23 February 2008

Гунигаа дагаад...

Навчны л настай зун шиг богинохон залуу нас минь дээ
Нарийхан жимд учрал зөрөх шиг уйтай юм аа энэ амьдрал
Үгээр модод ургуулж үйлт сэтгэлээ хуурахаа больё доо
Үдшийн харанхуй шиг нам гүмхэн суух л сайхан юм

Уян харцат уран нулимст бүсгүй араншин минь дээ
Усны хаяанд сар хөвөх шиг уйтай юм аа энэ амьдрал
Үгээр цэцэг зурж өлмийдөө дэвсэхээ больё доо
Үүлний нүүдэл шиг чимээгүйхэн одох л сайхан юм

Хоргодовч холдох орчлонгийн бэлд сүүн сэтгэлийнхээ гэрэлд
Хорвоо ийм богинохон хүн ийм хуурамчийг үзээд
Хөрөг зурагныхаа инээмсэглэлийг л ганцхан энд үлдээгээд
Хосгүй цагаан гунигаа дагаад хов хоосондоо нисмээр байна

Зөрүү яаруу тавилангийн бэлд зүрхний минь гүнд
Зүсэр зүсэрхэн бороотой миний алтан диваажин бий
Гунигын цэнхэр нууранд нь өөрийгөө марттал булхчихаад
Гэрэлтэй цэнхэр тэнгэртээ мөнгөн шувуу байхсан даа

2008 он 2 сар


-------Харц буруугүй -------

Нүд буруугүй дурлал гэж байдаг болохоор
Нүцгэн биеэ чамд л тэврүүлмээр хүсэл надад байдаг
Нүүдлийн шувуу шиг нуур дамжин үдэлдэг болохоор
Нүгэл нөмрөөгүй ариухан сэтгэл чамд даанч алга даа

Харц буруугүй дурлал гэж байдаг болохоор
Харьтыг чинь дэрлээд эрхлэх хүсэл надад байдаг
Хавартаа надад ирээд намартаа өрөөлд буцдаг болохоор
Хайрын үнэнчхэн сэтгэл чамд даанч алга даа

2008 он 2 сар

No comments: