10 August 2008

Инээгээд хэлмээргүй үгс...

Бурхан, хүн, адгуус амьтан, араатан, жигүүртэн..... эргэцүүлээд боддоо... Хүний төрөл гэдэг ховорхон сайхан тавилан "бурхан" гэдэг үгнээс нэг их ялгагдахгүй л сонсогдоно. Хүмүүс чинь угтаа бурхад юм шүү дээ тэгсэн атлаа яагаад өнөөдөр чөтгөрийн хэзээ нэгэн цагт энэ ертөнцөд ирэхдээ үлдээчихээд явчихсан хаягдмал золбин амьтад шиг, адгуус араатан шиг аашилна вэ? Энэ орчлонд өр зөөллөчих бүгээхэн юм нэг ч үзэгдэхгүй болчихоод хүмүүс бид ингэж бие биесээ зулгаана уу?...
Бид уг нь ийм сайхан гэрэлт нарны дор цуглаж төрчихөөд, хүн гэдэг тэнгэр бурхнаас хайрласан хувь заяаг атгаж төрчихөөд хичнээн саарал амьдрал, хичнээн саарал нийгмийн дотор гэлээ ч "хүнээрээ" л үлдмээр байлаа. Адгуус амьтдад бус зөвхөн хүнд л заяаж болох өрөвдөж хайрлах, өршөөн уучлах өр зөөлөн сэтгэлтэйгээ байж л тэр сааралыг нь сүлмээр байлаа бид...
...Бараг л алхам бүртээ атаархал, жөтөөрхөл, уур уцаар, гүжир гүтгэлэг, хоосон ихэрхэл, эрэлхэл, хоёр нүүр, хов жив гээд л жинхэнэ хүн чанар даанч нэг үнэртэхгүй зүгээр л нэг тээр дор намаг шалбааг дотор хэвтэх сэг зэмтэй таарах бүр сэтгэл өмрөөд байна. Хүний төрлийг олж төрөх энэ богинохон хугацаанд энэ орчлон дээр алмас эрдэнэ шиг гялалзсан харж чаддаг бол эд баялгаас илүү жинхэнэ гоё сайхан их л бий юмсан даа даанч түүнийг олж харахгүй мөртлөө энэ ертөнцөд мөнгө хөрөнгө хураахын тулд, бие биенээсээ дээр гарахын тулд ирчихсэн мэт аашилж, хэрэлдэж уралцаж, эсвэл хэлцэж үгсэж, хошуу амаа худалдаж, бусдынхаа нэрийг зарж үрж байгаад оронд нь хоолойгоо норгож, хоноглох газраа олох болжээ хүмүүс...
Уг нь орчлонд муугаасаа сайн хүн нь илүү байдаг гэдэгсэн билүү? Харин энэ үгэнд одоо би эргэлзэж сууна, арай залуухан онгироодуухан явахдаа итгэж л байсан байх. Хувь хүний үзэл бодол, оюун санааны хөгжил гараасаа хөтлөж өсгөсөн эжий ааваас ирдэггүй тухайн нийгмээсээ ургаж төлөвшдөг гэцгээдэг. Үнэн ч байх, худлаа ч байх... саарал хүмүүс л өөрсдийнхөө булхайг бултуулах арга биз. Нийгэм хүнээсээ бүрэлдэн бүтдэг байлтай...
...Хэнийг ч гэсэн хайрлахад бэлэн байж, хэнд ч гэсэн итгэж, хэнийг ч найз нөхрөө хэмээн хамаг сэтгэлээ дэлгэн зориулж явтал бодил амьдрал дээр миний төсөөлж төөрөлдснөөс огт өөр болохыг хараад аргаа барахдаа...
"...Саяхан даа, би ертөнцийг тэнүүхэн талаар, хүмүүсийг цэцгээр төсөөлж
Сайхан гоё өнгөнд нь шунан дурлаж явсан сан
Сүүдэр эргэхийн зуурт өнгөний цаадах өнгийг харчихаад
Сүслэх үнэнгүй хорвоо, сүнсээ гээсэн хүмүүсээс яасан их айнам..." гэж бичихэд хүрсэн юм.
...Хүний амьдрал алдаа оноогоор хэзээ ямагт дүүрэн л байдаг хорвоо шүү дээ, алдаж байж л ахихчаа болдог. Миний амьдрал ч тийм том жижиг алдаа онооо, буруу зөрөө их л байх гэлээ гээд тэр алдаануудад буруутвал би л өөрөө буруутаж, хохирвол би л өөрөө хохирохоос бус бусдад гэмтэй, хүний мөсөө хаячихсан, эрээ цээрээ барчихсан, хүн чанараасаа урвачихсан, нөхрөө худалдчихсан тийм алдаа байсангүй ээ. Бусдад хал балгүй, өөрийгөө л хохироосон тэвнийн чинээ алдааг минь тэмээний чинээ болгоод энд тэнд дамжуулчихдаг, ямар ч гэмгүй царайныхаа цаана хов хорыг найруулж суудаг, нааш цааш нь үг худалдсныхаа төлөө сайн хүнтэй ч, муу хүнтэй ч эвлэрч суудаг, түүнийгээ хүн бүртэй таарч тохироод явж байна гэж боддог тийм "чимээгүй атлаа хамгийн чимээтэй" найз нөхөрөөс айх юм даа.
...Найз гэдэг энэ нандин үгийг жинхэнэ утгаар нь байлгахыг, тэр л утгаар нь хэрэглэхийг би сүслэн хүсдэг. Харамсалтай нь архины ширээн дээр ганцхан цаг архи хувааж уусан нэгнээ "найзаа" хэмээн дуудах эсвэл Бээжингийн зах дээрх наймааны хятатууд "найзаа" гэж дуудахыг л их сонсохдоо гутрах юм даа. Би боддогийм, нөхөрлөлд ямар нэгэн хэмжүүр шалгуур хэрэггүй, хүний сэтгэлийн эд болохоор хэн нэгэнтэй ойртон нөхөрлөвөөс чин сэтгэлээсээ л хайрлаж хүндлэхийг хичээдэг. Тийм ч болохоор найз гэдэг үгийг зөвхөн өнгөцхөн хэрэглэхэд дургүйцэж чин сэтгэлийнх байлгахыг хүсдэг, тийм ч болохоор үе үехэн үнэг шиг шарвалзаж ирээд "араар минь тавьчихаад" өөр тийшээгээ явчихдаг найз нөхрийг үзэн яддаг билээ л...
Сайн муу олон л хүмүүс сэтгэлийн минь хаалгаар шахцалдан орж ирээд зарим нь цагийн шалгуур, нөхөрлөлийг чин сэтгэлийнх байлгах гэсэн сэтгэлийн өндөрлөг хоёрын минь босгыг давж чадалгүй дор унаж, зарим нь одоо хүртэл ижий аавыг минь орлон сэтгэлийн хойморт заларсаар л буй. Харин нөхөрлөлд тавьсан миний сэтгэлийн өндөрлөгийг давж чадаагүй унасан найз нөхдөөр би дутдаггүй юмаа.
...Ганцаардал гэж юу юм бэ? Өнөөдөр данх цай дундаа тавьчихаад хол ойрын хов жив, таних танихгүй хүмүүсийн хормой хотны явдлыг хамт дэлгэдэг "найз нөхдөнцөр"-гүй байхыг ганцаардал гэдэггүй юм. Ганцаардлыг ингэж ойлгодог хүмүүс их байдаг. Нөхөрлөлийн минь өндөрлөгт хүрж чадаагүй унасан найз нөхдөөр дутдаггүй би гэдэг хүн сэтгэл дотроо "уйлаад очиход үнсээд угтах" ижий аавтайгаа, элгээ бэтгэртэл намайг санаж суугаа үр хүүхэдтэйгээ, гэр бүлтэйгээ, ижий аавыг минь орлодог чин сэтгэлийн найз нөхөдтэйгээ, эргээд очиход минь "цэцгээ дэвсэж, нараа дэлгэдэг" эх оронтойгоо байгаа болохоор ганцаарддаггүй юм. Ганцаардал гэж чухам хэсэгхэн зуур сэтгэл ханьгүйдэхийг хэлэхээс бус дэргэд хэн нэгэн байхгүй ганцаараа алхахыг хэлдэггүй юм.
...Хэл ам ихтэй, чухам л ганц эвгүй үг хэлчихвэл босч ирээд цохиод авахаас буцахгүй хурц омголон зантай, харин өөрсдөөсөө огт өөр хүнийг "тэнэг" гэж боддог, хүний зүрхэнд үгийн мэс даанч нэг ажрахгүй дүрдэг атлаа өөрсдийнх зүрх өвддөггүй хүмүүс бас бий. Зүрх сэтгэл өвдөхийн зовлонг мэддэгүй хүнээс би их айдаг юмаа. Ийм хүмүүс надад хүйтэн хөлдүү санагдаад байдаг юм. Нэгэн шүлэгчийн
"...Зүрх өвдөхийн зовлонг инээдээрээ нуухыг
Зүс царай муутнууд яаж мэдэхэв дээ..." гэдэг шүлгийн мөр ч санаанд орж байна. Тийм хүмүүс над шиг заримдаа энэ өргөстэй орчлонд, бусармаг хүмүүст гомдож шөнө дөлөөр дэрээ норгож үзсэн болов уу, уйлна гэдэг угтаа зүрх сэтгэлийн өвдөлт л дөө. "Би уйлаад..." гэж ярихыг минь сонсоод нэг таньдаг хүн "Уйлах сайхан шүү дээ, хүн гэдгээ мэдэрдэг..." гэж хэлсэн юм. Дээрх хүмүүс яг миний өвдөлтөөр зүрх сэтгэл өвдөхийг "үзэж", уйлж тайтгараад хүн гэдгээ мэдрээсэй.
...Өнөө цагийн эмэгтэйчүүд бид өмссөн хувцас, зүүсэн зүүлтээрээ бие биедээ атаархах бус үзсэн харсан, уншсан мэдсэнээрээ атаархдаг болцгоох юмсан даа. Яльгүй өөртөө ахадсан үнээр ээмэг, бөгж авсныг минь маргааш өглөө нь л таних танихгүй бүгдээрээ мэдчихээд харин өчигдөр шөнө уншсан номыг минь хэн ч сонирхохгүйд дасах хэцүү, дасахгүй хэцүү дахиад л өнөө зүрхээ өвтгөж явна даа. Энэ цаг үед шаал илүү дэмий өвчтэй хүн юмаа би ер нь. Гэхдээ би боддогийм миний хүн чанар энд л... энэ л зүрх өвдөхийн "зовлон" дотор байна уу даа гэж. Зүрх сэтгэл минь өвдөхөө больчихвол би "хүнээ байчих" юм шиг санагддаг юм.
Хүйтэн голдуу салхи жавартай, бусармаг булингартай бүхэн толгойд заларчих гээд байгаа төмөр эриний төмөр зүрхтнүүдийн дунд эвий уйланхай, аймхай, өрөвчхөн, өчүүхэн жижигхэн туулайн зүрх минь хичнээхэн удаа өвдөж тэсэхсэн билээ дээ.
Эндээшээ цагийн салхи улам л ширүүсч бурханы бяцхан үр сад хүмүүс бидний сэтгэлийн хат, тэнхээг бишгүй дээ л нэг шалгах "ихэмсэглэл, хүйтрэл" таарна байх ирээдүйд... харин тэр цагт бид эд баялгаар дутахгүй ээ, хүн чанараар, хүн сэтгэлээр л дутаж осгохвий дээ...


Миний таньдаг яруу найрагчийн олон нэг их анхаараагүй, "томчууд" бүүр ч тоогоогүй, найрагчийн өөрөө ч бас нэг их энд тэнд дэлгээгүй, магадгүй та өмнө нь уншсан бол жирийн нэг хайрын шүлэг гээд анзаараагүй өнгөрсөн байж болох доорх шүлэгнээс
"Үнэрийг чинь аясын салхинаас хүлээж
Өнчин сартай ханьсаж ганцаардсан" гэх мэт гонгиноо, нялуун хайрын шүлгэнцрүүдээс огт өөр салхи сэнгэнэж, үнэр үнэртдэгт нь би хайртай байдаг бөгөөд яг энэ бичлэгийнхээ дор "хавсаргамаар" санагдаж байна.

ГУНИГ Ц।Бавуудорж
Энэ ертөнцийн өнгө, зүүдний дарангуйлал
Ихэмсэглэл, хүйтрэл дундуур шурган мөлхөж
Чамд очоод
Гагцхүү хүнд л байж болох
Тийм нандин эрхэмсэг хайраар
Чамайг хайрламаар байна
Хэн нэгнийг хайрлаж амжилгүй бүтээд гэмтчихвий гэж
Хэнхдэгэн цаана байгаа нэгэн зүйлийг өрөвднөм
Хэн нэгэнд нисч хүрэлгүй харьчихвий гэж
Хээр талын алтан хараацай шиг нэгэн жигүүртнийг халагланам
Чамайг би хайрламаар байна
Завилж суугаа бурхад нүдээ цавчин сэрдхиймээр
Тийм нэгэн шидэт шуурга надад байна
Цасан дунд ургадаг үүдэн баарын цэцэг сортосхиймээр
Тийм нэгэн гэрэлт салхи надад байна
Чамайг би хайрламаар байна.... Гэвч
Энэхэн цагийн будант инээмсэглэл
Чамд ойртуулсангүй
Энэ хүйтэн гилбэлгээнт ихэмсэглэл
Чамд очуулсангүй
Чамайг би хайрламаар л байлаа

3 comments:

Ганаа_бж said...

Boduushtai, chin setgeliinhee ugaas bichsen gaihaltai goyo bichleg baina.
Shulgiin muruud bur ch ih taalagdlaa.

oyunaa said...

mash ih taalagdlaa bi ch bas yag l ene buhniig bodoj ergetsuulen olon olon honogiig ardaa udlee. Naiz gedeg unendee sarhadiin shireend ereenii zeeld helegddeg ter utgaaraa bish jinhene naiz nohod gedeg ali ni ali ve gedgiig medej mederch naiziinhaa naiz ni bhiig hicheej yavna daa. Neg hatuuhan setgeltei naiz maani namaig uy l bol usan nudelj bh uym muu ertoi gedeg ni gej helj bj bilee. Tegehed bi neeree muu erlood bgaa uym bolov uu ch gej boddog bsan. Odoo bol ugui ee setgel zurhee cholootei bailgaj saihan uilah durtai bi ene zaaval muu er zognoson bish bas bayariin nulimas baharhliin nulimas hairiin nulimas shuu dee. Uillaa geed hunii door orj bgaa uym bish bi ch bas naiziigaa chi uilmaar ue bbal uilj bai gej zovlodog ... za za ih l sonin uym bichchihlee gehdee chinii bichsen ene sedev uneheer taalagdlaa.

munkhuu said...

Ooroo ooroosoo nuuj dardag bsan emjeglel, gunigiig mini bichsen sanagdchihlaa. Unshaad gun setgegdel turluu. hudlaa bish unen ugs., huuramch buhentei ebsej amidarsaar l ybna da.