүнээс илүүгээр шүтэх гээд байдгийн минь ач гэж байдаг бол түүний хүчээр л би хэд хэдэн гэрэлт хүмүүсийг таньдаг юм. Тийм л нэг даруухан хирнээ билэгт хөвгүүн намайг эмнэлэгт хэвтснийг сонсоод бэлэг ирүүлжээ.... Доорх бэлгийг мэдээж хурдан эдгэхийг хүссэн ерөөлийн үгтэй хамт.
.
.
Санахуйн гэгээ
.
Толгодын чинь дотно бараа
Санахуйн нүдэнд зээглэнэ.
Чамд үлдээгээд ирсэн бүхэн
Тавилан нэхэж зүүд эргэнэ.
Багтартлаа санадаг Эх орон минь.
.
Сэтгэл тунгаагч, гүн хөх тэнгэрийн чинь алсыг
Шидийг үзүүлэгч, догдлом гоо үүлсийн чинь урсгалыг
Тэврэн урсаад, зүрх эдгээгч салхины чинь амьсгалыг
Танхил нас минь эргээд ирэх шиг санагддаг
Хөрсний чинь нойтон үнэрийг
.
Бүс сулрах мэт энэ бүгээн жилүүдэд
Бүрэн ойлгох л гэж чамаасаа холдсон мэт
Тэвэрт чинь байхдаа сэрж чадаагүйн үнэнийг
Цээж давчдах энэ л энэллээр мэдрүүлэх гэж
.
Тавиланг минь зурсан бурханы санаа сая гүйцжээ.
Тэсгэлгүй догдлох харцнаас нь ойсон гэгээ
Бүдэн цээжинд минь харван үүр цайж байна.
Бүх юм
Бүх юм ямар
Гайхалтай вэ ?!.
.
.
Ps: Энэ бэлгийг илгээсэн нөхрийг Л.Санждорж гэдэг юм, анх шүлгүүдийг нь уншчихаад дөч гарсан хүн л амьдралыг ингэж ойлгож бичдэг байхдаа гэж бодсондоо ч тэрүү нэрийг нь сонсоод их л хөгшин ах юм гэж бодсонсон. Харин түүнтэй уулзснаас хойш шүлэг бичихэд нас ер хамаагүй юм гэдгийг мэдэхээр барахгүй хэзээ нэг түүний тухай бас түүний шүлгүүдээс надад үлдсэн бүхнийг хамж байгаад "нэг юм" болгож бичнэ дээ хэмээн бодсон ч /би муудаа/ одоо хүртэл бодсоор л яваа... Харин түүнтэй хамгийн сүүлд уулзаад салснаас хойш цөөнгүй он өнгөрсөн ч яг тэр өдөр миний цээжинд орж ирсэн энэ дөрвөн мөр яагаад ч юм үргэлжлээгүй хирнээ одоо хүртэл сэтгэл дотор минь дурайсаар л явдаг юм.
.
Цаст уулнаасаа өөр шүтээнгүй
Сартуулын бардам шүлэгч хүүхний
Цагаан гунигт зүрхнийх нь гүнд
Сахиус мэт үлдсэн чи минь......
.
.

02 February 2009

Р.Энхтуяа

Ердөө л хайрлуулахын төлөө
Чиний торонд хоригдъё
Ер бусын араншингаар чинь
Эрх чөлөөгөө арилжъя
Хагацал мэт талын салхийг
Хань мэт үгүйлж
Хэлэх гээгүй хэгжүүн үгсээ
Хэсэгхэн дурсамж мэт нууя
Хэзээ ч хангинахгүй байж мэдэх
Түлхүүрийн чимээг хүлээе
Гадаах агаар ямар байгааг
Гарыг чинь үнсэхдээ мэдъе
Гунигаа хурааж
Гутлыг чинь гялалзтал тосолъё
Гудамжинд гээсэн төрөлх зангаа
Ганцаардлын сүүдэрт мартъя
Ер бусын өдрүүд өнгөрөхөд
Ердөө л хайрлуулахын төлөө
Чиний торноос би ниснээ

Ц.Галбадрах

Би бичээд бэх нь хатаагүй шүлэг байхад
Чи ургаад дэлбээлж амжаагүй сарнай байсан
Зөн татаж чамруу би харцаа урсгахад
Зүрх хувааж чи тэгэхэд дэлбээлсэн

Зүүд шиг энэ хоосон амьдралд
Зүгээр л өөрийнхөөрөө зовж болсонгүй
Үнэний наагуурх зовлонгийн тойрогт
Үйлэндээ баригдаж учралд дуудагдсан

Оногдсон тавилангийн муруйсан замын
Огтлолцол болгонд би хайр болж суралцсан
Хэлээгүй үгээ өөрлүүгээ шингээж
Хэнийг ч хайрлах цагаахан хайр болгоно

Би гэгээн хүслээ хорвоод цацсан шүлэг болгоход
Чи гэмшилгүй цагаан уянга болж түрлэг нэмээрээ

31 August 2008

Миний үеийн энэ залуу...

Миний үеийн энэ шүлэгч залууг... ер нь бол насаар чацуу байх, "сүрхий дажгүй бичдэг, юм дуулгаж мэдэх хүүхэд" хэмээн би байтугай нь тоодог юм билээ. Надад бол шүлгүүд нь сэтгэлд их л ойр дотно буух бөгөөд бас ч үнэнийг хэлээд байгаа мэт санагдах тул хааяа хааяахан түүний шүлгийн ертөнцөд саатдаг юм. (Жич: Үнэнийг хэлэхэд нэрийг нь бүтэн мэдэхгүй Заяа л гэдэг. ) Саяхан түүний блогоор зочлоод "бардамхан атлаа бас ч өрөвдөм" хоёр сайхан шүлгийн олзтой ирлээ.

Намайг үхэхэд хэн нь ч...

Намайг үхэхэд хэн нь ч битгий нулимс унагаарай
Навчис бөхийж тэртэй тэргүй цэцэгс уйлах болно
Нарт энэ хорвоод саранд дурлаж амьдарсны минь төлөө
Намайг үхэхэд хэн нь ч битгий нулимс унагаарай
Хүнд өрөвдүүлэхээр амьдрал надад байгаагүйг дурлал мэднэ
Хүсэл сэтгэл гэдэг миний зүрхэнд хэрхэн асаж хэрхэн унтарсныг саран мэднэ
Тэнгэрийн нөмөрт яаж эрхэлж жаргасныг минь газар мэднэ
Тиймээс намайг үхэхэд хэн нь ч битгий уйлаарай
Нижигнэсэн алга ташилт мэт аянга цахилгаан гялбаад
Нэг их бороо асгаж тэнгэр харин уйлж мэднэ, бүү айцгаа
Намуухан аялгуу эгшиглүүл, нулимсаан бүгд тэвч
Намайг эцсийн удаа харая гэвэл тэнгэр лүү дээшээ харцгаа
Тэнгэрээс бууж ирсэн тавилан газарт үлдэж болдоггүй
Тэгэхээр би газрын хөрсөнд шингэхгүй дээшээ харцгаа
Тэргүүн гудайх сарны дэргэд хань болон гэрэлтэхээр
Тийшээ би буцах л болно хэн ч битгийн нулимс унагаарай


Одоо би ахиж...

Одоо би ахиж од тоолохгүй
Он жил хийгээд өнгөрснийг эргэж дурсахгүй
Намайг хайж ирсэн дурлал болгоныг тэврэхгүй
Нанчидын ширээн дээрх бөхсөн лааг асаахгүй
Одоо би ахиж нүд ширтэхгүй
Орой сэтгэл жиндээж хүний үрийг зовоохгүй
Нарыг гомдоож орхиод сартай нөхөрлөнө гэж зөрүүдлэхгүй
Намхан толгод дээрээс холыг харах гэж яарахгүй
Өнөөдрөөс эхлээд би өвс таслахгүй
Өөрт минь итгэдэг мянга мянган сэтгэлийн галыг унтраахгүй
Харанхуй аниргүйд дурлаж үхлийн тухай бодохгүй
Хав хар нүд болоод цагаан сэтгэлийг мөрөөдөхгүй

Одоо би ахиж од тоолохгүй ээ
Заяагийн блогт зочлоорой। http://zaya13.blogspot.com/

14 February 2008

Би чамайг мартахгүй

Зохиолч Түмэнбаярын Бум-Эрдэнийн Би чамайг мартахгүй өгүүллэгийг блогтоо толилуулж байна. Хацар гоо охид бүсгүйчүүд минь амьдралын уртыг хамтдаа туулах ханиа зөв сонгож ганцхан туулах насаа нулимстай нүдээр биш аз жаргал, ханийн хайр халамжаар дүүрэн өнгөрөөгөөсэй гэж хүссэндээ түүний энэ сайхан өгүүллэгээс сургамж аваг хэмээн бодож нөгөөтэйгүүр Бумаа ахын эмэгтэй хүний сэтгэлийг ингэж сайхан мэдэрсэнд нь бахархаж блогтоо орууллаа.
Би өнөөдөр чамайг ямар ихээр дурсана вэ? Чиний нүд, харц, царай төрх чинь тодоос тод орж ирэх тусам миний нулимс төдий чинээгээр ундрах юм. Сэтгэл зүрхийг минь уралж саралсан он жилүүд тэртээд одсон хэдий ч би өнөөдөр чамайг ороолж зугтаасан бодлоосоо эрэн байж санах чинь юуны учир юм бол. Гуниглахын жаргал гэж байдаг гэж үү. Аав ээжийнхээ өврөөс гараагүй шахам, алиахан багадаа, хоёр салаа гэзэгтэй, хорь хүрээгүй байхдаа би чамтай анх учирчээ. Хайр гэдгийг ямар мэддэг байсан бишдээ. Хайр бол тэрийг, энийг хэлнэ гэж ном зохиолд гардаг ч, хайр гэж чамайг л хэлнэ гэж би дотроо боддог байж билээ. Тиймээ хайрыг би чамаар л төсөөлдөг байсан. Эр хүний тухай эгч нарын өдий төдий тодорхойлолт байвч би эр хүнийг чамаар л дүрсэлдэгсэн. Хайр сэтгэл гэж хажууд байхаараа тэгж их өнгө зүсээ хувиргадаг гэдгийг тэрхэн үед би яахан мэдэх билээ. Он цаг улирч, охин нас минь ичих, эмзэглэхийн зэрэгцээ нулимс дуслуулан бас ч гэж нууцхан баяр дагуулсаар тэртээ ард хоцорчээ.
Ургаж гүйцээгүй хөх, нарны туяанд гэрэлтэм нимгэн хувцастай
Урагдаж шархлаагүй сэтгэлдээ хайрын дуу аялаастай
Урд шөнийн шүүдэр өвсний толгойд бөнжигнөөстэй
Урьхан салхины аясаар урсгал үс минь задраастай
Учирсан хайрын сэвшээнд сэтгэл задгай, энгэр задгай
Уудамхан талд хөл нүцгэн гүйсэн охин нас минь тэнд үлдсэн.
Чиний үгэнд итгэж бусдыг би сонсоогүй. Чамайг би ганцхан хэмээн санаж өөр бусдыг хараагүй. Дэндүү их хайрласандаа дэлхийг хүртэл чамаас бага хэмээн төсөөлөхдөө би сохорсон. Хайранд сохорсон хүн ухаардаггүй юм билээ.Намайг хамгийн ихээр хайрлаж суугаа ээжийгээ хүртэл гомдоосон. Тэднийгээ би даанч нэг сонсдоггүйсэн. Тэгэхэд ухаарсан бол би алдаагаа засахгүй юмаа гэхэд өөрийгөө улам бүр талхилуулж, урт удаан хугацааг алдахгүй байсан байх. Гэхдээ ойлгох цаг минь тэр үед болоогүй байсан юм байлгүй дээ.Хайр гэдэг тийм уйваагүй, хаврын зэврүүн салхинд гэрийн яндан ёнгинох мэт хөндий хоосон. Хайртай гэдэг үг харанхуй хонгилийн тэртээ үзүүрт үүсэх хөлийн чимээ мэт хүйтэн гэдгийг би мэдээгүй. Сүүлд мэдэрч эхэлсэн хэрнээ өөрийнхөө доторхи хайртай харьцуулж бас барьцалдуулан сэтгэлдээ илэрч эхэлсэн тэр мэдрэмжиндээ итгэхийг хүсээгүйсэн. Анх би цамцны чинь захан дээрхи уруулын будагны өнгө нь минийхээс өөрийг мэдсээр байж юунаас ч юм чамайг хамгаалж, миний будаг болчихож би угаачихъя гээд эргэхдээ хананд өлгөөтэй толинд туссан чиний царайг өдий болтол мартддаггүй. Миний тэнэгийг гайхсан тэр харцыг мартах ч үгүй байх. Тэр л миний анхны мэдрэмж байсан. Тэрнээс хойш тийм будагтай тамхины иш, аяга, халбага манай гэрийн хаа нэгтэйгээс олдох тусам гол харлана. Гэсэн ч би тийм тэнэгтээ тэрүү эсвэл миний хайр тийм бөх байсан уу би олон жилийг өнгөрөөсөндөө. Санаа зовдгоороо ээж минь л түүнийг гадарлаж надад хэлэх. Чаддагаараа би ээжрүүгээ л орилж цамнаж хэн нэгнийг магадгүй түүнийг өмөөрөн хэрэлдэнэ. Бодвол би ээжтэйгээ биш өөрөө өөртэйгөө л тэмцэлдэн байсан нь тэр байх. Одоо ээж минь баяртай байдаг юм. Хүн хань ижил, үр хүүхэдтэй болж ээжийгээ баярлуулдаг байхад би хүнээс салж ээжийгээ баярлуулсандаа. Чамтай амьдарсан арван жилийн хэдийг нь би уйлж өнгөрөөсөн юм бүү мэд. Уруулын