08 December 2007

Блог нээхийн учир...

Хорвоод хүмүүний ховорхон заяаг олж мэндлээд хорин таван хаврыг тосож, зунтай нь эрхэлж, намартай ханьсан, өвлийг үдчихээд би өнөөдөр хэн гэдгээ өөрөө мэдэхгүй явах шиг... Амьдрал надад Жозеф Шварцын хэлснээр өчүүхэн байхын аргагүй богинохон санагддаг, дэндүү давчуу яаруу санагддаг бас энэ богинохон хугацаа нь асар тод гэрэл гэгээтэй, баян харагддаг. Амьдралын тэр их гэрэл гэгээг мэдэрч, түүнийг хүртэж, түүгээр тэтгэгдэж, богинохон гэдгийг нь анзааралгүй өөртөө л, сэтгэл дотроо л гал шиг явах юмсан даа гэж боддог.
Би мөн л бусдын адил мартагдах дургүй ээ. Хэзээ нэгэн цагт би хүсээгүй ч орчлонгийн жамаар хумхын тоос адил замхрах л болно тэр хүртлээ энэ л богинохон хугацаанд харамсах зүйлгүйгээр амьдралын гэрэл гэгээг шуналтайгаар эдлэхийг хүснэ.
Блогтой байх нь энгийн зүйл мэт боловч би энэ л орон зайгаараа өөрийнхөө хүсэл мөрөөдөл, үзэл бодол, санаа оноо, бодрол эргэцүүлэл, төрөгдөл, тэмдэглэл, баяр баясгалан, гуниг ганцаардал, миний амьдрал, амьдралын үзэл баримтлал, миний зан араншин, ёс суртахуун гэхчилэн миний гэсэн бүхнээрээ дүүргэж өөрөө өөрийгөө мартахгүй амьдрахаар шийдлээ.
Урлаг, утга зохиол, шүлэг яруу найраг, дуу хөгжимд дурладагын хувьд блогт миний амьдралаас илүү энэ чиглэл түлхүү агуулагдах болов уу. Эжий, аав, эх орондоо, өөртөө зориулсан ганц нэг сэтгэлийн үгс минь миний баяр баясгалан - миний гуниг байх болов уу. Уран бүтээлийг нь шүтэж явдаг яруу найрагчдын, надад баяр гуниг аль алиныг нь авчирч чадах бүтээлүүд миний сэтгэлийн хань болох болов уу. Хөгжимөөр, дуугаар би эрч хүч нэмж, сайхан зургаар оюуны алжаалаа умартдаг аа.
Ингээд блогын эхний хуудсыг надад ирсэн хамгийн том сэтгэлийн бэлэг нэгэн шүлгээр нээлээ.

No comments: