07 September 2008

Ааваа би дуулнаа...

Ааваа би дурснаа
Амьдралын ухааныг сэтгэлд ургуулсан
Ачтайхан аавыгаа дуулж явнаа би...

Аав бид хоёрын тухай... аавыгаа дахиад л санаж байна. Би өмнө нэг бичлэгтээ аав минь улсынхаа төлөө насаараа зүтгэсэн номын ухаантай сэхээтэн гэдгийг нь бичсэн санагдана. Тэгвэл энэ удаа аавын өөр олон мэргэжлийнх нь тухай, аавын залуу нас, миний бага насны тухай илүү их санагдаж байна.
Аав - бөх
Улс, аймгийн том цол шагналд хүрч барилдаагүй ч миний аав сэтгэлээрээ бөх хүн. Том өндөр биетэй аав минь надад уул шиг л санагддаг юм. Эр хүний сайхныг, эр хүний сайн чанарыг ааваасаа л анх мэдэрсэн болохоор эрчүүдийг аав шигээ хайрлаж хүндлэж явдаг даа. Малгай бүсэн хийморьтой гэдэг дээ, аавын минь малгай бүс, зодог шуудгийг хоймрын авдарнаас өөр газар тавьдаггүй байлаа. Аавыгаа дагаад л бөхөд хайртай болчихсон юмдаг. Манайх гэрээрээ дүүрэн том том жаазтай бөхийн зургаар дүүрэн айл байлаа. Жил бүрийн битүүний орой ээж, эгч нар гал зуухны өрөөнд бууз шууз, хоол унд болж байхад би аавтайгаа бас эрэгтэй дүүтэйгээ тавгаа засч бөхөө үздэг байлаа. Тэр үед аав минь даваа бүрийн оноолт, ам, тунаа, унаа бүрийг нэр устай нь бараг мэхтэй нь тэмдэглэдэг байсан юм. Тэр орой манай гэр ямар дулаахан, гэрэл гэгээтэй, инээд хөөртэй, жаргалтай байдагсан. Аавынхаа нөлөөгөөр бөхөд дуртай болж хожмоо юм юман дээр ганц эрэгтэй дүүдээ хань болохуйц эршүүддүү зан суусан гэж өөрийгөө боддогийм.
Аав - адуучин
Намайг хүүхэд байхад манайх хирдээ олон малтай, зун нь хөдөө гардаг айл байлаа. Зунжин малтай хөөцөлдөөд намар нь бов бор болчихоод сургуульдаа ирдэг байсийн. Манайх хэдэн сайхан үхэртэй, адуутай бас хоньтой байсан, тэмээ байхгүй байсан санагдана. Аав адуугаа өсгөх гэж хирэндээ бас үхэр малаар сольж хольж "арилжиж" хэдэн сайхан морьтой болсон юмдаг. Би морийг их амархан унаж сурсан. Уяан дээрээс мордуут салхи татуулж давхих дуртай, ер нь адуунд их хайртай, өглөө үүрээр адуу хураах, адуугаа хашиж байгаад морио юүлэх, үдшээр морь аргамжих, унага уях энэ тэр миний дуртай ажил байлаа. Энд ингээд ярихаар одоо намайг харсан хүн үнэмшихгүй л байх даа. Харанхуй үүрээр айл амьтан унтаж байхад босч аргамжаанаас морио эмээллэж унаад, уртаа уурга бариад адуунд явдаг байсан гээд ярихаар хүн яасан ч итгэдэггүй юм. Тэр үед 14,5 настай байсан юм болов уу, бараг оюутан болоод л энэ бүхнээс хөндийрч хотын хүн болчихсон юм байна. Одоо ч морьдоо зүсээр нь санаж байна, муугаа мэдэхгүй морь голж унадаг байжээ аавынхаа том биетэй хээр морийг, бас муугүй жороолдог халзан мориндоо аавын гахай гөлөмтэй, алтан шармал дөрөөтэй, том том мөнгөн баавартай эмээлийг л тохож унах дуртай байлаа даа. Хүүхэд нас аа гэж...
Адуу төдийгүй амьтан хайрлах өр зөөлөн сэтгэлийг аав минь надад өгсөн дөө, саявтархан миний байдаг хотын амьтны хүрээлэнд байх хулан нэг л нүдэнд тусаад, хэрэг болгож тайлбарыг нь уншсан чинь Монголоос авчирсан гэжээ. Торны цаанаас бэлдсэн тэжээл өгөхдөө уруулыг нь илтэл зөв зөөлхөн, бүв бүлээхэн ... бага нас минь эрхгүй санагдаж нулимс гаргалаа, юугаараа ч юм тэр хулан бид хоёр ав адилхан санагдсан шүү ааваа...
