24 February 2010

Зөвхөн гуниг л байдаг

Зүүд рүүгээ би гунигын шатны гишгүүр дамжин
Зөөлхөн алхалсаар чимээгүйхэн ороход
Тэнд амьдралаас ангид амьдрал
Огт танихгүй намайг
Танимгайрхан угтдаг ч
Харц нь яг л чиний минь нүд шиг
Гялалзсан гунигтай
Хавар нь яг л намар шиг
Шав шаргал өнгөтэй
Хүсэл ч үгүй мөрөөдөл ч үгүй
Хүрэх хязгаар тийм гүн
Цаг хугацаа тэнд чив чимээгүй бас хөдөлгөөнгүй
Цагийн зүү нэг л цэг дээр...
Навч бороо нулимс илүүдсэн
Над шиг ийм гэнэн сэтгэлтний
Зүрхнээс юүлсэн гуниг л энд
Зуун өнгөрсөн ч амьд хэвээрээ
Зүүдрүүгээ би гунигын шатны гишгүүр дамжин
Зөөлөн алхалсаар чимээгүйхэн ороход
Зураг мэт өөдөөс инээмсэглэн угтдаг нь
Зөвхөн миний гуниг л байдаг
Зөвхөн миний гуниг л....

13 February 2010

Түүхэнд ховорхон барилдаан

“Тийн урвагч” хэмээх 17-р жарны төмөр Цагаан бар жилийн хаврын тэргүүн сарын сар шинийн бөхийн барилдаанд даян аварга Г.Өсөхбаяр, улсын арслан До.Ганхуяг, улсын арслан Д.Азжаргал, улсын арслан Х.Мөнхбаатар, улсын гарьд П.Сүхбат, улсын гарьд И.Доржсамбуу, улсын гарьд Б.Ганбат, улсын заан Ц.Мягмарсүрэн, улсын заан Ч.Батзориг, улсын заан Д.Бумбаяр, улсын заан М.Баяржавхлан, улсын заан М.Өсөхбаяр нарын ид хав нь тэгширсэн улс, аймаг, цэргийн цолтой хүчит 256 бөх зодоглосноос Архангай аймгийн Хашаат сумын харъяат цэргийн хурц арслан Чимэдрэгзэнгийн Санжаадамба түрүүлж даян аварга Г.Өсөхбаяр үзүүрлснээр Монгол бөхийн түүхэн дэх сар шинийн барилдаанд урьд өмнө байгаагүй ховорхон сайхан барилдаан боллоо. Монгол улс 1963 оноос хойш сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдааныг жил бүрийн цагаан сарын битүүний өдөр уламжлал болгон барилдуулан нааддаг сайхан уламжлалтай бөгөөд энэ жилийн сар шинийн барилдаан түүхэнд анх удаа улсын цолгүй бөх түрүүлснээрээ онцлог сайхан боллоо. 1963 оноос хойш улсын аварга, арслан, заан цолтнууд сар шинийн барилдаанд түрүүлж байснаас аймаг цэргийн цолтой нэг ч хүн түрүүлсэн удаа байхгүй билээ. Цагаан сарын барилдааны түүхэнд хамгийн бага цолтой бөх ганцхан удаа түрүүлсэн түүх нь гэвэл 1987 оны сар шинийн барилдаанд улсын аварга О.Балжинням улсын начин цолтойдоо түрүүлсэн байдаг билээ. Харин улсын заан Б.Ганбат болон улсын харцага Ц.Магалжав нар аймгийн арслан цолтойдоо тус тус цагаан сарын барилдаанд үзүүрлэж байсныг бид мэднэ.
Суут хүчтэнүүдийн удам тасрах учиргүй Монгол бөхийн хойморт үе үеийн шижигнэсэн залуу бөхчүүдийн арми хүч түрэн орж ирэн удамт бөхчүүдийнхээ залгамж халааг үргэлжлүүлэн уран мэх хурц ухаанаараа уралдан Монгол түмнийхээ нүд сэтгэлийг баясгасаар байдаг билээ. Яг одоо энэ цаг үе буюу 2010-аад он маань ард түмнийхээ дундаас ааг бяр ид хаваа жинхэнэ багтааж ядан буй олон бахармаар залуу бөхчүүдийг бөөн бөөнөөр нь төрүүлэн өлгийдөн авч буйгаараа Монгол бөхийн түүхэнд маш чухал цаг үе гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Тэдгээр залуу бөхчүүдээс нэр дурдвал цэргийн хурц арслан Ч.Санжаадамба цэргийн хурц арслан А.Бямбажав, аймгийн хурц арслан Б.Одгэрэл, аймгийн арслан Ж.Амартүвшин, С.Багахүү, Ч.Эрдэнэчулуун, М.Эрдэнэбат, А.Отгонбаатар, Р.Түвшинбаатар, Ч.Баянмөнх, А.Алтанхуяг, Б.Нэргүй, Ш.Жаргалсайхан, Ж.Чулуунбат, Д.Энхбат нар билээ.
Энэ жилийн түрүү бөх 1985 онд төрсөн Архангай аймгийн Хашаат сумын харъяат Бөхбилэгт дэвжээний бөх цэргийн хурц арслан Чимэдрэгзэнгийн Санжаадамба хэмээх үнэхээр ааг бяр нь тэгширч, од нь гийсэн энэ хийморьтой сайхан залуу өнгөрсөн жилийн улсын хэмжээний том болоод томоохон олон барилдаануудад ихэнхэд нь үзүүр түрүү булаалдсан билээ. Тэрээр өчигдөр буюу 2 сарын 12-нд сар шинийн баярт зориулсан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд цэргийн арслан А.Бямбажаваар найм давж бас л түрүүлсэн юм. Ааг бяр, ид хав, од хийморь, хурц мэх, уран ухаан нь багтаж ядан гялалзаж буй 25-хан настай энэ залуугийн урд өөр олон олон түүхэн барилдаан олон олон наадам олон олон амжилтууд хүлээж байна. Ард түмэн чинь чамд итгэн хүлээж байгаа шүү. Чамд сайн бүхнийг хүсъе.

