25 September 2010

“Эрүүл л байвал бусад нь болно, миний хүү биеээ бодоорой”

Намар гэдэг янзын ч улирал юм аа даа... гадаа гармаар, цонхоор хаяа хаяахан сэвэлзэн үлээх салхийг бүүр дэргэдээс нь үнэртмээр... болж өгвөл дотор нь ороод бүүвэйлүүлчихмээр, намрын дунд сарын арван тавны цагаан шөнө голын эрэг дээр очиж суугаад усны урсгал чагнан модны навчис үнэртэнгээ амандаа дуу аялмаар... зүгээр л энэ бүхнийг мэдрэхийн төлөөнөө амьд явмаар, амьдрал дотроос амьд байхын, амьдрахын амтыг амсмаар... дэндүү сайхан орчлонгийн дэндүү сайхныг энэ л намраас авмаар санагдах чинь юуных вэ?
“Эрүүл л байвал бусад нь болно, миний хүү биеээ бодоорой” ээж минь энэ л үгээ хэд дахин давтана... Хамгийн эгэл хамгийн энгийн бүхэн хамгийн үнэтэй хамгийн үнэн байдаг. Эрүүл л байвал бусад бүх юм хамаагүй гэдэг энэ үгийг хичнээн их сонссон ч тэр хэмжээгээр ухаарч ухсангүй... учир нь тэр үед эрүүл байхын үнэ цэнийг, хоёр хөл дээрээ алхаж явахын гайхамшгийг мэдэж мэдрээгүй л явж. Хүн гэдэг юмыг биеээр үзэж байж л ойлгодог гэдэг үг байдаг билүү... (Монголчууд шиг жинхэнэ үнэнийг яг голыг нь олоод урнаар зүйрлүүлээд хэлчихдэг тийм цэцэн ард түмэн бий юм болов уу.) Эрүүл саруул өвчингүй байх гэдэг хичнээн их жаргал юм гэдгийг одоо л өвчин зовлон өөрийн бие дээр ирсэн хойно нь ойлгож, зүгээр л хараад суугаад байхын аргагүй энэ гэгэлгэн намрын өдрүүдийг эмнэлгийн цонхоор л мэдэрч, санаан зоргоор босож яваад гарчихаж чадахгүйдээ давчдана.
Хүүхэд байхаас биен тамирын хичээлд гавихгүй бас хурдан гүйж чаддаггүй нэгэн байлаа нас нэмэхийн хирээр өвдөгний хирд багахан өвчин мэдрэгдэж, сургууль төгссөнөөс хойш өөрийгөө үе мөчний өвчтэй юм болов уу хэмээн хаяа хаяа бодохоос биш эмчилгээ энэ тэрийн тухай бодож ч явсангүй. Бүүр хожим гадагшаа явахын өмнөхөн хөлөндөө бага зэрэг санаа зовоод Монголдоо л нэртэй гэгдэх хувийн болоод улсын эмнэлгээр зураг хөрөг авахуулж жаахан явтал архаг үе мөчний өвчин гэж оношлоод, залуу хүн гэхэд энэ насанд яагаад ингээд эмээ өвөө нарын өвчнөөр өвдчихдөг байнаа хэмээн гайхаж үе мөчний эм бичиж өгснийг нь энд хүний нутагт ирснээс хойш байнга ууж, физик эмчилгээ хийлгэсээр гурав гаруй жил өнгөртөл хөл улам өвчин орж сүүлийн нэг жилийн өмнөх юмгүй бараг доголох шахам явдаг болж өвдөг хавьцаа нэг юм улам бүр томорсоор байгаа нь мэдрэгдэв. Ингээд энд юуны төлөө эмнэлэг эмчилгээ сайтай газар байгаа билээ, энэ өвчин чухам юу болохыг мэдэхээр хамгийн сүүлийн үеийн зургийн оношлогооны аппаратууд болох MRI болон CT зэрэгт харуулан оношлуултал ямар юмных нь Монголд оношлуулсан үе мөчний архаг өвчин байхав, үе мөчтэй ямар ч хамаагүй газар маш олон жил удсан хавдар байгаа нь илрэв. Миний хэдэн жил уусан үе мөчний эм болон физик эмчилгээ, шаралгаа өвчнийг эмнэх биш харин хавдрыг улам томруулсан бололтой юм эмч хэлж байх юм. Ингээд эндэхийн нэгэн University Hospital-д хэд хоногын өмнө хавдрын хагалгаанд орж олон жил удаж намайг зовоож байсан бас ч үгүй нилээн томорсон хавдрыг авахуулаад шинжилгээний хариу гарахыг хүлээн хэвтээ минь энэ. Хавдар гэдэг хоёр талтайг хэн хүнгүй л мэдэх хойно бага зэрэг түгшиж байгаа намайг арван дөрөв хоногын дараа гарах хариуг хүлээх зуураа өвчнийхөө хажуугаар шаналах вий гэсэндээ эмч маань нүдээр харахад ямар ч хоргүй, санаа зоволтгүй хавдар байх шиг байсан, битгий зовоорой гэж хэллээ, сэтгэл санаа ямар их амар амгалан болж байна гэх вэ.
Өвчин л бол өвчин... хүний нутагт өвдөх, өөрийн нутагт өвдөх хоёрт уг нь ямар ялгаа байхав дээ шаналахдаа адилхан л шанална... гэтэл яагаад ч юм би хоёр цаг үргэлжилсэн хагалгаанаас гарч ирэн наркозноос сэрж нүдээ нээмэгцээ л дагжтал чичирч байх тэрхэн зуур ээж аав хоёр байхгүй гэж бодмогц л хоёр нүднээс нулимс бөөн бөөнөөрөө асгарч байлаа. Ухаан санаа орж гарч байсан тул санаанд хамгийн түрүүн бодогдож байгаа нь “би ээж аав хоёрыг байхгүйд өвдчихөж... тэр хоёр ирээд яанаа” гэсэн бодол л орж ирээд тэгэх тусам бие тэр чигээрээ бөмбөртөл чичирч нулимс сул асгараад байв. Бурхныг тэгтлээ шүтдэггүй надад энэ орчлонд эжий аав хоёроос минь өөр авралтай бурхан үгүй юм шиг байналээ. Хүн идэж ууж наргиж цэнгэж явахдаа эжий аав хоёрыгоо юуны түрүүнд санаж дууддаг билүү, харин яагаад өвдөж зовохынхоо цагт л ухаангүй байсан ч тэр хоёр хүнийг хамгийн түрүүнд эрж хайдаг юм болдоо. Муу ижий аав хоёр минь яг тэр үед гандан болгоны босгыг элээж, сайчуул гэсэн хүн болгон дээр очиж залбирч, даатгаж, арц сан уугиулж, өргөх өргөл болгоныхоо дээжийг Солонгосын зүг өргөж, харин буурай ээж минь гэртээ миний насны тоогоор Цагаан Дарь-Эхээ уншингаа уйлсан гэнэлээ. Өдий хүрчихээд ингэж эцэг эхийгээ, бас намайг л хүлээн амьд байна гэж хэлдэг муу хөгшин ээжийгээ зовоож байгаадаа биенээс илүү сэтгэл минь өвдөж байгаа ч ээж аавын минь миний төлөөнөө залбирсан сэтгэлийн хүчээр буурай ээжийн минь миний төлөөнөө өглөөнөөс шөнө хүртэл маань тарни уншсан тэр хайрын хүчээр би муу болгоноос холуур байж хөл дээрээ босно гэдэгтээ итгэлтэй байгаа юм.
