11 December 2007

Энэлэн

Би дэлхийд мөртэй, тэнгэрт зартай Хөх Монголын үр удам хэмээн толгойгоо өргөхөөр цээжийг минь урдаг энэлэнг түрхээн зуур мартуулах шиг болдог юм. "Алтан нарны гэрлийг алгаараа яаж хаахав дээ" гэдэг шиг элэг зүрхний энэлэнг энээхэн хоосон бардамналаар хэрхэн арилгахсан билээ дээ. Тиймээ, би өнөөдөр блогтоо нилээд хүнд сэдэв оруулахаар шийдлээ. Монголоо гэсэн сэтгэлээ дэлгэхээр шийдлээ, энэхүү тэмдэглэл ч юмуу, цөхрөл ч юмуу, бодол ч юмуу мэдэхгүй энэ бичвэртээ нэр өгөх гээд яагаад ч "энэлэн" санагдаад өөр юм бодогддоггүй ээ. Эх орон минь, Монголын нийгэм өнөөдөр /нүгэл гэм, амны билэг байгаа даа/ өсөн хөгжихийн замаар бус уруудаж доройтох шулуун замаар асар хурдтай өнхөрч явна. Монгол гэдэг нэгэн цагт хэдийгээр өнөөдөртэй адил нээлттэй, ардчилсан, тэгш эрхт хөгжлийн нийгмийн ул суурь ч бүрэлдээгүй байсан цагт нэгэн санаа, нэгэн зоригын дор эвлэлдэн хамт байсандаа дэлхийг эзэгнэж явсан. Харамсалтай нь өнөөдөр тэр хөгжлийн нийгмийн боломжит үед Монголд тэгш эрх, тэгш боломж, тэгш үр дүн хумсын толион чинээ харагдахгүй баян хоосны хоёр туйл болон хуваагдаж төр гэдэг "бэлэг тэмдэг"-ийн аппарат зөвхөн "шинэ цагийн толгой хоосон цээж том" хэтэрсэн баячуудыг үйлдвэрлэгч болсонд туйлын гашуудаж сууна. Төрд шигдэж, эх орныг минь, ард иргэдийг минь сорж өөрсдөө хагарахад бэлэн болсон тэр хувалзнуудад хүн сэтгэл, хүн чанар, өрөвдөх нинжин сэтгэл, ханах цадах хэмжээ гэж даанч үгүй. Тэд тэгш эрхт нийгэм гэж юу байдгийг ч мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй, зөвхөн хомхой хоосон сэтгэлдээ "яаж, хаана байгаа, ямар ордыг гадны хэнтэй хувааж завшиж, хэдэн төгрөг унагаах вэ, ямар машин унаж, өнөөдөр хаана "ланч"-дах вэ, эхнэр хүүхдээ хаана зугаалуулах вэ, яаж хурдан удмын адуутай болох вэ" л гэж бодож чаддаг хүмүүс. Азаар би энэ хувалзнуудыг цөөхөн гэдэгт итгэж байна. Төр гэдэг "өгөөмөр сэтгэлтэн"-д тоогдож, яаж ийгээд шургалаад орвол Арабын Шейх болдог гэж усан толгойдоо бодсоноос энэхүү тэрбумтан төрүүлэгч "password"-гүй банканд нэвтрэхийн тулд улайрч улангасч байна. Монголын нийгмийн хоёр туйлын цөөнх үнэхээр хэрээс хэтэрч байна... би буруу сонсоогүй байх Монголын УИХ-ын нэгэн гишүүний Германд амьдардаг хориодхон насны охин тэндэхийн баячуудыг алмайртал амьдардаг аа гэж.
Нөгөө туйл буюу олонх нь төрийн тоглоом болж цөхөрсөн /хөөрхий минь/ ард иргэд нэрийн дор ялгаварлагдан гадуурхагдагсад, дорд үзэгдэгсэд. Ард түмний сонголт мэргэн, ард түмнээс илүү ухаантан үгүй хэмээн зайлуул бөхөөхөн хийсэн цаасан малгай өмсгөн "хошгоруулаад" байхаар балчир хүүхэд шиг итгэж, харж л суух... хүлээж л суух...сэтгэл нь сайхан юм даа. Адилхан тэгш эрхтэй байтлаа ялгаварлагдан гадуурхагдаж, чимээгүй мартагдаж байгаагаа мэдрэхгүй "миний л хувь тавилан, миний л амьдралын зам" хэмээн хогоо ухаж, голоо зогоож, өвлийн хүйтэнд осгох нь осгож, өлбөрөх нь өлбөрч байна ... даанч дээ туйлын их энэлж байна. Монголд шударга ёс өчүүхэнч алга, шударгаар амьдарч байгаа хүн ад болж авилгал, бялдуучлал, луйвар амьдралыг тэтгэх зам болж байна. Баян хүн "хүн" болж ядуу бол хог новш болж байна. Бид чинь нэг үндэстэй нэг л улс, гэтэл яагаад тэгш бус байдал бидний нийгэмд ингэж ноёлов, яагаад Монгол улс энээс болж мөхлийн ирмэг рүү хальтраад байнав. Хууль хууль байх ёстой харин Монголд л гэхээр хууль "гууль" болж хуулийг төрүүлэгсэд олон нийтэд бус өөртөө ашигтайгаар найруулж, найруулсан "зохиол"-оо зарим нь сайн ойлгооч үгүй, мэддэг ч үгүй харанхуй нь аймшигтай.
