18 March 2008

----МИНИЙ ҮЕ----

Би үхэхгүй үргэлжлэнэ
Бие минь элж, яс минь цайвч
Билиг цуцаж амь тасрахгүй
Бурхан чөтгөрийн алинд ч худалдагдахгүй
Буурал нутагтаа мөнх шингэнэ
Би үхэхгүй үргэлжлэнэ

Хөх хөх уулс минь униартаж байхад
Хөндийт тал нутаг минь зэрэглээтэж байхад
Хөл хүндтэй эх зулын гэрэлд зүүрмэглэж байхад
Хөдсөн өлгийтэй бурхан галын дэргэд үнэгчилж байхад
Би үхэхгүй үргэлжлэнэ

Урт урт мөрөн гол минь харгиж байхад
Уурга барьсан адуучин Эр бор харцагыг хангинуулж байхад
Унтаа жаахан болжмор адуу тургихад дэрхийж байхад
Улбар туяа татуулан шинэ өглөө эхэлж байхад
Би үхэхгүй үргэлжлэнэ

Алтан наран дээрээс цацраг бүтэн мандаж байхад
Аав уул дэргэдээс тохой түшин дүнхийж байхад
Асралт эжий бурхан цацлаа өргөн залбирч байхад
Алс алс зам харгуй сүүн өнгөөр дурайж байхад
Би үхэхгүй үргэлжлэнэ

Тэмээний бөөрөнд арган дотроос нялхсын толгой шоволзож байхад
Тэртээ холоос цай барьсан бүсгүй гар даллан дуудаж байхад
Төлийн дуу цангинаж бууцны үнэр сэнхийж байхад
Төрсөн нутагт хүй дарсан чулуу бүлээнээрээ байхад
Би үхэхгүй үргэлжлэнэ

Уул, ус, навч цэцэг, урьхан салхи хайрын хэлээр ярьж байхад
Утгын чимэг хөглөн эгшигт шүлгүүд төрж байхад
Ухаа толгод дамжин уртын дуу шуранхайлж байхад
Уяхан ээжийн минь сэтгэл ингэний нулимстай бөмбөрч байхад
Би үхэхгүй үргэлжлэнэ

Өрхний завсраар хөх аргалын очис сүүмэлзэн байхад
Өнгийж шохоорхсон одод нь тогоон дотор хөвж байхад
Өөдөсхөн үрс минь тулгаа тойрон шулганаж байхад
Өтгөс буурал судар тэврэн нар зөв гороолж байхад
Би үхэхгүй үргэлжлэнэ

Ээлт хөх тэнгэр дээр налайж байхад
Энгүй тал нутаг дэргэд цэлийж байхад
Эсгий гэрийн хойморьт гүнгэрваатай бурхан амилж байхад
Эмээ ээжийн эрхиний тоогоор маанийн цуваа хөвөрч байхад
Би үхэхгүй үргэлжлэнэ

Нарны амьтай гариг минь цэнхэртэж байхад
Надад заяасан эх орон минь мандаж байхад
Нартад өлгийдсэн нутаг бууралтаж байхад
Нялх балчир үрс минь инээж өсч байхад
Би үхэхгүй үргэлжлэнэ

Бие минь элж, яс минь цайвч
Билиг цуцаж амь тасрахгүй
Бурхан чөтгөрийн алинд ч худалдагдахгүй
Буурал нутагтаа дахин төрнө
БИ ҮХЭХГҮЙ ҮРГЭЛЖЛЭНЭ ЭЭ

1 comment:

Ганаа_бж said...

Bolorhon duu mini manaihaar ochij boortsognii amt uzeerei.