будагтай цамцыг чинь угааж суухдаа би нулимстай байсан. Уусан архины чинь шилийг тушааж, шарыг чинь тайлахдаа би нулимстай байсан. Унтах нойрондоо өөр хүний нэрийг дуудаж, хүйтэн могой шиг гараараа хөхийг минь барих гэж тэмтэрч явахад чинь нулимстай байсан. Аягатай хоолоо идэх гэж амаа олохгүй согтууд чинь халбагадаж өгөхдөө би нулимстай байсан. Амруу нь халуун хоол аятайхан хийсэнгүй гэж алгадуулахдаа ч нулимстай байсан. Өглөө босоод эцэс төгсгөлгүй уучлалтаа гуйж, амлалтаа амалж, амнаас минь үг гаргалгүй дарж үйлт ажлаа хийж дуусахыг чинь хүлээхдээ ч би нулимстай байсан. Би яагаад тэгж их тэвчиж байснаа одоо хэр нь ойлгоддоггүй. Бусад бүсгүйчүүл шиг би хардаж сэрдэж, хашгичиж гуугчсан эхнэр байгаагүй. Хашгирах нь битгий хэл хамгийн сүүлд явахдаа хаалгыг чинь ч савж гараагүй.Гаднаас орж ирээд, галзуу юм шиг тачьядан орлилдох та хоёрын дууг сонсоод гацаж орхисноо санадаг. Би тэр хүртэл өөрийгөө буруутгаж, чамд итгэсээр явсан. Тэгээд чичирч салгансан гараараа «Би явъя даа» гэж биччихээд хаалгаа зөөлөн хаагаад гарахдаа харин би уйлаагүй ээ. Хар эрээн амьдралтай он жилүүдийн хаалгыг хааж чадсандаа би баяртай байдаг даа. Халуун саванд нь цайгий нь хийсэнгүйдээ. Хөрчихвий дээ гэсэн хамгийн эцсийн хачин тэнэг бодлоо би одоо ч гайхдаг. Бурхан тэнгэр зохицуулсан юм болов уу даа бидэнд хүүхэд заяагаагүй. Тэр нь ч болсон юм. Тэгээгүй бол бас л нэг зовлонт амьтан нэгээр нэмэгдэх байсан биз. Уусан архи чинь чамаас хальж, уруулын будаг цамцнаас инь хэтэрсэн тэр нэг орой. Хүзүүн дээрх цус шүүртлээ шимүүлсэн шархыг чинь хараад, чамайг яаж ч хайрлаад энэ минийх гэж «худлаа тэнэгтэж» чадаагүй. Түүнийхээ хариуд сувай хуурайгаараа дуудуулж, түүнийг харсны төлөө өрөөсөн нүд минь юм харж чадахгүй болтлоо таглуулсандаа. Унтсаны чинь дараа хүүхэд гаргаагүй заяадаа гомдож өөрийгөө баахан зүхэж, үстэй толгойгоо зулгааж билээ. Өглөө нь босоод олны өмнө гардгийг нь бодож өнөөх улааных нь өнгийг бүдгэрүүлэх гэж пүүдрээсээ түрхэж өгөхөд чи хорссон янзтай татагнаж байсансан. Нэг нүд маань таг, нөгөөх нь дүүрэн нулимстай болохоор сайн харалгүй хөндчихсөн юм байхаа даа. Өрөөсөн нүд уйлдгийг тэгэхэд би мэдсэн. Чамаас салаад арван сар болж байна. Өнөөдрийг хүртэл уйлсангүй. Эмэгтэй хүн гэдэг сонин ааштай байх юм. Арван жил уйлсан тэр зуршлаасаа болдог уу эсвэл миний муугийнх уу. Өнөөдөр гэнэт уйлмаар санагдаад. Тэгээд л чамайг бодсон хэрэг. Түүнээс биш би чамайг ахин хайрлах гэж, эсвэл аль хэдийн унтарч бөхсөн гал голомтоо бадраах гэж би чамайг бодоогүй. Зүгээр л асгартал уйлж, дотроон цэлмээх гэж, ахиж чамайг хэзээ ч хайрлахгүй гэдгээ мэдрэх гэж чамайг бодож байна даа.Чамайг хайр дурлал гээчийн эзэн, эр хүний дээд гэж боддог байсан учраас өөр бусдыг би боддоггүй байсан. Харин одоо бол өөрөө. Алтан нар хэнийг ч ялгалгүй тусдагийн адил амьдрал, хайр дурлал хэнийг ч ялгалгүй ирдэг гэдэгт би итгэсээр байнам. Гагцхүү харин зөв сонгох л хэрэгтэй. Одоо би хорин найман настай яадгаа алдтал хөгширчихөөгүй байна. Бүх эрчүүлийг чамаар төсөөлөн бодож чадахгүй нь. Би хэзээ нэгэн цагт хүсэл мөрөөдлийн хайртайгаа учирах л болно. Магадгүй тэр маань миний гандаж гундсан хайрын цэцэгсийг ахиж цэцэглүүлэхээр хаа нэгтэй намайг хайсаар яваа. Хүүхэд шуугиж, инээд ундарсан тэр сайхан гэр бүлээ бий болгохын тулд тэрэнд минь ихийн их тэвчээр хэрэгтэй болох байхаа даа. Харин чамайг бол мартмаар байсан ч хэзээ ч мартахгүй. Уйлж сэтгэлээ онгойлгохын тулд би чамайг дурсаж, бас ашиглах болно. Яг л гэрт орохдоо гутлынхаа улыг арчдаг шалавчны алчуур шиг. Чи миний гэрэлт амьдралд хүрэхийн тулд авирсан гаслант шатны хамгийн сүүлчийн гишгүүр байх болноо…

03 February 2008

Ширээний хүүхэн by Р.Эмүжин

Цахирмаа томоос том зөөлөн алчуур нөмрөн цонхны дэргэд зогсоод ээлжээ хүлээнэ. Өнөөдөр түүнийг хамгийн хүнд, хэцүү үзүүлбэр хүлээж байгаа. Энэ давааг давчихвал зэрэг ахиж, цалин нэмэгдэх юм. “Марко” шөнийн цэнгээний газарт ширээний хүүхнээр ажиллах болсоор гурван сар гаруй хугацааг үджээ. Халамцуу эрчүүдтэй зууралдан, дуулж, хуурдаж, инээн хөхрөн сууж байхдаа Цахирмаа гэртээ ганцаар үлдсэн таван настай хүүгээ бодсоор байдаг билээ. Ээж, хүү хоёрыг хувцсаа боож тэврээд гарахад нөхөр нь,-За яахав, гуйгаад гүйхийг чинь харна аа хэмээн тавласан. Зургаан жил ханилж, үнэрлэх үртэй болгосон хань нь үл таних нэгэн хүүхэнтэй нууцхан учраад байгааг мэдмэгцээ Цахирмаа салах шийдвэр гаргасан юм. Дуулгавартай эхнэрийнх нь энэ зоримог алхам нөхөрт таалагдаагүй.Тайван уг нь элдэв дэмий зангүй эр хүн. Эхнэртээ хатуурхаж байсан нь үгүй. Архи ууж агсам тавихгүй.Албан ажлаа гэртээ ярихгүй. Гэхдээ баахан дураараа, ганцаараа шийдвэр гаргадаг нэгэн. Цахирмаад нөхрийгөө ойлгон уучлах, амрагийн явдлыг нь хүлээн зөвшөөрөх, эсвэл салах хоёр зам л байсан. Сүүлчийнхийг нь сонгохдоо тэр огтхон ч эргэлзсэнгүй. Тайван түүнийг зовоохоор шийджээ. Таван жил гэр сахисан Цахирмаад байр, мөнгө аль нь ч байсангүй. Нягтлан бодогчийн мэргэжил нь хуучирч, сургууль төгсөөд удсан түүнийг ямар ч байгууллага сонирхсонгүй.Сайхан биетэй, гоё арьстай, царайлаг Цахирмаа эцэст нь “Марко”-д ажиллах болжээ. Сард 500 доллар, дээр нь цайны мөнгө гэж боломжийн хэдэн юм авчихна.Гоо сайханч эмэгтэй гаднаас менежер залуугийн оруулж ирсэн алим, усан үзэм, тоор, гадилыг угааж цэвэрлэсээр. Цахирмаа алчуураа нөмрөн зогсоод, цонхоор ширтэн ээлжээ хүлээнэ. Үдэш болох “Нүцгэн урлаг” шоунд тэрбээр хүндхэн үүрэг гүйцэтгэх юм. Жимсээ угааж дуусаад эмэгтэй Цахирмааг дуудлаа. Хүүхнийг мөнөөх алим, усан үзмийн адил мөлчийтөл угааж, нууц эрхтэнийх нь үсийг юу ч үлдээлгүй хусан, анхилуун үнэрт тосоор бүх биеийг нь тослоод завины хэлбэртэй том модон тавцан дээр хэвтэхийг шаардлаа. Гоёмсог байдлаар хэвтсэн нүцгэн хүүхнийг жимсээр чимэглэх учиртай гэнэ. Усан үзмээр хэлхсэн урт зүүлт хүзүүнд нь зүүж, суга, цавийг нь жимсээр халхлан, эргэн тойронд нь нөгөө их алим, лийрийг элдэв янзаар байрлуулан бэлтгэлээ. “Нүцгэн хүүхэн” нэртэй энэ амттаныг үдэшлэгт ирсэн ноёдод дуудлагаар худалдахаар төлөвлөжээ. Шоу хэдийнэ эхэлсэн бололтой, зочдын дуу чангарна.Цахирмааг чимэглэж дуусмагц цээж нүцгэн зургаан чийрэг залуу тавцантай нь өргөн авч явлаа. Хөтлөгчийн дуу танхимд цуурайтна.-Одоо та бүхэнд нэгэн өвөрмөц, сонирхолтой зоогийг санал болгож байна. “Нүцгэн хүүхэн” амтат жимсний цуглуулгын анхны дуудах үнэ 300 доллар. Хүүхнүүд инээлдэх, эрчүүд шивэр авир ярилцах нь чих дэлсэнэ.Залуус түүнийг өргөн танхимыг тойрч, ширээ бүрийн дэргэд аваачин уригдаж ирсэн зочдын нүдийг хужирлана.-Амьд хүүхэн байна.-Үгүй ээ, үзүүлэн.-Нүд нь хөдөлж байна.-Гоё биетэй юм аа.-Нүцгэн хүүхэн байна шүү дээ. Хараач, салтаанд нь усан үзэм хавчуулчихаж.-Хөхнийх нь толгойг улаанаар будсан байгааг үзэв үү. Гоё харагдаж байна.-Шал балиар юм. Ямар тэнэг нь ийм заваан юм бодож олдог байна аа.Танхимд цуглагсад зөвхөн нүцгэн Цахирмаа болон жимснүүдийн тухай ярьж байлаа.-500. Гуравдугаар ширээний ноёнтон 500 долларын үнэ өглөө.-600. 600 доллар. Энэ ховор нандин амттаныг та өөр хаана ч харахгүй. Буулаа.-Тэр ноён 700 доллар тавилаа. Ноёд оо, буулаа, буулаа. Худалдан авсан амттаныг нь тавдугаар ширээний ноёд, хатагтай нарт хүргүүлнэ үү. Цахирмаа тэсч үлдэж чадвал сард 700 долларын цалин авах ёстой. Ийм ичгэвтэр, ийм муухай байна гэж төсөөлөөгүй. Энэ тэнэг жимснүүдийг шалаар нэг цацаж орхиод гүйж одох хүслээ тэр арай ядан тогтоон барьж байлаа. Хувцсаа өмсөөд хүүдээ очихсон. Лав телевизээ асаалттай нь мартаад унтчихсан байгаа даа. Айгаад байна гээд уйлаад сууж байдаг үеэ бодоход хүү ээжийгээ хүлээж сурчээ.Тойрон зогссон хүмүүсийн дунд ширээн дээр Цахирмааг тавилаа. Хөгшин залуу, эрүүл, халамцуу үл таних царайнууд. Эзэрхэг хэрнээ ялдамхан дуутай залуухан хүүхэн хөгшин амрагтаа наалдан эрхэлнэ.-Миний хонгор, чамд зориулж авсан шүү дээ. Эхлээд гар хүрчих.Хүүхэн өмнө нь, хөглөрөх жимсэн дунд нүцгэн хэвтэх Цахирмааг эрээ цээргүй ширтсэнээ эгэмнийх нь хонхорхойд тогтсон ширхэг үзмийг авч амандаа хийлээ. Нэгэн халамцуу залуу хоёр хөлийнх нь завсарт тогтоосон хэлхээтэй гадилнаас татна. Гайхсандаа түр нам гүм болоод байсан хүмүүс жимс рүү дайрч эхлэв. Цээжийг нь халхалсан алимнуудыг гар сунган ээлж дараалан шүүрнэ. Жимс цөөрч, Цахирмаа улам бүр нүцгэрсээр. Амьд, нүцгэн хүүхнээр хачирласан ховор сонин амттанаас хүн бүр хүртэхийг хичээнэ.Цахирмаа өөрийгөө гутамшигтай муухайгаар доромжлон хэвтсээр л. Мөнгө хаян худалдан авсан өнөөх хөгшин эр хөхнийх нь товчийг зориуд татсанаа,-Өө, үзэм биш байна шүү дээ гэж хошигнов.Бүсгүйн тэвчээр дуусчээ. Дахиад нэг л хором өнгөрвөл тэр босоод гүйчихэж мэднэ. Өөрийгөө захирч чадахгүй бололтой. Гэнэт тэр танил харцтай тулгарлаа. Нүдээ нээхийг нь хүлээн ширтэж байсан тэр харц хэнийх гээч. Нөхөр нь, салсан нөхөр нь ширээн дээр нүцгэн хэвтэх түүнийг харан зогсч байлаа. Нөхрийнх нь хажууд тас наалдан зогссон үл таних хүүхэн,-Хараач, нүдээ нээлээ гэж цочин хашгирлаа. Тэгснээ-Надад нэг алим аваад өг л дөө. Суганых нь тэнд байгаа ногоон алимыг хоёулаа идье гэж эрхлэв.Цахирмаагийн нүдэнд нулимс дүүрээд ирэв. Тэгснээ сэтгэл зүрх нь хорслоор нэвчихийг мэдэрлээ. Ойлгомжгүй мэдрэмж түүнийг нөмрөн авав.-Чи үүнийг хүсээ биз дээ. Чиний хүссэн амьдралаар би амьдарч байна.Үл ойлгогдох хэрнээ дэндүү илэрхий сэтгэл ханамж Цахирмаагийн дотрыг гижигдэнэ.Тайван мөрөнд нь нялуунаар наалдан зогссон хүүхнийг огцом түлхэв. Тэгснээ мөрөн дээрх гоёлын намирсан алчуурыг нь шүүрч аваад Цахирмаа руу ухасхийлээ. Түүнийг алчуураар ороон тэврээд үүд рүү шийдмэг алхав.Энгэрт нь наалдсан Цахирмаа нулимсаа сул асгана.-Хүү, хүү хаана байгаа вэ?-Гэртээ.-Гэр чинь хаана юм?-Хөлсний байранд. Оюутны хотхоны хажуугийн.-Тэнэг минь, тэнэгхэн минь.Тайван түүнийг тэвэрсээр машин руугаа зүглэв.-Юу хийж яваа юм бэ, миний хайр. Миний тэнэгхэн. Би чамд хайртай шүү дээ.-Намайг уучлаарай, би…-Үгүй ээ, намайг уучил. Намайг уучлаач. Би чамайг ямар их гомдоосноо одоо л ойлголоо. Уучлах уу, уучлана гэж амлаач.Цахирмаа түүнийг түлхэн холдуулж, тэврээс нь мултраад буцан гүйлээ. Шөнийн цэнгээний газрын арын хаалга ард нь хаагдахад дороо бохирон суугаад уйлж эхлэв. Томоос том алчуурын дор турьхан бие нь ганцаардан чичирнэ…

16 January 2008

Хайрын эцсийн амьсгал - Л.Санждорж

Миний хүндэлж явдаг яруу найрагчийн хайрын тухай сайхан шүлэг миний орон зайд гэрэл гэгээ нэмж намайг ухааралд бас уяралд хөглөнө.

