05 February 2010

Надаас чамруу

Надаас чамруу
Ердөө ганцхан хором
Нүдээ анихад л...
Хөлсний чинь үнэрт
Хорвоо бүдгэрч
Өвчүүн дор чинь
Өөрийгөө гээнэ
Үүний л төлөө
Амьд яваа мэт санагдна
Үүний төлөө
Үхсэн ч яахав ээ

04 February 2010

Шүлэг л намайг бичдэг

Шүлэг битгий бич гэсэн гэв үү...
Та..
Шүлэг бичдэггүй ээ
Би...
Зүрхэнд минь
Алганы хээ шиг нэгэн зураас
Тийм тод тийм гэрэлтэйг
Гэвч
Тэнгэрийн шувууд уйлахад
Тэсэхийн аргагүй чинэрч
Нулимсных нь чимээг
Цээжнийхээ цаанаас
Сонсдогоо
Би бичдэггүй
Зүрхэнд минь
Алганы хээ шиг нэгэн зураас
Тийм тод тийм гэрэлтэйг
Гэвч
Өндөр өндөр модод
Өөрөөс минь дутуугүй шаналдгийг
Хамаг навчсаа гүвчихээд
Харийн хүн шиг ганцаарддагыг
Зүрхний минь зураас л сонсчихоод
Зүрхэн дээр минь
Зурдгийг
Би бичдэггүй
Шувууд уйлдаггүй
Модод ганцаарддаггүй
Ийм төгс орчлонг
Нүдээ анихдаа л олж хардаг ч
Тэндээс хачин дотно амьсгал
Аньсага нэвт үлээдэг ч
Тэнд очихыг хүсдэггүйгээ
Би бас л бичдэггүй
Энэ бүхнийг би бичээгүй
Шүлгийг хэзээ ч би бичдэггүй
Шүлэг л харин намайг бичдэг ээ

14 October 2009

Ай амьдрал минь....

Завгүй, завгүй бас дахиад л завгүй өдрүүд... ийнхүү завгүй өдрүүд үргэлжилсээр энд хүний нутагт гуравдахь намартайгаа золголоо. Сүүл сүүлдээ байтлаа энэ завгүй өдрүүддээ дасаад бүр хайртай болчихсон ч юм шиг... заримдаа юм бодож шийд гаргахаас халширдаг болчихож. Юуны төлөө энэ завгүй өдрүүдийг өнгөрөөн амьдраад байгаагаа үнэнийг хэлэхэд бодохоос...... за бодоогүй байсан нь дээр дээ... амьдралын төлөө л битгий байгаасай.
Энэ амьдрал их хөгийн бусадтай барьцалдан дээр доороо орон үхэн хатан уралцан улайх цайхдаа тулан хүн чанараа гишгэн нүүрээ ширлэж нүдээ ухахаас наахнуур юм болж байж сайн сайхан амьдардаг юм гэнэ. Гэтэл угтаа тэр сайхан амьдрах гэдэг нь яаж амьдрахыг хэлээд байгааг ч бүү мэд... миний хувьд тэгж "сайхан" амьдрасанд орвол огтоос амьдраагүй байсан минь дээр гэж бодох юм даа ...
Би зүгээр л заримдаа энэ амьдралаас тасраад явчихмаар... зүгээр л энэ хүмүүсээс холдоод явчихмаар... амьдрал гэдэг
энэ том тогооноос гараад хаашаа ч юм үсэрчихмээр санагдах үе зөндөө.... би энэ хүмүүстэй огт ижил төсгүй харь гаригаас ирсэн мэт, үг хэл минь ч тэс өөр мэт санагдах....
Тэнэгтээ тэр биз... би хүн бүрийг адилхан зүрх сэтгэлтэй гэдэгт итгэсээр ирсэн, бусдыг өөрөөсөө өөрөөр бодож чаддаггүй юм... хүн бүр өрөвддөг, уйлдаг, уярдаг, надтай адилхан зүрх нь өвддөг, эмзэглэдэг гэж бодож, хамгийн ядуу хамгийн зүдүү хамгийн ганцаардсан хамгийн зовсон нэгэнтэй ойрхон байхсан, өвчинг, зовлонг, ганцаардлыг нь сонсож сэтгэлийг нь ойлгохсон гэсэн зүрх сэтгэлтэй гэдэгт итгэдэг. Гэвч амьдралд энэ итгэл минь хугарах үе зөндөө... бүр дэндүү олон... Хүнд итгэсэндээ гартаа барьсан итгэл ч үгүй юу ч үгүй болтлоо хууртах, /үнэндээ итгэсэн бүхэн минь миний бодсоноос огт өөр байх/ бусдын төлөө өөрийгөө хохироох, өрөөлийг бодсондоо өөрөө хов хоосон хоцрох зэрэг яг л тэнэг хүн шиг алдаанууд гаргаж хүмүүст өрөө өмөртөл гомдож үлдсэн минь даанч олон... гэсэн ч тэр алдаанууддаа би өчүүхэн ч харамсаж үзсэнгүй... харин би чаддагсан бол энэ орчлонгийн хүмүүс бүгд бие биенээ ойлгодог бие биенээ хайрладаг бие биенээ сонсдог тийм цоо шинэ хэл, сэтгэлийг зохиохсон л гэж бодсоор ирсэн... зохиоx юмсан...

05 October 2009

Чиний үнэргүй энэ намар

Тэртээ алсаас салхины хэлт бяцхан шувуухай жиргэн жиргэсээр
Тэнэмэл сэтгэлийг минь ганцхан шаргал навчнаа уяж орхив
Зуун зуунаар задлахгүй гэж өөрөөсөө нуусан эмзэглэл минь
Зуурхан тэр л гэрэлт агшинд догдлон догдлон сэрэв ээ
Зүрхэнд л үүрлэхээс өөр хаашаа ч гарцгүй өвдөлт минь
Зүрхэн хэлбэрт шаргалхан навчны чимээнээр сэмрэн сэрэвч
Алтлаг энэ л навчнаас тэр намрыг олохсон билүү
Навчны шид гэж юусан билээ
Амраг чиний минь үнэрийг авчирч дийлэхсэн билүү
Намрын шид гэж юусан билээ
Ай, ахиад би чамайгаа хүлээгээд ч яах юм билээ
Чиний үнэргүй энэ намраар

30 May 2009

South Korea mourns

Богинохон ч гэсэн энэ амьдралд хүн амьд явахад их юм үзэх аж... итгэшгүй, бүүр итгэмээргүй, итгэхийг хүсмээргүй үйл явдлуудаар амьдрал дүүрэн харин тэднийг бид цаанаасаа бурхны зурсан зураг төөрөг юм уу, хувь тавилан хэмээн хүлээн авахаас аргагүйд хүрдэг. Энэ сарын 23-ний өдөр БНСУ-ын 16 дахь ерөнхийлөгч Но Мү Хён ард түмэндээ “Энэ бол хувь тавилан шүү, хэнийг ч битгий буруутгаарай” гэж захиад итгэхийн аргагүйгээр энэ ертөнцийг орхин одож Солонгос улс ойрын өдрүүдэд тэр чигээрээ гашуудалд автаж байна.
Хэдий эх орон минь биш ч гэсэн энд л амьдарч, агаараар нь амьсгалж, усыг нь ууж яваа эцэг орон минь тул би Солонгос улсад эх орноосоо дутуугүй хайртай билээ тэгээд ч тэрүү итгэхэд бэрх энэ мэдээг сонсоод цочирдож, гайхаж, харамсахын хажуугаар олон зүйлийг дотроо эргэцүүлэн бодсоор одоо хүртэл сэтгэл дотрох эргэлзээ гайхшрал тайлагдаагүй яваа юм. 2003-2008 онд БНСУ-ын ерөнхийлөгч байж, зүгээр нэг ерөнхийлөгч ч биш мундаг чадварлаг жинхэнэ ардчилсан улстөрч, шударга бас зоримог тэмцэгч, ард түмний ерөнхийлөгч байж чадсан тэрээр өнгөрсөн оны сонгуулиар ерөнхийлөгчийн албан тушаалаас бууж тэтгэвэртээ гарсан билээ. Гэтэл бараг хоёрхон сарын өмнөөс түүнийг ерөнхийлөгч байхдаа Солонгосын бизнесменүүдээс их хэмжээний хээл хахууль авсан хэмээх хэрэг гэнэтхэн дэлгэгдэн шалгагдаж эхэлсэн билээ. 6 сая ам.долларын авилгал авсан хэрэг прокуророор шалгагдан эхнэрийн хамт эхний шатанд байцаагдаж байх үест нь албан ёсны мэдээнүүд түүнийг авилгал авсан нь батлагдлаа хэмээн мэдээлж эхэлсэн билээ. Харин хоёрдахь удаагийн байцаалт өгөхөөс яг долоо хоногын өмнө тэрээр өөрийн төрсөн нутаг Бусан дахь гэрийнхээ хойд 30 метр орчим өндөртэй хаднаас нисч амиа хорложээ. Ихэнх Солонгосчуудын адилаар ууланд алхана хэмээн өглөө эрт гэрээсээ гарахдаа тэрээр аль хэдийнэ компьтертээ “Амьдрал үхэл хоёр угтаа аль аль нь байгалийн хэсэг шүү дээ. Битгий их гашуудаарай, хэний ч буруу биш. Энэ бол хувь тавилан шүү. Үнэн хэрэгтээ би энэ сонголтыг их удаан бодсон, би их олон хүнд өртэй үлдлээ, надаас болж олон хүн зовлонд унахыг би цаашдаа харж чадахгүй” хэмээн гэрээслэл болох хэдэн өгүүлбэр бичиж үлдээсэн байжээ.
Солонгосчууд ихэнхдээ өрөнд орох, дампуурах зэрэг мөнгө санхүүгийн холбоотой хүнд асуудалд орох үедээ амиа хорлож хэргээ цагаатгах гэхэд хаашаа юм, ер нь л голдуу амиа хорлох шийдвэрийг гаргадаг нь тухайн хүн нас барсан тохиолдолд өр төлбөрийг нь төрөөс төлж барагдуулдаг хуультай нь холбоотой гэж үздэг. Саяхан л гэхэд нэртэй жүжигчин Ан Же Хуан, Чей Жин Шил хэмээх хоёр залуухан кино од их хэмжээний өртэйгээсээ болж амиа хорлосон билээ.
Ингээд бодохоор 62 настай экс ерөнхийлөгчийн үхлийн шалтгаан нь яах аргагүй 6 сая ам.долларын хэрэг мөн байж таарах нь. Хүн л болсон хойно алдаагүй хүн гэж байдаггүй ажээ. Харин тэрээр ерөнхийлөгчийнхөө хувьд Солонгосын өнөөдрийн хөгжилд хэмжихийн аргагүй их хувь нэмэр оруулсан, ард түмнийхээ хүндэтгэлийг хүлээсэн, зоримог шударга тэгсэн атлаа их энгийн ард түмнийхээ дунд бужигнаж, тэмцэхдээ тэмцэж, уйлахдаа уйлж, дуулахдаа дуулж явсан хийсэн ажилтай, хэлэх үгтэй нүүр бардам ерөнхийлөгч байснийг нь энэ нийгмийнх нь өчүүхэн тасархай болсон би хүртэл баттай мэдэх юм чинь. Ямартаа л өнгөрсөн онд ерөнхийлөгчийн сонгууль болж И Мён Пак улс төрчийг ерөнхийлөгч болоход нь энд амьдардаг бид байтугай Солонгосчууд ч дасч өгөхгүй их л дургүй хүлээж авч, огцруулах эсэргүүцэл жагсаал нэг хэсэгтээ л үргэлжилсэн билээ. Монголчууд бидний хувьд хүртэл өнөөдөр Солонгос улс руу хууль ёсоор, гэрээгээр гарч ажиллаж, улс орон, гэр бүлээ тэжээн тэтгэж, Солонгосын аль ч сургуульд чөлөөтэй ирж суралцах боломжтой болсон зэрэг нь яахын аргагүй Но Мү Хён ерөнхийлөгчийн хувь нэмэр билээ. Ард түмний ерөнхийлөгч түүний энэ харуусам сонголтыг ард түмэн нь одоо хүртэл хүлээн зөвшөөрч чадахгүй “улс төрийн золиос” болсон хэмээн үзэн “Дараа ертөнцөд очоод битгий ерөнхийлөгч болоорой” хэмээн захиж хичнээн сая Солонгосчууд нулимс дуслуулан сүүлчийн замд нь үдлээ.
Харин манайд саяхан ерөнхийлөгчийн сонгууль бөөн дуулиан шуугиантай болж өнгөрсөн, идсэн ууснаараа толгой цохидог, авилгалын загалмайлсан эцэг хэмээн зарлаж зарлачихаад манайхан Н.Энхбаярыг Солонгосын прокурор шиг шударгаар шалгаад авилгалын эцэг мөн бишийг нь тогтоочихож чадахгүй л байгаа биз дээ. Монгол улсад иймэрхүү хэрэгт шүүх, цагдаа, прокурор зэрэг төр засгийн аппаратууд ам нь үдээтэй харин Солонгост ардчилсан нээлттэй ажээ. Шударга авилгалтай тэмцэгч хэмээн хашгирахаараа нэг хашгирсан Ц.Элбэгдорж ч тийм сайндаа, шударгадаа ялсан гэж бодохгүй л байна, Монголын ард түмэн зүгээр л энэ төрөөс, энэ засгаас хэтэрхий их залхаж, хэтэрхий их цөхөрсөндөө энэ бүхнийг өөрчлөх огт өөр “үнэхээр ард түмний ерөнхийлөгч гараад ирээсэй” гэж хүссэндээ Ху намаас өөр сонголтыг энэ удаа хийсэн байх. Н.Энхбаярын ямар ерөнхийлөгч байсныг бид харсан, мэдсэн харин Ц.Элбэгдоржийг би л лав авилгалын хэргээсээ болж амиа хорлосон Солонгосын экс ерөнхийлөгч Но Мү Хён шиг ерөнхийлөгч байж чадна гэдэгт итгэхгүй л байна.

09 May 2009

Ном уншмаар байна.

Надад ном бэлэглэх хэн нэгнийг хүлээгээд л... нэг юмыг бүүр үнэн голоосоо хийхийг хүсдэг нэг тийм мэдрэмж байдаг даа. Яг л тэр агшинд л хиймээр болох бүүр тэвчихгүй байж ядах... хийж байж л санаа амрах... заримдаа бүүр ямар нэг юмыг идмээр болох хүсэл ч бас адилхан... тэрэн шиг ойрд ном "идмээр" болоод удаж байна. Ойрд ааваас ном ирээгүйг хэлэх үү... дурласан таалагдсан номыг би хэд дахин уншдаг юм... хоёр дахь... гурав дахь... дөрөв дэх уншилтаас анхны удаагийнхаас илүү гоё таашаал мэдрэх тусам тэр номонд яг л эр хүнд дурладаг шиг дурлаж орхидог юм. Гэхдээ тэр дурлал өөрөөсөө бас нэг сонин хүсэл төрүүлээд байдаг нь гайхмаар... хэн нэгэнтэй хуваалцмаар... тэр номноос миний авсан таашаал мэдрэмжийг өөр олон олон хүмүүст яг л тэр чигээр нь мэдрүүлмээр... өөр олон олон хүнд уншуулмаар... дурлуулмаар... тэгэхлээр энэ дурлал эр хүнд дурлах дурлалаас өөр байх нь, харамлахгүйгээрээ...

Хамгийн сүүлд уншсан ном бараг 4-5 сарын өмнө байх даа Дармын Батбаяр "Бүтээхүйн зүй тогтол" /урлаг уран зохиолын ерөнхий зүй тогтлын тухай судалгааны ном/, Мишэл Де Монтень "Сонгомол эссенүүд", Б.Шүүдэрцэцэг "Сэтгэлийн Анир", Ц.Бавуудорж "Сарны шүлгүүд", аа бас аръябалын бясалгалын хэдэн номууд.... одоо өөр ном уншмаар байна аа. Хамгийн сүүлд намайг үхтэл дурлуулсан ном бараг жил гарангийн өмнө уншсан Г.Аюурзанын Цуурайнаас төрөгсөд л байлаа. Түүнээс хойш уншсан ямар ч ном түүнийг гүйцсэнгүй.
Би 6 настай сургуульд орсон гэсэн ч түүнээс өмнө аль хэдийнэ уншдаг алдаагүй зөв бичдэг байсан. Тэгэхлээр миний ном уншиж эхэлсэн түүх их эрт... тэр үед унших номууд, уран зохиолын том том туужууд бас түүхэн романуудаар, тэднийг бичдэг зохиолчдоор баян байсан л даа Монгол. Дахиад "Их хувь заяа" шиг, "Тунгалаг тамир" шиг, "Газар шороо" шиг, "Цаг төрийн үймээн" шиг, "Дурлал" шиг "Эр бор харцага" шиг бүүр "Оройгүй сүм" шиг зохиолуудыг бичих авъяастнуудаар, суутнуудаар дутаaгүй байгаасай Монгол.

Сүүлийн үед "Монголын утга зохиолын томчуудыг төдийгүй ард түмнээ "доош нь хийж", сэтгэхүйн хэмээх утга зохиолд огтоос хамааралгүй чиглэл гарган ард түмний тархийг угаагч, Өрнөөс хуулбарлагч, өөрөөсөө бусдыг үл тоомсорлогч" хэмээн хийхийнхээ хэрээр хэлүүлж бас бичүүлж шүүмжлүүлж яваа Г.Аюурзана л залуу үеийнхнээс өнөө Монголд романы төрлөөр ганцаараа бичиж байгаа мэт санагдана. Ямартаа ч Аюурзанаас шүлэг бичихээс нь илүүтэйгээр "Арван зүүдний өр" шиг нь, "Цуурайнаас төрөгсөд" шиг нь уншихад хүртэл авъяас шаардсан гоё романууд олноороо төрөх болтугай. Б.Шүүдэрцэцэгийн хэдэн өгүүллэгийг уншлаа, хүмүүс сүйд болоод байхаар нь.... би номыг хэд хэдэн янзаар уншдаг л даа... цайлж суух зуураа... орон дотроо хэвтээд... ширээний ард суугаад... ихэнхдээ бас 00-д... ямрыг нь тэгж ялгаж уншаад байдгийг өөрөө мэддэггүй ... гэхдээ л орон дотроо хэвтээд уншдаг номоо цай уух зуур, эсвэл хэн нэгэн дэргэд байгаа үед уншиж чаддаггүй юм. Шүүдэрцэцгийн номыг бараг хагас цагийн дотор жимс идэж хүнтэй ярьж суугаад л уншчихлаа... уншихад ямар ч тархи ажиллуулах, анхаарал зориулах шаардлагагүй ажээ. Харин Монтенийг нилээн тархиа зүдрээж байж уншиж дуусгалаа... ийм ном л салахын аргагүй амттай бас ийм номноос л "юм үлддэг" аж...

Тийм нэг салахын аргагүй амттай... хэд хэдэн ном уншсанаас илүү... намайг дурлуулах номыг хэн нэгэн надад бэлэглээсэй ойрын хугацаанд гэсэн....

04 May 2009

Ээжийг санаад....

... Ээжид зодуулж ер үзсэнгүй... үзсэнгүй ч гэж ээж бид хэдийг зодох нь байтугай барагтай ширүүхэн ч гар хүрч байгаагүй юм байна. Өсөж том болох тусмаа бага байхаасаа илүү их зовоож алдаж энэдэн сэтгэлийг нь эмтлэх бүрт ээж минь өнгөн дээрээ загнаж, үглэвч дотроо охиноо өмөөрч суудаг.... өмөөрч суудгийг нь мэддэгтээ ч охин нь өдий хүртэл бие нь томорчихоод ухаан нь "томрохгүй" буруугаар эрхэлсээр яваа биз ээ....
Миний ээж дэндүү зөөлөн хүн. Зөөлөн хүн гэхээр л гаднаа хүн аргадаж, царайчилсан, дуу шуу муутайхан номой нэгнийг хэлдэг гэж би боддоггүй. Ээж минь муухайг нүүрэн дээр нь ширүүхэн хэлж, мууд хатуухан үгийг шулуухан хэлдэг дуу шуутай шударга нэгэн. Гэсэн ч сэтгэл нь ам шигээ сайн мууг ялгаж чаддаггүйг нь бас мэднээ, орсон гарсан амьтан ах дүүс, төрөл садан бүүр огтоос хамаагүй хүмүүст ч хоол цай, ер нь юу байгаагаа л барин сүйд болно, харамлах сэтгэл ээжид минь жаахан ч болов байгаасай гэж заримдаа нүгэл хураан боддогсон. Ээж орчлонгоос нэг их юм хүсдэггүй ч ээжийн нэг хүсэл нь ердөө өгөх юм л байвал хүмүүст өгөөд байх санаатай. Даанч өөрийнх нь дураар тэгж ихээр нь бусдад өгөөд байх юм нь ховорхон тул заримдаа яаж ч чаддаггүй байх гэж би боддогийн. Энэ тал дээр ээж үнэхээр залхмаар уулгамч тул энэ туйлшралыг нь сайных юм уу муугынх юмуу би мэддэггүй. Tаних танихгүй хөдөө гадааны зочин гийчин их ирнэ... ээж хоол цай болно... зочны өрөөнд ч зочин, гал зууханд ч зочин... заримдаа бид залхаж тээршаан их л дургуйцдэг байсан. Одоо бодохнээ хичнээн эмэгтэй хөдөөнөөс ирж амаржихдаа ээжээр минь шөлөө хийлгүүлж, хичнээн хүн хөдөөнөөс ирж эмнэлэгт хэвтэхдээ ээжээр минь хоолоо зөөлгүүлснийг бүү мэдээ. Их л том ухаан суусан хүн болох гэж ээжид хаяахан "харамлаж, нарийлахын ухаан"-ыг цухас цухуйлгахад "Түмэнтэйгээ явсан хүн ер буруудахгүй, олон түмэн, амьтан ах дүүгийн буянаар л өдий дайтай сайн яваа гэж бод, битгий дэмий юм ярь" гэх нь холгүй эсэргүүцнэ. Нээрээ ч өдий наслатал нь хэн нэгэнтэй муудалцаж, муу санаж, муу хэлж, хэн нэгэнд гомдоллож явахыг нь нэг ч удаа харсангүй. Ээж хэзээнээсээ л өөрийнх нь хэлээр "олонтойгоо яваа хүн". Ядарч зүдэрч, өвдсөн зовсон олон хүний дэргэд байж, тус болж явсан болохоор тэр олных нь буян ээжид минь ирнэ гэдэгт өөрөө ч итгэдэг, бид ч бас итгэдэг билээ.

... Бүх л ээжүүдийнх тийм байдаг биз дээ... ээжийн гар их зөөлхөн. Юу ч хийсэндээ тэгдэг байсан юм бүү мэд би ээжээр их "илүүлж, бариулдаг" байлаа. Ээжтэй хүний жаргал тэр юм болов уу, их л эрх бас тэнэг байж.... Хорин хэд насалж тусдаа гартлаа ээжид ганц өглөө босож өгч үзсэнгүй ... өглөө дуудуулж дуудуулж, уурлаж босоод бэлдэж өгснийг нь идэж уугаад л сургуульдаа эсвэл ажилдаа гарна... оройтож ирээд хийж өгсөн хоолыг нь голж идээд л унтаад өгнө... ээж шөнө бүтэн нойртой унтана гэж бараг үгүй. Гал зуухтай ноцолдон бидний сандрааж орхисон хувцас хунар, хоол ундны үлдэгдэл, аяга тавагтай зууралдсаар бараг шөнө дунд л орондоо орно. Тэгэхэд нь ажлаас орж ирэв үү үгүй юу "ядарлаа, нуруу хөшлөө ээж бариад өг" гээд гарыг нь хүртэл амраадаггүй тийм л тэнэг байлаа. Одоо ч тэр хэвээрээ... Ээжийн гар их зөөлхөн болохоор гар хүрч байгаа нь бараг мэдэгдэхгүй чангахан дар гэхээр чанга дарахаар цохилбор нь таарчихвал үхчихдэг гэсэн гээд охиндоо чангахан ч гар хүрч чаддаггүй тийм зөөлөн .... ээж биднийг тэгж л хайрладаг.

