07 December 2007

Эжийгээ тайтгаруулах гэж бичлээ би...

Уучилахад ч хатуухан уур хилэнг минь өршөө
Уужуухан дулаахан ертөнц минь охин үрээ өршөө
Хэтэрсэн омог бардам занг минь өршөө
Хэрсүү ухаан буруу суусан нялх үрээ өршөө

Аниргүй алс мөрөөдлийг минь та амилуулж өршөө
Алдаж буруу гишгэснийг минь та зөвтгөж өршөө
Алдуурч хэн нэгэнд өгсөн сэтгэлийг минь буцааж өршөө
Амьдралын эргүүлэгт намайгаа ухааруулж өршөө

Тулганд тань дүрэлзэх галын оч үрээ өршөө
Тотгонд тань хуралдсан утааны үнэр хүүгээ өршөө
Тооноор тань өнгийсөн од сарны хэлтэрхий охиноо өршөө
Торгон дээлэнд тань ойж туссан нарны цацраг намайгаа өршөө

Ээжээ, би таныхаа бурхны мутар гараас тань адис авъя
Ээжээ, би таныхаа сүү үнэртсэн энгэрт тэврүүлж уйлъя
Ээжээ, би таныхаа нөмөр их өвдгийг түшин тайтгаръя
Ээжээ, би таныхаа сүүн хайранд бялуурч зөв амьдаръя аа

Эжий минь ээ,
Хүү чинь бүргэдийн чинээ явж болжмор шиг нөгчъе
Эжий минь ээ,
Үр чинь түймрийн дайтай амьдарч зул шиг жаргая
Эжий минь ээ,
Охин чинь нар шиг гийгүүлж, сар шиг шингэе
Эжий минь ээ,
Би - таныхаа үр нь, залуу нас нь юм болохоор
Амьдарсан шиг амьдарч
Үхсэн шиг үхнээ.

No comments: