23 April 2010

Сэрүүн хоносон шөнө буюу би хамгийн азтай хүн

Шөнийн 1:00 цагаас миний ажил дуусдаг... Ажлаа тараад гэрлүүгээ явахаар такси хүлээж зам дээр нилээн удаан бороонд зогссоны эцэст ашгүй такси ирж гэрлүүгээ явлаа... Өдөр бүр дуудлагын такси дуудахаар километрийн мөнгөн дээрээ дуудлагын үнэ гээд мянган вон /천원/ нэмж нэхээд байдаг болохоор нь 1000 вон хэмнээд сүүлийн үед call taxi дуудахгүй зам дээр гарч такси барьдаг болсон юм. Гэрийнхээ үүдэнд ирээд гэрлүүгээ орох гэтэл хажуу талын хоолны газрын үүдэнд нэг юм нүдэнд тусахаар нь хэрэгт дурлаад очтол бараг шинээрээ шахуу автомат угаалгын машин бороонд цохиулаад байж байх нь тэр... Солонгост ихэнхдээ айлууд шинэ цахилгаан бараа авахаараа хуучнаа гадаа гаргаад хаячихдаг харин монголчууд бид тэрийг нь "цэцэглэж" арай гайгүйг нь эндээ хэрэглэх нь хэрэглэж бас Монгол руу ачуулах нь ачуулдаг билээ. Миний хувьд нэгт өргөөд дийлэхгүй хоёрт хог цуглуулах дургүйдээ тэрүү энд тэндээс нэг их "цэцэг" цуглуулаад байдаггүй болохоор хаяа Монголоос ээж эгч нар утсаар ярихдаа "тэдний хүүхэд тийм угаалгын машин явуулчихаж эдний хүүхэд ийм хөргөгч явуулчихаж" гэж ярихаар нь өөдөөс нь "тэр хогоор яадаг юм дараа шинийг аваад явуулья" гэж худлаа томрохоос цаашгүй амьтан байгаа юм. Гэтэл урд шөнө ямар шунал нь хатгасан юм бүү мэд тэр угаалгын машиныг арай л нус нулимс бүх юмаа гаргахаас наахнуур юм болж байж өргөж чирсээр гэртээ оруулж ирлээ усан борооноор шүү... Өөрөөсөө тийм бяр гарсанд гайхаад байгаа юм. Гэртээ оруулж ирээд хартал нүүрэн дээр нь "Хэрэглэж байгаа тул авч явахгүй байхыг хүсье" гэсэн бичиг наалттай байх нь тэр… Ёстой уйлах ч биш инээх ч биш болдог байна ш тээ харанхуйд бичиг нь сайн харагдахгүй байсан юм. Арай гэж ганц удаа "цэцэглэж" үзэх гэсэн ингэж л таарна, хэрэглэж байгаа юм бол юундаа гаднаа тавьдаг байнаа гэж бодон уур ч хүрэх шиг... бараг л эцсийн хүчээ шавхан байж буцааж гаргаж байсан байранд нь тавьчихаад орж ирээд аяга үзэмний шүүс уугаад нэгэнт нойр хүрэхээ больсон тул телевизийн суваг эргүүлтэл эдний National Television /국회 방송/ -аар Монгол маань гарч байгаатай таарчихлаа. Солонгосын залуухан кино жүжигчин бүсгүй И Бу Ён /Lee Bo Young/ Unicef-ийн элчээр Монголд очин 4 хүүхэдтэй ядуу бүсгүйн гэрт нь туслан 14 хоног хамт амьдран хүүхдүүдэд нь дулаан хувцас дулаалгатай гэр авч өгөөд ирсэн тухай нэвтрүүлэг юм байна.