...Ээжийгээ зөндөө гомдоосоон... гомдож цөхөрдөг бол цөхөртөл нь гомдоосон. Гэсэн ч "эх хүн үрдээ гомддоггүй юм" гэдэг үгийг хаанаасаа ч юм олоод сонсчихсондоо л сэтгэл амар явдаг тэнэг толгой би... сайн сайхан хүн болох гэж нуугаад ч яахийм билээ. Ээж ааваас хол нэг жил гаруй амьдарлаа... өөрийгөө том хүн болчихсон л гэж бодож байж.... бүүр дараа нь ээж тэр үед гадаа алхаж явахад нүднийх нь өмнө байнга миний царай гарч ирж харагдаад нүдэнд нь нулимс дүүрчихээд урагшаа алхаж чадахгүй байсан гэж хэлэхэд нь өр өмрөх шиг болж гадаа гарч гэрийнхнээсээ нуун нулимс дуусдаг бол дуусахаар болтол уйлсансан. Одоо хүртэл тэр үед ээжийн хэлсэн үгийг, ээжийгээ бодох бүр гол зурж хоолой руу нэг юм огшдог. Ээжийг би баярлуулж байсан юм болов уу... миний муу ээж уг нь жаахаан юманд баярлаж муу хүүхдээ сайн болгож худлаа магтан, хавийн ээжүүдэд хүүхдүүдээрээ бахархан онгирох дуртай. Дунд сургуульд арван жил, их сургуульд дөрвөн жил дараалан онц суран, олимпиадууд, ОЭШБХуралд илтгэлүүд нь түрүүлж, шилдэг оюутнаар шалгарч, сургалтын төлбөрөөс чөлөөлүүлэх тэтгэлэгт хамрагдан, дөрөвдүгээр курсээсээ сургуульдаа багшилж, улаан дипломтой төгссөн л гэж миний ээж охиноороо онгирох дуртай. Ингээд л болоо.... миний ээжийг баярлуулсан гэвэл ердөө л энэ. Дандаа л энийг ярьна.... үнэхээр ээж минь энүүхэнд баярласан бол өөрөөр би ээжийг баярлуулж үзсэнгүй.

...Ээжийн өөдөөс үг сөрж маргадаг байлаа... миний төлөө л сэтгэлээ өвтгөн байж чулуу шиг хүнд үгийг хэлэхэд нь тэнэг охин нь өөдөөс нь эсэргүүцэж биеэ өмөөрөн уурладаг байлаа. Харин охиноо төрүүлээд өөрөө ээж болсон цагаас хойш нэг ч удаа ээжийн урдаас үг хэлсэнгүй... хүн аминч муухай байгаа биз... өөрөө ээж болохоороо л тэгж байгаа юм. Жирэмсэн байхдаа албатай юм шиг ээжээр биеээ тослуулж, илүүлж, массаж хийлгүүлж сүйд болдог байж... харин төрснөөсөө хойш ээжээр хүүхдээ шөнө харуулж, өлгийдүүлж, асруулахгүй юм шүү гэж хатуу бодсон... өөрөө хичнээн шөнө нойрыг нь хасаж зовоочихоод дахиад хүүхдээ харуулж бас зовоохгүй юмсан л гэж бодсон.

... Гэдэс өлссөн үед хамгийн их санагддаг ээжийн хуушуур үнэн тасархай... тасархай гэж өөр хаана ч хэн ч гүйцэхгүй үнэхээр тасраад гарчихсныг хэлдэг байх, энд тэнд олон хүний, олон айлын хуушуур идэж үзсэн ч ээжийн хуушуур шиг том бас улаан шаргал, тийм амттай хуушуур үзээгүй шүү. Энд хаяахан хуушуур идмээр санагдсан үед тос усыг нь үсчүүлэн, гар хөлөө түлэн барин, хамаг муу үгээ дуусган байж тааруухан юм хийж идэх үед ээжийн хуушуур нүдэнд харагдаж, аманд амтагдах шиг болдог. Миний хувьд ээжийн хуушуур бол brand.

Ичмээр бас нэг дурсамж... ичээд яахав дээ, үнэн юм чинь. Царай муутай охин нь хоёрдугаар курстээ билүү дээ нэг тэмцээнд орох болов оо... яаж ч яваад орох болчихсон юм бүү мэд ээ... өөрөө зүүдлээ ч үгүй байтал хүмүүс л албадаад байсан хэрэг л дээ. Ер нь миний оюутан нас энд тэнд тэмцээн уралдаанд л голдуу оролцож өнгөрсөн мэт санагддаг ч... гэхдээ яг тийм эмэгтэйлэг чиглэлээр бол анх удаа бас цорын ганц удаа байлаа... Манайх Шилүүстэйдээ байсан, аавтай эхлээд утсаар ярьлаа яах вэ гэж асууж байгаа юм л даа тэгсэн аав "аав нь яaж мэдэх вэ ээжд нь хэлъе" гэлээ харин ээж бараг маргааш нь л авдрандаа байсан цэнхэр пүүсүүг цүнхэлж аваад машинд суугаад хүрээд ирж билээ. Ээж одоогийн хүүхнүүдийн загварын дээлнүүдийг бараг нэг шөнө л оёно... бас өөрөө шинэ гоё загвар гаргана. Намирсан цэнхэр пүүсүүгээр охиндоо жигтэйхэн гоё үндэсний загварын дээл шөнөжин сууж оёж өгч билээ...

... Миний ээж ажилсаг, эртэч, сайхан ааштай, орсон гарсанд ундтай, найз нөхөртэй, эвсэг бас хүлээцтэй тэвчээртэй, ухаалаг, зөв эмэгтэй. Харин би яахлаараа тэгдэг юм бүү мэд ээжийн энэ сайхан чанаруудаас нэг нь ч алга юм шиг... ээжтэй өөрийгөө харьцуулахын ч хэрэг алга. Дур зоргоороо, залхуу бас санаанд таараагүй л бол хэнийг ч, юуг ч хүлээн зөвшөөрдөггүй, муугаа мэдэхгүй голомхой шилимхий, зожиг, бас омголон, салхи шиг заримдаа бүүр түймэр шиг.... хэн гэж тодорхойлоход хэцүү зөрүүд амьтан.

...Ээжийг бас аавыг их санахаар гол эгшдэг юм.... яг тэр мэдрэмжийг хэн нэгнийг голоо эгштэл санаж үзсэн хүн л мэдрэх байх... гол эгшиж өөрийн эрхгүй цурхиртал бүүр асгартал чангаар уйлмаар болдог. Гэсэн ч хүний нутагт нулимсыг ханцуйдаа биш зүрхэн дотроо л хадгалах ёстой. Ээжийг их санахаар би дуу дуулдагийн... ажил дээр гэнэт санагдаж хоолой зурж нүдэнд нулимс бүрхэхээр нь би

Сүүтэй энгэрийг нь чичрээж уйлахад минь сэрүүн ээж минь
Суугаа хоносон шөнө нь одноос олон байгаа даа
Зулай дээр минь залбирсан бурхан юм уу даа ээж минь
Заяа буяныг минь тэгшилсэн хорвоо юм уу даа ээж минь

Нүүрэн дээр минь мандсан наран юм уу даа ээж минь
Нүдээ нээхэд минь харагдсан тэнгэр юм уу даа ээж минь
Надаас уяатай сэтгэлдээ сэрүүн энэрэл ээж минь
Нараа тойрон эргэх сүүтэй ертөнц ээж минь

Дууны сэжүүр аргадаж дуудахад нь ойрхон байя даа
Үүлэн сүүдэр зайчилж үнсэхэд нь ойрхон явъя даа гээд дуулахаар тайвширдагийн. Явуухулан гуайн
"Дуулж суугаад ээжийнхээ уйлахыг нь үзэх гэж
Дуунд тийм чадал шингэдгийг мэдээд..." гэдэг шиг дуунд ямар их чадал шингэдгийг ээжийгээ санаад дуулж суухдаа л би мэдэрдэгийн... энэ дууг ээжийгээ их санаж байгаа үед заавал дуулаад үзээрэй. Яасан их тайвширч дотор онгойдог гээч... зүгээр л энэ дуун дотор ороод өөрийнхөөрөө дуулахаар нүдэнд торсон нулимс аяндаа эгшин тайвширч, зорьсон зорилгодоо хүрэх тийм их хүч ээжээс минь надруу урсаж ирэх шиг болдог юм.

12 April 2009

Өөрийгөө судалцгаая, өөрийгөө нээцгээе...