... Аав бид таваас надад л хамгийн хайртай гэдгийн яагаад гэдгийг нь би мэднээ. Намайг төрсний дараахан хэдхэн сартай байхад ээж сургуульд билүү, курсээр билүү орхиж яваад тэр хойгуур нь хөхний сүүгүй болохоор надад үнээний сүү өгч, нөгөөх нь хурцдаж би өвдөөд, сүүлдээ шингэнээ алдаад тарианд ороод их л муудсан гэсэн. Тэр үед л турж эцсэн өвчтэй охиноо аваад эмнэлэгт хэвтэхдээ аав намайг хамгийн их хайрласан гэсэн. Одоо ч охиноо л их санаж суудаг гэсэн, би дээрээ хоёр эгч, доороо хоёр дүүтэй айлын таван хүүхдийн голынх нь, тийм хүүхэд ямар болдог гээч жижигхэн байхдаа хоёр эгчийгээ зарж, том болоод хоёр дүүгээ зарсаар байгаад гэрийн ажил сураагүй байдаг юм. Хоёр эгч тусдаа гарч, хоёр дүү бид гурав хилийн дээс алхснаас хойш аав ээж хоёр минь ёстой л цэцгийн дэлбээ нь хийсэж үндэс нь үлддэг шиг гэртээ хоёулахнаа үлдсэн. Харин хоёр дүүгээс минь илүү намайг санаж байна гэж, эмнэлэгт хэвтэж байхдаа эмнэлгийн кридороор яг над шиг охидууд дүүрэн байгааг, "араас нь харахад яг миний охин зогсож байсан урд нь очсон чинь биш байсан" гэж, "цонхоор харна хаашаа л харна миний охин харагдаад..." гэж уйлсныг нь ээж хэлсэн. Хаяа ээжээс нууж бичдэг биз дээ, утсанд "... аав нь охиноо санаад" гэсэн мессеж ирнэ.
... Аав багад намайг "боришка" гэдэг байсан юм, тэр нь оросоор гэрийн тэжээмэл жижигхэн муур ч юм уу, гөлөг ч юм уу дэггүй, "явган хулгайч", амттай юм тэсгээдэггүй зальтай бяцхан амьтныг тэгж нэрлэдгийг нь аав намайг өхөөрдөхдөө тэгдэг байсан юм. Би авдар савны цоож тэсгээдэггүй, ууттай чихрийг цоолж идээд буцаагаад наачихдаг, молоко энэ тэрийг бөөрийг нь цоолж уучихаад цаасыг нь буцаагаад наачихдаг тийм "үл бүтэх" амьтан байжээ. Хамгийн сүүлд бүүр том болсон хойно бараг 10-р ангид байхад /оюутан болчихсон ч байл уу/ битүүний орой тавгаа засч байгаад аав надад нэг том чихэр авч өгөөд "Миний хүү шинэ хуучиртал битгий тавагнаасаа чихэр аваарай" гэж гуйж билээ. Бөөн л инээдэм болсон юмдаг. Нээрээ л одоо бодоход сар шинийн тавагны чихэр шиг амттан бий билүү?
... Аавд их зодуулдаг байлаа. Зодуулах ч гэж аав жаахан байхад бөгсөн дээр алгаддаг байсан юм. Гэрт болохгүй хэрэг хэн хийнэ, нөгөө л боришка "Ааваа байя аа" гэж хэлэх үү гээд л аав алгаддаг байсан харин би тэгж хэлдэггүй гүргэр хүүхэд байсийн. Хамгийн сүүлд 7-р ангид байхад аав намайг анх удаа тооны хичээл дээр "гурав" авчихсныг минь мэдээд бөгсөн дээр цохиж "зодсон" юмдаг, угаасаа аав бид нарыг сурлага муудахад л хамгийн дургүй байсан. Тэрнээс хойш аав надад дахиж гар хүрээгүй ээ, би том болох тусам зодуулах ч багадах хэрэг их л хийсэн гэвч аав минь дотроо шаналаад л өнгөрдөг байх.
... Аавын залуу нас, миний бага нас хөдөө сумын төвд л өнгөрсөн. Аав байсгээд л хот явж /сургуульд явдаг байсийн/ мэдэх мэдэхгүй амттан өнгөтөн бид тавд их л авч өгдөгсөн. Аав ээж хоёр бид нарыг юугаар ч дутаахгүй өсгөх гэж, айл амьтны хүүхдээс юм бүрээрээ илүү байлгах гэж их л хичээдэг байж дээ. Тэр үедээ л сумын төвд гоё хувцас гарахад хамгийн түрүүнд бид тав л өмсөж, хамгийн амттай сайхныг бас л бид хэд бусад хүүхдүүдэд гайхуулж иддэг байж... эжий аав хоёрынхоо сэтгэлийг нь ойлгоогүй байж бусдад "манайх ийм юмтай, тийм юмтай" гэж гайхуулдаг байж тэнэгүүд чинь... их л дураараа байж дээ। Хүн гээч амьтан ээж аавынхаа дэргэд байхдаа л хамгийн их эрх дархтай, дур зоргоороо байдаг түүнээс хойш амьдралд хүсээд ч хэзээ ч тийм эрх чөлөөтэй байж чадна гэж үү?
