18 December 2007

Хүн байхын учир - 1 буюу тэнгэрлиг эжий аав

Би оюун ухаант, сэтгэл зүрхт хүн заяанд төрсөндөө туйлын ихээр баярладаг, магадгүй би гэдэг хүний оронд ямар нэгэн амьтан аль эсвэл огтоос ор мөргүй байсан бол... ийм бодол хаа хаа толгойд орж ирэх ч би үүнээс цааш төсөөлж чаддагүй ээ.
Орчлонд намайг "хүн"-ээр төрүүлж, намайг бүтээсэн "бурхад"-ад би насаараа төлж барахгүй өртэй хүн. Тиймээ, би эжий аав хоёртоо хэзээ ч буцааж чадахгүй "цагаан өглөг"-тэй гэсэн ч миний эжий, аав надаас тэр их өрийг нэхэхгүй цагаатгаж чадах тийм нинжин сэтгэлтэй өгөөмөр "баячууд".
Эжий аав хоёр минь энгийнээс энгийн эгэл хүмүүс, аав минь миний алдаанд гаднаасаа биш дотроосоо нурна, эжий минь харин гаднаасаа эмтэрнэ, оноход минь хоёулаа бие биеэсээ булаалдан "охин минь" гэж онгирно. Би тэр хоёрынхоо сайн үр нь биш ээ, муу эжий аав хоёр минь л сайн үртэй байх гэж хичээдэг юм, аргаддаг юм, айлгадаг юм, аргаа бардаг юм, амьтнаас өмөөрдөг юм, худлаа магтдаг юм ...
Одоо бодож суух нь ээ би өнөөдрийг хүртэл тэр хоёрынхоо хамгийн "том толгойт"-ой, юу хүссэнээ л дураараа хийдэг, даруулгагүй зоргоороо хүүхэд нь байжээ. Би өөрийгөө сайн хүн болгох гэж нуухгүй ээ тэр хоёрыгоо их гомдоосон, өнгөндөө надад гомдож харагддаг ч цээжин дотроо ухаан муутай үртэй "азгүй" хэмээн өөрсөддөө гомддогийг нь би мэднээ. Цөхрөхдөө харин чулуу шиг хүнд үгийг өөрсдийнхөө төлөө биш миний л төлөө хэлдэгийг ч одоо ухаарахтай болсоон.
"...Ээжээ, хүү чинь уул өргөх урт холын бодолд дарагдаатай яваа шүү..." гэдэг шиг би эжий аав хоёрынхоо удтал чилээсэн сэтгэлийг амрааж, "зөв" охин төрүүлснээрээ бахархах цагийн төлөө алхаж явна, амьсгалж явна. Ижийдээ би бусдын адил алтан бөгж, булган дээл авч өгч үзээгүй ээ, би тэгэх ч үгүй... тэглээ гээд миний ижий намайг зөв амьдарч, сайн явснаас илүү баярлахгүй.
...Ертөнцийн ээж амьтны үйл даанч их, тэр үйлтэйгээ эвлэрч, үйлэндээ дарлуулж суухыгаа жаргал гэж бодож энэрч нигүүлсэхийн, өрөвдөж хайрлахын учгийг сэтгэлээсээ хөврүүлж байдаг дэндүү ховорхон заяа эх хүнийх л байдаг. Биенээсээ бие таслаж "ээж" хэмээх өндөр хэргэмээр дуудуулах, надад хүндэдсэн заяаг эдэлж яваа би азтай эмэгтэй. Үрээ мэндэлсэн тэр мөчөөс л би ээжийнхээ сэтгэл дотор орж "ээж үйл"-ийн ямархан амттайг амталж жинхэнэ ээж болсон доо.
...Одоо би эжий аав хоёрыгоо орчлонгийн жамаар буцаж ирэхгүй одохоос нь өмнө амжиж цээжинд нь намайг төрсөн тэр цагаас эхлэн уягдсан хатуу зангилааг нь сулруулж өгөхийн төлөө амьдарч байна.
Хүн байхын учирыг би ойлгохдоо ганцхан удаа эдлэх даанч ховорхон энэ заяаг оноосон эжий аавыгаа л ойлгож, хайрлахаас эхлэнэ гэж бодном...
Би орчлонгийн хөдлөшгүй ганцхан үнэнийг биеэрээ мэднэ - миний бас таны, орчлонгийн бүх эжий аавд үрээ л гэсэн сэтгэлийн "жаргал" бас "зовлон" байдгийг мэднээ.
Хүн байхын учир - 2оор үргэлжилнэ.

1 comment:

бж said...

Bolorhoon, gaihaltai saihan bichjee. Nadad ch gesen mash ih zuil bodogdoj bainaa, chinii ene bichlegiig unshaad.
Aav maani baihgui ch, eejdee heleh ugee odoonoos l helj baiya. Chadah chineegeeree bayarluulj baiya gej bodogdloo. Zuv biz dee?