Бусдад хэрэггүй байж мэдэх ч өөртөө хэрэгтэй жаахан мэдээлэл бичмээр санагдаад... Ер нь бол бичлэгээс маань "Болорхон үзэл" л нэвт ханхлаад байх болж / энэ тийм сайн юм ч биш дээ уг нь ккк/ .... за ингээд шинжлэх ухаан, утга зохиол, улс төр өөр юу юуг ч билээ судлахаас өмнө юуны түрүүнд өөрийгөө судлаад үзъе...
Би доор нэг постонд "Хүн гэдэг хэзээ ч өөрийгөө мэддэггүй нэг бодлын хүмүүс голдуу бусдыг дуурайж, бусадтай барьцаж, өөр хүний хүслээр амьдарч явдаг учраас яаж ч өөрийгөө сонсож мэдэрч мэдэх билээ. Уг нь хүн бүр давтагддаггүй учир хүн бүр индивидуалист байж чадах бөгөөд юм бүхний учир шалтгаан зөвхөн хүнд өөрт нь л бий... өөрөөсөө асуулт асууж, өөрөөсөө хариултыг нь олж, бусадтай бус зөвхөн өөртэйгээ "барьцаж", сайхан муухай бүхний учигыг өөрөөсөө хайж, өөртөө эзэн байж, бас өөрийнхөө боол байж амьдръя" гэж бичсэн. Энэ удаагийнх ч бас түүнтэй холбоотой.
Өөрийгөө судлахдаа хүн эхлээд өөрийнхөө юу ярьж, хэлж, юуг бодож сэтгэж явдгаа юуны түрүүнд анхаарч үзүүштэй санагдана. Ямар зүйлийн тухай байнга ярьж явдгаа судлах хэрэгтэй мэт. Амны билгээс ашдын билэг гэж оргүй үг биш. Хэн юу ярьж явдгаас нь тэр хүнийг тодорхойлж болно. Зорилготой бүтээлч хүн бол үргэлж өөдрөг зүйлийн тухай ярьж явахад зорилгогүй хийх ажилгүй хүн бол хов ярьж явдаг ба арчаагүй хүн бусдыг муулж бусдаас үргэлж өө харж явдаг. Хүнийг хувцсаар нь угтаж ухаанаар нь үддэг. Тийм ч учраас хүмүүс бид ихэвчлэн хүнтэй эхлээд уулзахад гадаад төрх нь бидэнд ямар нэгэн сэтгэгдэл үлдээх боловч түүнээс илүүгээр ярианаас нь, ярих өнгө аясаас нь, юуны тухай ярьж байгаагаас нь тухайн хүнийг хэн бэ гээд дүгнэдэг. Иймд бид өөрсдийгөө хэнтэй юу ярьдаг, ямар өнгөөр ярьдаг, хэл ярианы хир зэрэг соёлтой билээ гэдгээ бас судлах ёстой. Байн байн хараал урсгаж, бүдүүлэг үг хэрэглэдэг бол та заавал засаарай, ийм хүнийг хэн ч хүндлэхгүй, хэн ч тоож харьцдаггүй шүү. Зөв сайхан ярьж явдаг хүний ажил үйлс нь ч амархан бүтдэг. Ихэнхидээ бид өөрсдийгөө маш бага судалсан байдаг. Өөртөө ямар авьяас байгааг, бусдаас аль чанараараа давуу байдгаа бараг л анзаарч мэддэггүй насны ихэнхийг өнгөрөөж, асар их боломж бололцоогоо алдсан хүмүүс дэндүү олон. Өөрийнхөө сайн давуу чанарыг эрт мэдэрч хөгжүүлж чадвал авьяасгүй хүн гэж үгүй. Иймээс бид өөр олон зүйлийг судлaж толгойгоо эргүүлэхээсээ өмнө өөрийгөө маш сайн судлаж, өөрийгөө юунд сонирхолтой, юунд дуртай, хэн болохоо мэдэрч мэдсний дараа өөртөө тохируулан сонгож судлaвал илүү амжилт гаргаж чадах мэт санагдана.
Ингээд миний хувьд өөрийгөө дараах байдлаар судлахыг оролдож байна; өөрийнхөө хэл яриаг, өөрийнхөө ачаалал даах чадвар буюу хатуужил тэвчээрийг, өөрийнхөө гадаад төрх имиджийг, өөрийнхөө хүсэл мөрөөдлийг, өөртөө бусдаас илүү ямар чанар байгааг, өөрийнхөө орчнийг, найз нөхдөө, өөрийнхөө сурч мэдэх нөөц боломж, чадвараа, өөрийнхөө мэдрэмжийг, бас өөрийнхөө мэдрэхүйг, өөрийнхөө зөн совин гэх мэт үзүүлэлтүүд дээр анхаарал тавин харьцуулж үзэх хэрэгтэй болох нь.
Үүний зэрэгцээ найз нөхдөө сонгох нь бас их чухал үүрэгтэй. Хэнтэй нөхөрлөнө тийм л хүн болдог ямартаа л сайнтай нөхөрлөвөл сарны гэрэл, муутай нөхөрлөвөл могойн хорлол гэж үг байдаг штээ. Найз нөхдийг шилж сонгож нөхөрлөх хэрэгтэй. Энэ тал дээр би харин нилээд хатуу бодолтой байж магадгүй. Миний сэтгэл дотор нэг их том өндөрлөг байдаг юм шиг санагддаг бөгөөд хэн нэгэн тэр нөхөрлөлийн өндөрлөгт хүрч гэмээнэ сая жинхэнэ найз нөхөр минь байж чадна гэж боддог. Ер нь хүн өөрийнхөө зан ааш, авьяас чадвартайгаа ойролцоо хүнтэй нөхөрлөвөл, өөрөөр хэлбэл өөртэй чинь эн тэнцэх тийм л хүнтэй нөхөрлөх ёстой мэт санагддагаа ч бас нуугаад яахав. Гэхдээ сонгох эрх бол таных шүү дээ. Амьдрал бол тэр чигээрээ сонголт гэж ярьдаг, тийм ч байж болох ч үгүй ч байж бас мэднэ. Амьдрал сонголттой байх эсэх нь зөвхөн танаас л шалтгаална, бас зөв сонголтыг хийж, амьдралаа гэрэл гэгээтэй болгох нь хэнээс ч биш танаас л шалгаална.

05 March 2009

Монголчууд үнэхээр хүний мөс сайтай юу?