Монголын улсын эмнэлгүүдэд хэвтэж үзсэн хүмүүсийн ярианаас сонсоход эмчээсээ эхлүүлээд асрагчаа хүртэл гар хардаг, муухай ааштай, үйлчилгээ эмчилгээ муутай, тэрэнд оруул мөнгийг нь төлж дийлвэл хувийн эмнэлэг нь дээр хэмээн ам муутай байдгийг л их сонссон боловч миний хувьд аль ч газрын эмнэлэг гэдэг үхэж байгаа хүний амьдруулдаг, хэвтээ хүнийг босгодог ид шидтэй гэмээр газар юм даа хэмээн итгэх юм. Солонгост Монголоос эсрэгээрээ том эмнэлгүүд нь улсын эмнэлгүүд байх бөгөөд үнэ төлбөр нь маш өндөр ихэнх томоохон хагалгаануудыг улсын том эмнэлгүүдэд л хийдэг. Харин хувийн жижиг эмнэлгүүд нь хямдхан бас солонгосчууд өөрсдөө хувийн эмнэлгийг тийм ч чанартай гэж үздэггүй бөгөөд өөрөөр хэлбэл өвчтөний анхан шатны очих газар нь хувийн эмнэлэг бөгөөд тэндээс улсын эмнэлгүүд рүү хүргэгддэг байна. Жишээ нь өвчтөн эмчид үзүүлж онош тодрууллаа гэхэд хувийн эмнэлэгт нэг удаа үзүүлэхэд арваас гучин мянга байхад улсын эмнэлэгт нэг удаа үзүүллээ гэхэд очер дугаар хэдэн өдрийн өмнөөс авч байж үзүүлэхдээ зуу орчим мянган төгрөг төлөх жишээтэй. Эмч, сувилагч нар нь сайхан зан харьцаатай, энд өвчтнүүд бараг л хаан гэхэд болох байх, миний хувьд тэгж үзээгүй болохоор ч тэрүү намайг хариуцсан нэг профессор, хоёр их эмч бас сувилагч нартаа өртэй юм шиг л санаа зовох юм. Монгол хүний нөгөө л зангаараа баярласан сэтгэлээ илэрхийлж ямар нэгэн бэлэг ч юм уу өгмөөр ч юм шиг санагдана, харин энд тийм юм үгүй тул бараг юм өгвөл буруудах биздээ. Монголд олгойны хагалгаа байсан ч яадаг билээ дээ хоол цай авч очоод л орсон бүх эмч нарт дугтуйнд мөнгө бэлдэж хийгээд өгдөгсөн биш билүү. Харин солонгос өвчтнүүд эмчилгээний өч төчнөөн сая төгрөг төлж байгаа гэсэндээ ч тэгдэг юмуу над шиг эмч сувилагчдаа бэлэг ч болтугай өгөхсөн гэсэн сэтгэл байх нь битгий хэл харин ч эсрэгээр ингэх л ёстой гэсэн шиг тэр ч тэгсэнгүй энэ ч ингэсэнгүй хэмээн гомдол гаргах, хоол ундаа голох зэрэг асуудал зөндөө л байх юм. Өрөөний хувьд нэг хоёр, дөрөв, тав, зургаан хүнийх гэх мэтээр ангиллаараа үнэ нь нэг өдрийн 15-150 мянга бөгөөд миний хувьд зургаан хүний өрөө хайтал байхгүй байсан тул 130 мянгын хоёр хүний өрөөнд хоёр хоноод сувилагчдаа захин байж өдрийн арван таван мянгын зургаан хүний өрөөнд орсон юм. Хөргөгч, угаалтуурыг хамтдаа хэрэглэх бөгөөд ор тус бүрийг хөшгөөр тусгаарласан энэ өрөөнд орж ирээд л би өвчин шаналанд нэрвэгдсэн хүн хичнээн их байдгийг, жинхэнэ өвчин гэж ямар аймаар зүйл байдгийг, амьд байхын тулд хүнээс ямар их тэвчээр гардгийг, үхэл