15 June 2010

Тэханмингүг файтин ба The shouts of Reds, Korea

БНСУ миний хувьд усыг нь ууж ёсыг нь дагаж агаараар нь амьсгалж газар дээр нь гишгин алхаж яваа яахын аргагүй “эцэг орон” минь. Энэ оронд хэдэн жил амьдарсных хүн зон, хэл ус, хот тосгон, уур амьсгал, нийгэм соёл, ёс заншил гээд хүн сурч дасаж болох бүгдтэй нь аль хэдийнэ салахын аргагүй дотносож дасчээ. Тиймдээ ч миний хувьд Хангүг нутаг харь орон шиг санагдахаа ч болиод удаж... Ямартаа л өнгөрсөн зуны Бээжингийн олимпод Солонгосын жүдо бөхийн тамирчин хамгийн анхны алтан медалиа авахад нь дагаж уйлж, Ванкуверийн өвлийн олимпод уран гулгалтын эмэгтэй ганцаарчилсан төрөлд “Мөсөн дээрх хатан хаан” Ким Ёнагийн үзүүлбэр дээр өөрөө уралдаж байгаа мэт л түгшиж хамгийн өндөр оноог зарлахад орилон босч дэвхрэн харайн уйлж хамт ажилладаг Солонгосчууд хүртэл гайхан “Ким Ёна Монгол тамирчин биш, чи яагаад байгаан” хэмээн эгдүүцэж байсансан.
Энэ ертөнцийн хаана нь ч бай Монгол ч бай Солонгос ч бай ялгаагүй нэг л тэнгэр дор ганц гэрэлт шар нар, ганц цэнхэр сарны дор байгаа хүмүүс бид ав адилхан “Дэлхий” гэдэг нэг л гэртэй хүмүүс гэж боддог болохоор минийх чинийх гэсэн аминч үзлээс би холуур байдаг. FIFA 2010 ДАШТ -ний хамгийн анхны ялалтыг Reds буюу Солонгосын хөлбөмбөгчид Европын аварга Грекийг 2:0-оор хожиж баярт мэдээ дуулгалаа. Тоглолтыг эхнээс нь дуустал нүд салгалгүй үзсэн миний харахад хүртэл Улаанууд дэлхийн хатуухан багуудын нэг болох Европын аварга Грекийн багаас хурдаар илт давуу байгаа нь харагдаж байлаа. 2002 онд нутагтаа болсон хөлбөмбөгийн ДАШТ-д гайхалтай сайхан амжилт үзүүлэн шөвгийн дөрөвт үлдэн шуугиулж байсан Солонгосын багийг энэ жил дахин босч ирнэ хэмээн Солонгосчууд бүх л итгэл найдвараа тавин хүлээж байгаа бөгөөд тамирчид ч сэтгэл зүйн болоод багийн бэлтгэл бүрэн ханасан учраас энэ удаад амжилт үзүүлнэ хэмээн амалж байгаа юм. Английн “Манчестер Юнайтед”-д тоглодог Пак Жи Сон ахлагчтай Солонгосын баг юутай ч ийнхүү анхныхаа ялалтыг Грект нэг ч гоол оруулах боломж олголгүйгээр өлхөн байгуулаад маргааш буюу 6.17-нд домогт Марадонaгийн эх нутаг Аргентины багтай тоглохоор тоглолтын хуваарь гараад байгаа билээ. FIFA-ийн хоёр удаагийн аварга, алдарт Марадонaгийн үе залгамжлагчид Нигериагийн багийг 1:0-оор хожоод байгаа юм... аргентинчууд энэ удаад санасныг бодоход сэтгэлд хүрсэн тоглолт үзүүлж чадаагүй мэт санагдснаа нуугаад яахав.
Ямартаа ч маргааш орой Солонгосын Улаанууд Аргенитиныг хожих боломж бас найдвар миний хувьд 60%-аас дээш хувьтай л байна.... Үүнийг маргаашийн тэнгэр мэдэх болов уу... Ойрын үед Солонгос улс улаан өнгөөр амьсгалж байгаа би ч бас юу дутахав маргааш улаан пудволкоо өмсөөд л ажилдаа явна даа.

Fighting Korea!!! Reds Go Go Go!!!


2010.06.16
South korea

1 comment:

Tulga said...

minii reader deer "dislike" gedeg button baidaggui n haramsaltai