21 January 2008

Цонх нээгдлээ...

За өнөөдөр чинь л сэтгэлийн цонхоо ганц сайхан онгойлгомоор санагдаж байх чинь юу вэ? Цэлийтэл нээлээ... нээлттэй цонхоороо гадагшаа биш дотогшоо харахыг хүслээ. Шагайж харсан чинь энэ дотор юу юу байгааг бүү мэдээ, миний гэх хуучин эд хогшил харагдахгүй байна уу даа, миний биш хүний гэлтэй элдэв янзын эрээн мяраан бодол, хүслэнцэрүүд эмх замбараагүй хөвж байна. Хүнд хэрэгтэй юм байна уу гэтэл нөгөө муу "хүн сэтгэл" маань тэр дотроос цухуйж байнаа намайг авраарай гэх шиг гараараа даллаж байна. Энийг л ганцхан
D: -дээ авч үлдэж байгаад форматланаа өнөөдөр бүгдийг нь....
Хүн ч бас машин техник шиг гацаж зогсдог ажээ, өнгөрсөн хэсэгхэн хугацаа /хэдий хэр урт хугацааг сайн санахгүй байна/ үнэхээр миний хувьд гацалтын үе байжээ гэж. Харин бүүр зогсчихоогүй "түр гацалт" байсанд олзуурхаж байна. Хуралдаж хуралдаж бугшсан сэтгэлээ блогтоо захиа болгон гаргаж нэг санаагаа амраалаа. Нээрээ л би орон зайдаа байхгүй нүглийн нүдийг гурилаар хуурна гэдэг шиг л юухан хээхнээр амыг нь хаачаад явсан байна. Блогоос тойрч давхиад л бусдын хайрын голдуу хэдэн шүлэг будаа идэж тавиад л эсвэл болсон болоогүй цөөн хэдэн мөр сараачаад сэтгэлээ хуураад явж.
Блог гэдгийг энд тэндэхийн блоггэрүүд онол талаас нь тийм ийм үгнээс гаралтай тийм ийм зорилгоор үүссэн энэ тэр гэж тайлбарлаад ер нь бол бусдад өөрийгөө таниулах хэрэгсэл болгоод, эсвэл үзэл бодлоо бусадтай хуваалцах талбар, нөгөө хэсэг нь ярилцлагын булан, заримынх нь тэмдэглэлийн дэвтэр уран бүтээлч хэсгийнх нь уран бүтээлийн үзэсгэлэн гэх мэт янз янзаар ойлгож хэрэглэдэг байхад миний хувьд анх блог нээсэн тэр өдөр өөрийгөө нээж байгаа мэт, өөрийгөө хөндлөнгөөс харж байгаа мэт яасан сайхан сэтгэгдэл төрж тийм ч учраас "миний орон зай" гэж нэрлээд л "ядаж өөрөө өөрийгөө мартахгүй амьдрахын тулд би блог нээлээ" гэж ирээд л эхэлж байсансан.
Гэтэл өөрийгөө мартсан энэ их гацалтын үед би орон зайдаа гээгдэж түүнийгээ олохгүй мунгинаж богинохон амьралынхаа хэсэгхэн үеийг хагас унтаа байдалд өнгөрөөжээ гэж дүгнэв. Ямар сайндаа л зарим хувцас зүсээрээ үгүйлэгдээд эрж эрж энэ гэрт надаас өөр эмэгтэй хүн орж ирсэн үү гэж асуух холгүй байсан чинь dry cleaning-д өгөөд авалгүй хичнээн удсан бүү мэд хаягаар авчирч өгөхөд нь санадаг байна шдээ. Ийм үед толгой тархи гацаад зогсохгүй, өдөр тутмын үйл бас хобби ч гацдаг болтой, номын хуудас эргүүлэлгүй, дуртай хоолоо хийж идэлгүй, бас халуурах дуртай homeshopping-оо хийлгүй удсан байна шүү. Хичнээн өдөр пицца дуудаж, бэлэн гоймон идэв нээрээ манайхан уурлаж гомдоллоод гар сэтгэлээ шингээсэн хоолыг чинь идмээр байна гээд байсан шүү. Homeshopping гэснээс гадуур хэсээд байх зав зай муутай тул юм худалдан авах шаардлага хэрэгцээ гарвал ганц хоёр сайт эргүүлээд л таалагдсанаа гэртээ дуудах сайхан шүү охиндоо явуулах гэж хүүхдийн голдуу хувцас хунар, тоглоом, baby care бүтээгдэхүүн захиалж халуураад сардаа зовж олдог хэдхэнээсээ хэтрүүлчих гээд бас хэцүү. Ер нь Монголд ядаж ганц захиалгын homeshopping