Хүмүүс бид магтах магтуулах дуртай ер нь хараад байхад хүний сэтгэл зүй өөрийгөө үнэлэх, өөрийгөө дөвийлгөн бодох, сайн талаа илүү анзаарахаас үл бүтэх олхиогүй зан чанараа үл анзаарах, бүүр огтоос анхаарахыг хүсэхгүй байх нь илэрхий байдаг.... ямартаа л хүнд муу муухайг нь сануулахаар уурлаад эхэлдэг нь үнэн биз.....
Гэхдээ л Монголчууд бидэнд өрөөлийг дарж өөрсдийгөө өргөх өвчин бий. Үнэн худал нь мэдэгдэхгүй Монголчууд хүний мөстэй, монголчууд шиг тусархаг бас нутгархаг, монголчууд шиг эвтэй, монголчууд шиг өглөгч өгөөмөр, сайхан сэтгэлтэй улс үндэстэн байхгүй гэж хөл хөөр болцгоодог. Хэлэх нэг өөр хийх бүр угтаа түүнээс огт өөр зүйл гэдгийг бид мэднэ.
Дээрх үг үнэний хир ортойг нутагтаа байхад над мэт нь мэдээж анзаарахгүй л дээ, нутгархахын өвчин, агуу Толстойн ёжилсноор "Патриотизм - последнее прибежише дураков" /Адгийн тэнэг аргаа барахаар эх оронч/ гэгчээр муугаа мэдэхгүй эх орон гэж дөвчигнөж гүйдэг надад хэн нэгэн нь тэр үед - "За тэр Монголчуудын чинь хүний мөс хаана байнаа..." гээд хэлчихвэл "Энэ байна" гээд бөөн хэрүүл уруул зодоон цохион гаргаж мэдэх байсан байх шүү. Гэтэл хилийн дээс алхаад шал өөр юм аа... өөр юм. Зарим нэгэнтэй харьцуулахад залуу насаа элтэл хүний нутагт олон жилийг үдээгүй ч гэсэн цөөхөн хэдхэн жилд хүний нутгийн хүйтэн салхинд алгадуулан байж бодсон минь, бясалгасан минь, ухаарсан минь өчүүхэн ч гэлээ зөв буруу, үнэн худлыг ялгах гэж ядаж бас ядарч явахдаа олсон их том олз минь юм шиг санагддаг юм.
"Нутагтаа байхад хүн гэдэг харалган байдаг юм байналээ, сайхан муухай, сайн муу юуг ч анзаардаггүй..." гэж энд бас л нэгэн эгэлгүй хүнтэй ярилцаж суухад хэлж билээ. Миний нэг найзын эхийн тухай шүлгэнд
"... Таниасаа холд элээсэн гандуу жилүүдийн урсгалд
Тахих бурхан, цэрвэх чөтгөрөө таньсан ч... " гэсэн сайхан мөр байдаг. . .
Нээрэн л тахих бурхан цэрвэх чөтгөрөө таньж ядсан тэр жаахан ухаарлын минь надад ирсэн зам нь хүний газрын эрээн бараан дундуур л сүлжсэн байна одоо харахад.....
Энд Солонгос улсад би вээр сайхны ч хажуугаар саарын ч хажуугаар саар, сайхныг аль алиныг нь өөртөө хаман урсаж л явна. Анх ирэхдээ одоогоо бодоход арай гэнэн бас тэгээд омголон "-За тэгээд Монголчууд бид л хүмүүс шүү дээ бусад нь бол хүн биш" гэх нь холгүй л цээжээ дэлдэж явсан минь саяхөөн. Гэтэл дотор нь орж ирээд л бараг л ирсэн эхний өдрөөсөө Солонгос улсад улаан мөнгөний боол болчихсон нутаг нэгтнүүдээ харж тэдэнтэй мөр зэрэгцэн ажиллаж амьдрах тусам эмгэнэж, эмгэнэн өрөвдөх тусам нөгөө эмзэг зүрх минь улам хатгуулдаж архагшчихаад одоо заримдаа их хүндээр сэдрэх юмаа.
Хаана ч аль ч улс оронд, аль ч нийгэмд ер нь ертөнц дээрх амьтай амьгүй бүхэнд сайн, муу хоёр гэдэг зэрэгцэн байдаг. Угаасаа сайн муу гэдэг бол угтаа нэг л юм, хүмүүс л хоёр огт өөр зүйл мэт эсрэгцүүлэн авч үздэгээс бус уг чанартаа сайн дотор муу нь ч оршиж муу дотор сайн ч байсаар байдаг билээ. Тэр л хуулиар Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа бидний хэдхэн монголчуудад эх орныхоо нэрийг гарган, сайн сайхан амьдарч яваа нь байх ч тэднээсээ олон Монголын эмгэнэлүүд амьдарсаар амьсгалсаар явааг харахаас ч нүд халтирч бичихээс ч зүрх халгамаар. Гэвч нүдээ анин чихээ бөглөн чимээгүй байж нэгэнт чаддаггүй хүмүүс ялангуяа над шиг нь зүрх халгалаа гээд бичихгүй байж болохгүй тул би бичиж байна, цаашдаа ч бичих л болно. Үнэн юм үнэнээрээ сайхан.
Би нэгэнт харь оронд амьдарч байгаа хүн зөвхөн монголчуудаас гадна өөр олон улс үндэсний хүмүүсийн энд хэрхэн амьдрадгийг хэрхэн ажилладгийг мэдэх боловч тэднийг нөгөө л манай Монголчууд шиг шуудайд хийсэн үхрийн эвэр шиг арсалдахыг нь харсангүй монголчууд шиг өөрөөсөө дээр нэгнийхээ араас араа шүд хэл амаа хурцлан уралдахыг үзсэнгүй, өвдөөд хэвтчихсэн нэгийгээ мэдээгүй царайлаад өнгөрөхийг нь харсангүй, мөнгөгүй ядарч яваа нэгэндээ жишим ч үгүй мөрөө хавчихыг нь харсангүй, мөнгөний төлөө нэг нь нэгнийгээ матаад "бариад өгчихыг" харсангүй, өглөө үүрээр гудамжинд эмэгтэйчүүд нь согтуу явахыг үзсэнгүй, нийлж архидаад нэгийгээ эрэмдэг болтол зодчихоод метроны замд аваачаад хаячихыг нь харсангүй, өөр хүнд хайртай боллоо гээд бүсгүй хүнийг хороочихыг харсангүй. Үнэхээр бичих байтугай уншихаас халгамаар байгаа биз... Муу муухай бүхэн заримдаа Монголчуудаас л сонсогдоно.... аймаар бас гутармаар. Монголчууд хамгийн нутгархаг гэнэ ...үгүй шүү, хаана ч аль ч улсад явсан хятадууд л бие биедээ хамгийн нутгархаг ханддаг нь ажиглагддаг, миний хувьд л лав монголчуудаас тусламж гуйснаас ажилгүй болсон үедээ индонезээс ажил сураглаж, цалин буугаагүй үед хөрш шри-ланкаас мөнгө зээлж, картгүй болсон үедээ хамт ажилладаг филиппины утас гуйж явсан минь олон. Чадахгүй ч гэсэн тэд бие биенээсээ дамжуулан ажил асууж өгч, байхгүй ч гэсэн бие биенээсээ дамжуулан мөнгө олж өгөхийг хичээдэг юм.
Энд хаяа нэгтгэн амьдрах Монголчуудын зарим нэг надад хэрэггүй үйлдлийг эс өгүүлэн өгүүлэхэд монгол хүний ясны зан нь юм уу хүнтэй барьцаж хүнээс хамаарч амьдрах туйлын дуртай, нэгнийхээ өмссөн гутал, идсэн хоол, хэрэглэсэн гоо сайхны бүтээгдэхүүн, эдэлсэн ээмэг зүүлт, за тэгээд цаашилбал амьдрадаг гэр орон гээд яг дуурайгаад өөрөө хэн гэдгээ мэдэхээ байтал хуулбарлахын өвчин. Хүний хүслээр амьдрах дуртай ийм хүмээст ичих эмээх, санаа зовох энэ тэр сэтгэлийн үйлдлүүд огт ажилладаггүй юм шиг байгаа юм. Зарим хүмүүсийг хараад гэнэт гадна талаас нь өөрийгөө харсан юм шиг цочих бол өдөр тутам тохиолдож болно. Хүн хүнээс хамааралгүй олны хөлөөс холхон шиг аглагт суух эсвэл олны дунд байсан ч хувь хүний шинж чанараа хадгалан орших юутай сайхан бэ? Би боддогийм хүч тэнхээтэй хэнээс ч юунаас ч хамааралгүй тийм эрхэмсэг оршихуйд суралцахиймсан гэж... Би гайхдагийм элэгэнд наалдсан дэлүү шиг хүнд наалдаж, хүн дуурайж, хүнтэй барьцаж, хүнээс хамаарч амьдрахын утга учир юунд байнаа гэж.....
Хүүхэд байхад уншиж байсан санагдана Барамсай гуайн билүү Доржготов гуайн нэг хошин өгүүллэг эхнэр нь хүүхнүүдийн өмссөн зүүсэн эдэлсэн хэрэглэсний хойноос үхэн хатан дуурайж тэрнийгээ амьдралын зорилго мэт болгочихсонд эгдүүцэж эмгэнэсэн нөхөр нь нэг өдөр эхнэртээ хүний өрөөсөн нүдээр хийдэг цоо шинэ загварын гутал гарч гэнэ, жинхэнэ нүдтэй тэр гутлыг хүүхнүүд нүдээ авахуулж хийлгээд өмсч байгаа тухай хэлээд эхнэрээ яахнуу гээд хартал цаадах нь бодож бодож байснаа их өвдөх болов уу гэж асуусан тухай өгүүллэг байдаг. Энд байдаг Монгол зөвхөн хүүхнүүдийн төдийгүй бүгдийнх нь амьдрал ердөө л энэ хошин өгүүллэг.
Яагаад ч юм цусны найрлаганд минь "индивидуализм" гээч юм хэт шингэчихсэндээ тэрүү зөвхөн өөрийгөө бодож, өөртэйгээ ярьж, өөртэйгээ амьдрагч "арчаагүй" зантай би гэдэг хүн ийм л эх орон нэгтнүүдийнхээ дунд нь байв чиг алхаа нийлэхгүй юм аа заримдаа .... Үнэхээр тэдэнтэй үг хэл санаа бодол минь нэгэн зүгт нийлдэг болох тэр цагт сүнс минь намайг орхих биз дээ.
Анх энд ирснийхээ дараахан "Инээгээд хэлмээргүй үгс" гэсэн нэртэйгээр нэг пост блогтоо бичиж байсан. Тэнд өчигдөр худалдаж авсан ээмэг бөгжийг минь маргааш нь гэхэд энэ хавийхан бүгд мэдчээд урд шөнө уншсан номыг минь хэнч сонирхохгүй юм гэж би гомдоллож байсан. Ном энэ тэрийг бол бүүр мэддэггүй хүмүүс ихэнх нь шударга хэлэхэд бүүр сонирхох ч үгүй. Бараг чөлөөт зав гэж байхгүй өдөр бүр "өглөө ажил орой гэр" гэсэн ганцхан замтай тэднээс амралтын өдрөөр юу хийдэг вэ гээд нэг эмэгтэйгээс асуутал "Бид гэртээ неттэй нэгнийдээ эр эмгүй бүгд нийлээд порно кино үздэг эсвэл бүтэн сайн өдөр бүр шоуддаг /тэр нь нийлж архи пиво уухыг хэлж буй болтой/, пиво энд чийг ихтэй газар уушгинд сайн ш тээ, чи ч гэсэн ууж байгаач" гэсэн хариулт сонсоод би муужирч унахаа шахаж билээ. Эхэндээ надаар тоглож байна гэж бодсон ч байнга ойрхон байж амьдралын тэр хэв маягыг нь харж сүүлдээ бүүр гайхахаа больж дасаад, ажил дээр ирээд шартлаа хэмээн өдөржин бөөлжихыг нь хараад өмнөөс нь нэг их өрөвдсөн юмдаг. Өрөвдөхөөс ч өөр яах билээ дээ би...
Чөлөөт зав гардаггүй өглөө гараад хүсээгүй ажлаа хүний дарамтан доор хийж орой харуй бүрийгээр аяга хоол хийж идээд унтдаг энэ хэвшил аажим аажмаар тархи оюуныг нь сэтгэл зүрхнийх нь хамгийн сайхныг нь арчсаар өөрийн мэдэлгүй өөрийг нь ажлын мал болгочихдог, мөнгөний боол болсон хувь тавилантай нь эвлэрүүлчихдэг энэ бичигдээгүй дүрэмд баригдахгүй гэж би аминдаа их хичээдэг юм. Ялгаа байхгүй хар ажлыг нь хийж яваа ч гэсэн би өөрөө өөртөө дур мэдэн чөлөө өгч нэг өдрөөр бүү хэл заримдаа нижгээд өдрөөр ажилд гардаггүй, ажилд гарахгүй байлаа гээд тэр өдрийн цалин байхгүй гэсэн үг л дээ. Энэ бол миний хувьд бусад хүмүүсийн боддог шиг тийм айхтар аюул биш. Өөртөө цаг гаргасан тэр үедээ би номоо уншдаг, шүлэг, өгүүллэг, нийтлэл эргэцүүлэл гээд бодсон бүхнээ бичдэг харин би тэрнээсээ мөнгөтэй болсноос хэдэн зуун хувь илүү сэтгэлийн таашаал амсдаг.
Xэдийгээр ахуй минь хараахан тэгшрээгүй, санхүүгийн эрх чөлөө гээчид нь хүрч амжаагүй байгаадаа энд хүний нутагт хүсээгүй ажлаа хийдэг ч гэсэн нэг өдөр өөрийн хүсэлдээ цаг гаргачих зориггүй мөнгөний боол мэт амьдрахыг би хүсдэггүй. Амьдралын мөн чанар болж чаддаггүй хоосон чанартай энэ мөнгөнд бууж өгчихөөд түүнээс илүү үнэ цэнэтэй зүйл бидэнд байгааг харахгүй, түүнийгээ хаяа ч гэсэн мэдэрч чадахгүй он цагийг элээх харамсалтай биш гэж үү??? Гэтэл энд ердөө хүн чанар гэдэг чинь ёстой үлгэрт л байдаг байх гэж хэлээд зогсч байх мөнгөний боолууд л олон байх.... хэдий бүгд адилхан мөнгөний л төлөө ирсэн ч гэсэн за яахав, тэр боловсрол мэдлэг нь байхгүй байг гэхэд хүн чанар, хүн сэтгэл, ёс суртахуун, жудаг ёс, халуун дулаан сэтгэл, бие биедээ итгэх итгэл, нэгнээ хайрлах хайр, хүндлэл, ойлголцол, харилцаа энэ тэр бол гэгээн цагаан өдөр гэрэл бариад явсан ч олдохгүй......
Энд зайлшгүй оруулах бас нэг гутамшиг бол эр эмийн харилцаа, эхнэр хүүхдээ мартан эх шигээ насны эмэгтэйтэй явалдах, нялх үртэйгээ хайртай гэж утсаар ярьчихаад эргээд хажуудаа байгаа эмэгтэйг тэврээд хэвтэх тийм хоёр сэтгэлтэнгүүд монгол эрчүүд. Өөр хүнд тэврүүлчихээд нөхөртэйгээ утсаар яриад санаж байна гэж хэлээд сууж байдаг тийм урвагчид монгол эмэгтэйчүүд, тэр ч юу ч биш эхнэртэйгээ хамт байж баарны жорлонд өөр хүүхэнтэй байж байгаад гардуулж түмэнд булайгаа дэлгэдэг арчаагүйчүүд монголчууд. Энд эмэгтэйчүүд үнэтэй бас үнэгүй. Гэр бүлтэй бүлгүй, хүүхэдтэй хүүхэдгүй хамаагүй нэг нэг эрийн тэвэрт ирсэн дорхноо л багтана, дорхноо л сална, дахиад л өөр нэгтэй нийлнэ. Монгол эмэгтэйчүүд уг нь эрчүүдээсээ ухаалаг байсан түүх бидэнд зөндөө, төрийн хэргийг хаадуудаас илүү хатадууд маань ухаалаг шийддэг байсан хатан ухаан гэж Монголчуудад бий. Гэтэл өнөөдөр энэ хүний нутагт Монголын тэр хатан ухаан мэссенжэрээр танилцсан эрийнхээ хиртэй хөнжлийн захаар сэгсийсэн толгойгоо цухуйлгаад үд хүртэл унтаж байхыг харлаа. Үүр цүүрээр бор дарсанд хөтлүүлээд гуйвж явахыг харлаа. Үс гэзгээ зулгаалдах нь холгүй аманд багтахгүй үгсээр бие биесийнхээ булхайг дэлгэн их хотын гудманд эх хэл минь сүйрч байхыг харлаа. Азгүй хүн ээ дээ би гэдэг шиг...
Сайны дотор саар бий гэж би дээр хэлсэн, сайн сайхны хажуугаарх муу муухайг л би хэлж байна, бусдыг ухаан аваасай, жигшээсэй, сэрээсэй, сэхээрээсэй гэсэндээ үүнийг бичиж байна, угаасаа бичдэг хүнд ийм л ганцхан зорилго байдгаас өөр далд санаа байдаггүй.

Хүн гэдэг хэзээ ч өөрийгөө мэддэггүй нэг бодлын хүн дуурайж, хүнтэй барьцаж, хүний хүслээр, хүний амьдралаар амьдарч яваа хүн яаж ч өөрийгээ мэдэх билээ дээ. Гэхдээ л юм бүхний учир шалтгаан зөвхөн хүнд өөрт нь л бий шүү дээ... дор бүрнээ өөрөөсөө бүхнийг асууж, өөрөөсөө л хариултыг нь олж, бусадтай бус зөвхөн өөртэйгээ "барьцаж", сайхан муухай бүхний учигыг өөрөөсөө хайж, өөртөө эзэн байж, бас өөрийнхөө боол байж амьдръя Монголчуудаа!!! Тэгээд энэ нийтлэлийн минь гарчгийн хариуг өөрсддөө тавиад өөрсддөө хариулаарай.
Монголчууд үнэхээр хүний мөс сайтай гэж үү?

07 February 2009

Ингээд л миний нэр байдаггүй юм ккк

Блог, сайт хэссэн шиг мэдээ зэдээ хараад сууж байтал хачин юм хараад, гайхаад, гомдоод.... "Ингээд л миний нэр байдаггүй юм" гэж хэлэхээс өөр үг олдсонгүй гсн кккк.

Би энд ирснийхээ дараахан

Цэнхэр тэнгэрийн элгэн дээрээс нисч ирээд

Цээжний нугад эрхэлж үлдсэн нялх ангирханаа өрөө өмөртөл санаж хүний нутагт нулимс унагадгүйн учир элэг эгшээсэн нулимсаа зүрхэндээ атгаж байгаад нэг шүлэг бичсийм... тэгээд ч тэр л шүлгийг бичиж байхдаа шүлэг гэдэг зүрхнээс урсдаг нулимс юм байна гэдгийг улам гүн мэдэрсийм...

Гэтэл өөрийнхөө тийм эмзэг, нандин нулимсыг өөр олон хүний нэртэйгээр энд тэнд байгааг хараад сэтгэл жаахан эвгүй болж байна шүү. /Монголд зохиогчийн эрх энэ тэр хаа байна аа гсн..... шал худлаа ккк/ Гэхдээ яахав ээ, миний сэтгэлийн анир, зүрхний нулимс олон хүний сэтгэлийн утсыг хөндөн Эх - үрийн ариун холбоо, үрт хүний сэтгэлийн "зовлон" гэдэг л ертөнцөд хаанаас ч оломгүй ҮНЭН байдгийг ухааруулж үрээсээ хол байгаа эх, эхээсээ хол байгаа үрийн сэтгэлд нэгээхнийг шивнэж үлдээсэн л бол тэр нь дэндүү сайхан. Тэр нэр ус ч яахав...

http://shargaa.blog.banjig.net/post.php?post_id=85473#comments

.
.
.
Энд миний жил гарангийн өмнө охиндоо бичиж байсан бичлэг шүлэгтэйгээ хамт байгаа.

