Чангаар дуудахад бурхан хүртэл нэрийг чинь сонсчих вий гэж
Чамайг би орчлонгоос хачин их харамладаг аа
Зөрж өнгөрсөн учралын сэжүүрийг буцаан эргүүлэхсэн гэж
Зүүдэнд үзэгдэх хагацлаасаа хачин их айдаг аа
Намайг гомдоход тэнгис догширч чамд хатуурхах вий гэж
Нулимсаа би ханцуйдаа биш зүрхэндээ атгаж явдаг аа
Өрөөлийн шуналт харцанд чамайг алдчих вий гэж
Өөрийнхөө дэргэд биш өрцөн дотроо нууж явдаг аа
Мөнх бусын орчлонд хайрлаад ханачих вий гэхдээ
Мөрөөр чинь гишгиж мөрийг чинь тэвэрч зүрхэлдэггүй ээ
Гэнэн харцанд чинь бүлээн гуниг цантах вий гэхдээ
Гэргий чинь болж гэмийг чинь зузаалж чаддаггүй ээ
Гоо биенд минь зурсан дурлалын зургийг чинь мөнхлөх гэж
Хожмын учрал ивэлтэл энгэр хумин алхъя аа
Бурханы өгсөн тавиланг чинь бүсгүй үйлэндээ сульдаахгүй гэж
Бүрэнхийд урсдаг шүлгээр чинь нүглээ хучиж амьдаръя аа
2008 он 2 сар
--------Маргааш --------
Мацаж өгсөх жим балархай байсан ч яахав
Маргааш тэнд хүрнэ
Манан дунд зүг бүрэнхий байсан ч яахав
Маргааш нар мандана
Мянган бээр сажлавч үзүүр үгүй байг яахав
Маргааш намайг тосно
Магад би энэ л цэгт зогссон ч
Маргааш дахиад үргэлжилнэ
Эцэс төгсгөлгүй хүсэл зүүд байсан ч яахав
Маргааш өглөө сэрнэ
Энгэрт дүүрэн нулимс хайруу байсан ч яахав
Маргааш гэхэд хатна
Элээх тавилан энэ бие минь зовлон байсан ч яахав
Маргааш нэг жаргана
Эхийнхээ хэвлий рүү эргэж буцахгүйгээс хойш
Маргааш бид хоёр л бие биенээ хүлээнэ
2008 он 1 сар
22 February 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment