30 May 2009

South Korea mourns

Богинохон ч гэсэн энэ амьдралд хүн амьд явахад их юм үзэх аж... итгэшгүй, бүүр итгэмээргүй, итгэхийг хүсмээргүй үйл явдлуудаар амьдрал дүүрэн харин тэднийг бид цаанаасаа бурхны зурсан зураг төөрөг юм уу, хувь тавилан хэмээн хүлээн авахаас аргагүйд хүрдэг. Энэ сарын 23-ний өдөр БНСУ-ын 16 дахь ерөнхийлөгч Но Мү Хён ард түмэндээ “Энэ бол хувь тавилан шүү, хэнийг ч битгий буруутгаарай” гэж захиад итгэхийн аргагүйгээр энэ ертөнцийг орхин одож Солонгос улс ойрын өдрүүдэд тэр чигээрээ гашуудалд автаж байна.
Хэдий эх орон минь биш ч гэсэн энд л амьдарч, агаараар нь амьсгалж, усыг нь ууж яваа эцэг орон минь тул би Солонгос улсад эх орноосоо дутуугүй хайртай билээ тэгээд ч тэрүү итгэхэд бэрх энэ мэдээг сонсоод цочирдож, гайхаж, харамсахын хажуугаар олон зүйлийг дотроо эргэцүүлэн бодсоор одоо хүртэл сэтгэл дотрох эргэлзээ гайхшрал тайлагдаагүй яваа юм. 2003-2008 онд БНСУ-ын ерөнхийлөгч байж, зүгээр нэг ерөнхийлөгч ч биш мундаг чадварлаг жинхэнэ ардчилсан улстөрч, шударга бас зоримог тэмцэгч, ард түмний ерөнхийлөгч байж чадсан тэрээр өнгөрсөн оны сонгуулиар ерөнхийлөгчийн албан тушаалаас бууж тэтгэвэртээ гарсан билээ. Гэтэл бараг хоёрхон сарын өмнөөс түүнийг ерөнхийлөгч байхдаа Солонгосын бизнесменүүдээс их хэмжээний хээл хахууль авсан хэмээх хэрэг гэнэтхэн дэлгэгдэн шалгагдаж эхэлсэн билээ. 6 сая ам.долларын авилгал авсан хэрэг прокуророор шалгагдан эхнэрийн хамт эхний шатанд байцаагдаж байх үест нь албан ёсны мэдээнүүд түүнийг авилгал авсан нь батлагдлаа хэмээн мэдээлж эхэлсэн билээ. Харин хоёрдахь удаагийн байцаалт өгөхөөс яг долоо хоногын өмнө тэрээр өөрийн төрсөн нутаг Бусан дахь гэрийнхээ хойд 30 метр орчим өндөртэй хаднаас нисч амиа хорложээ. Ихэнх Солонгосчуудын адилаар ууланд алхана хэмээн өглөө эрт гэрээсээ гарахдаа тэрээр аль хэдийнэ компьтертээ “Амьдрал үхэл хоёр угтаа аль аль нь байгалийн хэсэг шүү дээ. Битгий их гашуудаарай, хэний ч буруу биш. Энэ бол хувь тавилан шүү. Үнэн хэрэгтээ би энэ сонголтыг их удаан бодсон, би их олон хүнд өртэй үлдлээ, надаас болж олон хүн зовлонд унахыг би цаашдаа харж чадахгүй” хэмээн гэрээслэл болох хэдэн өгүүлбэр бичиж үлдээсэн байжээ.
Солонгосчууд ихэнхдээ өрөнд орох, дампуурах зэрэг мөнгө санхүүгийн холбоотой хүнд асуудалд орох үедээ амиа хорлож хэргээ цагаатгах гэхэд хаашаа юм, ер нь л голдуу амиа хорлох шийдвэрийг гаргадаг нь тухайн хүн нас барсан тохиолдолд өр төлбөрийг нь төрөөс төлж барагдуулдаг хуультай нь холбоотой гэж үздэг. Саяхан л гэхэд нэртэй жүжигчин Ан Же Хуан, Чей Жин Шил хэмээх хоёр залуухан кино од их хэмжээний өртэйгээсээ болж амиа хорлосон билээ.
Ингээд бодохоор 62 настай экс ерөнхийлөгчийн үхлийн шалтгаан нь яах аргагүй 6 сая ам.долларын хэрэг мөн байж таарах нь. Хүн л болсон хойно алдаагүй хүн гэж байдаггүй ажээ. Харин тэрээр ерөнхийлөгчийнхөө хувьд Солонгосын өнөөдрийн хөгжилд хэмжихийн аргагүй их хувь нэмэр оруулсан, ард түмнийхээ хүндэтгэлийг хүлээсэн, зоримог шударга тэгсэн атлаа их энгийн ард түмнийхээ дунд бужигнаж, тэмцэхдээ тэмцэж, уйлахдаа уйлж, дуулахдаа дуулж явсан хийсэн ажилтай, хэлэх үгтэй нүүр бардам ерөнхийлөгч байснийг нь энэ нийгмийнх нь өчүүхэн тасархай болсон би хүртэл баттай мэдэх юм чинь. Ямартаа л өнгөрсөн онд ерөнхийлөгчийн сонгууль болж И Мён Пак улс төрчийг ерөнхийлөгч болоход нь энд амьдардаг бид байтугай Солонгосчууд ч дасч өгөхгүй их л дургүй хүлээж авч, огцруулах эсэргүүцэл жагсаал нэг хэсэгтээ л үргэлжилсэн билээ. Монголчууд бидний хувьд хүртэл өнөөдөр Солонгос улс руу хууль ёсоор, гэрээгээр гарч ажиллаж, улс орон, гэр бүлээ тэжээн тэтгэж, Солонгосын аль ч сургуульд чөлөөтэй ирж суралцах боломжтой болсон зэрэг нь яахын аргагүй Но Мү Хён ерөнхийлөгчийн хувь нэмэр билээ. Ард түмний ерөнхийлөгч түүний энэ харуусам сонголтыг ард түмэн нь одоо хүртэл хүлээн зөвшөөрч чадахгүй “улс төрийн золиос” болсон хэмээн үзэн “Дараа ертөнцөд очоод битгий ерөнхийлөгч болоорой” хэмээн захиж хичнээн сая Солонгосчууд нулимс дуслуулан сүүлчийн замд нь үдлээ.
Харин манайд саяхан ерөнхийлөгчийн сонгууль бөөн дуулиан шуугиантай болж өнгөрсөн, идсэн ууснаараа толгой цохидог, авилгалын загалмайлсан эцэг хэмээн зарлаж зарлачихаад манайхан Н.Энхбаярыг Солонгосын прокурор шиг шударгаар шалгаад авилгалын эцэг мөн бишийг нь тогтоочихож чадахгүй л байгаа биз дээ. Монгол улсад иймэрхүү хэрэгт шүүх, цагдаа, прокурор зэрэг төр засгийн аппаратууд ам нь үдээтэй харин Солонгост ардчилсан нээлттэй ажээ. Шударга авилгалтай тэмцэгч хэмээн хашгирахаараа нэг хашгирсан Ц.Элбэгдорж ч тийм сайндаа, шударгадаа ялсан гэж бодохгүй л байна, Монголын ард түмэн зүгээр л энэ төрөөс, энэ засгаас хэтэрхий их залхаж, хэтэрхий их цөхөрсөндөө энэ бүхнийг өөрчлөх огт өөр “үнэхээр ард түмний ерөнхийлөгч гараад ирээсэй” гэж хүссэндээ Ху намаас өөр сонголтыг энэ удаа хийсэн байх. Н.Энхбаярын ямар ерөнхийлөгч байсныг бид харсан, мэдсэн харин Ц.Элбэгдоржийг би л лав авилгалын хэргээсээ болж амиа хорлосон Солонгосын экс ерөнхийлөгч Но Мү Хён шиг ерөнхийлөгч байж чадна гэдэгт итгэхгүй л байна.

09 May 2009

Ном уншмаар байна.

Надад ном бэлэглэх хэн нэгнийг хүлээгээд л... нэг юмыг бүүр үнэн голоосоо хийхийг хүсдэг нэг тийм мэдрэмж байдаг даа. Яг л тэр агшинд л хиймээр болох бүүр тэвчихгүй байж ядах... хийж байж л санаа амрах... заримдаа бүүр ямар нэг юмыг идмээр болох хүсэл ч бас адилхан... тэрэн шиг ойрд ном "идмээр" болоод удаж байна. Ойрд ааваас ном ирээгүйг хэлэх үү... дурласан таалагдсан номыг би хэд дахин уншдаг юм... хоёр дахь... гурав дахь... дөрөв дэх уншилтаас анхны удаагийнхаас илүү гоё таашаал мэдрэх тусам тэр номонд яг л эр хүнд дурладаг шиг дурлаж орхидог юм. Гэхдээ тэр дурлал өөрөөсөө бас нэг сонин хүсэл төрүүлээд байдаг нь гайхмаар... хэн нэгэнтэй хуваалцмаар... тэр номноос миний авсан таашаал мэдрэмжийг өөр олон олон хүмүүст яг л тэр чигээр нь мэдрүүлмээр... өөр олон олон хүнд уншуулмаар... дурлуулмаар... тэгэхлээр энэ дурлал эр хүнд дурлах дурлалаас өөр байх нь, харамлахгүйгээрээ...

Хамгийн сүүлд уншсан ном бараг 4-5 сарын өмнө байх даа Дармын Батбаяр "Бүтээхүйн зүй тогтол" /урлаг уран зохиолын ерөнхий зүй тогтлын тухай судалгааны ном/, Мишэл Де Монтень "Сонгомол эссенүүд", Б.Шүүдэрцэцэг "Сэтгэлийн Анир", Ц.Бавуудорж "Сарны шүлгүүд", аа бас аръябалын бясалгалын хэдэн номууд.... одоо өөр ном уншмаар байна аа. Хамгийн сүүлд намайг үхтэл дурлуулсан ном бараг жил гарангийн өмнө уншсан Г.Аюурзанын Цуурайнаас төрөгсөд л байлаа. Түүнээс хойш уншсан ямар ч ном түүнийг гүйцсэнгүй.
Би 6 настай сургуульд орсон гэсэн ч түүнээс өмнө аль хэдийнэ уншдаг алдаагүй зөв бичдэг байсан. Тэгэхлээр миний ном уншиж эхэлсэн түүх их эрт... тэр үед унших номууд, уран зохиолын том том туужууд бас түүхэн романуудаар, тэднийг бичдэг зохиолчдоор баян байсан л даа Монгол. Дахиад "Их хувь заяа" шиг, "Тунгалаг тамир" шиг, "Газар шороо" шиг, "Цаг төрийн үймээн" шиг, "Дурлал" шиг "Эр бор харцага" шиг бүүр "Оройгүй сүм" шиг зохиолуудыг бичих авъяастнуудаар, суутнуудаар дутаaгүй байгаасай Монгол.

Сүүлийн үед "Монголын утга зохиолын томчуудыг төдийгүй ард түмнээ "доош нь хийж", сэтгэхүйн хэмээх утга зохиолд огтоос хамааралгүй чиглэл гарган ард түмний тархийг угаагч, Өрнөөс хуулбарлагч, өөрөөсөө бусдыг үл тоомсорлогч" хэмээн хийхийнхээ хэрээр хэлүүлж бас бичүүлж шүүмжлүүлж яваа Г.Аюурзана л залуу үеийнхнээс өнөө Монголд романы төрлөөр ганцаараа бичиж байгаа мэт санагдана. Ямартаа ч Аюурзанаас шүлэг бичихээс нь илүүтэйгээр "Арван зүүдний өр" шиг нь, "Цуурайнаас төрөгсөд" шиг нь уншихад хүртэл авъяас шаардсан гоё романууд олноороо төрөх болтугай. Б.Шүүдэрцэцэгийн хэдэн өгүүллэгийг уншлаа, хүмүүс сүйд болоод байхаар нь.... би номыг хэд хэдэн янзаар уншдаг л даа... цайлж суух зуураа... орон дотроо хэвтээд... ширээний ард суугаад... ихэнхдээ бас 00-д... ямрыг нь тэгж ялгаж уншаад байдгийг өөрөө мэддэггүй ... гэхдээ л орон дотроо хэвтээд уншдаг номоо цай уух зуур, эсвэл хэн нэгэн дэргэд байгаа үед уншиж чаддаггүй юм. Шүүдэрцэцгийн номыг бараг хагас цагийн дотор жимс идэж хүнтэй ярьж суугаад л уншчихлаа... уншихад ямар ч тархи ажиллуулах, анхаарал зориулах шаардлагагүй ажээ. Харин Монтенийг нилээн тархиа зүдрээж байж уншиж дуусгалаа... ийм ном л салахын аргагүй амттай бас ийм номноос л "юм үлддэг" аж...