2010 оны 2 сарын 13-ны 22:00 цаг
БНСУ
Жич: Интернет телевизээр бага зэрэг гацаатай үзээд барилдаан дуусав уу үгүй юу, юу л байна бичих гэж яардаг бивээр яаран сандран нэг цагийн дотор халти мөлт тоймлосон минь энэ. Монголдоо магадгүй бөхийн өргөөнд үзсэн бол илүү дэлгэрэнгүй гоё бичих байсан болов уу. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

08 February 2010

Амралтын өдрүүдийг “АВАТАР”-тай


Ажил амралтаа зөв зохицуулаад өөртөө зав гаргаж чаддагүй би их санамсаргүйгээр өнгөрсөн долоо хоногын амралтын өдрийг туйлын зөв боловсон өнгөрүүлж хавьд шагайгаагүй синема-даа тухлан “Аватар”-дчихлаа шүү. Өнгөрсөн 2009 оны 12 сард нээлтээ хийсэн 20th Century Fox-ийн гайхамшигт бүтээлүүдийн нэг Жеймс Камеруны найруулсан Аватар кино дэлгэцээр гараад багагүй хугацаа өнгөрчихөөд байгаа ч үзэх юмсан гэж бодсоор ажлын заваас болоод амжихгүй байсан юм. Ингээд муу хүн идсэнээ сайн хүн үзснээ гэдэг билүү... сайн хүн болох гээд үзсэн киноныхоо тухай товчхон өгүүлчихъе. Аватар нь компьютер техникийн арга хослуулан хийгдсэн шинжлэх ухаан болон хүний сэтгэхүйн хөгжлийг дээд цэгт нь хүртэл харуулсан зөгнөлт кино юм байна. Киноны үйл явдал 2154 онд Пандорра хэмээх шинэ гариг дээр өрнөх бөгөөд хүн төрөлхтөн энэ шинэ гаригийг нээн тэр гариг дээрх unobtanium хэмээх valuable mineral /үнэт эрдэс/ -ийг олборлох зорилгоор бүхэл бүтэн зэвсэглэсэн уурхайн армийг шинжлэх ухааны туршилтын багийнхний хамт бэлтгэнэ. Пандорра гаригийн агаар хортой хүн төрөлхтөнд таарахгүй тул туршилтын багийнхан тус гаригийн оршин суугчид болох Navi омгийнхонтой адил хүмүүс бүтээн тэднийг жирийн хүн төрөлхтний тархины үйл ажиллагаанд холбон аватар хэмээн нэрлэж туршилтандаа ашиглаж байлаа. Тэдний нэг Jake Sully хэмээх тэргэнцэртэй залуу туршилтаар Пандорра гаригт очин санамсаргүйгээр багийнхнаасаа салж төөрснөөр киноны үйл явдлын зангилаа цаашаа өрнөнө...
Ингээд хүн хүний сэтгэлийн болоод оюуны хараа өөр байдаг болохоор миний ярьснаар энэ киног үзвэл танд их сонирхолгүй болчих болов уу.... та бүхэн өөрсдөө заавал үзээрэй.
Миний хувьд уг киног stereoscopic 3D-ээр үзэж яг л киноны дотор нь Пандорра гариг дээр оччихсон юм шиг амьсгал түгжин амьсгаа ч авч чадахгүй үзэхийн хажуугаар бас дунд нь нулимс дуслуулаад авсан харин кино маань төгсөхдөө хүн төрөлхтний мөнхийн сэдэв "ХАЙР СЭТГЭЛ" ялж дууссанд сэтгэл үнэнхүү хангалуун байв... үүдэнд гарч ирэхдээ би ямар ч хамааралгүй... Хайрлахгүй гэсийм би чамайгаа хэмээн дуу аялсаар гарч ирсэн шүү.