Халиун өвсний толгой
Газарт мөргөн бөхөлзөж
Хатсан навчсын уйлаан
Зүрх урсан үдшээр
Буцах хайрын сүүдэрт
Дурсамж тэвэрч үлдээд
Ботго тормон нүдэнгээ
Голоо эгштэл санахуй
Сайхан байж дээ ... гэж санаа алдмаар
Сархад сөгнөж өчигдөрт атаархмаар
Минийх байсиймаа гэхээр зүрх омогшмоор
Хэзээ ч уулзахгүй гэхээр сэтгэлээ оршуулмаар
Ухаангүй хайртай чи минь
Тэвэрт минь үгүй болохоор
Уйдхан энэ хорвоод
Амьд явахаас халширдаг
Уйтгарт сарны чөлөөнд
Бусдын өвөрт чамайг бодож
Утгагүй амьдарна гэхээс
Уйлмаар болдог
Зүрхний гашуун дуслууд
Хацар даган урсахдаа
Зүйргүй уран түүний минь
Ялдам харцыг сануулдаг
Цээжнээс зангирах огшил
Хоолойд ирж тээглэхэд
Чиний алчуурыг үнэрлэн
Алдуурах мэт тайвширдаг
Чөдрөө тастсан хүлэг
Салхи үнэрлэн гүйх мэт
Чинийхээ зөөлөн нүд рүү
Гал цахилтал тэмцэхсэн
Гунигийн торноос мултарсан
Уран дууч шувуухай болоод
Хацрын чинь хонхорхойд буух л гэж
Халин дүүлэн нисэхсэн
Зөрүүд заяаны буулганд
Шазуур зуусан сэтгэл
Зөндөө их тэвчлээ
Нулимсыг минь одоо ав даа
Дууль болон үлдэх
Их хайрын буйранд
Дуслах нулимс тоссон
Эргэлгүй хатуу тавилан минь дээ ...
Оддын тоогоор, хүсэж явдагаа больсоон
Орчлонд, хүнээс үнэтэй нь хаа байна
Зүрх сэтгэл хоосолсон, бидэн хоёрын хагацлаас
Зүүгдэж үлдсэн, ухаарал гэвэл энэ байна.
Бардам гэнэн гүнж минь
Аз жаргалтай яваарай
Бодлоороо үнсьё !
Бяцхан зүрхээ зовоож
Намайгаа бүү санаарай
Зүүдэндээ учирья !
Нүгэл бүхнээс
Гөрөөс шиг үргэж яваарай
Нэрийг чинь тарнилан шивнэё !
Нүцгэн сэтгэлдээ гуниг нөмөрч
Аалиа бүү эвдээрэй
Зүсийг чинь сүнсэндээ шингээё !.

07 January 2008

Б.Энхтуяа Охин үрээ хайрла

Охин үрээ хайрла!
Омогдож загнахдаа ч хайрла!
Охин үрээ хайрла!
Ойворгон зэмлэхдээ ч хайрла!
Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ
Насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг
Нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дуулалддаг
Насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ
Энхрий гарын нь хурууг чилтэл гэр зуураа зарахдаа
Ээжийн цай уулгаж, аавын үгээр энхрийл
Эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана
Харийн газар одож хадмын нүүрийг царайчилна
Насаараа уухгүй амтат цайг нялх багад нь гэрт нь уулга
Насаараа амсахгүй жаргалыг нялх багад нь тоонотод нь эдлүүл
Насаараа сонсохгүй энхрий үгийг нялх багад нь гамнахгүй хэл
Насаараа нууж урсгах гашуун нулимсыг нь бодож цөөн уйлуул, охин үрээ!
Хүний гэргий болох гэж гангар шаазан шиг хагарна
Хүүхэн хонгор үрээ гарын алгандаа энхрийл
Хүй орчлонгийн жамтай тэнцүүлж түүнээ хайрла
Хөөрхөн хонгор аалинд нь эрхлүүлж түүнээ хайрла
Үрийн эх болох гэж алтан заадал сална
Үүлэн хонгор үрээ тэнгэрийн мандалдаа эрхлүүл
Үйл нь дуусдаггүй хорвоод балчирт нь амжиж жаргаа
Үс гэзгээ цайтал өнөд шаналахыг нь болгоо
Зөөлөн булбарай хурууг нь зүү утастай шадарлуул
Зүйдэл оёдлын хорвоод охин үр чинь төрснийг сана
Зөөлөн хонгор аашийг нь зүйр үгтэй шадарлуул
Зөвлөх хэлцэхийн хорвоод охин үр чинь төрснийг сана
Арван жил зэмлээд ч ухааруулж амжаагүй үгийг чинь
Анхны үр ньтөрөөд үдшийн шөнөдөө ухаарна
Хорин жил дуудаад сэрээж чадаагүй нойрыг нь
Хонгор үр нь төрөөд үүрийн жавраар ч хулжаана
Охин үрээ энхрийл, орчлонгийн зовлонд цадахын цагтаа
Огшуун нулимсандаа живэхийн цагтаа хожмоо нэг дурсана
Аавын гэрт жаргасан даа гэж хэзээд нэг тайтгарна
Ээжийн өвөрт эрхэлсэн дээ гэж эрхгүй нэг уужирна
Охин үрээ хайрла
Хясаа сувдаа нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Үүл усаа хураадаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Уул эрдэнээ нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Ус загасаа цэнгүүлдэг шиг хайрла
Хатуугаас хатуу үгийг ханатлаа үр чинь сонсоно
Хавраас намар хүртэл төрхөмдөө очиж хэлэх үү?
Хайртай охиноо зэмлэхдээ харцаараа ч болов энхрийл
Хаврын шувууд шиг намрын жимс шиг үгийг охиндоо хэл
Бусдыг хайрлах л гэж төрсөн юм охин үрээ энхрийл
Буцаж урсдаг ус байхгүй, эргэж та нарыг хайрлахгүй
Эргүүлэгт орчлон харин охин үрийг чинь хайрлахгүй
Энгэсэгт хацраар гэрэлтэвч зовлон нь та нарт харагдахгүй
Үндэс нь газарт цэцэг нь тэнгэрт
Үүн лүгээ адил санаж охин үрээ хайрла
Тэнгэрт чинь нар ч бий хур ч бий аянга ч бий
Тэнгэрлиг охин үрийг чинь жаргал ч тосно зовлон ч тосно
Хөөрхий түүнийг нялхад нь жаргаа
Хүүрнэн сургаад яах вэ дээ орчлон түүний багш юм
Хүний л гарт очих бүсгүй түүнийг энхрийл
Хүний л эрхэнд жаргах охин үрээ хайрла

20 December 2007

Чи бидэн хоёр

Б.Ичинхорлоо

Чи бидэн хоёр гэж
Дэлхийн чулууг хормойлж тоглохгүй
Тэнгэрийн оддыг тоолж наадахгүй
Ингэн буйлаантай хорвоод
Уйлахгүй явж чадахгүй
Ээж тэнгэртэй орчлонд
Дуулахгүй байж болохгүй
Хэн хэнийхээ шүлэгт дурлаж ханахгүй
Хэн хэнийхээ сэтгэлийн хөгийг андахгүй
Хэн хэндээ хайртай гэдгээ мартахгүй
Хэн хэндээ дурлаж болохгүй
Чи бидэн хоёроо !