... Аавыгаа санахаар хүүхэд насны олон гоё дурсамж сэргэдэг, хамгийн анх эрэгтэй найзтай болов оо. Аав мэдчихэж, их сургуулийн хоёрдугаар курст байсан билүү дээ. Аав бид хоёр нэг их хол алхаж явах зам зуур аав надад "Аав нь охиноо харамлахгүй ээ, харамлаад ч яах билээ. Харин миний охин хүнийг таних арай л болоогүй дээ. Хүнийг таних хэрэгтэй, хүнийг таних хамгийн хэцүү" гэж хэлсэн юм даг. Одоо ч би тэгж л боддог, аавын зөв хүнийг таних гэдэг яасан амаргүй хэцүү заримдаа аймаар зүйл вэ гэж... Хүн үхэх хүртлээ бусдыг байтугай өөрийгөө ч таньж чадахгүй явсаар дуусдаг гэсэн.
Аав - дуучин
Миний аав ховорхон сайхан хоолойтой хүн шүү, дуулах ч дуртай, нутагт амьтан ах дүүгийн найр наадмын хойморьт миний л аав гэрийг нь дүүргэж дуулдагсан. Аавыг дууриагаад дуулж шалихгүй ч дуулах дуртай, хүчтэй биш ч эвлэг зөв хоолой ааваас минь надад иржээ.
... Алтран шаргалтах элс нь зүмбэртээд
Ариухан дөлгөөн Эрээн нуураа
Миний нутгийн сүлдэнд өргөсөн
Мэндийн цэнхэр хадаг юу даа хө... аавын минь дуулах чихэнд сонсогдож байна. Гэвч...
... Аав минь дуу өсгөдөг жижигхэн атганд багтах микрофон захьжээ. Дүү бид захьсныг нь олж явууллаа... Аав минь нөгөө өрөөнөөс ээжийг дуудахад амар болж гэнэ, хүнтэй ярихдаа сонсохгүй болохоор нь нөгөө өсгөгчөөрөө ярьдаг болж гэнэ.
...Нэг л өдөр чихэндээ итгэмгүй муухай мэдээ сонссон нь миний сайхан аав бамбай булчирхайн хорт хавдар гэдэг айхтар өвчтэй болсон гэнэ, хүний нутагт ийм л юм сонсох шиг аянга гэж байхгүй। Хоол ч хоолойгоор орохгүй нулимсан нүдтэй сар гаран өнгөрлөө, гэвч тэглээ гээд тус нэмэргүй тул арга зам хайх л хэрэгтэй... дэлхийн анагаах ухаанд хорт хавдрын эмчилгээ байдаггүй гэнэ үү... байх л ёстой... таван хүүхэд нь байлгах л болно. Миний л аавыг эмчлэх гэж алс холын Америкаас ачит эмч ирж азаас илүү эз тоссон хагалгаа хийж хортой бамбайг нь авч бараг л утсан дээрх амийг бидэнд үлдээсэн дээ. Тэр цагаас хойш аав цөмийн эмчилгээ хийлгээд яг нэг жил өнгөрч байна. Миний дуучин аав дуулж чадахаа больсоон, дуулах нь битгий хэл бараг л шивнэж ярьдаг болсон, ямар сайндаа л өсгөгч захихав дээ, муухай өвчин хоолойг нь аваад явчихсан юм. Гэхдээ хамаагүй ээ, дуулж чадахгүй ч миний аав удаан амьдрах л болно. Хүүхдүүдээ очиход нутагруугаа явна, мөнх Цаст ууландаа очно, аавтайгаа хамт морио унаж адуугаа хураана. Ааваа охин нь тандаа хайртай. Таван хүүхэдтэйгээ, ач зээтэйгээ урт насалж удаан жаргаарай миний аав.

4 comments:

uka said...

Aav chini zunduu olon jil ta hedteigee baih bolnoo. Iim saihan ohintoi hun ter uvchniig yamar ch baisan diilne, edgene. Setgeleer uudrug baih l hamgiin chuhal shuu.

Ганаа_бж said...

Goyo bichleg baina. Iim uhaalag ohinooroo aav ni baharhahaas yah bilee...

oyunaa said...

Yag l minii aav shig... Iim saihan ohintoi aav chine udahgvi idgene ee. Aavtaigaa hurdhan uulzaarai...

shontook said...

үнэхээр гоё дурсамж байнаа.өглөө босч адуугаа хураадаг байсанд чинь, морь хэрхэн яаж унадаг байсанд чинь итгэж байнаа :)

үнэнийг хэлэхэд аавд чинь атаархав.аавыг минь л эмчлэх гэж алс холын америк-аас ачит эмч нар очсон гэсэн үгэнд...олны хайрыг хүлээсэн, олондоо хүндлэгдсэн сайхан аавтай юмаа. бас сайхан ч хүүхдүүдтэй юм байна.

урт насалж удаан жаргаарай.