26 October 2008

Ухаарлаас унасан навч

Би түүнийг ахаа гэж дотносон дуудах дуртай. Тэр хүнийг таних болсноос хойш цаг хугацаа олныг элээж амьдралын хатуу зөөлөн, жаргал зовлонг хамт байж өнгөрөөгөөгүй ч гэсэн аль хэдийнэ сэтгэлийн минь дотор орших олон сайхан найз нарын минь нэг болсныг нь өөрөө ч бага зэрэг гайхан хүлээн зөвшөөрдөг билээ. Үг бүрээс нь ухаарал цацардаг гээд хэлчихвэл хэтэрхий даруухан түүнийг хэтэрхий худлаа магтсан болчих болов уу?
ГУНИГАА би шүлэг болгон үлдээнэ
ГУНИГАА би хүсэл болгон асаана
ГУНИГАА би уучлал болгон дэвсэнэ
ГУНИГАА би ухаарал болгон ургуулна... гэж хэлэхдээ тэрээр өөрөө ч мэдэлгүй бусдад тийм цагаахан гэмшил, оройтсон оройтоогүй ухаарлыг үлдээж чаддагаа мэддэг болов уу? Өөрийгөө яруу найрагч хэмээн хүлээн зөвшөөрөх нь эр зориг хэмээн аяархан хэлдэг тэрээр өөрийг нь магтахад дургүй, эх орон, ард түмнээ өөдлөхөд нь хамт баярлаж уруудахад нь дагаж энэлж явдаг яруу найрагч байхын жаргал, зовлонг бас мөчрөөсөө салж ядах намрын сүүлчийн ганц навчны ганцаардал, шувуудаа үдчихээд эзгүйрсэн нуурны гунигыг хүртэл зүрхээрээ мэдэрдэг түүнд "та бол жинхэнэ яруу найрагч", "таны шүлгүүд үнэн тасархай" энэ тэр гэх хоосон магтаал юу ч бишээ.
Өөрийгөө хүний заяа нөмөрч унасан хайр харуусал хоёр, хагацал зовлон дунд буцалсан хатуу зөөлөн хоёр хэмээн оновчтойхон томъёолсон Цэндийн Галбадрах хэмээх энэ эгэлхэн яруу найрагчийн
Өнгө мөнгөний бохир хорвоотой холилгүй
Өвөл зун шиг хүмүүний араншинд хиртээлгүй
Өөрийгөө буцалган нэрж гаргасан
Өр нимгэн хэдэн шүлгэнд нь би хайртай билээ л... Тиймийн учир түүний тухай дурдалгүй, бүүр дурсалгүй өнгөрч яаж чадахсан билээ. Би гэдэг хүн үнэн сэтгэлийн юм бүхэнд хайртай болоод ч тэрүү түүний сэтгэлээ ёстой л нэрж гаргасан, цурхирч гаргасан, заримдаа эвий дээ хөөрхий зөөлхөн мэгшиж гаргасан нулимсных нь амтнаас түүний сэтгэлийг амтлах шиг болдог юм. Баярлаж гунихад хүнд хамгийн ойр нь нулимс л болохоор шүлгийг нулимс гэж би боддогийм, сэтгэл хөндөгдөхөд шүлгэн нулимс урсдаг бусуу.
Би намар намарт ухаажиж навчсын зовлонг ойлгохыг хүснэ
Би хавар хаварт ургаж хайрын бороонд дэлбээлэхийг хүснэ
Би нарны доор хүмүүний зовлонг хуваалцахыг хүснэ
Би нас хийгээд жаргалаа найраг, шүлэг болгоод явахыг хүснэ...
...Би шүүмжлэгч, судлаач биш бас зохиогч бичигч биш тул түүний шүлгүүдээс бусдад бус зөвхөн надад ямархан анир нисч ирдгийг хуваалцахыг хүслээ. Түүний шүлэг бүрээс түүний сэтгэл санааны дотоод ертөнцийг олж нээж болно гэж би боддогийм. Өршөөл үгүй хорвоогийн хар бараанд хучигдахгүйн хүсэл, өнөө маргаашийн шунал хүслээс ангижрахын сүслэн, үнэн хэмээгдэх худлаас залхах залхалт, хүн хэмээх бурхнаас заяасан тавиланд зөв амьдрахын учрыг, өчүүхэн атугай олж харсан нарны гэрлийг бусадтай хуваалцах гэсэн асар их тэмүүлэлийг түүнээс олж хардагийм. Түүний шүлгүүд нь хүмүүний тухай, амьдрахуйн тухай, орших эс оршихуйн тухай, жаргал зовлон, хайр жигшлийн тухай энгийн утгат, бодит үг өгүүлбэрээс илүүтэйгээр уран сайхны голч сэтгэлгээгээр, далд совингоор, сэтгэхүйн гүнзгийрэлтээр мөн дорнын философийн өвөрмөц үзэл ойлголтоор бусдын сэрэхүйд нэвтрүүлж чаддагаараа онцлогтой гэж бодно.
***
Мэдэхгүй танигдахгүйн дунд
Мэдрэхүй зөн хоёртоо найдаад
Орхиод явсан бурханы эрэлд
Он цагийн эрхшээл дор явнаа би...
Үйл үйлийн зангилааг тайлах
Үзүүр учигийг өөрөөсөө хайсаар
Үнэний тайлал бурханыг олох нь
Өөрийгөө олохтой адил бишүү....
***
Өчигдрөөс өнөөдөр лүү
Өнөөдрөөс маргааш руу
Өглөөнөөс орой руу
Өдөр шөнө,өглөө орой
Цаг хугацаа намайг зөөж байна уу
Цаг хугацааг би зөөж байна уу
Санаа алдахад хором өнгөрч
Салхинд туугдах шиг цаг хугацаа....
***
Үйл учгийн холбоог таслахгүйн
Үүрэг учралаар эрээд эрээд
Үйлэндээ гүйцэгдэхдээ хорвоог орхих
Үнэний зангилааг тайлах аргагүй
***
Тэнгэрт хөвөх үүлсийн завсраас
Тэргэл саран гуниг шидэхэд
Уулын оройгоос салхи үлээж
Ухаарлын шилбүүрээр намайг ороолгоно
****
...
Гэмшил дусал дусал нулимс болоод
Гэнэт бороо болж асгарахад
Аянга буух шиг болоод
Ариусал хучих шиг ээ

***
Золиос мэт амьдралд
Зовлон тавилан мэт санагдахуйд
Гараас итгэл минь зуурчихаад
Гашуунаар инээх намайг гайхан харна

Өвс бид хоёр адилхан байж
Өөрөө би түүнийг зовоосоор алхахад
Эрхэмсэг оршихуй надаас сэжиглэж
Эргэж тойрчихоод нисэн одно

Түүний зарим шүлгүүдийг нь дүгнэхэд гүн ухааны аястай, бодрол бясалгалын шинжтэй, Буддын шашны үзлээр ертөнцийг үзэж билэг билгийн чанадад хүрэх, бурхан болоход оюун санаа, махбодийн хувиар ариуссан байх ёстойг заасан "бишүбү" урсгалд хамаарна гэхэд нэг их хэтийдүүлсэн болохгүй байх. Аливаа бүхний нууцад /дотоодод/ нэвтэрч ариусахыг номлосон бишүбү урсгал монголын яруу найрагт 1990-ээд оноос нэвтэрч эхэлсэн юм.
***
Бурханы өгсөн бие байшингын хана налахад
Байхгүйн дунд сэтгэл түших ханагүй
Хэлсэн хэлээгүй үгс хаа хүрэхээ мэдэхгүй тэнүүчлээд
Хэзээ ч юм бэ? ирсэн гуниг аяга дарс шиг
Нар манддаг хорвоод
Насаа өгч байгаад ч хамаагүй авчих юм алга
Өнгөрсөн бүхэн үзэгдэл төдий
Өнөөдөр зүүд мэт зэрэглээтээд....
...
Мөнх юм гэж үгүй учир
Мөрөөдөл ч бас хоосон
Хов хоосонд өөрийгөө олоход
Худгийн усанд сар бутрах шиг... гэх мэтчилэн шүлэг бүрээс нь түүний дотоод ахуй, баяр гуниг, хүсэл мөрөөдөл, зөн совин хийгээд цаашилбал бусдаас ялгарах онцлог, бодьгал чанарыг нь хэрхэн туссаныг харж болно. Бусад уншигчдад дотночолон хэлэхэд уран бүтээлийн арвин их санг нь богинохон хугацаанд гүйлгэн хараад л хамхих бус шүлэг бүрийг нь сэтгэл зүрхээрээ мэдэрч сонсоход багагүй хугацаа орж мэдэх ч түүнийг сонссоны дараа та сэтгэлээ хэрхэн уясч орчин, орчлон хоёрт идэгдэж шир болсон өрөө хэрхэн дэвтэхийг мэдрээд түүнд баярлалаа гэдэг үгийг өөрийн эрхтгүй хэлэх бизээ.
Түүний нэг шүлэг байдаг юм, өвлийн нэг их хүйтэн, гудамж бөөн цасанд дарагдсан шиг сэтгэл бөөн гунигт автсан өдөр түүнтэй ярилцаж суухад энэ шүлгийг надад өгөөд "чи бид хоёр ярилцаж суухад миний бичсэн шүлэг шүү, битгий мартаарай" гэж хэлсэн би яахин мартах билээ дээ.
Хөгжмийн эгшиг сэтгэлийн хаалга татаад
Хөнгөн алхасаар орж ирэхэд
Хөвөх мэт сэтгэл гадагшилж
Хаашаа ч юм долгис цацаад....
Юуны ямархан хүчээр
Надад нөлөөлнө бэ
Нөмгөн гунигийг минь
Юунд ил гаргаж дааруулна бэ
Мэдрэхүйн судсыг
Чинэртэл тэлж
Мэдэхгүй ертөнцрүү
Юуны учир хөтөлнө бэ
Оногдсон зовлон дээр минь
Оч хаяж шатаан
Орчлонгоос салгаж
Сэтгэлийг юунд өнчирүүлнэ бэ
Хөг эгшиг бүрээр чинь сэтгэл задрахад
Харанхуйн дунд солонго татах шиг болоод
Үнэний дунд ганцаар зогсох шиг
Үнэндээ би хөгжмийн эгшиг болох мэтээ
Түүний эхийн тухай аяархан мэгшиж бичсэн шүлгүүд, бас сайхан хайрын зүрхээ дарж өрөөл сонсчихвий гэсэн шиг шивнэж бичсэн шүлгүүдийг бас хэлэхгүй байж чадахгүй нь, заримдаа түүний дурлаж явсан эгч нарт цагаахан атаархал төрөх шиг болдог юм.
Яруу найрагч гэдэг бие, сэтгэлээр туулснаа үгээр дуулдаг хачин ховорхон мэргэжил юм болохоор би Бүлээн хэмээх энэ шүлэгчийг түүний
Тарааж цацсан сэтгэлээ хайх замдаа
Таньж олсон хэдэн эрдэнэ болсон шүлгүүдээр нь таньж түүнээс нэг их зөв сэтгэлийг, нэг их хүнлэг чанарыг, нэг их бүлээхэн үгийг л хүлээдэг билээ. Тэр өгч ч чадах гэж итгэдэг.
Нутгаасаа алсхан суугаа надад унших бүртээ сормуусаа норгодог нэгэн шүлгийг тань төгсгөлийн оронд хүргээд яруу найрагч Ц.Галбадрах танд уран бүтээлийн улам өндөр амжилтыг хүсч та биднийг учруулсан яруу найраг гэдэг өр зөөллөхийн ухаанд баярлаж явдагаа хэлъе. Хүний сэтгэлийн утсыг уянга, ухаарлаар хөглөх шиг цагаан буян юусан байх билээ, тэр буяныг Янжинлхам бурхны бийбаа хөгжмийн аялгуун дор бусдад ямх ямхаар түгээж байгаа олон олон сэтгэл зөөлөн яруу найрагчдийн минь нэг нь та шүү.

Оршил
Бие минь тэнд төрсөн болохоор
Бас сэтгэл минь тэнд төрсөн болохоор
Билэг оюун ухааныг тэндээс авсан болохоор
Би тэнд хайранд өлгийдүүлж,хайранд зодуулж өссөн болохоор
би түүнийг эх орон гэж нэрлэдэг ээ

** МИНИЙ ЭХ ОРОН***
Наран жаргавч саран мандах гэрлийн эх орон
Навч нь унавч цас нь өнгөлөх цагаахан эх орон
Нас нэмэхэд улам ойртох соронзон эх орон
Намайг шүлэг болгон хувиргах ухаарлын эх орон

Халуун хэвлийгээсээ түрж эрдэнийн чулуу гаргаж байдаг
Хаанахын ч хүүхэд атаархам хаан шиг тоглож байдаг
Хадган өнгөтэй тэнгэрээр өдөржин хучуулж байдаг
Хав хар нөмрөгийг очир алмаазан шигтгээтэй нь тийрч унтаж байдаг

Хойморт нь Бурхад заларч байдаг
Хажууханд нь хүүхэд Бурхан эрхэлж байдаг
Тулганд нь галын Бурхад инээж байдаг
Төрсөн гэр минь Бурхадын гэр байдаг

Сүүний үнэр шингэсэн бор тэрлэгний энгэрт
миний эх орон үнэртэн байдаг
Сүмэн өвсний толгой хөдөлгөх төдий салхинд
миний эх орон аргадуулан байдаг
Түрүү морины хөлсөнд
миний эх орон дусланхан байдаг
Түрүүлсэн бөхийн дэвэлтэнд
миний эх орон хотолзонхон байдаг

Хоёулаа ирсэн шувууд гурвуулаа болоод буцдаг
миний эх орон учрал хайрын эх орон
Харьд очсон морьд нь нутгаа тэмцэн гүйдэг
миний эх орон санан тэмүүлэхийн эх орон
Түмэн өнгийн цэцгээ хөлд минь дэвссэн
миний эх орон хүндэтгэл хайрлахын дээд эx орон
Түнэр харанхуйд ч сэтгэлд минь бадамлан асах
миний чиний хайрын ундрага эх орон

Намираа зөөлөн бороонд нь хорвоо ариусч байдаг
Намуухан будрах цасанд нь сэтгэл ариусч байдаг
Нүүж сууж явахдаа бууриа цэвэрлэж байдаг
Нүгэл тогтох аргагүй миний эх орон ариухан эх орон

Уулын оройд нь салхи исгэрч бодлыг алсад хүргэж байдаг
Урсгал гол нь анагаах увьдастай урсаж байдаг
Уртын дуу нь дэлхийгээс тасарч гарч байдаг
Уяхан замбуу тивийн наран таанын үнэрт согтож байдаг

Таван ханатай гэрт нь нар,саран зочилж байдаг
Таван хошуу мал гэрээ тойрон ижилсэж байдаг
Талын Таван Толгой нь хайрын учралд дуудаж байдаг
Таньж,мэдэж дуусашгүй миний эх орныг
МОНГОЛ гэж нэрлэдэг ээ

Нутгийн минь жижигхэн бор чулуунд миний эх орон багтанхан байдаг
Намар намрын навчисны хээнд миний эх орон тодронхон байдаг
Настай ээжийн минь духны үрчлээнд миний эх орон долгиотон байдаг
Нулимстай нүдийг минь салхи нь арчдаг
ЭХ ОРОНТОЙ учраас би бардамхан aлхдагаа.

5 comments:

munkhbaatar said...

Ц. Галбадрах гэдэг яруу найрагч үнэхээр гүн гүнзгий бодрол, ухаарал шингэсэн маш сайн мөртүүдийг бичдэг юм байна. Уншаад ухаарал нэмлээ, уншсанаа эргэцүүлээд нас нэмлээ гэж. Баярлалаа Болороодоо.

Бум-Эрдэнэ said...

Ах нь бас түүний блог руу орж орчноо мартаж жаал суудаг юм

Бум-Эрдэнэ said...

Бас түүний ийм мөр бий:
Нарны гэрэл цуулж сүүдэр амилуулж амьдрaхдаа
Нас нэмж санчигандаа гэгээ цуглуулж өтлөхдөө
Дуугүйхэн дуссан нулимасaa шүлэг болгон амилуулж
Дутуу хайрласан бүхнийхээ өмнө уучилал эрэн сөгднөм би

munkhuu said...

Hi, Iim goe shuleg baidag bsiimuu. Uneheer ih taalagdlaa. Blogtoo copydloo shuu. Thanks.

oyunaa said...

Uneheer tiim shuu. Buleen ahiin blogoor orohoosoo zarimdaa halshirdag minii tenegiinh l biz dee... boon boon bodol uhaaral teedegtee tegdeg biz ee... EH ORON shuleg ni amisgand nulimas huruulahgui bhiin araggui shuleg shuu ...