18 November 2010

Буу - мөнгө

Америкийн яруу найрагч Лин Коффинсийн шүлгүүдээс чадан ядан монгол хэлрүүгээ хөрвүүлсэн минь.

Буу, мөнгө
Сара Менделд зориулав

Амьдрал мэдэхгүй гэнэн нялхсын ангайсан амнаас
Амаа мэдэхгүй чалчих их мэдэгсдийн мэдэмхийрлээс
Намайг холдууж өгөөч
Эзнээ ололгүй шуудангийн хайрцагны мухарт хаягдсан
Ирэх очих хугацаа нь дууссан захидал шиг мартаад өгөөч
Сэрзийсэн хогын шүүр, сэтэрхий шаазан, үхсэн малын утсан мах
Гар хангалга, ижил хүйстнүүдийн гутамшигт хурьцал
Гурван хэмжээст цаг хугацаа, уйтай энэ бүхнээс
Намайг аваад яваач
Дотор тал нь хов хоосон тэмдэглэлийн дэвтэрүүд
Толгойдоо эмэгтэй хүний хиймэл үс зүүсэн халзан эрс
Нью Жерси, Маплевүүдийн нэг урсгалт гудамжнууд
Силвиа ч билүү Сибилээс намайг явуулж өгөөч
Хөгшин, залуу, дунд насны хэн ч бай
Хүндтэн ямбатан алдар цуутан ч байсан ялгаагүй
Хүмүүсийн сүүдрээс холдуулж өгөөч
Хилс гүтгэлгэ, харгис дарангуйлал
Хагарчихаж мэдэх хачин эмзэг өдөр хоногууд
Харанхуй уй бүхнээс хагацааж өгөөч намайг
Адгийн шийтгэл алт шиг гоё магтаал
Аль аль нь надад хэрэггүй
Буруу харахад нь буудчихаад
Булшийг нь мөнгөөр өнгөлчихдөг
Бузар ёсноос ангижруулж өгөөч
Бохир гар, хиртэй хормогч
Хөлсны үнэр, тавагтай хоол
Бодолд минь үлдсэн дурсамж бүрээс
Бушуухан намайг салгаж өгөөч
Хад чулуус хүртэл амьтай гэдгийг мартсан
Хар нүгэлтэн, хууран мэхлэгчдээс… Тиймээ,
Тэрслүү үл эвлэрэгч өөрөөс минь хүртэл
Толинд тусах энэ дүрээс минь намайг салгаж өгөөч
Өөдгүй хайнга, өөртөө ахадсан бардам зангаас минь
Өө, бурхан минь та өөрөөсөө хүртэл явуулж өгөөч
Эцэст нь би эндээс бүрмөсөн явмаар байна.


Оршуулгын газар
Артур Финней-д зориулав

Хайхрамжгүй зөрүүдхэн минь
Хайран чи минь
Итгэмтгий гэнэн минь
Ингээд хагацна чинээ санасан гэжүү
Дуртатгал, хамтдаа өнгөрөөсөн мөч бүр ширхэг ширхэгээрээ
Дундаршгүй их далайн ёроол уруу живсээр байна
Дороос нь түүнийг шүдгүй хөгшин загас тосон
Даах зөөлөн хэсгээсээ үмхэхээр яарна
Нүдэнд л үзэгдэхгүй бол дурсамж ч бай юу ч бай
Нэг л мэдэхэд бүрмөсөн арилчихдаг болохоор
Хонгор насныхаа чулуун тоглоомуудыг
Хормой дотроо би одоо хүртэл хадгалсаар явaa
...
Хэн хэн нь чимээгүй...
Хэзээ л чи бид хоёр ойлголцож байлаа
Гуниг харууслаа тайлах энэ л газар
Чи бидний хэн байсныг
Чухамдаа юуг чадаж, эс чадахыг минь
Чин үнэнээр нь шүүх газар юм...


Орчуулсан Д.Болормаа

4 comments:

Б.Баясгалан said...

Энэ нөгөө Бродскийн нарийн бичиг байсан авхай юу. Линн Кофин гэж?

Чиний орчуулга сайхан болжээ. Баяр хүргэе.

Болорхон said...

"Ах нар"-аас ганц нэг сайшаалын үг сонсчихоод цаадах чинь урмаар дүүрэн хүн л байна... дээрээс нь чамаас ч бас ийм дулаан үг сонсоод баярлаж байна шүү хө. Сонирхож л оролдохчоо болох юмаа.

agai said...

SONIRHOLTOI YMAA OLON SAIHAN BUTEEL ORCHUULAARAI

бж said...

Болорхондоо шинэ оны мэнд хүргэе. Шинэ ондоо хүссэн, төлөвлөсөн бүхэн чинь биелэх болтугай!