31 January 2011

Уураар биш ухаанаар шийдэх цаг болоогүй юм гэж үү...

Монгол хүнийг магтаад л байвал бодит ертөнцөөсөө тасраад нисээд явчихаж мэдэх гэнэн хүмүүс харин ялигүйхэн шүүмжлэх юмуу өөлөөд биччихээр өөдөөс босч ирээд цохиод авж мэдэх омголон хүмүүс. Бид өөрсдөө өөрсдийгөө яаж харах нь нэг хэрэг гадныхан биднийг хэрхэн үнэлж дүгнэх нь бас нэг өөр хэрэг. Орчин үеийн хүмүүний сэтгэхүйтэй уралдан за даа, бараг түүнээс ч өрсөн хөгжиж байгаа “е-эрин зуун” гээчид Монголчууд бид ч гадныхнаас дутах юмгүй яах ийхийн зуургүй хөл дүрэн ороод энгийн иргэн бүр л “сайн дурын сэтгүүлч” болчихоод компъютерийн араас үзсэн харсан, үгссэн хуйвалдсан тэр байтугай идсэн уусан, баасан шээснээ хэн дуртай нь тив дэлхий дээгүүр тарааж бичдэг болчихоод байгаа. Юм хөгжинө гэдэг сайхан л юм... "ардчилал" гэдэг амттай л юм. Интернет гэдэг зөвхөн цөөхөн хэдхэн монголчууд бидний хэрэглэдэг, хэрэлддэг юм биш хэдэн зуун орны хичнээн сая түмэн хүн миний магадгүй таны бичсэн, хэлснийг, хийсэн, үйлдснийг хараад уншаад сууж байхыг үгүйсгэхгүй. Интернет бол толь бас дэлхийтэй холбогдох хамгийн ойр гүүр. Интернетээр хэдхэн цаг хэсээд монголын сайтаас мэдээ нийтлэл уншихаар доод талд нь тухайн мэдээнээсээ хэдэн зуун хувь илүү коммент буюу уншигчийн сэтгэгдлийнх нь тавин хувиас илүү нь хэрүүл, хараал, гүтгэлэг, доромжлол, ой гутаж урам хугармаар үгс бас яг тэр үгсээ дагаад яг тийм энерги цацаж байгаа нь харамсалтай. Энд магадгүй тойруулж тойруулж миний хэлэх гээд байгаа юмны гол нь ердөө л өөрсдийг нь жаахан өөлөхөөр л өрвийж босч ирээд нударгаа зангиддаг, уурлаж хашгичан бүдүүлэг үгээр булдаг муухай монгол зангийн тухай л хэлэх гэсэн юм. Алийн бүр бид нар ухаанаар биш уураар юмыг шийдэх гэсэн юм бэ гэж? Хүний тархинаас хүртэл өрсөөд “өөрөө” хөгжих гээд байгаа тэр “е-эрин зуун” чинь тэр хэмжээгээрээ биднээс соёл гээч юмыг шаардаад байгааг яасан ойлгодоггүй юм бэ гэж? Уухай хашгиран морин дэл дээгүүр ниссээр хүчирхийлэн эзэлдэг асан тэр цаг үе биш ухаанаа цэнэглэж толгойгоо ажиллуулсаар ялан дийлдэг огт өөр цаг үе хаяанд биш бүр гэрт орж ирээд суучихсан байгааг яасан олж хардаггүй юм бэ гэж? Хүний нутаг гүний газар амьдарч учиргүй олон биш ч ээлжийн нэг хоёрхон харь хэлийг хальт мулт гадарладгийнхаа ачаар гадаадын том жижиг янз янзын вэбсайтаас хол ойрын мэдээ, нийтлэл хардаг ч монгол сайт дээрх шиг тийм бүдүүлэг, тийм уншихаас хэл бузартмаар үг хэллэгийг би одоо хүртэл олж хараагүй л яваа. Ялангуяа солонгос улсад найман настай балчираас наян настай хөгшид нь хүртэл интернет ашиглаж мэддэг шигээ интернет дэх мэдээ мэдээлэлд өөрийн байрь суурийг илэрхийлэх соёл буюу reply culture гэдэг юм маш сайн хөгжсөн нь эднийхэн сэтгэгдэл, коммент оруулахдаа ямагт хүндэтгэлийн үгээ хэрэглэдэгээс нь харж болно. Дээхнэ нэг удаа би дээд талдаа монголиан топ моп ч билүү number one ч билүү сүрхий нэр өгсөн нэг сайтаас нэг бичлэг олж уншаад золтой л цус харвачихаагүй. Муухайгаа нуудаг монгол хүний зангаар хэлэхэд монгол сайт дээрээ монгол хэлээр элдвийг бичиж уур цухлаа гаргасныг нь гадныхан уншиж мэдэхгүй юм чинь одоо дүүрсэн хэрэг хэмээн бодоход эндхийн Immigration Office-ийн албан ёсны сайт дээр нэг монгол залуу солонгос хэлээр буруу зөрүү аймшигтай гэж хэлэхэд ч багадах бичлэг оруулаад тавьчихсныг тэр топ моп ч билүү монгол сайтын админ хүүхэн өөрийнхөө сайт дээр тэр хэвээр нь копидож авч ирж тавихдаа дээр нь томоос том улаанаар “Сак монгол залуугийн сак бичлэг” гэж гарчиглаад “Солонгост арван жил ажилласан монгол залуу солонгос хэл ингэж гайхалтай сурч иммигрейшний сайтад ийм лайтай бичлэг оруулсан байна, надад бол үнэхээр таалагдаж байна, энд ажиллаж байгаа монгол залуус энэ залуугаас сураарай” ухааны юм бичээд тайлбар тавьчихсан байв. Сонирхоод нөгөө бичлэгийг нь уншсан чинь /ээ бурхан минь ээ/, би газар дээрээ амьсгал түгжрэх шиг л болсон солонгос хэлний хамгийн муу муухай, бараг эднийхэн өөрснөө хэлэхээс ч цээрлэдэг үг хэллэгийг бүгдийг нь урсгаад хамт амьдарч байсан монгол хүүхэн нь баригдаад явсан тул иммигрейшний шалгалтынхнаас хариугаа авахын тулд солонгос янхны газар очиж хүүхнүүдтэй “наргидаг” /энэ үгийг би зөөлчлөв/, гэх мэтээр хүний санаанд багтамгүй муухай бүгдийг бичээд хамгийн гутамшигтай нь доор нь би монгол хүн гээд бичсэн байв. Бас харамсмаар нь арван жил солонгост болсон гээд өөрийгөө гайхуулж гайхуулан бичсэн ч тэр муухай үгнүүд дотор нь нэг ширхэг ч зөв бичсэн үг байхгүй байв. Хуулж авч ирж сайтдаа тавьсан тэр монгол сайтын админ хүүхэн хэл мэдэхгүй байж болно, өөрөө уншаад ойлгоогүй байж болно хүнээс ч болтугай асууж болноо доо яаж монгол залуусаа энэ залуугаас үлгэр аваарай гэж бичиж чадав аа. Би оронд нь байсан бол солонгосын иммигрейшний веб-д edit хийж болдогсон бол хамгийн доод талын “би монгол хүн” гэдэг хэсгийг арилгачихмаар л байлаа. Тэд биднийг тэр хүнээр л төлөөлүүлж харна шүү дээ. Ийм байдлаар бид дэлхийн толинд тусмааргүй, сүүдрээ үлдээмээргүй л байна. Уураар биш ухаанаар шийдэх цаг болоогүй юм гэж үү... Бас нэг жишээ yahoo.com -ийн нэг блог дээр “Mongolia’s Worst Winter in 30 Years” – “Сүүлийн гучин жил болоогүй хүйтрэл цас зудыг монголчууд хэрхэн давж байгаа нь” гэсэн агуулгатай photo interview байхтай санамсаргүй таарсан юм. Нэг талыг барин хэтэрхий гуйвуулсан буруу мэдээлэл байсан ч монголчууд бид нар л болсон хойно хараал, хэрүүлийн муухай үгээ урсгаад л хариу барьсан байв. Нийт монголчууд биш зөвхөн хогийн цэг дээр хог түүж, архи ууж амьдардаг гуйлгачдын зургийг албаар авчихаад монголчууд иймэрхүү маягтай амьдарч байна гэж бичсэн тайлбарын дор дэлбэрч, тэсэрч, уурлаж хараасан бүдүүлэг үгээр коммент бичихийн оронд үнэн зөв байдлыг тайлбарлан даруйхан устгахыг шаардсан ч юмуу соёлтой байдлаар хандсан бол арай зөв болох байлаа. Гэтэл тэнд олон хүмүүс бичснээс монгол хүний л бичсэн сэтгэгдэл гэхээр андашгүй уураа барьж ядсан бүдүүлэг үгс дүүрэн сэтгэгдлүүд байв. Тэд биднийг тийм л байдлаар харна шүү дээ.... Ийм байдлаар бид дэлхийн толинд тусмааргүй, сүүдрээ үлдээмээргүй л байна.. Уураар биш ухаанаар шийдэх цаг болоогүй юм гэж үү... Алтан хувьт монгол хэл минь бурхны тарни биш билүү, ариун цэцэн монгол ухаан минь тэнгэр заяатай биш билүү? Гадныхан биднийг отож суугаа, дээш нь биш доош нь хийхийг л анаж суугаа нь олон харин бид тэдэнд хариуг нь тэнэг уураар биш цэцэн ухаанаар өгъе тэх үү?

4 comments:

Anonymous said...

Internet odoo undsendee medlegiin niigemd huvisan oroh guur suuri bolj baina. Uund sorgoor handah buruu zuild ashiglah jishee mash ih garch baigaa gehdee eyreg handlaga arggui davamgailj bid buhen bugdeeree medlege davamgailsan niigemdee orno gej naidaj baina.

Жулиа said...

Ёстой зөв. Яаж илэрхийлэхээ мэдэхгүй байсан юмыг яг олоод хэлчихэж.

rdnchr said...

sanal neg bn. bayarlalaa!

lamiran said...

ядаж