09 December 2007

Аавыгаа аргадах гэж бичлээ би...

Эгэл атлаа эгэл бус хүн миний аав
Эр хүний дээд тэнгэр шиг заяатай миний аав
Эргэх орчлонгийн саалтанд өтөлж яваа миний аав
Ижил хэдэн зээдээ номхон тэмээ шиг миний аав

Олон ч удаа баярлуулсан биш дээ би таныгаа
Олигтой хувцас ганц удаа ч өмсгөсөн биш дээ би тандаа
Охиноо л гэсэн далай шиг хайрыг тань
Ойлгох сэхээгүй явсандаа саяхныг хүртэл үр чинь

Айлгаж хэлсэн үгс минь харин аманд багтахааргүй их
Ачилж ганц өглөө цай чанаж өгсөн нь даанч ховор
Арифметикийн бодлого, англи хэлнээс эхлүүлж та надад
Амьдрахуйн ёсыг ухааруулах гэж хичнээн их мэрийлээ

Айхтар ухаантай хүн болох гэж таныхаа өмнөөс маргаж
Аягалж өгсөн цайг нь сэтгэлтэй нь хамт шидчихээд
Айлын хүн дагаад хаалгаа саваад гарахдаа
Ачлалгүй охиныхоо өмнөөс өр чинь өмөрснийг мэдээгүй

Өрөөлийн төлөө
Өөрийгөө элтэл
Өвдгөө сөхөртөл
Өтөлж яваа миний аав аа

Тавин хэдэн настай өвгөн царсны үндсээс
Таван сайхан мөчир нахиа дэлгэж дэлбээлсэн
Тэнгэрт тулаагүй ч мөчрөө та минь хар даа
Тэмүүлж урганаа өөдөө өндрөөс өндөрт

Өнөөдөр үр чинь бусдын шороон дээр алхавч
Өнгө мөнгөний хорвоод өчүүхэн мэт амьдравч
Маргааш хүү чинь үнэний төлөө өндийнөө
Мартагдахгүй дуу хуур шиг амьдрахыг хичээнээ

Алс хол хүний нутгаас харихдаа
Аав тандаа би их бэлэгтэй очноо
Аль багад минь уншуулах гээд зүдсэн
Амьдралын их номыг ойлгоод тандаа очноо

Өсөх насанд минь өвлүүлэх гээд ядсан
Үнэ их ухааны судрыг өвөртлөөд тандаа очноо
Алт мөнгө, хоосон мөрөөдлөөс илүү
Аж төрөхүйн аргыг атгаад тандаа очноо

Аав таныхаа хайрласан эрхмийн дээд - УХААРЛЫН ХАЙРЫГ
Алган дээрээ дэлгээд охин нь тандаа очноо.

1 comment:

Ж.Өлзийжаргал said...

saihan bichsen bna.aaviigaa hairlaj yavaarai