02 February 2009

Д. Болорхон


Орхиж одоод цээжний мананд сүүмэлзэх бүдэг дурсамжид биш
Огтоос биелэмгүй тэнгэрт цойлсон охь халуун мөрөөдөлд биш
Одоо л миний дэргэд гараас минь атгаад зэрэгцэн алхах
Олдож буй энэ л цаг хугацаанд би дурланам
Орчлонд байсан, байхгүй нь харагдахгүй
Огоорч сэхээрч дуулж уйлж явсан минь үзэгдэхгүй
Он жилүүдийн олон давхар харанхуй хөшгийг сөхмөөргүй
Одоо л хажууд минь суугаад шүлэг хэлэх энэ л цаг хугацааг хайрламаар
Өчигдрийн жаргалын дууг сонсохгүй үнэрийг үнэрлэхгүй
Өмнөөс тосох зовлонг танихгүй
Өөрөө өөрийгөө тэврээд өнчин цэцэг шиг дэлгэрэхдээ
Өнөөдөр дэлбээг минь илбэх энэ л цаг хугацааг хайрламаар
Өнгөрсөнд гуниг хүртэл гуниг биш байдгийм тэндээс юу ч бүү эр
Өнгөтэй өнгөгүй маргааш гэж байхгүй тэндээс юу ч бүү хүлээ
Өнө мөнх үнэн худал гэж үгүй хоосон хорвоод
Өөр юуг ч бодохгүй дэргэдээ байгаа цаг хугацааг л чагная
Анир намуухан сууж аяархан шивнэх үгийг нь сонсвоос
Алганд минь гэрэлтэх энэ цаг хугацаанд эхлэл гэж үгүй төгсгөл гэж үгүй мэт
Орчлонгоос надад илгээсэн дураараа задлах бэлэг дураараа эдлэх эрх чөлөө
Одоо л надтай ханьсах энэ л цаг хугацаанд би дурланам

Р.Энхтуяа

Ердөө л хайрлуулахын төлөө
Чиний торонд хоригдъё
Ер бусын араншингаар чинь
Эрх чөлөөгөө арилжъя
Хагацал мэт талын салхийг
Хань мэт үгүйлж
Хэлэх гээгүй хэгжүүн үгсээ
Хэсэгхэн дурсамж мэт нууя
Хэзээ ч хангинахгүй байж мэдэх
Түлхүүрийн чимээг хүлээе
Гадаах агаар ямар байгааг
Гарыг чинь үнсэхдээ мэдъе
Гунигаа хурааж
Гутлыг чинь гялалзтал тосолъё
Гудамжинд гээсэн төрөлх зангаа
Ганцаардлын сүүдэрт мартъя
Ер бусын өдрүүд өнгөрөхөд
Ердөө л хайрлуулахын төлөө
Чиний торноос би ниснээ

Ц.Галбадрах

Би бичээд бэх нь хатаагүй шүлэг байхад
Чи ургаад дэлбээлж амжаагүй сарнай байсан
Зөн татаж чамруу би харцаа урсгахад
Зүрх хувааж чи тэгэхэд дэлбээлсэн

Зүүд шиг энэ хоосон амьдралд
Зүгээр л өөрийнхөөрөө зовж болсонгүй
Үнэний наагуурх зовлонгийн тойрогт
Үйлэндээ баригдаж учралд дуудагдсан

Оногдсон тавилангийн муруйсан замын
Огтлолцол болгонд би хайр болж суралцсан
Хэлээгүй үгээ өөрлүүгээ шингээж
Хэнийг ч хайрлах цагаахан хайр болгоно

Би гэгээн хүслээ хорвоод цацсан шүлэг болгоход
Чи гэмшилгүй цагаан уянга болж түрлэг нэмээрээ

