26 June 2008

Амин зүрхний нөмөр....

Цаг нилээн оройтжээ... би орноосоо босохыг хүсэхгүй хэвтсээр л байна...

Бие нэг л сул, өндийхөөр толгой эргэж, зүүн гар даагдахгүй хүнд болчиж... өчигдөр орой яаж унтсанаа санах гээд юу ч санагдахгүй юм... ээжийгээ санаж байснаа, гэнэтхэн толгой эргэж, нүд харанхуйлаад байсан санагдах юм.... ширээн дээр аптек асгачихсан... дүүрэн эм.... тэвджээ дээ... их л сандарсан бололтой... дэрэн дээр утас... бас зүрхний эм... аа ойрдоо жаахан ядраад байсан далимдуулаад зүрх л жаахан өвджээ дээ.
... өглөө сэрэхэд миний загасны нэг нь үхчихэж... зав муутай усыг нь сольж өгөлгүй бараг долоо хоночихжээ, амьтны амь тасалчихаж дээ... нүгэл хураах яасан ч амархан юм дээ. Уг нь өнөөдөр амралтын өдөр эртхэн саун бас үсчин орчихоод хүнс цуглуулахаар гарна гэж бодож байсан юмсан... гэтэл босох дургүй л байна... ном харж хэвтсээр байгаад цаг бараг 12 болсныг анзаарсангүй... Г.Аюурзанын "Цуурайнаас төрөгсөд" роман... аавын минь хамгийн сүүлд явуулсан ном. Хоёр долоо хоногын өмнө "Амь тавьж буй шувууны далавч"-ыг /метароман/ явуулсан. Аль аль нь дажгүй л юм.


... Мөнгөгүй, дурлалгүй жаргалтай өдрүүдийн
Мөр үлдсэн өрөө минь утаа болоод замхарч үз
Өнгөгүй хар цагаан шарласан зургуудын
Өр зүссэн дурсамж хичнээн ширтээд сэргэх биш дээ...

...Ойрдоо юунд ч юм гомдоод л байх юм. Хүний нутгаас дэндүү залхаад байх шиг... магадгүй өөртөө л гомдож байх шиг.... бурууг өөрөөсөө хайх, алдааг өөрөөсөө олох, гомдвол өөртөө л гомдох ухаан надад баймаарсан даа. Бусдаас биш өөрөөсөө л учир шалтгааныг хай гэж аав минь хэлдэг.... аавыгаа ч ойрдоо жигтэйхэн их санаж байна. Аав минь надад дандаа л уртаа гээч захиа бичиж явуулдаг... бас номтой... утсанд мессеж ирнэ "аав нь номын дэлгүүрт байна, хэрэгтэй уншъя гэж бодсон ном байна уу?"... оюутан байхад ч аав их урт захиа бичдэг байсан, даанч би тэр захиануудыг нь хадгалаагүй тэнэг.... одоо уншвал гоё байхгүй юу.
...Зүүдний холоос аавын минь бичсэн захиа
Зүйргүй ачтай ээжийн минь хайрыг тээгээд ирлээ...

... Аав минь, саяхан залуухан байсан аавыгаа өвгөрч өтөлсний буруутан нь би л юм шиг санагдах юм. Би л таныхаа залуу насыг булаагаад авчихсан мэт... Хүн гомдоох нь битгий хэл амьтны нялх зулзагыг айлган цочоох, цэцэг навч ч тастах сэтгэлгүй тавын таван амийг бүтээснээ та юман чинээнд боддогүйд чинь гомддог шүү. Хийж бүтээх залуу насандаа юу ч хийж амжаагүй, эх орондоо, үр хүүхэддээ юу ч хийж өгч чадсангүй гээд л дандаа л үглэнэ. Хүнээс илүү баялаг юусан байх билээ дээ... бусдын нулимс үзэхгүй юмсан, нялх цэцэг, шувууны үүрнээс сүүдрээ зугтаалгаж явахсан гэсэн өрөвчхөн, өчүүхэн зүрхтэй таван хүүхдээс чинь илүү юу хэрэгтэйсэн билээ. Энэ булингарт хэцүү цагт тийм л өрөвчхөн атлаа өчүүхэн зүрхтэй /ядахдаа л/ явбаас хүн болж чадах болов уу??? Тийм зүрх сэтгэл бид тавд хангалттай бүр дэндүү их бий дээ.
... Мэдээ орохоосоо л аавыгаа бусадтай ам муруйж, хүнд муу санаж, муухай аашилж байхыг нь нэг ч харсангүй. Миний аавд ер нь муу санаа гээч юм байдаг юм болов уу? Яаж хайгаад ч нэг ч муухан дурсамж байдаггүй ээ. Харин зан сайтайд хүн замаг сайтайд загас гэдэг шиг муу, сайн найз нөхөд, орж гарах хүн даанч их байв даа. Бага байхад бид хүмүүс орж гарах заваар гэрээ цэвэрлэж, аяга тавагаа угаах гэж л том ажилтай байлаа... манайд тэгж их хүн шавдаг айл байсан. Аав минь хүний төлөө өөрийгөө гаргуунд нь хаячихдаг сонин "муухай" зантай хүн. Бусдын ажлыг бүтээх гэсээр яваад өөрөө хоосон үлддэг "За яахав, болно" гэдэг үг бараг л имиж нь байх өө. Даанч тайван. Өөрийгөө өнөөдөр харж байхнээ аавын минь тайван зан надад ч бас хангалттай бий дэг шүү. Дуугүй байснаар бүтэж үхэхгүй, болох л байх, усыг нь уувал ёсыг нь дага гэдэг, тэвчиж л байя гэдэг бодол л юуны түрүүнд намайг бариад байдаг болчихож...
...Ааваараа бахархах юм даанч дэндүү их юмаа. Аав минь номын л ухаантай, толгой сайтай, одооныхоор бол "компьютер" гэдэг дээ. Миний аав сургуульд орох гээд очихдоо газар дээр нь 1-р ангийн шалгалтыг нь өгч бас 2-р анги, 3-р ангийнхыг хүртэл өгөөд шууд л 4-р ангид дэвшиж суусан юм. Хонь хариулж, тугал хургатай ноцолдож явсан хөдөөний хүү шүү дээ. Дараа нь дунд сургуулийг ирийсэн онцтой төгсч /тэр үеийн ангийнх нь журналыг бид архиваас аваад хадгалчихсан юм/Төмөр замын техникумыг, Политехникийн дээд сургуулийг /ТИС/ бас л улаан дипломтой төгссөн МУ-ын мэргэшсэн цөөхөн инженерийн нэг. /сүүлд саяхан мэргэшсэн инженер гэдэг энэ цолыг авсан юм./ Харин аавтай минь нэг ангид сууж, будаа идэж явсан ганц нэг сулбуухан нөхөд яам, УИХ-д заларчихсан тууж явдаг.
...Миний аав шиг сайхан хүн ховорхон шүү, олон байдаг бол сайн байхсан даа. Хүн чанар, хүний мөсийг би ааваасаа л мэдэрдэг. Хангайн уулс шигээ ноён нуруутай, барагтай жижигхэн юмыг тоож хардаг ч үгүй, заримдаа хэтэрхий гүдэс гүндүүгүй, хэнэггүй санагддаг юм. Миний аавд номын ухаан байхаас биш эдийн ухаан, мөнгө хөрөнгөний шунал гэдэг үг миний ааваас дэндүү хол, ямар ч зохимжгүй санагддаг. Өөрт нь байгаа юмыг хүнд өгчихөөд өөрөө хоосон хүрээд ирэх нь зөндөө, заримдаа өмнөөс нь загнамаар болдог юм. Аав шигээ байж чадахгүй бэртэгчин, бусдыг биш өөрийгөө л боддог, шунал хүсэлд баригдсан энэ цагийн харалган амьтан болчих вий гэж заримдаа өөрөөсөө айх...
"Таван хүүхэддээ алт мөнгө өвлүүлж чадахгүй, хов хоосон чанартай эд хөрөнгө үлдээгээд үхсэнээс аавынх нь толгойноос жаахан ч гэсэн байвал сургууль, номтой л нөхөрлүүлээд үхвэл сэтгэл амарна" гэж хэлнэ. Тэрнийх нь ачаар л бид хэд талхныхаа мөнгийг шударгаар олох ухаанд суралцаж явна. "Залуу нас гэдэг нэг л өдөр дуусчихдаг эд шүү, амьдрал даанч богинохон, битгий л залхуураарай, амжих л хэрэгтэй шүү. Миний хүүхдүүдэд юуг ч хийж чадах ухаан, толгой бий шүү" гэж аав минь байнга л захидаг. Харин би аавынхаа энэ үгийг залуу нас минь дууссан яг тэр өдөр л жинхэнэ ойлгох байх даа...
... Ааваас надад шингэж болох олон сайхан чанар бий. Санаатай худлаа хэлэх, хулгай хийх, хүн хуурах, хүн мэхлэх, хүн гомдоох зэрэг адгийн муухай зангууд бид тавд даанч нэг хумсын чинээхэн ч болтугай байдаггүй гэж боддог бол тэр аавын минь уужуу ухаан, тайвуу зангийн хэлтэрхий гэж ойлгодог. Аавыгаа санахаар хүүхэд насны олон сайхан дурсамжууд сэргэж байна, үргэлжлүүлээд бичмээр юм яасан их байна гээч... цаг орой болоод, бие жаахан ядраад байгаа учраас маргааш үргэлжлүүлж бичнээ.
...

1 comment:

бж said...

Aaviinhaa tuhai uyarmaar saihan bichjee. Uhaalag ohin shuu. Aav eejiigee bayarluulj yavaarai minii duu.
Manai aav ih ert yavchihsan bolohoor baga nasniihaa gegeehen dursamjiig l hadgalj yavdag. Huudee yarij uguhduu goyoj hachirlaj baigaad l yarina sh dee.