09 July 2010

Амьд явахад улсын наадам үзнэ...

Сумын наадмын дэвжээг өдөржин тойрох морьтноос
Суран жолоо атгасан өнгийн цэцэг ургаа юу... хэмээн Д.Пүрэвдорж найрагч тэртээ гучаад жилийн өмнө шашир цацагт асар нь дэрвэж сайн морь сайхан хүүхнээр гоёдог сумын наадмын сайхныг их энгийн хирнээ яг л тэр хэвээр нь нүднээ дурайтал нь бичжээ. Нээрэн л наадмын сураг өдөр ирэх тутам ойртон авга нагац ах нар морьдоо уяж, хананд өлгөсөн хөхүүртэй айрагны шуугих нь ихсэж, “хавийн уран эгч нар” ураа гарган дээл шаглахад яагаад ч юм сэтгэл тогтож өгөхгүй яаж ийгээд ч болсон сумын наадамд явахсан гэж өдрийн бодол шөнийн зүүд болдог байсан арван хэдхэн нас минь... Жил бүрийн наадам сумын төвийн стадионд болдог байж билээ... арван гурав дөрвөн наснаас өмнө зун нь зусланд гардаггүй сумын төвдөө байдаг байсан болохоор ээж аавын бэлдэж өгсөн дэгжин палажыг өмсөөд л наадмын талбайгаар өдөржин хэсэж, ундаа, хуушуур амттан шимттэн юу л байна эргүүлдэг байж. Харин арай томхон болсон хойно зун нь хөдөө зусланд гардаг болсноос хойш наадам болох бүрийд наадам явахсан гэхээс тэсч байхын аргагүй болдогсон. Холоос болохоор айл саахалтын наадамчид бүгд мориор наадамдаа явна... намайг наадамд явахыг ээж аавын хэн ч зөвшөөрөхгүй тул өмсөөд явах шинэ дээл, гуталгүй ч гэлээ дотроо хэнд ч хэлэлгүй унаж явах морио бэлддэг байж билээ... Тэр үед надад гэсэн торгон дээл, савхин гутал байсансан бол би үүрээр нуугдаж оргоод ч болсон явах л байсан байх даа. Наадамд морьтой явж байгаа болохоор монгол хувцас л өмсөх ёстой гэж боддог байж гэтэл сумын төвийн хүүхэд надад хаанаас тэр дээл гутал нь байх билээ. Арван таван насны зун юм уу даа нэг зун бүүр хэдэн өдрийн өмнөөс ээж ааваас гуйж уйлж унжиж бөөн юм болж байж наадамчид дагаж шорт, сандаалтай морь унаж явахдаа өмссөн хувцаснаасаа мөн ч их ичиж билээ. Гялгар хар савхин гутал, цэнхэр торгон дээлэн дээр шар дурдан бүс бүслэж улаан тууз толгойдоо уяад Пүрэвдорж гуайн хэлснээр суран жолоо атгасан өнгийн цэцэг болоод сумын наадмын талбайг тойрохсон гэдэг л арван хэдэн насны минь мөрөөдөл байсан юм уу даа.
Нас ахиж томрох тусам хүүхэд насны гэгээн нь бүдгэрч баяраас илүү гуниг нь амьдралд түрж орж ирдэг болоод ч тэр үү завгүй амьдрах тусам наадам гэдэг тэр сайхан зүйл их том байр суурь эзлэхээ болиод бас түүний хажуугаар наадамд явах гэдэг тэр хүслэн маань ч унтарчихсан юм шиг. Хүний нутагт дөрвөн зунтай золгож дөрвөн наадмыг мэдрэлгүй өнгөрөөж... гэсэн ч одоо хир нь наадам дөхөхөөр сэтгэл дотор нэг бяцхан гэрэл сүүмэлзэж юунд ч юм догдолж нутагт минь сайхан байгаа даа... нартай хуртай Монгол наадам минь эхэлж, морьдын тоос тэнгэрт тултал гогцоорч, наадмын зүлэг нов ногооноороо байгаа даа... наадамчид бөхөн дээрээ нэг шуугилдаж, морин дээрээ нэг овоорч, хуушууран дээрээ нэг шавалдаж байгаа даа...
Амьд явбал улсын наадам үзнэ гэж үг байдаг даа... Тэр жил 2006 оны зун ажил дээр гадаадаас зочидтой, тэднийг ийш тийш нь аваачин наадамдуулах гэсээр амарсан ч юмгүй амьсгаа дээхнэтэй явахдаа Төв Цэнгэлдэх Хүрээлэнд орон алдаад чадаагүй билээ. Энгийн үед хэрэг болгож цэнгэлдэхэд орж улсын наадам үзэх биш дээ ажлаар далимдуулан улсын наадмын нээлтийг үзэх боломж гарах нь хэмээн баярлаж шилэн туфль, биеийнхээ галбирыг тодруулсан цагаан саатай дан дээл бэлдээд яг орох гэж байтал наадмын өглөө гадаадын зочдын нэгнийх нь бие идсэн хоолноосоо болж эвгүйрхээд үдээс өмнө нь Баянголын эрүүл мэндийн төв дээр үдээс хойш нь зочид буудалд наадмын өдрийг өнгөрөөж билээ. Гэсэн ч амьд явбал улсын наадам үзнэ дээ гэж итгэсэн хэвээр л... Энэ жил 7 сарын 11 –ны бүтэн сайн өдөр би өглөө 9 цагаас шөнийн 1 цаг хүртэл бүтэн өдөржин ажилтай интернетээр бөхөө үзэж гэртээ хуушуураа ч хийж идэж л чадахгүй нь дээ...

4 comments:

бж said...

Saihan naadaarai.

Болорхон said...

Ганаа эгч мөн үү? Та яагаад үүдээ түгжээд "муухай зан" гаргаад блогтоо оруулахаа больчихсон юм бэ? Би аль дээрээс орж чадахаа больчихоод таныг бүүр блог бичихээ больчихсон юм болуу гэж бодоод асууж сурах хүн байдаггүй. Тан шиг блогчин уг нь үүдээ байнга нээлттэй байлгавал гоёсон...

бж said...
This comment has been removed by the author.
BorlaSQue said...

шоколад байвал яахуу