29 January 2009

Энэ өдрийн мэндийг хүргъе

Блогоос завсарлаад амар сайхандаа жаргаад хоёр сар гаран өнгөрчээ. Буцаад хүрээд л ирлээ блог минь бас блогчид минь сайн уу?
Гадаадад буй бидний өрөвдөм амьдрал гэр - ажил - мөнгө....
...Өнөөдөр баасан гариг. Зогсолтгүй эцэж цуцатлаа ажилласан өдрүүд ард өнгөрч ажлын хөлсөө авна. Ажил-гэр, гэр-ажил энэ давтамж бол гадаадад ажиллаж байгаа монголчуудын хэллэг. Ажилдаа бүх анхаарлаа хандуулж, зөвхөн ажиллаж, өдөр хоног яаж өнгөрч байгааг ч үл анзаарна. Цаг хугацаа, сэтгэл, хөлс шингэсэн энэ мөнгийг гартаа атган харж суухдаа " би юуны төлөө ингэтлээ зүтгэнэ вэ?"гэж асуухуйд, "миний төлөө" гэх шиг харь мөнгөний дэвсгэртийн тохуутай дүрс сэтгэл сэрдхийлгэж, дотор давчдуулах аж. Харь газрын хатуу хэцүү, өөрийн хүсээгүй ажлыг бусдын тохуутай харцан дор хийж, хаа нэг хүртэх энэхүү мөнгөн дэвсгэрт хамаг л залуу нас амьдрал, эрүүл мэнд, хүсэл тэмүүллийг минь нугачин дарсны төлөөс мэт харагдана. Хөлсөө урсган, сэтгэлээ хиртүүлэн байж олсон энэ мөнгөө өөрөөсөө ч харамлан, орхиод ирсэн үр хүүхэд, сэглээд орхисон амьдралынхаа төлөөс болгон явуулахдаа "яагаад?", "яах билээ?" гэдэг асуултаар сэтгэл зүрхээ "урна". Ганцаардаж шаналсан сэтгэл, өдрөөс өдөрт алдагдсаар байгаа эрүүл мэнд, холын холд тэнүүчлэх шаналгаа бүхэн өөртөө ч зориулах эрхгүй харь мөнгөн дээр "нулимс" болон дусална. ...Өнгөрсөн хавар болон саяхан надад, сэтгэлээ онгойлгож шаналлаа хуваалцах гэж бичиж ирүүлсэн 2 ч бүсгүйн захидал их зүйлийг бодогдууллаа. Монгол төрийн харалган арчаагүй бодлогын улмаас гадаадад амьдарч ажиллаж байгаа болон одоо гадаад орон руу тэмүүлж байгаа монголчууд бид юуг олох гэж юугаа золиослоно вэ? ...Өнгөрсөн 8 сар гадаадад байгаа монголчуудын хамгийн ачаалалтай үе нь. Бүх шатны сургуулиудын хичээл эхлэх гэж байгаа болохоор хүүхдүүдийн хичээлийн бэлтгэл, сургалтын төлбөр, өвлийн бэлтгэл, хоол хүнс, өдрөөс өдөрт үнэ нь нэмэгдэж байгаа хэрэглээг хангахын тулд явуулсан мөнгөөр Монгол оронд "бороо асгарна". Энэ мөнгө Монгол орны эдийн засагт их жийрэг болж байхад үүнийг хэн ч анзаараагүй дүр үзүүлнэ. Харин ч тэд харь оронд ажиллаж байгаа монголчуудаа "эх орондоо хайргүй", 'хувиа бодсон", "урвагч" гэхчилэн цоллоно. Харь орноос аав ээжийнхээ илгээсэн мөнгөөр Монголын боловсролын салбрын санхүүжилт, авилгал, урлагийн одонцруудын элдэв гоё нэртэй тоглолтууд, баар цэнгээний болон эрүүлжүүлэх газрын орлогыг бүрдүүлэх хүүхэд залуус. Виз нь дарагдаж, гадаадад гарах боломжоо алдахгүй гэсэндээ өхөөрдөм бяцхан үрээ аав ээж, ах дүү, анд нөхдийн аль нэгэндээ даатган орхиж, амьдралаа дээшлүүлэх гэж харь мөнгөний төлөө алсад одох аав ээжүүд. Тийм ээ! Энэ харь мөнгө монголчуудын минь амьдралыг сэглэж, эх үрсийг салган холдуулж, залуу нас, эрүүл мэнд, өөдрөг хүсэл тэмүүллийг нь "залгилж" байна. Цөхөрсөн сэтгэл. Харь орноос хөдөлмөрлөж олсон мөнгөө илгээж байгаа тэдний сэтгэл хөдөлмөрийг зөвөөр ойлгож тэдэндээ талархан баярлаж, амьдарлаа, бас өөрийгөө хөгжүүлж сайнаар зарцуулж байгаа нэгэн байгаа байх. Харин энэ мөнгийг утга учиргүй үрэн таран хийж, "сэтгэлийн хорсол"-оо илэрхийлж буй мэт тансаглан зугаацаж байгаа нэгэн бас байгаа. Явуулсан мөнгөөр нь хямд үнэтэй байр худалдан авч байгаа хэмээн ээжийгээ хуурч, эцэс сүүлд нь энэ аргаар бусдыг залилсан хэрэгтээ нилээд хэдэн жилийн ял сонсож хоригдсон дөнгөж 18 нас хүрч байгаа охины тухай хэвлэлээс уншсанаа санаж байна. Эцэг эхийнхээ явуулсан мөнгөөр дэгжирхэн гангарч, бусадтай өрсөлдөн тансаглаж, элдэв муу зүйл руу хальтирч орсон охид хөвгүүдийн тухай бишгүй сонсогдож байгаа. Эцэс сүүлд нь мөнгөнөөс болж эцэг эх, хүүхдүүдийн хооронд зөрчилдөөн маргаан үүсэж, ойлголцож чадаагүйгээс болж "тангараг" тасрах нь бас бий. Монгол эх үрийн хамгийн нандин "хүйн холбоос" нь тасарчихаар, алдагдсан тэр л хайр халамж, энэрэл, сэтгэлийг эргүүлж залгана гэдэг амаргүй. Учир мэдэхгүй ухаандаа сая саяар нь илгээх тэр мөнгийг амар хялбар олдож буй мэт төсөөлөх тэдний буруу бишээ. Орхиод ирсэнийхээ төлөө, санаж шаналах сэтгэлийнхээ төлөөс болгон хүссэн мөнгийг нь илгээх эхийн буруу бас бишээ. Амьдралын эрхээр дутуу дундуураа дүүргэх гэж, үр хүүхдээ бусдаас дутуугүй амьдрах боломжийн төлөө ийм зам руу түлхсэн төр засгийн буруу бий. Мөнгө бол хэрэгцээ болохоос сэтгэлийн холбоос бишээ. Юу юунаас илүү яагаад ийм их мөнгө бидэнд хэрэгтэй болох тухай, ийм мөнгийг яаж олдог тухай, яаж зарцуулах тухай, энэ тэвчээр ямар сайхан 'амь'дралд хүргэж болох тухай илгээсэн мөнгийг чинь гартаа авч зарцуулж байгаа үр хүүхэддээ ойлгуулах нь чухал байна. Таны мөнгийг тосч авахдаа, тэр л мөнгөн дээр дуссан таны хөлсний үнэр, нулимсны чинь үнэ цэнийг мэдэрч, зөв зарцуулж байх нь чухал байна. Тэр мөнгийг тойрсон олон муу "сүнснүүд" эргэлдэж байгааг бүү мартаарай. Нийтээрээ ядуу монгол оронд таны хүүхэддээ илгээсэн мөнгийг хуваалцах, хэрхэн зарцуулахыг зааж зөвлөх, үлгэрлэн дагуулах, санаа тавих "сайхан сэтгэлт" найз нөхөд, ах дүүс, асран халамжлагчид мундахгүй олон байгаа. Тэд мөнгө бол аз жаргалын түлхүүр , мөнгөгүй бүтэх юм гэж хаач үгүй, мөнгөнд дургүй хэн ч байхгүй гэдэг дууг таны хүүхдэд зааж өгч байгаа. Алсад байгаа эх үрсийн сэтгэлийн болон хүйн холбоос энэ бүхнийг давж гарч чадахгүй бол та гэртээ харь даа. Мөнгөнөөс үнэтэй хүүхэд гэж хаа ч байхгүй.Таны хүүхэд өдөр бүр таны царайг харж сэтгэлээ нар мэт гэрэлтүүлэхийг хүсч байна. Амьдралын оноо алдаа, баяр гуниг бүртээ таны л хайр зэмлэлийг хүсч байгаа. Хоосон ядуу ч гэлээ хамтдаа байж эрхэлж нялхархахын жаргалыг хүсч байгаа. Тэдний эцэг эхээ үгүйлж санасан сэтгэлийг энэ мөнгө төлж дийлнэ гэж үү. Өсөж яваа энэ л насандаа үгүлж байгаа хайр халамж магтаал зэмлэлийг энэ мөнгө орлож чадна гэж үү? Монгол оронд маань бүтэн мөртлөө хагас "өнчин" бүхэл бүтэн нэгэн үе өсч өндийж байнаа. Тэдний хүсч байгаа хагасхан хайр халамж, амхаарлыг энэ мөнгө төлж чадахгүй ээ. Сэглэгдсэн амьдрал. Гадаадад гэр бүлээрээ амьдарч байгаа хүмүүсийн хувьд элдэв асуудал шаналал зовлон арай л бага. Харин ганцаараа их зорилго, их мөнгөний төлөө багагүй цаг хугацааг элээн хөдөлмөрлөж байгаа хүмүүсийн хувьд байнгын ганцаардал, цөхрөл, шаналал эргэлдэж байдаг. Хайр сэтгэлийн халуун илчинд, аз жаргалаар бялхаж асан сэтгэл, цаг цагийн урсгалд бүдгэрч аажим аажмаар холдоно. Яг л араа шүд мэт тасралтгүй эргэлдэх харь газрын хатуу амьдрал, сэтгэл итгэлийг нь тасчин 'сэмрээнэ". Аргагүйн эрхэнд дутагдаж буй хайр халамж, нөмөр нөөлөг, ганцаардаж шаналсан сэтгэлээ "хамтран амьдрагч"-аар орлуулна. Учиргүй хайрлаж дурлахгүй мөртлөө, үгүйлгэдэн дутагдаж буй бүхэн ийм л сонголтод хүргэдэг. Хэн хэн нь ил гаргаж хэлэхгүй ч сэтгэл зүрхэндээ битүүхэн шаналах. Аажим аажмаар уусан дасах заримынх нь амьдрал тэр чигтээ "тасарч" эргэн залгаж чадахгүйд хүрнэ. Зарим амьдрал харь мөнгөний золиос болон 'арилжигдана". Анхандаа санаж, аажимдаа шаналж, алсдаа холдох сэтгэл харь мөнгөний өмнө хүчгүй. Өглөө бүр хайртай хүнийхээ өвөрт эрхлэн сэрж, өдөр бүр санан бэтгэрч, үдэш бүр эрхлэн жаргаж асан тэр л сайхан хайр энхрийлэл, өдгөө санаа алдах сэтгэлийн амьсгалд дурсамж болон бүдгэрнэ. Явуулсан мөнгөөр нь худалдаж авсан тансаг байрандаа хайртай хүнээ хүлээсэн сэтгэл нойр хулжааж, өнчин дэрэн дээр дусал нулимс чийг татан сэтгэл жиндээнэ. Нэгэнтээ Солонгост байгаа миний танил залуу "анх ирээд монголчуудтайгаа тааралдахад яагаад ч юм бэ тэдний нүдний гал нь унтарчихсан юм шиг харагдсан" гэж билээ. Хүний сэтгэлийн гал нь унтрахаар нүдний гал нь унтардаг юм даа. Амьдралаа сүйрүүлчихгүй гэсэндээ хүүхдүүдээ хувааж авч 2 өөр оронд амьдарч байгаа монголчууд цөөнгүй. Хаа нэг ярих яриа нь хүртэл бишүүрхүү тэдний сэтгэлийг энэ харь мөнгө хэзээ нэгэн цагт сэргээх болов уу? Хоосон ядуу байхдаа ч бялхаж асан хайр сэтгэл, тэр л амьдралыг энэ мөнгө эргүүлж өгч чадах болов уу? Тийм ээ! Мөнгөнөөс үнэтэй хайр сэтгэл, мөнгөнөөс үнэтэй амьдрал гэж үгүй ээ. Монгол оронд минь өдгөө хуваагдсан хагас амьдрал, багана нь хазайсан өрх гэр ч олширч байна. Үүнийг энэ харь мөнгө дүүргэж тэгшилж чадахгүй ээ. Ядахнаа л энэ төр засаг амлаад байгаа ажлын байр, рекламдаад байгаа 40000 айлын орон сууцаа баривал олон ч айлын амьдрал нь өндийж багана нь тэгшрэхсэн дээ. Алдагдаж байгаа цаг хугацаа. Гадаадад ажиллаж байгаа монголчуудын олонхи нь гадаад болон монголдоо дээд болон тусгай мэрэгжил эзэмшсэн хүмүүс. Тэдэнд мэргэжлээрээ ажиллах боломж үгүй учраас олдсон ажлаа хийж аажимдаа "мэргэшинэ". Moнгол оронтой харьцуулахад боломжийн юм шиг хэрнээ тухайн орондоо хүнд хэцүүд тооцогддог энэ ажлууд ихэвчлэн хүний эрүүл мэндэд багагүй муу нөлөөтэй. Ажлын өдрүүд нэг л мэдэхэд өнгөрч, авч буй мөнгөө тооцож байхдаа, алдагдсан хугацаа амьдрах наснаас хороож байгааг үл анзаарна. Аажим аажмаар эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж, алсдаа ямар болохыг ч үл төсөөлнө. Ажил-гэр , гэр-ажил гэсэн энэхүү хэмнэлт амьдралын нугачаанд олж авсан жаахан мөнгө нь алсдаа эрүүл мэндийн алдагдлаа нөхөхөд зарцуулагдах вий гэдэг бяцхан айдас дагуулж байдгийг нуух юун. Энэ л амьдралаар амьдарч байгаа сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлж болох бас сайнаар төлөвших насандаа яваа сайхан залуусыг харахад харамсахгүй байхын аргагүй. Ажил хийж сурч байгаа нь сайн хэдийч амьдралын утга учир нь зөвхөн мөнгө юм гэж ойлговол яах вэ? Хаа нэгтээ олдох чөлөө цагаа хаа хамаагүй баар цэнгээний газар наргиж өнгөрөөх залуу нас нь тэдэнд "мөнх юм шиг" санагдавч үнэндээ "үүлэн чөлөөний нар шиг" гэж ойлгуулах хэцүү. Бусдыг бодвол мөнгөтэй бас эрх чөлөөтэй энэ залуус хожим хойно "тэр л үедээ сурч хөгжиж байх минь яав даа" хэмээн харамсвал хэн буруутан болох бол. Алдагдсан цаг хугацаа болгон эргэж хэзээ ч олдохгүй. Төгсгөл. ...Өнөөдөр баасан гариг. Ажлын хөлсөнд авсан харь мөнгөний дэвсгэрт дээр алжааж ядарсан магнайны минь хөлс дусална. Хэн нэгнийгээ санаж шаналсан сэтгэл, өөртөө ч зарцуулах эрхгүй, өрөөл бусдад илгээх харамсал нулимс болон дусална. Хааяахандаа "би хэний төлөө юуны тулд ингэж явна бэ?" гэж өөрөөсөө асууна. "Хүн ер нь юуны төлөө амьдардаг юм бэ?"гэж бусдаас асууна. Харь оронд эцэж цуцатлаа ажиллаад хагартлаа баяжсан хэн нэгэн бий билүү. Эх орондоо айж шаналах зүйлгүй, элэг бүтэн, хүссэн бас хийж чадах ажлаа хийж тайван амьдарх эрхтэй улсаа бид.-Монгол руугаа буцах уу? гэсэн асуултанд минь олон монголчууд "буцмаар л байна, харин очоод яаж амьдрах вэ?" гэсэн асуултаар хариулна. Хувь заяат монгол орны минь эрх барьж тоглож байгаа эрхмүүд газрын доорхи баялаг бүх монголчуудын өмч, одоо хамтдаа баяжиж сайхан амьдрах болноо гэж ухуулж байна. Баялгаар бус хөдөлмөрөөр баяжиж сайхан амьдардаг гэдгийг зөвхөн гадаадад байгаа монголчууд илүү сайн мэднэ. Өөрсөддөө байгаа боломжоо олж харан, бие биеэ дэмжиж ,бодол санаагаа нэгтгэх нь өнөө үед юу юунаас илүү чухал байнаа. Бүх зүйлийг арай өөрөөр харах цаг ирж байх шиг.
Өдөр бүр бодож өрөө өмөлдөг бодлоо chinguun.blogspot.com -оос санамсаргүй тэнэж явж олоод олон хүн уншаасай гээд аваад ирлээ.

23 November 2008

내가 지켜줄꺼야...

Today амралтын өдөр... өглөөнөөс хойш нойр ч хүрсэнгүй эртлэн босч гэрийн ажлыг амжуулаад аяга кофетой, үгүй ээ хоёр аяга юм байна писиний ард сууж баахан блогдов. Нээрээ өчигдөр орой жижкэн маамаатай чаталсан чинь "Ээжээ, алуун долоонд шинэ жилийн баял болно, би цасан гоо болсон ээж илкүүмуу" гэдгийм даа..... хэлэх ч үг олдсонгүй. Тэгснээ камераар ээжийг том болгож халуул л гэнэ, миний ээж гоё байна л гэнэ, ээжийгээ зулнаа гээд дэвтэр харандаа гаргаж ирээд суухийн... Нэг мэдсэн би чинь том охинтой ээж болчжээ. За за гарч Цасан гоодоо палааж, болор дүүпэл энэ тэрийг нь авч явуулъя. Цасан гоо юу өмсдөг билээ дээ...

21 November 2008

Дилова хутагт Жамсранжав: Эх орон минь өршөө... Гуравдугаар хэсэг

Өмнөх хоёрдугаар хэсэгт Дилова хутагтын төрж өссөн үеийн түүх мөн хэрхэн хувилгаанд тодорсон тухай түүний намтраас эх авч өгүүлсэн билээ. Тэр үед ар Монголд хутагт хувилгаадыг тодруулах эцсийн шийдийг Бээжин дэх Манжийн эзэн хаан баталдаг байжээ. Манжийн эзэн хаан баталснаас хойш Дилова хутагт Нарованчин хийдэд сууж долоон настайгаасаа эхлэн арван дөрвөн нас хүртлээ Засагт Ханы Хошуу, Эрдэнэзуугийн хийд зэрэг газруудад залагдан Мандал өргөх ёслол, өргөл мөргөл, тахилгын ажлуудад оролцон, хийдийн үйл хэргийг заншил ёсоор 18 настайгаасаа эрхлэх ёстой байсан ч 11 настайгаасаа хурал номын ажлыг удирдаж судар бясалгадаг байжээ. 13 настайд нь цагаан бурхан нилээд хүнд туссан учир түүний мөрөөр нүүр нь цоохордуу сорвитой үлдсэн бөгөөд багад нь Башлуугийн цоохор гэж дууддаг байсан гэдэг. Тэрээр 18 настайгаасаа шашны үйл хэргийн зэрэгцээ Гадаад Монголын өөртөө засан тохинох асуудлаар Улиастай болон Ховдод чуулган хэлэлцээнд оролцдог болсон байжээ. Дилова хутагтын 28 настайд буюу Манжийн ноёрхлын сүүлийн жил 1911 онд Хятадаас Монголыг тусгаарлан зарлаж хүрээний Богдыг хаанаар өргөмжилжээ. 1917, 1919 онуудад тэрээр Богд хааны зарлигаар Ар Монголын баруун хойт хязгаарт хятадуудын гаргасан үймээн мөн Урианхайд лам нарын мөргөлдөөн /энэ нь Урианхайн Тарлагчин хэмээх нутагт хамгийн нөлөө бүхий том лам нар үзэл бодлоор талцсан шашны шинжтэй том бослого байв/ зэргийг дарахад Хатанбаатарын хамт түүний "орлогч жанжин - цэргийн лам"-аар явж эдгээр үймээнүүдийг дарахад оролцжээ. 1920 онд Дилова хутагтыг Богд хаан дахин дуудуулсан нь Хятадын ерөнхийлөгчийн амрыг айлтгахын сацуу Хятадын албаны хүмүүс болон ялангуяа Америкийн төлөөлөгчидтэй уулзан Монголын автономит эрхийг сэргээхтэй холбоотой асуудлаар төлөөлөгчдийн хамт Бээжин явах томилолт байлаа. Богдын төлөөлөгч дөрвөн хүн шөнөжин сууж Монголын автономыг сэргээх үндэслэлийг тодорхойлсон Богдын бичгийг үйлдсэн бөгөөд тэр дөрвөн хүний хоёр нь Дилова хутагт, Жалханз хутагт нар байсан байна. Түүний дурсамжинд "Бид Хятадын ерөнхийлөгч болон албаны бусад олон хүнтэй уулзсан боловч бидний айлчлалын зорилгыг урагшлуулахад ер дөхөм болсонгүй харин энэ айлчлалын зуур Жалханз хутагт маань АНУ-ын элчин сайдтай уулзаж би АНУ-ын цэргийн атташетэй Америк пүүсийн төлөөлөгч Франц Ларсенаар хэлмэрчлүүлэн уулзаж Богдын бичгийг барьж амжсан билээ." гэсэн байдаг.
1922 онд Ижил мөрний торгууд Дамбийжанцан Ховдын хязгаарт үймээн дэгдээж дээрэм тонуул хийж, хүмүүсийг тарчилган алж түүний захиргаадалтаас айсан Ховдын умард хэсгийн Өөлд, Дөрвөд, Хасагууд нутаг орноосоо оргон дүрвэж Дамбийжанцан тэднийг мөрдөн мөшгиж барьж, амьдаар нь арьсыг нь хуулах зэрэг харгислал хэрээс хэтэрсэн тул түүнийг устгах онцгой даалгавар мөн л улсаас тэр үеийн Улиастайн сайд Ламжаваар дамжуулан Дилова хутагтад иржээ. Дамбийжанцан шашны цол хэргэмээр нь Дилова хутагтыг хүндэлдэг байсан тул үүнийг далимдуулж Дилова хутагт "Монголын шинэ засгийн анхны ерөнхий сайд Жалханз хутагт танд шагнал гардуулахаар Хүрээнд урьсан хэмээн..." урилгын бичиг найруулан бичиж Дамбийжааг тонилгох хүмүүс энэхүү тамгатай бичгийг нь авч Дилова хутагтын элч төлөөлөгч болж итгэлийг нь олж гэрт нь ороод түүнийг устгасан гэдэг. Хожим нь тэрээр 1931 онд хилсээр хоригдон байцаагдаж байхдаа оргодол Дамбийжанцантай холбоо сүлбээтэй байсан гэсэн ял тулгахад "-холбоо сүлбээтэй байх нь битгий хэл улс орныхоо амар тайван байдлын төлөө бурханы үйлдэмгүй хэргийг яахын аргагүй өөрийн гараар үйлдэж түүний үхэлд би оролцсон доо" хэмээн их л гунигтай өчсөн гэдэг.
1922 онд тэрээр Улиастайн сайдаар томилогдож жил хэртэй ажиллаад уг албанаас чөлөө хүсч Нарованчин хийддээ сууж зовсон ядарсан олонд буян үйлдэж хурал хурж ном айлдан, судар бясалгажээ. 1928 онд хэлмэгдүүлэлтээр бүх хөрөнгөө хураалгаж 1930 онд тайж Эрэгдэндагвын хэрэг гэгчээр хотод дуудагдан нэг жилийн турш байцаагдан хоригджээ. Түүнтэй хамт Халхын том лам нар болох Егүзэр хутагт, Манзушир хутагт нар хоригдож байсан ба Эрэгдэндагвын хэргийн шүүх хурлаар Егүзэр хутагт нарын долоон ламыг 24 цагийн дотор буудан алах харин Манзушир хутагтыг арван жилээр хорих Дилова хутагтыг таван жилээр хорих ялыг тэнсэн харгалзжээ. Тэнсэн харгалзах гэдэг хэрвээ дахин баригдах шалтгаан гарваас түүний цаана шууд алах ял байгаа нь ойлгомжтой, түүнийг эрт оройгүй хэзээ нэгэн цагт дахиад баривчлана гэдгийг тэрээр сайн мэдэж байв. Үнэнийг хэлэхэд Манзушир хутагтад яг ийм тавилан оноогдсон билээ, түүнийг 1938 онд Гэндэн Дэмидын хэргээр дахин баривчилж хороосон юм.


Монгол орны төр засгийн эрхэнд МАХН-ын зүүн жигүүрийнхэн гарч сүм хийд, лам нар, угсаа залгасан феодал ноёдын улс төрийн эрх үйл ажиллагааг хязгаарлах өмч хөрөнгийг хураах зэрэг хэт хувьсгалжсан ажиллагаанд дургүйцсэн дургүйцэл улам ихсэж хил хязгаар нутгийн олон айл өрх 1920-30 онд нутаг орноосоо дүрвэн нүүсэн юм. Манжуур, Өвөрмонгол, Шинжааны нутгаас Монгол орны эсрэг тагнуул, ухуулга суртачилгаа, зэвсэглэсэн түрэмгийлэл, дээрэм тонуул хийж айлуудыг хүчээр хил давуулан нүүлгэж эхэлсэн бөгөөд энэ дайсагнасан үйл ажиллагаа нь Далай ламтай зөрчилдөн таарахаа больсон Ванчинбогдын хийж буй явуулга, тавдугаар Ванчинбогд Гэлэгнамжил Хятадын хойт нутгаар хэсүүчлэн явахдаа гоминданы эрх баригчид, японы цэргүүдэд баривчлагдан ашиглагдаж түүний нэрээр манай орны эсрэг "Ванчин богд 10 мянган цэрэгтэй Монголын урд хилд ардын засгийг устгахаар зэхэж байна" зэрэг цуурхал манай улсад дэгдээд байсан юм. Энэ нөхцөл байдлыг тухайн үед Дотоодыг хамгаалах газар шийдэхдээ тагнуулын үйл ажиллагаагаар Ванчинбогдын үзэл бодлыг мэдэж, дүрвэн гарсан иргэдийн байр байдлыг судлах хэрэгтэй гэж үзээд Ванчинбогдод итгэл олж харилцаа тогтоож чадах хүнийг ганцхан Дилова хутагт хэмээн үзэж /өмнө нь тэрээр 1927 онд нэг удаа Ванчинбогдод бараалхах хүсэлт гаргаж байсныг нь харгалзан, мөн Дилова хутагтын өмнөх дүрүүд нь хэд хэдэн удаа Ордос нутагт төрж байсан ба Өвөрмонголынхон түүнийг "манай хутагт" хэмээн Ордост ирж суухыг хүсэхэд тэрээр "Цэцэг хөөсөн эрвэйхэй биш..." гээд очоогүй билээ. Иймд Өвөрмонголынхон түүнийг очиход дуртай хүлээн авна гэж үзээд/ 1931 оны 2-р сарын 26-ны өдөр........... /бичиж байтал гэнэтхэн яаралтай ажил гарчих юм, орж ирээд үргэлжлүүлнээ./
Жич. Дилова хутагтын тухай бичихэд Монголын түүхийн цөөхөн гэлтгүй хуудасыг сөхөх агаад энд бичигдсэн түүхийн бичвэр маань аль ч нам улс төрийн хүчний үзэл бодол шингээгүй, өөрөөр хэлбэл бичигдэх явцдаа намын дарамт, шахалт, гуйвуулга, залруулга ороогүй 1921 оны хувьсгалаас өмнөх хойших /хутагтын Монгол нутагтаа амьдарч ахуй үеийн/ Монголын улс төрийн жинхэнэ үнэн түүх гэдгийг дурдах нь зүйтэй байх.
Дараагийн бичлэгт түүний хилийн дээс алхсан шалтгаан болон түүнээс хойших амьдралыг нилээнд дэлгэрэнгүй оруулахыг хичээнээ. /дээр дутуу үлдээсэн өгүүлбэрээс эхлээд.../

Энэ удаагийн бичлэгийг Америкийн нэрт Монголч эрдэмтэр Оуэн Латтиморийн хэлсэн:
"Дэлхийд зургаан сая гаруй Монгол байна, бүгдийг нэгтгэн нийлүүлвэл хүчтэй улс болно доо... хэмээн ярьж Америкийн зөвлөхийг болон Чан Кайшиг цочоодог байсан хүн шүү. Гоминданы засгийн газар Монголыг хүлээн зөвшөөрөхөд Дилова их хувь нэмэр оруулсан хүн, та нар зөвөөр ойлгох ёстой" гэсэн үгээр дуусгая.

Дилова хутагт Жамсранжав 1917 он /Лам гэлтгүй бөх баймаар сайхан

эр байсан гэж нэг нь дурссан байдаг./

Жалханз хутагт Дамдинбазарын хамт


16 November 2008

Ааваа би дуулнаа...

Сэтгэлийн утсаа зүүнд сүвлэн, аргадан эвлүүлэн байж шагладаг хэдэн муу шүлгийг минь сонирхвол энэ блогийн баруун доод буланд байдаг шүлэг уншдаг блогууд гэсэн gadget дотор Болорхон шүлгүүд нэртэй орсон байгаа.

15 November 2008

Ням ням .... кккккк

Ичдэг ч арга байдаггүй ээ.... кккк Ганаа эгчид боорцог хайрах гэж байгаа, ичмээр болчуул нь зургийг нь оруулахгүй ээ энэ тэр гээд байсан чинь жинхэнээсээ ичмээр болчихсон чинь мань хүн ичдэггүй шүү. Ээжийнхээ дэргэд байхад боорцог идэж л байсан уу гэхээс хийж байгаагүй юм байна аа. Хийгээд үзэхэд бас ч тийм ч амар биш нилээн технологи, арга барил, ур чадвар, гоо зүйн мэдрэмж бас хамгийн гол нь "гар" чухал байдаг юм байна. Өөрөөр хэлбэл хүн хүний гаранд бас их учир байдаг болтой, бүх юм нь бэлэн яг хэлснийх нь дагуу хийхэд л шал өөр миний хэлээр "ичмээр" юм болчихлоо гэж... Минийх л лав гоо зүйн ямар ч мэдрэмжгүй, царай муутай, бас тэр мушгисан хоёр хөл нь хоёр тийшээ салж яваад майжиг бас том жижиг болчоод байхиймөө. Гэхдээ амт бол чика болсон шүү. Ганцхан боорцог хийчээд цайг нь яаж мартахав, хийцтэй цайтай хамт байж л энэ хоёр минь нийлж сая жинхэнэ ээжийг минь санагдуулж байна. Цайны дээр хөвж байгаа тос нь шар тос бишээ маслоор хайрчихсан юм. За за манайд ирвэл нь Болорхон цай боорцгоо бариад угтана шүү. ккккккк

/ЭНД ЗУРАГ БАЙГАА САЙН ХАРВАЛ, ӨЛССӨН ХҮНД ХАРАГДАНА КККК/


Хүүш зурган дээр ойрхон харагдаад байсан чинь блогт орсон чинь жижигрээд юун хөвж байгаа тос харагдах манатай нөгөө царай муут чинь улам сонин харагдаад байна. ккккк