site нээчих юмсан, худалдагч худалдан авагчыг зайнаас холбосон завгүй хүний хэрэгцээ шаардлагыг мэдэрсэн, цаг хэмнэсэн энэ мөн сайхан эд шүү. Ер нь бол би энэ үйлчилгээг нилээн судлаад байгаа Монголдоо очиж байгаад хамтарч ажиллах хүмүүстэй санаа нийлвэл хийнээ гэж... өө за байз сэдэв хаана явж байлаа, юун тухай ярьж байлаа аа тийм гацалтын үедээ хийж чадаагүй бүхнээ гүйцээх гээд охиндоо нэг витамин дуудаж кайф авлаа гэх гэсэн чинь хадуурчиж.
Аа бас энэ үед блогт "Охин үрээ хайрла" гээд нэг шүлгийг оруулчихсан чинь Арсунд сайн шүүмжлүүлээд /уг нь намайг шүүмжлээгүй л дээ тэр шүлгийг хэлсэн юм/ мөрөөр нь Нана-аар орсон чинь яруу найрагч Б.Энхтуяагийн насны хүн болоод дуусав. Ганаагийн би "дундад зууны үеийн юм асуув" гэдэг шиг 21-р зууны 2010s оны 20 хэдхэн настай залуу хүн байж 1980-1990s оныг харж бичсэн "мууг зөгнөсөн" шүлгийг шүтэж явдаг хүн боллоо би /инээв/. Хатуу боловч үнэн үгтэй тэр шүлгийн "охин үрээ хайрла" гэсэн санаа хэзээ ч хуучрахгүй л дээ. Нөгөөтэйгүүр би хөдөө сумын төвийн 6 билүү 7-р ангийн жаахан охин байхад манай суманд хэдэн яруу найрагч бас, Монголын радиогийнхан ирж байсан нэг дурсамж байдаг юм. Харин яах гэж ирж байсан, яагаад манай гэрт ирсэнийг нь одоо санадаггүй юм миний энэ муу hard гацах нь ихэссээр ер нь муудаж юм хадгалах, санах чадваргүй болсон юм билээ.
Манайх олон охин хүүхэдтэй айл, яруу найрагч Б.Энхтуяа ээжид минь өөрийнхөө номон дээр гарын үсэг зурж өгөхдөө "Олон сайхан охинтой хүн юм, охин үрээ хайрлаж яваарай" гэж хэлж байсан нь санаанд ороод бас охиноо санахдаа тухайн үед зохиогчынх нь ээжид минь хэлж байсан үгийг өөртөө хэлж байгаа нь тэр л дээ.
За ер нь энэ удаагийн бичлэг үндсэн сэдвээс хазайж муруйж, тэгширсээр байгаад асар урт болох шинжтэй болоод явчлаа. Ам нээвэл уушиг нээ гэдэг дээ.
Орон зай минь би өөрөөрөө л чамайг дүүргэнэ, би энэ дотроо өөрөөрөө байхгүй бол хаанаас өөрийгөө эрэх билээ. Хэдэн коммент цуглуулах гэж, хэн хэдэн удаа, хаанаас орсныг сонирхож, хэнд таалагдах гэж өөрийгөө эвдэж, хэнийг татах гэж өөрийгөө хуурах нь гол бишээ би өөрийнхөөрөө л байх ёстой. Юу бичиж хүний сэтгэлд нийцүүлэх вэ хэмээн гадагшаа биш дотогшоо харж, өөрийгөө сонсож, өөрийгөө мэдэръе. Анурад ахынхаа зааснаар "БИ" гэдэг энергийн төвөө мэдэръе, тэндээс л би өөрийгөө олъё, тэндээс би орчлонг харъя. Ингэхийн тулд би өөрийгөө мартах ёсгүй.
Өөрөөрөө л байвал хэрээ шиг гуагласан ч яахав
Өрөөлд таалагдах гэж алтан гургалдай шиг донгодоод ч яахав
"Хүн сэтгэл"-тэйгээ л байвал бие минь элэгдсэн ч яахав
Хүйтэн зүрх тээгээд хүн гэж амьдраад яахав... Тээ? /хань татав/

3 comments:

Arsun said...

Тийн. /ханьсав/

Tsoomii said...

neeree l iim turliin uilchilgee mongold uguilegdej baigaag heleed yahav, gehdee bas huluu hudulguud delguur heseh kaiftai l baidag yum, tsag zav ni baival shuu dee

бж said...

za ashgui uuriiguu olood avchihav uu? Bi bas hed honog uuriiguu haih shahaad... hehe
Uuriin bodol uurtuu zuv shuu..
Zorigtoi, zorilgotoi, mundag busgui shuu, chi... Bolorhoon...