31 October 2010

Кофе кофе кофе


Өдөр тутмын хэрэглээ болсон за жаахан хэтрүүлэгтэй хэлбэл бараг түүнгүйгээр амьдарч чадахгүй болтлоо дассан ч гэх юмуу дадаж хэвшсэн зүйлүүд энэ амьдралд зөндөө. Миний хувьд тэрхүү өдөр тутмын байнгийн хэрэглээний маань нэг яахын аргагүй кофе хэмээгч амтат ундаан билээ, кофеноос шинэ өглөө эхэлнэ, өдрийн цай ч бас кофетой, за тэгээд орой ажиллаж шөнө тардаг тул орой ч бас кофе, түүний хажуугаар гадуур гарах, ажил амжуулах, хүнтэй болзох эсвэл амрах, аялах, кино үзэх гээд амьдралын бүх л идэвхитэй үйлдлүүдтэй минь хамт аяга кофе байнга дагаастай.

Монголчууд бидний хувьд хөгшин хөвөөгүй аагтай сайхан шаргал цайгаа хэдэн үеээрээ ууж алжаал ядаргаагаа тайлсаар ирсэн болохоор бусад улсуудтай харьцуулахад кофе нилээд сүүл үерүү бараг л хорьдугаар зууны сүүл үеээс л бага сага хэрэглэж мэдэх болсоор өнөөдөртэй золгосон байх гэж бодно. Миний хүүхэд байхад кофены талаар мэдэх нь байтугай кофе гэдэг үгийг ч сонсоогүй өссөн гээд хэлвэл хэтэрхий хөдөөний хүүхэд намайг худлаа ярьж байна гэхгүй л байх. Хүүхэд байхад хөдөөгүүр гадны жуулчид хаа нэг явна... тэдний нэг нь ээжид маань хоёр ширхэг гялгар ууттай юм өгөөд кофе гэж хэлснийг санаж байна. Нэг өдөр л ээж бид нарт кофе чанаж өгөх юм боллоо, данх дүүрэн ус буцалгаад нөгөө хоёр ууттай юмаа задалж хийгээд буцалгаж буцалгаж нэг нэг аяганд аягалаад өгсөн чинь жаахан түлэнхий амттай цэхийсэн шингэн ус байж билээ. Түүнээс хойш хотын хүн болоод ч тэр кофенд ямар ч сонирхол байсангүй, жинхэнэ кофе гэгчийг ууж амтыг нь мэдээгүй болоод л тэр байх.
Харин энд ирснээс хойш ажил дээр нойр хүрэх, ядрахын алийг тэр гэхэв юуны түрүүнд эхлээд шууд л сэргээш маягаар кофег хэрэглэж эхлэв, харин одоо бол зүгээр л энгийн хэрэглээ минь болсон юм. Кофены түүхийг сөхөөд харвал аль галавын үед 7-8-р зуунд эртний Этиоп-д нэгэн лам улаан жижигхэн жимстэй, навчирхаг модноос жимсийг нь идэнгүүтээ гэнэт бүжиглэж эхэлсэн бөгөөд лам нар тэр модыг сэргээх, хүч тамир оруулах увьдастай хэмээн итгээд бясалгах, уншлага унших үедээ навчыг нь хандлан уух, жимсыг нь идэх зэргээр хэрэглэж эхэлснээс үүдээд Европд тархсан гэдэг. Ямартаа ч өдгөө кофе дэлхий дээрх хамгийн үнэтэй ундаа болсон байна, худалдаалах хэмжээгээрээ нефть, төмрийн хүдрийн дараа гуравт ордог гэнэ түүнээс гадна дэлхийн нийт кофены хэрэглээний 50 илүү хувийг Европчууд хэрэглэдэг гэнэ. Кофег хүний биед хортой, зүрхний ажиллагаа муутгадаг бараг л хар тамхи шиг нөлөөтэй тул эд эсийг үхжүүлдэг гэх мэт сөрөг мэдээллүүд одоо аль хэдийнэ хоцрогдсон бөгөөд нотолгоогүй худал цуурхал юм байна. Кофенд агуулагдах кофейн нь харин ч эсрэгээр хүний эд эсийг сэргээж идэвхитэй үйл ажиллагаанд оруулах төдийгүй хүний тархины санах ойн чадварыг нэмэгдүүлдэг бас хэд хэдэн төрлийн хорт хавдрын тархалтыг удаашруулах зэрэг сайн үйлчилгээтэй ажээ. Өдөрт таван аягаас дээш хэтрүүлэлгүй уувал кофе хүний биед тустай эд юм байна.