амьдралын дэнсэн дээр хүн амьдралаас ямар их зуурдгийг, амьд байна гэдэг ямар их утгатайг, хоосон ч гэсэн хоёр хөл дээрээ алхаад явж байгаа хүн ямар аз жаргалтай, атаархмаар юм гэдгийг, үрээ гэсэн эхийн хайр эцсийн дүндээ яасан ч дуусдаггүй их үйл юм бэ гэдгийг, сайн муу хүний сэтгэлийн жинхэнэ мөн чанар яаж илэрдгийг бие сэтгэлээрээ мэдэрч авлаа. Хөлнийхөө, цээжнийхээ эсвэл нурууныхаа ясанд том төмөр аппарат зоолттой, хадаастай хэзээ эдгэж хэзээ босч алхана гэмээр хэдэн сар өвчиндөө шаналж хүн харахын эцэсгүй болсон хүмүүс амьдрах гэж, босох гэж шүдээ зуун тэсч байгааг хараад өмнөөс нь зүрх халширмаар байлаа. Шөнө болгон нойргүй ээлжилж ёолсоор бие биенээ унтуулна гэж үгүй, өвчин намдаагч хийлгээд нэг нь түр зуур чимээ намжихад нөгөөх нь орилоод эхэлнэ. Би ч ялгаагүй хагалгаа хийлгэсэн эхний өдрөө тэр хэдийгээ унтуулсангүй шөнөжин ёолж, өвчин намдаагч хийлгэтэл тэр нь харшилж харин ч эсрэгээрээ өвчин гараагүй хирнээ толгой эргэж, цээж давчдан ухаан санаа орж гаран, огиж бараг л галзуурахаа шахав. Өөрөө босоод өтгөн шингэнээ гаргачихаж чадахгүй хүний гарт орно гэдэг шиг, өрөөсөн хөл огт хөдөлгөөнгүй байна гэдгийн хэцүүг хүн өөр дээрээ ирж байж л ойлгох юм байна, бүх бие эрүүл, бүх эрхтэн бүтэн хөдөлгөөнтэй байвал өөр хүсэх юм үгүй мэт л санагдана. Энд өвчтнөөс дутахгүй өрөвдмөөр хүмүүс бас бий солонгосоор пухужа буюу манайхаар сахиур нар... хичнээн сар хувцсаа тайлаагүй бүтэн нойртой хонож үзээгүй хүмүүс зөндөө. Солонгос эмнэлгийн манайхаас ялгаатай нэг том зүйл нь ямар ч хагалгаа байсан ямар ч өвчтөн байсан асран хамгаалагч буюу сахиур нь бараг л хамт амьдрах төдийгүй эргэлт ч өвчтөний өрөөнд чөлөөтэй орж ирнэ. Гэр бүлийн хэдэн хүн байсан ч өвчтэй хүнийхээ дэргэд хичнээн цагаар тэр байтугай хоносон ч болно, нэг хүн дээр гурван хүн зэрэг сахиж байхад нөгөө нэг дээр нь гурван хүн зэрэг эргэлтээр орж ирэн бас нөгөө дээр нь ажлын газрынхан нь тэр аяараа орж ирээд өрөөнд ямар ч зайгүй ямар ч агааргүй болсон ч сувилагч эмч нар юу ч хэлэхгүй, бас тэр хүмүүс нь ямар ч халаад, таавчик, малгай, маск өмсөх шаардлагагүй шууд л гуталтайгаа орж ирнэ. Эхэндээ их л гайхал төрүүлж байлаа, олон хүнтэй өрөөнд байвал өрөө дүүрэн хүн болчихоод өвчний хажуугаар хэцүү л юм байналээ магадгүй би өөрөө ч гэсэн ээж аав ах дүү гээд олуулаа байсан бол бас л бүгдээрээ зэрэг зэрэг орж ирэх байсан байлгүй дээ. Олон сар хамт байсан өвчтөн сахиур хоёр хэн хэн нь ядарсандаа, цуцсандаа цухалдан стресс их авдаг