Энэ кино эхнээсээ төгсгөл хүртэл шинжлэх ухааны хөгжлийн туйл, хүний сэтгэхүйн хөгжил, компьютерийн ертөнцийн гайхамшиг гэдгийг үнэнхүү алмайрууллаа. Харин энэ бүхэн хичнээн эцэстээ хүртэл хөгжин хөгжсөн ч магадгүй дэлхийг аврах цорын ганц зам нь хүнлэг зөөлөн сэтгэл, хүн чанар, хайр дурлал л байна гэдэгт би өчүүхэн ч эргэлзэхгүй байна... энэ кино ч бас тэгж хэлж байна. Сүүлийн үеийн гайхамшигт бүтээлүүд хүний сэтгэл рүү илүү өнгийсэн хүний хүн чанарт илүү ойртсон бүтээлүүд гарах болжээ. Ертөнцийн хамгийн сүүлийн чимээ буун дуу биш эхэр татах уйлах нулимсны чимээ л байна гэж хэн бичлээ дээ байз....









Жич: Энэ кино маань 237 сая ам.долларын өртгөөр бүтсэн бөгөөд одоогийн байдлаар $2,204,693,000 долларын ашиг орлого олоод байгаа юм байна.

05 February 2010

Надаас чамруу

Надаас чамруу
Ердөө ганцхан хором
Нүдээ анихад л...
Хөлсний чинь үнэрт
Хорвоо бүдгэрч
Өвчүүн дор чинь
Өөрийгөө гээнэ
Үүний л төлөө
Амьд яваа мэт санагдна
Үүний төлөө
Үхсэн ч яахав ээ

04 February 2010

Шүлэг л намайг бичдэг

Шүлэг битгий бич гэсэн гэв үү...
Та..
Шүлэг бичдэггүй ээ
Би...
Зүрхэнд минь
Алганы хээ шиг нэгэн зураас
Тийм тод тийм гэрэлтэйг
Гэвч
Тэнгэрийн шувууд уйлахад
Тэсэхийн аргагүй чинэрч
Нулимсных нь чимээг
Цээжнийхээ цаанаас
Сонсдогоо
Би бичдэггүй
Зүрхэнд минь
Алганы хээ шиг нэгэн зураас
Тийм тод тийм гэрэлтэйг
Гэвч
Өндөр өндөр модод
Өөрөөс минь дутуугүй шаналдгийг
Хамаг навчсаа гүвчихээд
Харийн хүн шиг ганцаарддагыг
Зүрхний минь зураас л сонсчихоод
Зүрхэн дээр минь
Зурдгийг
Би бичдэггүй
Шувууд уйлдаггүй
Модод ганцаарддаггүй
Ийм төгс орчлонг
Нүдээ анихдаа л олж хардаг ч
Тэндээс хачин дотно амьсгал
Аньсага нэвт үлээдэг ч
Тэнд очихыг хүсдэггүйгээ
Би бас л бичдэггүй
Энэ бүхнийг би бичээгүй
Шүлгийг хэзээ ч би бичдэггүй
Шүлэг л харин намайг бичдэг ээ