21 January 2008

Блог минь сайн байна уу?

Мартагдах шахсан чи минь сайн сууж байсан уу? Өнөөдөр чамд захидал бичих шалтгаан надад олон байнаа. Юуны түрүүнд чамайг богинохон ч гэсэн хэсэгхэн хугацаанд орхин одож бас мартаж өөр зүгт сатаарч, толгой эргэж чамтай буцаад уулзахгүй юм шиг аашилж, гомдоож бас галыг чинь бөхөөж, өнгийг чинь гундааж байсанд уучлаарай. Үнэхээр өнөөдөр л би өөр нүдээр чамайг харж байна. Гунджээ чи... өмнө нь нар шиг гэрэл цацрааж, сарнай шигээ дэлгэрч нүд баясгаж сэтгэл сэргээдэг байсан чи минь дуугаа хурааж өнгө даржээ. Болорхоон чи өмнө нь ийм байгаагүй ээ сэргэлэн цовоо инээмсэглэлд чинь, цог шиг гялалзах нүдэнд чинь, цагийн үргэлжид уянгалуулж явдаг дуунд чинь, намайг ойлгож бусдаар хайрлуулдаг "хүн сэтгэл" дотор чинь би амьдарч байсаан.
Чамайг орхин одож, чамаасаа бус огт өөр өмнө нь хараагүй зүйлээсээ гэрэл гэгээ, баяр баясгаланг хайж цамаан загнаж салхи шиг хийсч явсан намайг өнөөдөр чи эргээд нэг хараач дээ. Цөхрөл сүүмэлзэж жавар хоргодсон харцтай өмссөн пальтогоо даахтай үгүйтэй газар ширтэж чимээгүйхэн алхалсан өчүүхэн хүнтэй би өнөөдөр таарлаа. Мэнд мэдлээ ч хариу үгүй харц нь гөлийсөн халитхан анзаарвал хараа муутай эсвэл дүлий гэмээр энэ хүнийг би таньсангүй ээ чи ч бас танихгүй байгаа биз? Энэ чинь би мөн гэж үү?
....бурхан минь! би даарч байна. би бүлээцмээр байна... Халуун дулаахан блог минь - "би" минь! чамайгаа би санаж байна. Би чамайгаа орхин, орон зайгаа орхин, өөрийгөө орхин хаачих гэж байсан юм бэ? Би чамдаа л буцаж орохыг, өөрийгөө дахин харахыг, бүх зүйл хэвийн голдрилдоо орохыг хүснэ... чи хүлээж авах уу?
Чи минь хэдийгээр саяхан төрсөн мэт боловч намайг энэ орчлонд унахад л яг тэр эгшинд надтай хамт бүрэлдэн тогтож өдийг хүртэл миний ил далд, сайхан муухай, баяр гуниг бүхэнд алхам бүрт дэргэд минь явжээ. Би дуусах тэр цагт чи ч бас дуусах ажээ. Чи бид хоёр орчлонд ийм хатуу холбоогоор холбогдсон тул чи үгүйгээр би үгүй, би үгүйгээр чи үгүй гэдгийг би ухаж ухаарч суунаа. Чамдаа эзэн болж, өөрөө өөртөө эзэн болж чадахыг бас чамайгаа мартахгүйг, өөрөө өөрийгөө мартахгүйг энэ өдөр би амлая.

3 comments:

Ганаа_бж said...

Amlaltaa bieluuleerei

Lhagvasuren said...

Бичээд байгаарай

Anonymous said...

Бичээд байгаарай