14 February 2008

Яруу найрагчийг мэдрэхүй буюу миний төсөөлөл дэх яруу найраг

Орчлон ертөнцийн утга учирыг гайхалтай гүнзгий мэдэрч тэрхүү мэдэрсэн ховорхон мэдрэмжээрээ гадаад дотоод хоёр ертөнцөө яруу сонсголонт үгийн урлагаар илэрхийлэх яруу найрагч гэдэг хүн миний харахад хамгийн чамин хээ хуар бүхий хамгийн тансаг торгыг гэрэлт утсаар өдөр шөнө ялгалгүй нэхэн суух шиг... Тэрхүү гэрэлт утас нь хэзээ ч тасрашгүй ид шидийн мэт хөврөх агаад түүний бүтээж буй үнэт торго нь бас л хэмжишгүй урт энгүй үргэлжлэх ажээ. Яруу найрагчийн урлан буй гэрэл цацарсан торгоор хэн дуртай нь тэрлэг хийн өмсөх хувь тавилан бас үгүй тул орчлонд хар цагаан өнгө л давамгайлан оршино.
Тиймээ, яруу найрагчийн зүрхээрээ урласан шидэт торгоор нүгэлд баригдсан сэтгэлээ хучиж ядаж ганц удаа ч болов ариусгаж нэг үзэхсэн дээ. Шүлэг яруу найраг гэдэг миний төсөөлөлд ингэж л бууж шүлэг шиг амьдарч үзэхсэн хэмээн хоосон мөрөөдөлд автан суухуй гэнэтхэн яруу найргийг шүтсэн, яруу найрагчийг мэдэрсэн өөрийн бодлоо хуваалцмаар санагдах юм. Яруу найраг нь өөрөө ундарга арвин үгийн булгаас халгин цалгих уян яруу сэтгэлээс бүтдэг тул харамсалтай нь үгийн баялаг нэн ядуу миний бие түүнийг дүйцүүлэн үгээр илэрхийлэхэд нэн бэрх юмаа. Хүн бүр яруу найрагч болохгүйн адил хүн бүр яруу найргийг төдийлөн ойлгож мэдэрч чаддагүй ажээ. Харин би энд намуун уянгаар хүний сэтгэлд нэвтэрч нэгийг шивнэн учирлах яруу найраг хэмээх хүчинд хүмүүс бага ч болтугай дурлаасай, ойлгож мэдрэхийг хүсээсэй гэж уриалахсан. Муу муухайг шаналал зовлонг хүсдэг сэтгэл нэгээхэн ч үгүй болохоор шүлэг гэдэг нь хамгийн сайн сайхан - аз жаргалыг хүссэн хүний гэгээн хүсэл, ариун сэтгэл, цагаан мөрөөдлөөс гардаг тул өөрөө их гэрэл гэгээтэй билээ. Үүний зэрэгцээ хэдий уйтгар гуниг, хагацал үхэл, ганцаардал зовлонгийн тухай бичих нь элбэг боловч түүний цаана энэ бүхнээс ангижрахыг хүссэн сэтгэл л нуугдан байдаг билээ. Тэгэхлээр шүлэг нь хүний сайхан сэтгэлийн үр бөгөөд хүний сэтгэл дотор амьдрал оршдог хэмээн би ойлгоном. Иймд шүлэг яруу найргийг мэдэрч түүнд дөхөн ойртох нь амьдралын сайханд хүсэн тэмүүлэх дөрөө болж орчлон ертөнцийн гэрэл гэгээг олж харах билгийн нүдийг нээж байна бус уу?
Түм түмэн эгэл түмний, мянга мянган яруу найрагчийн сэтгэлээр дамжуулж амьдрал ямархан утга учиртайг олж харах, бидний сэтгэл зүрхэнд ямархан их далд гэрэл гэгээ оршин байдгийг нээх түүнээсээ улбаалж амьдралын амтанд шунан дурлаж амьдрах сайхан хэрэг бус уу? Энэ утгаар нь яруу найрагч бол хүн төрөлхтөнийг амьдралын сайханд хөтлөгч хэмээн би ойлгодог. Бидний амьдарч буй орчин, бидний мэдэх энгийн мэт санагдах бүхэн яруу найраг болно. Гагцхүү бидний өчүүхэн ч анзаардаггүй тэр энгийнийг яруу болгож зүрхэнд хөглөж өгдөгөөрөө яруу найрагч жирийн бидэнд байхгүй байгалиас заяасан өөр мэлмийтэй юм.