Миний харснаар Баянхошууны Хөтөл юмуу эсвэл Зурагтын эцэс хавьцаа болтой оршуулгын газартай яг зэрэгцээд гэр нь байх бөгөөд хүүхдүүд нь оршуулгын чулуунуудын яг хажуугаар нь тоглолдоод л гүйх юм. 32хон настай хирнээ 4 хүүхдийн ээж тэр монгол бүсгүйг надаас 3, 4-хон насаар эгч гэж бодохоор итгэмгүй... Тэр айлын амьдарч буй гэр орныг нь, өрөвдмөөр халтар хүүхдүүдийг нь харсан чинь нутгаа их санасандаа ч тэрүү нулимс гарлаа. Тэр аяараа утаандаа харанхуйлж нүүгэлтсэн Улаанбаатарын гэр хорооллыг алсаас татаж харуулсан зураглалыг хараад ичиж нэрэлхэхээсээ илүү сэтгэл өвдлөө. Үнэхээр юу гэж хэлэхийн аргагүй нэг юм цээжинд зангирч ирээд хоолой хавьд тээглэчихлээ. Эх орон минь...
Зөвхөн ганц тэднийх ч биш тэр нүүгэлтэж харанхуйлсан гэр хорооллын ихэнхи айлуудад орвол яг дээрх айлтай адилхан дүр зураг өөдөөс угтана гэхээр л.... дээрээс нь нэмээд энэ өвлийн зуданд хамаг малаа дуусгасан хөдөөнийхөн бүгд хар бор гэрээ чирээд энэ зун хотруу орж ирнэ... дахиад энэ айл шиг хэдэн мянган айлын тоо нэмэгдэнэ гэхээр л.... сэтгэл яасан их өвдөнө. Жүжигчин бүсгүй дээрх айлд “Хамгийн дулаахан өвлийг бэлэглэлээ” гэж нэвтрүүлгээ нэрлэсэн байв… Үнэхээр л 4 бяцхан амьтан ээжтэйгээ өвлийн хэдэн сар дулаахан гэрт дулаахан хувцастай хэд хоногтоо л идэх хоолтой хоцорсон. Харин И Бу Ён-ыг буцснаас хойш тэд яах вэ... байнга өгөөд байх хэн байх билээ...Хүүхдүүд нь том болсныг нь гараад телевизын мэдээ зарж, гутал ч болсон тослоод өдрийнхөө хоолны мөнгийг ол гээд "хөөгөөд" гаргахсан ч 10 ч хүрээгүй насны энэ нялх амьтдыг яалтай ч билээ. Тэдний буруу биш шүү дээ... Нэг ой ч хүрээгүй хүүхдээ орхиод хаана очиж ямар ажлаа хийж мөнгө ол гэж энэ ээжид хэлэхсэн билээ дээ. Монголын амьдралаас тэгж их хөндийрчихсөн хүн гэдгээ би мэдсэнгүй... Тийм амьдралтай хүмүүс байдгийг хараад цочсон шүү. Та бүхэн ч гэсэн тэр айлын доторх амьдрал, идэж буй “юм”, өмсөж буй хувцас, байгаа байдлыг харсан бол үнэхээр над шиг цочирдох байсан байх... Үнэхээр ард түмний дийлэнхийнх нь амьдралын үнэн бодит царайг бид мэддэггүй юм байна. Энэ айлын ард бас ийм адилхан хичнээн мянган айл байгаа шүү дээ. Сэтгэл өвдөхөөс өөр юу ч хийж чадахгүйдээ хичнээн бухимдана.

Энэ нэвтрүүлэг бараг шөнө дунд хүртэл яваад дууслаа. Нэгэнт нойр гэдэг юм хаашаа ч юм хийсэн одсон болохоор дахиад л сувгаа эргүүллээ. Эдний КBS1 телевизээр Human Theater буюу /인간극장/ хэмээх жинхэнэ амьдралаас сэдэвлэж хийдэг documentary series – манайхаар бол баримтат кинотой төстэй нэвтрүүлэг байдаг юм. Тэр нэвтрүүлэг гарч байгаатай таарав. Эхнэр нь өөр хүнтэй явалдаад хамаг юмыг нь хамж аваад орхиод явах мөрөөрөө явахгүй нөхрийнхөө нэрээр мөнгө хүүлэгчдээс /사채 업체/ хичнээн саяын зээл аваад явчихсан нэгэн залуугын тухай гарч байна. Солонгосын мөнгө хүүлэгчид буюу өндөр хүүтэй мөнгө зээлдэгчид бараг л мафи гэхэд болно л доо. Эдэнд өр тавьсан хүмүүс хүүнийх нь өндрөөс болоод төлж чадаагүй нь олон байх ба төлж чадаагүй хүн амьд гарах найдвар тун бага. Гэтэл дээрх залуу хаяад явсан эхнэрийнхээ тавьсан өрийг дарах гэж үхэхээс наахнуур зүтгэж байгаад ходоодны хорт хавдар тусчихаж... Бурхан хүнийг нэг мартхаараа эргэж харахаа бүүр мартчихдаг болтой. Юу юу ч үгүй эхнэр ч үгүй мөнгө ч үгүй орох орон ч үгүй мөрөндөө тохох хувцасгүй биендээ өвчнөөс өөр юу ч үгүй тэр залуугийн нулимс нүдэндээ багтахгүй асгарах юм. Эр хүнээс тэгж их нулимс гардгийг урд шөнө л харлаа.
Орчлон дээр зовж шаналсан хүмүүс яасан их юм бэ? Бидний мэдэхгүй бидний төсөөлөлд ч байхгүй хэцүү амьдралыг туулж яваа хүмүүс ямар олон юм бэ? Харин бид дээрх Монгол бүсгүйн дөрвөн хүүхдийн дэргэд өлслөө гэж хэлэх эрхгүй энэ хорт хавдартай солонгос залуугын дэргэд уйлах эрхгүй юм байна. Би л лав тэднийг бодохноо жаргаж яваа хүн юм байна … Түрийвчиндээ мөнгөтэй хирнээ дуудлагын таксины мянган вон хэмнээд харанхуй шөнө гудамжинд ганцаараа зогссон өөрийгөө хохь нь хэмээн бодож гэртээ угаалгын машинтай хирнээ бусдын үүдэн дээрх угаалгын машинд шунасан шуналаасаа ичиж сууна. Шөнө нэгэнт унтаагүй тул өглөө босоод майлээ шалгатал мессенжирт нэг танил маань дараах зурвасыг үлдээжээ.
“Хэрвээ та мөрөндөө тохох хувцастай байгаа бол дэлхийн бүх хүний 75 хувиас баян. Ээж тань эсэн мэнд, эрүүл саруул байгаа бол та хамгийн азтай хүн. Харин та үүнийг уншаад баярлаж байгаа бол бичиг үсэггүй 2 миллиард хүнээс азтай юм. Тиймээс одоо байгаа зүйлдээ бүү гутарч амьдраарай” гэсэн байв.