биздээ бие биедээ уцаарлах, хэрэлдэх, бараг зодолдохоо шахах нь энүүхэнд. Охиноо сахиж байгаа ээж орхиод явж чадахгүй хирнээ охиныхоо гаргах элдэв ааш аягыг заримдаа дийлэхээ болиод гутрахаараа тэгдэг биз енгинэтэл уйлаад л “хоёулаа үхъе... ингэж зовж байхаар чи ч үх, би ч үхъе” гээд үглэнэ, солонгос эмээ нар хөгшрөхөөрөө “чимэ” гээд мэдрэлийн өвчин тусчихдаг, тийм өвчтэй эмгэн тэнэж яваад машинд мөргүүлээд ясаа хугалчихсныг бэр нь сахиж байсан юм, эмгэнийг унтахгүй дэмий донгосоод эхлэхээр нь бэр нь цохиж аваад л “мэдрэлийн өвчин, зөнөсөн эмгэн, ингэж хүн зовоож байхаар, хурдан үхээч” гээд хэрэлдэнэ. Зарим үр хүүхэд нь бүүр өөрснөө сахихгүй “асрагч” хөлсөлнө, 24 цагийн зуун мянган төгрөгийн цалинтай асрагч нар хоолыг нь идүүлж, өтгөн шингэнийг нь цэвэрлэж, эмчилгээг нь хийлгүүлнэ. Ингээд бодохоор хэл л өөр болохоос солонгос ч бай монгол ч бай хүн бүр сэтгэл нь адилхан гэж боддог байсан минь арай үгүй болтой, ямартаа ч манай Монголд л лав өвдөж зүдэрсэн үр хүүхдээ, эсвэл ээжийгээ үх гээд хэрэлддэг хүн байхгүй л байх, эцэг эхийгээ огт танихгүй гадны хүнд мөнгө өгөөд сахиур хийлгэх хүн ховорхон л байх. Хичнээн сайн байлаа гээд хүнд үр хүүхдээс илүү, эсвэл эцэг эхээс илүү байна гэжүү дээ. Эх үрийн нандин холбоо, Монгол хүний өрөвчхөн эх нь үрээ, үр нь эхээ гэсэн халуун сэтгэл яагаад ч юм эндхийн хүмүүсээс олж харагдахгүй байлаа. Тэднийг харан хэвтэх би чилэхээ мэдэхгүй хичнээн удаан хамаагүй нурууг минь илж өгдөг ээжийнхээ зөөлхөн гарыг, асрамж хайрыг үнэхээр их үгүйлэн санаж байлаа, энэ хүний оронд миний ээж байсан бол... хэмээн бодон нулимсаа арчиж байлаа.
Ямартаа ч эмнэлэгт өнгөрүүлэх энэ хэдэн хоногт өвчин зовлонг дааж яваа хүн хичнээн ихийг, бие нь үхлийн ирмэгт ирчихээд сэтгэл нь үхлээс зугтааж яваа хүн ямар олныг, сэтгэлийн тэнхээгээр, итгэлийн хүчээр л хүн босч ирдгийг, хоёр хөл хоёулаа зэрэг хөдлөөд алхана гэдэг шиг жаргал байхгүй, түүнээс илүү бурхнаас орчлонгоос хүсэх юм үгүй юм гэдгийг мэдэрч сууна.
Намар гэдэг... гадаа гармаар, цонхоор хаяа хаяахан сэвэлзэн үлээх салхийг бүүр дэргэдээс нь үнэртмээр... болж өгвөл дотор нь ороод бүүвэйлүүлчихмээр, намрын дунд сарын арван тавны цагаан шөнө голын эрэг дээр очиж суугаад усны урсгал чагнан модны навчис үнэртэнгээ амандаа дуу аялмаар... зүгээр л энэ бүхнийг мэдрэхийн төлөөнөө амьд явмаар, амьдрал дотроос амьд байхын, амьдрахын амтыг амсмаар... дэндүү сайхан орчлонгийн дэндүү сайхныг энэ л намраас авмаар санагдах чинь юуных вэ?