Миний хувьд яруу найргийг хааяа хааяахан чадан ядан ойлгож найрагчийн яг л тэрлэж байх тэр эгшиндээ мэдэрсэн болов уу гэмээр асар их амар амгалант, эрх чөлөөт мэдрэмжийг нь уншиж байхдаа мэдэрч нүгэл шуналд дийлдсэн одоогийн цаг үет сэтгэл зүрх, оюун тархиа нэг сайхан угаагаад авах нь бий. Өөрөөр хэлбэл яруу найраг миний амьдралд зөвөөр нөлөөлж намайг зөв сэтгэлд зөв зүгт хөтөлдөг билээ. Хүүхэд байхаасаа л яруу найрагт дурлаж тэгээд багш, эмч гэдэг шиг том болоод яруу найрагч "мэргэжил"-тэй болно гэж мөрөөддөг байж билээ. Гэтэл харамсалтай нь яруу найрагч болдоггүй төрдөг "хууль"-иар миний дээр хэлсэн байгалиас заяасан яруу найрагчийн мэлмий надад байхгүй байгааг анзаарч хүүхэд насны хамгийн сайхан мөрөөдлөө таягдан хаяв.
Жинхэнэ байгалийн яруу найрагчад авъяасаас гадна асар гүн гүнзгий оюунлаг сэтгэлгээ, танин мэдэхүйн гоц чадвар бас их гойд тэнгэрлиг мэдрэмж ёстой л цаанаас нь байгалиас заяадаг ажээ. Би амьдралдаа шүлэг яруу найраг бичих гэж оролдож хичээж үзсэнгүй ээ одоо болтол өөрөө өөртөө баярлах уярах, гомдох гуних, хайрлах дурлах үедээ дотор давчдаад гаргахгүй л бол дэлбэрэх гээд байгаа мэт санагдаж сэтгэлээ цаас болгон эрээлдэг маань шүлэг биш ээ. Би ойлгохдоо цаг хугацаа л жинхэнэ агуу яруу найрагчийг хүссэн хүсээгүй төрүүлж зарладаг хэмээн бодно. Өнөөдөр цаг үедээ шинэчлэгч байж тэрлэсэн бүтээл нь маргааш танигдан тухайн хүн зоны оюуны их суу болон үнэлэгдэхийн сацуу хичнээн цаг үе улиравч хойч үе нь түүний "хэлсэн үг"-ийг зүрхэндээ бас үйл үйлдэлдээ дагаж явбаас сая тэр сайн яруу найрагч болох болов уу. Ер нь бол шүлэг яруу найргийг ойлгохыг хичээдэг бас бичихийг зориглодог залуус олон гарч ирж байгаад би бахархаж баярладаг.
Яруу найрагчийн сэтгэл зүйг өнгийвөл бас л их өвөрмөц бусдаас ялгаатай хурц бөгөөд хувирамтгай мэт харагдана. Орчлонг гүн гүнзгий мэдэрдэг шигээ аливаад хэт гүнзгий хандаж тэрхүү хэтэрч дэвэрсэн сэтгэлээсээ болж шаналах гутрах нь амархан баярлаж хөөрөх нь ойрхон юм шиг... Яруу найрагчдийн амьдрал, хайр дурлалын түүхийг сөхөн харваас тэр өвөрмөц басхүү ойлгомжгүй гэмээр сэтгэл зүй нь түүнийг хэт их шатаасан бас юу ч үгүй унтраасан байх нь олонтаа тохиолдоно. Ямартаа ч яруу найрагч гэдэг орчлонг тунгалаг нүдээр харж, өрөвч уяхан сэтгэлийн үзүүртээ хар бараан, муу муухайг арчихын төлөөнөө сэмэрч явдаг бурханлиг шинж чанарыг өөртөө шингээсэн дахин давтагдашгүй байгалийн бүтээл хэмээн миний төсөөлөлд буунам.
Яруу найргийн Янжинлхам бурхан та бүхнийг ивээг!!!
Жич: Энэхүү бичлэг нь яруу найраг хэмээх урлагийн гайхамшигт төрлийг зөвхөн шүтэж явдаг өчүүхэн миний үзэл бодол төсөөлөл төдийхөн бөгөөд онолын ямар ч үндэслэлгүй хүний сэтгэлийн үг тул алдаа мадаг, буруу зөв ихээхэн байваас яруу найрагчдаасаа хүлцэл өчъе! Онгод хийморь тань халгин цалгиж олон сайхан бүтээлээрээ гэрэл гэгээт зүг рүү биднийг хөтлөөрэй!!!

1 comment:

Anonymous said...

Теперь вы можете cкачать и смотреть бесплатно фильмы, игры, музыку

или http://www.film-book.ru