Ингээд л би энэ тэмдэглэлээ бичлээ. Бас хаанаас ч билээ сонссон нэг хуучны хэллэг санаанд орж байна. "Хөлгүй хүнтэй танилцах хүртлээ хуучин муу гуталтай явж байна гэж үргэлж сэтгэлээр унадаг байлаа..." гэж.
Тиймээ бид хамгийн азтай нь юм байна одоо байгаадаа сэтгэл хангалуун амьдаръя.




9 comments:

Дугуйлан said...

Их зүйлийг ойлгосон шөнө байжээ. Тэр угаалгын машины ачаар гэмээр ч юм уу тиймээ? хэхэ. Угаалгын машины ачаар, түүнийг гэртээ өргөж оруулсаны ачаар хорвоогийн эрээн барааныг чи болон бусад хүн чиний бичлэгээр дамжуулж мэдэрч байнаа гэж. Тэр угаалгын машиныг өргөж гэртээ оруулаагүй гэртээ шууд орж ирээд унтчихсан бол энэ бичлэгийг бичихгүй, бид энэ бичлэгийг уншиж бодол хийлэхгүй байлаа...

oyunaa said...

Tiim shuu yag l bgaa bgaadaa setgel hanan amidrah shig saihan yum bhgui ee.

REDCOURSE said...

гэхдээ хүн гэдэг шуналаа дараад байгаадаа сэтгэл хангалуун яваад байж чаддаггүй тийм л амьтан аж. хүний шуналаас л болж энэ бүхэн золгүй учралгүй зовлонтой гунигтай зүйлс чинь болоод байгаам шүү дэй.

Улаан Малгайт said...

Би байгаадаа сэтгэл хангалуун байдаг. Заримдаа хүн л юм болохоор атаархалын бяцхан оч асаал байдаг ч байгаа даа сэтгэл хангалуун байх шиг хамгийн сайхан зүйл байхгүй байх. Гэхдээ мэдээж ахиж, дэвшихгүй энэ л болоо энэ л хангалттай гээд хөшүүн хойрго байж болохгүй л гэж боддын.

Бид ернол азтай хүмүүс шүү.

Б.Номинчимэд said...

Их ачтай улаан угаалгийн машин байна даа. Юм юм ойлгуулж өгдөг. Юм юм л бодогдож байна, энд бас.

Arsun said...

Тиймээ, юм юм бодогдож байна.

Idea said...

Би тэгвэл та нараас их юм бодож байна заа /дээтлийн хоёрт хэлээд хэлээ гаргав/

Буцаагаад гаргаад тавьдаг мундаг охин байна шүү, би л бол бандан тас,гэрэлтдэг палмаастраар бичих нь яасын, тэгээд ч дийлэхгүй байна мэдүү гээд гүрийчиж мэдэх л газар. Дараа нь каргод ачуулж байхдаа баригдаж энтэр хөгөө чирэхгүй юу. /Монголоос элдэв юм жишээлж ярих хэрэггүй юм байна, санаагаараа явуулбал тэр л биз, хүний газар өөрөө л өвдөж зовохгүй явбал барав гэж эгчийгээ өрөвдөв./

Санаандгүй юм гэж байдаггүй гэдэг. Хувь тавилан чамд, чамаар дамжуулж бидэнд үүнийг дахин нэг сануулах гэж угаалгын машин тааралдуулаад, дараа нь 2 нэвтрүүлэг илгээж. Уйлмаар ч юм шиг болчихлоо. Тийм амьдрал энүүгээр дүүрээн,харсаар сүүлдээ дөжирсөн. Хааяа юу ч хийж чадахгүйдээ бухимддаг. Гэлээ гээд жаргаж байгааг минь ухааруулж өгдөг тэдэнд талархаж, сайн сайхныг хүсэх хэрэгтэй байх.

Ер нь л сэтгэл нэг их хөндүүрлэж ирээд сайхан болчихлоо, баярлалаа Болорхоон. Мэргэжлийн сэтгүүлчээс ч илүү найруулга сайтай, өвөрмөц өнцгөөр санаагаа гоё илэрхийлэх юм.

naraa said...

Би энэ ядуусыг яах гэж хүүхэд гаргаад байдагийг нь ерөөсөө ойлгодоггүй шд. Өдий 21-р зуунд амьдарч байж яаж хамгаалдагийг мэддэггүй байх гэж бодохгүй байна. Жирэмслэлтээс хамгаалах эм кондомыг үнэ төлбөргүй өрхийн эмнэлгээр тараадаг гэж НҮБ-ын Хүн амын сангаас хэлж байсан. Тэр нь хүртээмжгүй байдаг юмуу, эсвэл очоод авчих ухамсаргүй байдаг юмуу. Тэгээд л олдсоны зоргоор хүүхэд цувуулаад хайран хүүхдийн хувь тавилангаар тоглоод байхын. Хөөрхий тэр нялх амьтад.

Oyundelger Batchuluun said...

сайхан блог байна эгчээ танд баярлалаа