10 comments:

oyunaa said...

Hurdan idgeerei...Chi chadna aa

Нэгэн Бүсгүй said...

ТИйм шүү эрүүл л байхад бусад нь болно до,,,Би ч нэг хэсэг хэдэн жил эмнэлэгийг хаалга татаж явлаа,,,сүүлдээ ингэж байгаад үхчих вий ч гэж үе үе бодогддог байсан, өвдөөд уйлаад хэвтэж байхдаа эрүүл байх шиг сайхан юм алгаа гэдгийг биеэрээ мэдэрч ойлгосондоо,,,

Tuul said...

тийм ээ эрүүл байх хамгийн сайхан. Солонгос Япон хоёрын эмнэлэгийн үйлчилгээ адилхан юм байна.

Чи хурдан эдгээд чиний төлөө чаддаг бүхнээ хийж байгаа ээж аав буурай эмээдээ эрүүл энх очноо. Монгол хүн гэдэг сэтгэлийн асар их тэвчээртэй улс. Амжилт

Arsun said...

Монголчуудын сэтгэл арай өөрөө. Сайн сайхныг ерөөе.

Idea said...

"Юу ч тохиолдсон заавал сайн талаас нь нэг харж бай" гэж Саруул-Эрдэнэ багш маань хэлдэг юм.

Ингэж өвдсөн нь чамд, чамаар дамжуулан бидэнд амьдралын үнэ цэнийг, хоосон ч гэсэн хоёр хөл дээрээ алхаж явахын жаргалыг, хүсвэл амьдралын хором мөч бүрээс аз жаргал авч болдгийг дахин нэг ойлгуулж байх шиг.

Эргээд харахад энэ цаг мөч чамаас авсан зүгээр л нэг шалгалт, магадгүй өдөр тутмын хэмнэлт амьдралаас түр амсхийлгэсэн завсарлага, эсвэл бүр дотоод ертөнц рүүгээ өнгийхөд чинь тусалсан гүүр төдий санагдах өдөр ирнэ.

Өвдөх, өвчнөөс болж шаналах хэцүүг би мэднэ. Гэхдээ чам шиг зоригтой, зөв бодолтой бүсгүй даваад гарнаа. Тун удахгүй цоо эрүүл болж, өндөр өсгийт товшин өөрөөсөө хүнд өвчтэй нэгэнд итгэл хайрлан гунхалзан алхана гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.

Газар хол ч сэтгэлээрээ дэндүү ойр гэр бүлтэй байгаадаа баярлаарай. Хамт байлаа ч хайраар дутахын зовлонгийн дэргэд жаргал шүү дээ. Монгол хүний тэвчээрийн хат, ээж, аав эмээгийн чинь сэтгэлийн хүч, зүс танихгүй ч санаа нийлэх нөхдийн чинь итгэл найдвар чамайг эдгээнээ, итгээрэй.

Эрүүл энхийг хүсье.

Anonymous said...

Ymar ch bsan aihtar ymnii ard garchee... Hurdan edgeed eruul hul, amidrah shine erch hvch mederch , Sartuul nutag, tsas mungun tergvvnt dagshin huh uulsaa ehn mend zoriod Aav, eejiinhee tevert uvidas medreh zogsoh boltugai.

Sanjaa

Unknown said...

Сэтгэл оюун эрүүл, санаа бодол тунгалаг байхад биеийн зовлон илааршинаа. Сайн сайхныг, эрүүл энхийг хүсье..

naraa said...

Хурдан эдгэнэ шүү. Хүний амьдралд зөндөө л юм тохиолддог юмаа. ганц жилийн дараа гэхэд л би тэгээд өвдөөд хагалгаанд орж билээ гээд л яриад гүйгээд явж байна даа. гайгүй л юм шиг байна ш дээ. зүгээр дээ хө.

Ананда संस्कृत said...

Сайхан зүйлээр хурдан эдгээрэй хөөрхөн гоё блог дээр ийм сайхан зүйлс бичиж байгаа чиний сэтгэл сүү шиг цагаан байхо

Light said...

эмнэлэг сайн газар өвчнөө эмнүүлээд авна гэдэг сайн хэрэг.эрүүл энхийг хүсье.амжилт.