Зуун намар

Б.Ичинхорлоо
Зуун намар, зуун намар би ингэж гунихгүй
Зузаан үүлсээр чамдаа хэл өгүүлэхгүй
Амгалан царайг чинь догдлон ширтээд
Аялгуут үгсийг шагладаг минь ч үлдэхгүй
Зуун намар, зуун намар ингэж гунихгүйгээс хойш
Зузаан үүлсээр чамдаа хэл өгүүлсээр байх болно
Амгалан царайг чинь догдлон ширтээд
Аялгуут үгсийг шагласаар л байх болно

Зуун намар, зуун намар би ингэж дурлахгүй
Зулзаган нахиа шиг алган дээр чинь дэлгэрэхгүй
Зүүдэн гүнд чинь шөнийн саран шиг үлдээд
Зүрхэн дээр чинь хаврын мод шиг ургахгүй
Зуун намар, зуун намар ингэж дурлахгүйгээс хойш
Зулзаган нахиа шиг алганд чинь эрхэлсээр байх болно
Зүүдэнд чинь шөнийн саран шиг үлдээд
Зүрхэн дээр чинь хаврын мод шиг ургасаар л байх болно
Зуун намар, зуун намар

Чичирсэн гарыг минь атгаж...

Б.Ичинхорлоо
Чичирсэн гарыг минь атгаж
Чинэрсэн уруулыг минь үнсэж
Чихэнд минь алтан үг орхисон
Чимээгүй үдшийн хаан минь
Одоо би чамайгаа орхихгүй
Орчлонг өөрөөр төсөөлөхгүй

Агуу мөчийг атгасан хүн
Алгаа хамаагүй дэлгэж болохгүй
Харцнаас минь үг уншиж
Хацарт минь уруулынхаа хээг үлдээж
Хардана гэдгийг сая л сурсан
Хайрын гэнэхэн боол минь
Чамдаа би хайртай
Чангахан хэлэхээс эмээнэ
Үргэсэн болжмор цээжинд дэрхийж
Үгний чинь гэгээнд зүгээ мартана

14 December 2007

Болорхон - өнөөдөр

Өнөөдөр миний үг, сэтгэл хоёр минь жаахан цуцаад байнаа... Блог минь би өөрөө л юм даа өдөр өдрийн өнгө минь л орон зайд минь эрээлжлэн ээлжлэх нь ээ... за яахав нартай, сүүдэртэй, өдөртэй, шөнөтэй энэ хорвоод чинь хүний амьдрал бас л гэрэлтэй, сүүдэртэй байх нь утгатай шүү дээ өнөөдөр байгаа бүхэн өнөөдрийн л юм маргааш байхгүй байхыг үгүйсгэхгүй... ер нь бүх юм цаг зуурынх гэж та боддог уу? Бүх юм хоромхон зуурынх тэр хоромхон хугацаанд нь та ямар байж чадсан тэр чинээгээрээ л сайхан муухай сэтгэл ханамж авч, амьдралыг тэр л утгаар нь ойлгодог юм шдээ.
Би энэ цаг хоромд та нартайгаа доорх гайхамшигт бүтээлүүдээр хамт байя тэгэх үү... Ш.Гүрбазар Монголоороо гоёдог, Р.Чойном Охиндоо бичсэн захидал...

Нээрээ ч би...
....Би ямар дэлхийн чинээ бодлоо гээд
Газрын дайтай наслах биш
Би ямар дээлтэй цахиур шиг явлаа гээд
Галын хиртэй дүрэлзэх биш дээ
Би ямар энэрлээ энэрлээ гэхэд
Энэ орчлонг уяхан болгох биш
Би ямар эргэлээ эргэлээ гээд
Ээжээсээ дахиад төрөх бишдээ
Би ямар үнэн худлын ард
Сүүлчийн цэгийг хатгах биш
Би ямар үүлтэй нартай хорвоод
Сүүдрээ гатлаж чадах биш дээ
Гэхдээ би...
Агтны мөртэй Монголдоо
Амгайн чимээ шиг ойрхон явах юмсан гэж боддогиймаа
Амьдрахын жамтай насандаа
Амьсгалахын зайтай үнэн явах юмсан гэж хичээдэгиймаа
Эх орон минь ээ!!!

07 December 2007

Ижий танаа

Ээж минь та хүүдээ гомдоогүй биз дээ
Хүү чинь уул өргөж таныхаа ачийг хариулах
Урт холын бодлын тэнд дараатай л яваа шүү дээ
Ээжээ үүрээс нойрыг чинь харамлахдаа өрхөндөө түрүүлж
Үдшийн галаас хацрыг чинь өмөөрөхдөө тулгандаа урьтаж
Гадаа гэртийн хооронд
Гарын хариу баривал болж л байна л даа ээжээ
Гэлээ ч ижий минь та
Гарынхаа дэргэд гар
Нүднийхээ дэргэд нүд байлгах гэж
Намайг төрүүлээгүй болохоор
Ухаанаасаа ухаан төрүүлсэн болохоор
Урт холын бодол минь
Тулганы захаас хол байдаг юм шүү ээжээ

Ээжээ та хүүдээ гомдоогүй биз
Хүү чинь уул өргөж таныгаа ачийг хариулах
Урт холын бодлын тэнд дараатай л яваа шүү
Нэг л өдөр зай чинь ханхайж
Нэгний өглөө хацар эзгүйрнэ гэж
Бодож чаддаггүйдээ
Үрийнхээ нүдэнд их өтөлж
Үлгэсэн мээмээ ширгэсэн гэж бодож чаддаггүйдээ
Буянтай таныхаа ачийг би
Буцах гийчний бэлгийн хариу шиг яараагүйдээ алдаж мэдэх юм
Гэлээ ч миний намхан ижий та
Хүүдээ битгий гомдоорой
Хүү чинь уул өргөж таныхаа ачийг хариулах
Урт холын бодлын тэнд дараатай яваа шүү
Ээжээ та хүүдээ гомдоогүй биз дээ
Хайртай ээж таныгаа би мөнхийн мөнхөд хайрлая
Будан суухаас нь өмнө тэнгэрээ аргадая
Буурал нөмөрхөөс нь өмнө ижийгээ хайрлая
Мөчөө тэнцүүлж өндийн хөлд орхын цагт
Мөөмөнд нь байсан сүү сэтгэлд нь шингэдэг ижий минь
Мөрөө цувуулж тамгалан хүн болхын цагт
Сэтгэлд нь багтаагүй сүү санчиганд нь гэрэлтдэг ижий минь ээ
Би боддог юм зүүн уулын солонго нь баруунаа татсан ч яахав
Зүүдлээд сэрхэд ижий минь дэргэд минь л байвал жаргалтай гэж
Би хүсдэг юм өдөр өдрийн аашинд нь уйлж дуулах минь ч яахав
Өмөлзсөн хушуугаа би ижийдээ үнсүүлжил байвал жаргалтай гэж
Би мөрөөддөг юм дутуутай хатуутай хорвоод нь
Бүтэн жаргаагүй ч яахавдээ
Дууны мөнхийн эхлэл шиг миний ижий
Дэргэд минь л байвал жаргалтай гэж би залбирдаг юм
Үүдэн гурван сараас нь нэг нь дутсан ч яахав дээ
Үлгэрийн төгсгөл шиг миний ижий
Үрдээ харагдаж байвал жаргалтай гэж
Би ижийнхээ тухай дуулж ижийнхээ тухай шүлгэлж
Тэнгэр мэт бурхан мэт ижий таньдаа
Дуун мөргөлөө өргөж байна ижий минь ээ

Ш.Гүрбазар

Амьддаа бие биеэ хайрла

Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ
Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла!
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул,
Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү битгий түлх!
Архинд орсон нэгийгээ шоолж бүү инээ,
Аяа, чиний аав чинь ч байж мэднэ шүү.
Амжиж, чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг!
Ачийг чинь тэд бас бүү мартаг.


Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд
Гарцаагүй түүнийг нь олж хэл.
Гадаа нартай ч, гэрт хүйтэн өдөр
Газар дээр нэг бус удаа тохиолдоно.

Чамд дурласан сайхан хөвгүүнийг
Чанга хатуу үгээр битгий гомдоо, бүсгүй минь
Чамайг хайрласных нь хариуд хайрла!
Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж ч болох шүү.

Бидний амьдрал ав адилхан,
Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч
Бидний хацар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч
Бидний зам дээр ав адилхан учрал тохиолддог!
Бүсгүйн доголон нулимсыг асуулгүйгээр арчиж
Бүдэрч унасан хүүхдийг дээр өргөн аргад!

Өнөөдөр чи инээж, нөгөөдөх уйлдаг ч
Өөр нэг өдөр чи гуньж, цаадахь чинь дуулна.
Өлгий, авс хоёрыг хүн бүхэн дамждаг болохоор
Өөр юу ч хэрэггүй, бие биеэ л хайрла!
Өргөн хорвоод хүн хайраар л дутаж болохгүй!

Аз жаргалыг би, хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор
Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор
Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном.
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном!

О.Дашбалбар

Алаг дэлхийд төрсөн минь учиртай

Алаг дэлхийд төрсөн минь учиртай
Аавын гэрийн амар тайвныг эвдээд би
Ачит эхээ арван сар зовоосны эцэст
Алаг vр нь болж баярлуулах гэсэн юм би
Алаг дэлхийд төрсөн минь учиртай

Гэрэлт орчлонд төрсөн минь учиртай
Гэмгvй шувуудын vvрийг эвдэж өндгий нь няцлаад
Хэрсvv сууж ухаан орсныхоо эцэст
Гэнэн насаа өрөвдөж зовж явах гэсэн юм би
Гэрэлт орчлонд төрсөн минь учиртай

Алаг дэлхийд төрсөн минь учиртай
Адуу манаж дассан атархан тал нутагтаа
Анхны дурлалтай учирч эмнэг сэтгэлээ яраагаад
Аз дутаж амьдралын турш мөрөөдөх гэсэн юм
Алаг дэлхийд төрсөн минь учиртай

Тоост хорвоод төрсөн минь учиртай
Тохойн чинээ vрийнхээ шөнийн уйлахыг сонсож
Төрсөн эцгийндээ авчирсан зовлон баяр хоёрыг
Тоо ёсоор нь өөрөө амсаж мэдэх гэсэн юм би
Тоост хорвоод төрсөн минь учиртай

Дуулим хорвоод төрсөн минь учиртай
Дуулж суугаад ээжийгээ уйлахыг нь vзэх гэж
Дуунд тийм чадал шингэж байдгийг мэдсэн
Дуу өөрөө зохиож дуутай хамт амьдрах гэсэн юм би
Дуулим хорвоод төрсөн минь учиртай

Хөрст дэлхийд төрсөн минь учиртай
Хvлгийн зоо болсон төрсөн нутагтаа амьдрах гэж
Хvvгийн сэтгэлээр эх орондоо хайртай байсан юм гэж
Хойч vеэрээ ам бардам хэлvvлэх гэсэн юм би
Хөрст дэлхийд төрсөн минь учиртай

Б.Явуухулан

Сүсэгтэйдээ бус хайртайгаас

Сүсэгтэйдээ бус хайртайгаасаа би
Сүүдрийг чинь хүртэл гишгэхгүйсэн гэж
Эр хүн чиний тэнгэрлэг хийморийг дээдлэн
Элэг зүрхэндээ тэмүүлэн санаж явна

Үүлэн цаанаас нар хүлээж
Үгний чинь цаанаас хайр горьдож удлаа
Мөд намайгаа жаргаахгүй хайрын шорон
Мөргөлийн цагаан халуун сүм минь

Өлмий дор чин хайраа булаад
Үхэж болшгүй орчлонд хөлөө төөрүүллээ
Өрөөлийн уруул руу цорвойж жаргахад чинь
Өлмий дор чинь ивээс болог дээ миний хайр

Б.Лхагвасүрэн