Дэлхий дээр өнөөдөр хичнээн мянган төрлийн кофе ургуулж, үйлдвэрлэж байгаагаас хамгийн чанартайг Бразилийн Arabica гэж үздэг бөгөөд хамгийн үнэтэй кофег сонирхуулахад Индонезийн Kopi Luwak юм байна. Энэ кофе нь маш өвөрмөц аргаар бэлтгэгдэг нь кофены жимсийг муурын төрлийн жижигхэн амьтанд идүүлэн түүний гэдсэн дотор боловсруулаад гарсан ялгадасыг түүж цэвэрлэн хуурч хийдэг юм байна. Өөрөөр хэлбэл муурын бааснаас гаргасан кофе маань дэлхий дээр нэг килограм нь 6600 ам.доллар харин нэг аягыг ууя гэвэл 50 орчим ам.доллар юм байна. /Хэзээ энэ гайхалтай эдийг ууж үзнэ?/
За тэгээд Солонгост дэлхийд нэртэй Starbucks, Cafe Bene зэргээс авахуулаад эдний өөрийнх нь маш олон нэрийн кофе хаузууд байх бөгөөд миний хувьд гадуур явж байх үедээ амт, үнэр сайтай сайн хийгдсэн кофег нэг аягыг 5-6 мянган воноор авч уухаас гадна ажил дээрээ кофены машинд Americano буюу хар кофе харин гэртээ Arabica blend бас л хараар нь ууна, ер нь бол амт нь hazelnut-д нилээн дуртай. Компьютерийн ард суугаад юм хийвэл эсвэл хүнтэй яриад удаахан суувал томхон аяганд хийсэн халуун американо-г хэд бол хэдэн аягыг уух байх шүү. Харин жаахан чихэрлэг юм уу амт хөөмөөр санагдсан үедээ хаа нэг Caramel Macchiato уухаас Capuccino ч юмуу Caffe Latte-д жаахан дургүй талдаа.
Миний байсан үеийн юмгүй Монголд маань ч ялгаагүй одоо онгорхой болгон кофе хауз болсон сурагтай, бүүр түүхий эдийг нь буюу хатаасан үрийг нь гадаадаас худалдаж аваад хуурч амт чанарыг нь тохируулан үйлдвэрлэж байгаа компани ч байгуулагдсан гэж сонссон юм байна, дэлхийн жишигтэй хэрэглээг дагаад басхүү кофе хэмээх ундааны том соёл Монголд маань нэвтэрч байгаад баяртай л байна. За ингээд миний мэдэх цөөхөн кофеныхоо төрлөөс оруулдаг юм билүү.
1. Эспрессо - Espresso
Тусгай зориулалтын машинаар нунтагласан кофен дээр халуун усыг маш өндөр даралтаар шахаж гаргадаг Итали маягын хар кофе. Маш өтгөн найрлагатай, маш бага хэмжээтэй. Кофены хамгийн жижиг аяга эспрессогийн аяга байдаг. Дээрээ шаргалдуу хөөсөрхөг байвал сайн шахагдсан чанартай эспрессо гэж үздэг юм билээ.

2. Маккайдо - Macchiato
Дээрх эспрессон дээр түүнээс бага хэмжээтэй сүүг нэмж хөөсрүүлэн хийсэн кофе. Дээрээс нь карамел, зөгийн бал зэрэг амтлагч хийж болох тул маш амттай.







3. Капучино - Cappuccino
Эспрессо буюу хар кофен дээр түүнээс хоёр дахин бага хэмжээний халуун сүү хийж аяганы тал болгоод дээд хэсэгт нь сүү хөөсрүүлэгч машинаар гаргасан сүүний хөөсийг нэмж дүүртэл нь хийнэ.

4. Кафе Латте - Caffe latte
Эспрессо буюу хар кофен дээр түүнээс хоёр дахин их хэмжээний халуун сүү хийгээд дээр нь сүү хөөсрүүлэгч машинаар гаргасан сүүний хөөсийг багахан хэмжээгээр нэмнэ. Маккайдотой бага зэрэг төстэй боловч сүү нь харьцангуй их байна.

5. Американо - Americano

Эспрессон дээр түүнээс хоёр дахин их ус нэмж шингэлэн найруулдаг хар кофе.

.
.
.
.
.
.
.
6. Кафе Мока - Caffe Mocha

Кафе Латтег америк маягаар хийдэг сүүтэй кофе. Эспрессон дээр шоколадны юумуу какаоны сироп нэмэн халуун сүү хийгээд хамгийн дээд хэсэгт нь сүүн крем хийнэ.






7. Эспрессо Конпана - Espressо Con Pana
Эспрессон дээр сүү ч, ус ч нэмэлгүй тэр хэвээр нь дээрээс нь сүүн крем хийсэн кофег хэлнэ.

7 comments:

ms.teerk said...

Таалагдлаа

vlmedeh said...

Би одоог хүртэл энэ олон төрөлүүдийг нь ялгаж салшаж мэдэдгүй шд хэхэ. Баярлалаа.

Bebe said...

ийм байдиймуу уух л дуртайгаас ялгаж салгаж сайн мэддэггүй юмөөө. кофе ууж байх үе аягүй сайхан мөч байдаг. хүнээс юм гуйхдаа кофе ууж байх юмуу эсвэл дараахан нь гуйхад хүн хамгийн сайхан зантай байх ба татгалздаггүй гэж сонсч байсан юм байна

бж said...

Ядаж ганц аяга кофе уухгүйгээр өдрийг төсөөлөх аргагүй санагддаг. Завгүй ч юм уу, ямар нэг шалтгаанаар ууж амжаагүй бол тэр өдөржингөө нэг л юм дутагдаад байх шиг санагдаад, үлбэгэр сулбагар болоод явчихдаг шд... хэхэ. Санаа дагадаг байх л даа...
Старбаксын хажуугаар орохгүй өнгөрөөд явчихаж чаддаггүй байлаа нэг хэсэг. Одоо бол мөнгө хэмнэх үүднээс тэр их үнэтэй кофе руу зүглэхээ больсон.
Заавал ийм кофе ууна, тиймийг уухгүй гэж ялгадаггүй, яг уумаар санагдсан үед аль нь ч тансаг санагддаг...

Өнөрбат.Х said...

Ямар ямар гоё кофенууд байнаа. Бүр амтагдчихлаа байна. Гоё кофеноос бол би буцдаггүй нөхөр. Тэр талаараа бас Кофе бидэн хоёр энд бичээд авсаан.

Ganzo said...

Sain uu saihan bichsen baina aa.Bi Pret A Mangert barista-g 3 jil hiilee. Jildee 2 udaa dahin surgaltand hamragdsan niitdee 6 udaa kurst suusan gesen yg. Coffee-nii business bol har tosnii daraa ordog 2 dahi tom buniness. Mongold coffee-nii soyol nevtersen gesen. Mongold ochihooroo ajiltai l yum baina gej bodson. Gol ni coffee bean-s ih yum shaltgaalnaa daraa ni barista-giin ur chadvar. Jishee ni ta ugluu bolgon neg gazraas neg hynees coffee avch uudag baijiigaad uur gazraas ch yum uu uur hynees yag ter coffee-goo avaad uhaar l shuud medregdene sain esvel muu! Coffee maker bas saihan haritsaatai baih heregtei. Byyr tovchhondoo sain uu udriig erch hychtei ungruuguurei margaash boltol bayartai geh uhaanii.

Anonymous said...

Кофе уух дуртай хүмүүс нэгдэцгээе.
За би бол шууд хараар нь уух дуртай.Янз бүрийн юм оруулахаар яг гоё амт нь алга болох гээд байдаг юм.Улаанбаатарт бол 13 ийн дунд замд UBean гэж бий, тэднийхийг гүйцэх газар ч ховор доо.Бүр Америкийн эртний гар аргаар хүртэл чанана гээч.Гэхдээ одоо арай багасгах санаатай байгаа гоё кофег ч уугаад л баймаар шүү.