Өнөөдөр Монголын төрийн бодлого, зохицуулалтгүй, иргэдээ үнсэнд хаясан шалз шиг орхисон, өөр хоорондоо суудлын төлөө улайрсан гутамшигаас болж Монгол орон ядуурч байна. Ажилгүйдэл хирээс хэтэрснээс, амьдрах боломж нь боогдсоноос эх орноо гэсэн сэтгэлтэй, мэдлэг боловсролтой, эрч хүчтэй хичнээн залуус гадагшаа "экспортлогдож" байна. Монгол зөвхөн ажиллах хүч гаргач орон уу гэвэл тийм биш гадаадаас ажиллах хүч авч ажиллуулж байна. Монгол улс үнэндээ гадаадынхнаар дүүрсэн, барилгын гэгдэх тоогоо алдсан хятадууд, Солонгос, Япон, Америк, Канад эзэд л гэнэ, тэр хүмүүс манайд ажлын байр байхгүйд орж ирээд байгаа юм уу? Эсвэл дээрх гэр орноо, улсаа эзгүйдүүлээд харийн хөгжилд гар бие оролцон, хөлс дуслуулан зүтгэж буй Монгол залуус эх орноосоо урвасандаа тэрүү, эсвэл ажлын байр байхгүйгээс тэрүү? Энд төрийн зөв бодлого хэрэгтэй, энд төрийн зохицуулалт хэрэгтэй. Иймд Монголын төрийг үндсээр нь цэвэрлэх, ядуурлыг ялах, тэгш эрхээ эдлэх, тэгш нөхцөлд сэтгэл тэнүүн, аз жаргалтай амьдрах зайлшгүй шаардлага бидний хаалгыг тогшиж байна. Эх орныхоо өмнө, үр хүүхдийнхээ өмнө мартаж болшгүй хариуцлага байна.
Би дээр хэлсэн төрд шигдэж, эх орноо мөлжигсөд азаар тоотой гэж, бид олонхи шүү дээ. Олны хүч оломгүй далай...бид яагаад тэгш эрхийнхээ төлөө тэмцэж чадахгүй гэж, бид яагаад шударга ёсны төлөө, аягатай хоолыг минь улаан цайм булаан идэгсдийн эсрэг, эх орноо луйвардагсдын эсрэг тэмцэж чадахгүй гэж... Бид яагаад тэмцэхгүй, туйлдаа хүрэхийг хүлээн суух ёстой гэж.../үнэнийг хэлэхэд туйлдаа хүрчээд байна./
Суусан цэцнээс явсан тэнэг дээр гэж үг бий харж сууснаар юу ч өөрчлөгдөхгүй, юу ч хожихгүй... Аз жаргалын төлөө тэмцэлд маш олон хэлбэр байна, бидний өмнө олон хувилбар байна.
Хамгийн гол нь бид тасралтгүй тэмцэх л хэрэгтэй.
Бид чаднаа...Өөр хэн ч чадахгүй!!!

1 comment:

Cаарал said...

Amisgalah tsever agaar, ideh eruul hool, chanartai emneleg uilchilgee alga. Eruul orchind amidrah erhtei, yalgavarlan gaduurhahgui baih ene ter huuliin zaalt jorlond l hereglegddeg bolj. Said darga nar ni gadaadad unetei emnelegt, ulsiin mongoor emchluulchihne. Hyatadad, solongost hungohoon edgeechiheer ovchn tussan yaduu ard tumen ni hedhen bor tsaasguigees, emneleg emch nariin hund surtal, haihramjguigees uhetsgeej baigaa ni hamgiin haramsaltai. Amidrald hureltseetei tsalin orlogo, bolovsrol ene teriin talaar yariad ch hereggui. Yum bolgoniig shuud yapon shig amerik shig bolgohiig hussengui, ardchilald shiljeed 20-iod jil bolj baihad nudend haragdaj gart barigdchihaar oorchloltiin ehleliig l husch bailaa.

Bolohgui butehgui baigaad hun bolgon emzeglej baina, oorchlohiig hun bolgon l husch baina, oorchlohiin tuld bid nar yu hiihev, yaj temtsehev...?