Тийм нэг салахын аргагүй амттай... хэд хэдэн ном уншсанаас илүү... намайг дурлуулах номыг хэн нэгэн надад бэлэглээсэй ойрын хугацаанд гэсэн....

04 May 2009

Ээжийг санаад....

... Ээжид зодуулж ер үзсэнгүй... үзсэнгүй ч гэж ээж бид хэдийг зодох нь байтугай барагтай ширүүхэн ч гар хүрч байгаагүй юм байна. Өсөж том болох тусмаа бага байхаасаа илүү их зовоож алдаж энэдэн сэтгэлийг нь эмтлэх бүрт ээж минь өнгөн дээрээ загнаж, үглэвч дотроо охиноо өмөөрч суудаг.... өмөөрч суудгийг нь мэддэгтээ ч охин нь өдий хүртэл бие нь томорчихоод ухаан нь "томрохгүй" буруугаар эрхэлсээр яваа биз ээ....
Миний ээж дэндүү зөөлөн хүн. Зөөлөн хүн гэхээр л гаднаа хүн аргадаж, царайчилсан, дуу шуу муутайхан номой нэгнийг хэлдэг гэж би боддоггүй. Ээж минь муухайг нүүрэн дээр нь ширүүхэн хэлж, мууд хатуухан үгийг шулуухан хэлдэг дуу шуутай шударга нэгэн. Гэсэн ч сэтгэл нь ам шигээ сайн мууг ялгаж чаддаггүйг нь бас мэднээ, орсон гарсан амьтан ах дүүс, төрөл садан бүүр огтоос хамаагүй хүмүүст ч хоол цай, ер нь юу байгаагаа л барин сүйд болно, харамлах сэтгэл ээжид минь жаахан ч болов байгаасай гэж заримдаа нүгэл хураан боддогсон. Ээж орчлонгоос нэг их юм хүсдэггүй ч ээжийн нэг хүсэл нь ердөө өгөх юм л байвал хүмүүст өгөөд байх санаатай. Даанч өөрийнх нь дураар тэгж ихээр нь бусдад өгөөд байх юм нь ховорхон тул заримдаа яаж ч чаддаггүй байх гэж би боддогийн. Энэ тал дээр ээж үнэхээр залхмаар уулгамч тул энэ туйлшралыг нь сайных юм уу муугынх юмуу би мэддэггүй. Tаних танихгүй хөдөө гадааны зочин гийчин их ирнэ... ээж хоол цай болно... зочны өрөөнд ч зочин, гал зууханд ч зочин... заримдаа бид залхаж тээршаан их л дургуйцдэг байсан. Одоо бодохнээ хичнээн эмэгтэй хөдөөнөөс ирж амаржихдаа ээжээр минь шөлөө хийлгүүлж, хичнээн хүн хөдөөнөөс ирж эмнэлэгт хэвтэхдээ ээжээр минь хоолоо зөөлгүүлснийг бүү мэдээ. Их л том ухаан суусан хүн болох гэж ээжид хаяахан "харамлаж, нарийлахын ухаан"-ыг цухас цухуйлгахад "Түмэнтэйгээ явсан хүн ер буруудахгүй, олон түмэн, амьтан ах дүүгийн буянаар л өдий дайтай сайн яваа гэж бод, битгий дэмий юм ярь" гэх нь холгүй эсэргүүцнэ. Нээрээ ч өдий наслатал нь хэн нэгэнтэй муудалцаж, муу санаж, муу хэлж, хэн нэгэнд гомдоллож явахыг нь нэг ч удаа харсангүй. Ээж хэзээнээсээ л өөрийнх нь хэлээр "олонтойгоо яваа хүн". Ядарч зүдэрч, өвдсөн зовсон олон хүний дэргэд байж, тус болж явсан болохоор тэр олных нь буян ээжид минь ирнэ гэдэгт өөрөө ч итгэдэг, бид ч бас итгэдэг билээ.

... Бүх л ээжүүдийнх тийм байдаг биз дээ... ээжийн гар их зөөлхөн. Юу ч хийсэндээ тэгдэг байсан юм бүү мэд би ээжээр их "илүүлж, бариулдаг" байлаа. Ээжтэй хүний жаргал тэр юм болов уу, их л эрх бас тэнэг байж.... Хорин хэд насалж тусдаа гартлаа ээжид ганц өглөө босож өгч үзсэнгүй ... өглөө дуудуулж дуудуулж, уурлаж босоод бэлдэж өгснийг нь идэж уугаад л сургуульдаа эсвэл ажилдаа гарна... оройтож ирээд хийж өгсөн хоолыг нь голж идээд л унтаад өгнө... ээж шөнө бүтэн нойртой унтана гэж бараг үгүй. Гал зуухтай ноцолдон бидний сандрааж орхисон хувцас хунар, хоол ундны үлдэгдэл, аяга тавагтай зууралдсаар бараг шөнө дунд л орондоо орно. Тэгэхэд нь ажлаас орж ирэв үү үгүй юу "ядарлаа, нуруу хөшлөө ээж бариад өг" гээд гарыг нь хүртэл амраадаггүй тийм л тэнэг байлаа. Одоо ч тэр хэвээрээ... Ээжийн гар их зөөлхөн болохоор гар хүрч байгаа нь бараг мэдэгдэхгүй чангахан дар гэхээр чанга дарахаар цохилбор нь таарчихвал үхчихдэг гэсэн гээд охиндоо чангахан ч гар хүрч чаддаггүй тийм зөөлөн .... ээж биднийг тэгж л хайрладаг.

...Ээжийгээ зөндөө гомдоосоон... гомдож цөхөрдөг бол цөхөртөл нь гомдоосон. Гэсэн ч "эх хүн үрдээ гомддоггүй юм" гэдэг үгийг хаанаасаа ч юм олоод сонсчихсондоо л сэтгэл амар явдаг тэнэг толгой би... сайн сайхан хүн болох гэж нуугаад ч яахийм билээ. Ээж ааваас хол нэг жил гаруй амьдарлаа... өөрийгөө том хүн болчихсон л гэж бодож байж.... бүүр дараа нь ээж тэр үед гадаа алхаж явахад нүднийх нь өмнө байнга миний царай гарч ирж харагдаад нүдэнд нь нулимс дүүрчихээд урагшаа алхаж чадахгүй байсан гэж хэлэхэд нь өр өмрөх шиг болж гадаа гарч гэрийнхнээсээ нуун нулимс дуусдаг бол дуусахаар болтол уйлсансан. Одоо хүртэл тэр үед ээжийн хэлсэн үгийг, ээжийгээ бодох бүр гол зурж хоолой руу нэг юм огшдог. Ээжийг би баярлуулж байсан юм болов уу... миний муу ээж уг нь жаахаан юманд баярлаж муу хүүхдээ сайн болгож худлаа магтан, хавийн ээжүүдэд хүүхдүүдээрээ бахархан онгирох дуртай. Дунд сургуульд арван жил, их сургуульд дөрвөн жил дараалан онц суран, олимпиадууд, ОЭШБХуралд илтгэлүүд нь түрүүлж, шилдэг оюутнаар шалгарч, сургалтын төлбөрөөс чөлөөлүүлэх тэтгэлэгт хамрагдан, дөрөвдүгээр курсээсээ сургуульдаа багшилж, улаан дипломтой төгссөн л гэж миний ээж охиноороо онгирох дуртай. Ингээд л болоо.... миний ээжийг баярлуулсан гэвэл ердөө л энэ. Дандаа л энийг ярьна.... үнэхээр ээж минь энүүхэнд баярласан бол өөрөөр би ээжийг баярлуулж үзсэнгүй.

...Ээжийн өөдөөс үг сөрж маргадаг байлаа... миний төлөө л сэтгэлээ өвтгөн байж чулуу шиг хүнд үгийг хэлэхэд нь тэнэг охин нь өөдөөс нь эсэргүүцэж биеэ өмөөрөн уурладаг байлаа. Харин охиноо төрүүлээд өөрөө ээж болсон цагаас хойш нэг ч удаа ээжийн урдаас үг хэлсэнгүй... хүн аминч муухай байгаа биз... өөрөө ээж болохоороо л тэгж байгаа юм. Жирэмсэн байхдаа албатай юм шиг ээжээр биеээ тослуулж, илүүлж, массаж хийлгүүлж сүйд болдог байж... харин төрснөөсөө хойш ээжээр хүүхдээ шөнө харуулж, өлгийдүүлж, асруулахгүй юм шүү гэж хатуу бодсон... өөрөө хичнээн шөнө нойрыг нь хасаж зовоочихоод дахиад хүүхдээ харуулж бас зовоохгүй юмсан л гэж бодсон.

... Гэдэс өлссөн үед хамгийн их санагддаг ээжийн хуушуур үнэн тасархай... тасархай гэж өөр хаана ч хэн ч гүйцэхгүй үнэхээр тасраад гарчихсныг хэлдэг байх, энд тэнд олон хүний, олон айлын хуушуур идэж үзсэн ч ээжийн хуушуур шиг том бас улаан шаргал, тийм амттай хуушуур үзээгүй шүү. Энд хаяахан хуушуур идмээр санагдсан үед тос усыг нь үсчүүлэн, гар хөлөө түлэн барин, хамаг муу үгээ дуусган байж тааруухан юм хийж идэх үед ээжийн хуушуур нүдэнд харагдаж, аманд амтагдах шиг болдог. Миний хувьд ээжийн хуушуур бол brand.

Ичмээр бас нэг дурсамж... ичээд яахав дээ, үнэн юм чинь. Царай муутай охин нь хоёрдугаар курстээ билүү дээ нэг тэмцээнд орох болов оо... яаж ч яваад орох болчихсон юм бүү мэд ээ... өөрөө зүүдлээ ч үгүй байтал хүмүүс л албадаад байсан хэрэг л дээ. Ер нь миний оюутан нас энд тэнд тэмцээн уралдаанд л голдуу оролцож өнгөрсөн мэт санагддаг ч... гэхдээ яг тийм эмэгтэйлэг чиглэлээр бол анх удаа бас цорын ганц удаа байлаа... Манайх Шилүүстэйдээ байсан, аавтай эхлээд утсаар ярьлаа яах вэ гэж асууж байгаа юм л даа тэгсэн аав "аав нь яaж мэдэх вэ ээжд нь хэлъе" гэлээ харин ээж бараг маргааш нь л авдрандаа байсан цэнхэр пүүсүүг цүнхэлж аваад машинд суугаад хүрээд ирж билээ. Ээж одоогийн хүүхнүүдийн загварын дээлнүүдийг бараг нэг шөнө л оёно... бас өөрөө шинэ гоё загвар гаргана. Намирсан цэнхэр пүүсүүгээр охиндоо жигтэйхэн гоё үндэсний загварын дээл шөнөжин сууж оёж өгч билээ...

... Миний ээж ажилсаг, эртэч, сайхан ааштай, орсон гарсанд ундтай, найз нөхөртэй, эвсэг бас хүлээцтэй тэвчээртэй, ухаалаг, зөв эмэгтэй. Харин би яахлаараа тэгдэг юм бүү мэд ээжийн энэ сайхан чанаруудаас нэг нь ч алга юм шиг... ээжтэй өөрийгөө харьцуулахын ч хэрэг алга. Дур зоргоороо, залхуу бас санаанд таараагүй л бол хэнийг ч, юуг ч хүлээн зөвшөөрдөггүй, муугаа мэдэхгүй голомхой шилимхий, зожиг, бас омголон, салхи шиг заримдаа бүүр түймэр шиг.... хэн гэж тодорхойлоход хэцүү зөрүүд амьтан.

...Ээжийг бас аавыг их санахаар гол эгшдэг юм.... яг тэр мэдрэмжийг хэн нэгнийг голоо эгштэл санаж үзсэн хүн л мэдрэх байх... гол эгшиж өөрийн эрхгүй цурхиртал бүүр асгартал чангаар уйлмаар болдог. Гэсэн ч хүний нутагт нулимсыг ханцуйдаа биш зүрхэн дотроо л хадгалах ёстой. Ээжийг их санахаар би дуу дуулдагийн... ажил дээр гэнэт санагдаж хоолой зурж нүдэнд нулимс бүрхэхээр нь би

Сүүтэй энгэрийг нь чичрээж уйлахад минь сэрүүн ээж минь
Суугаа хоносон шөнө нь одноос олон байгаа даа
Зулай дээр минь залбирсан бурхан юм уу даа ээж минь
Заяа буяныг минь тэгшилсэн хорвоо юм уу даа ээж минь

Нүүрэн дээр минь мандсан наран юм уу даа ээж минь
Нүдээ нээхэд минь харагдсан тэнгэр юм уу даа ээж минь
Надаас уяатай сэтгэлдээ сэрүүн энэрэл ээж минь
Нараа тойрон эргэх сүүтэй ертөнц ээж минь

Дууны сэжүүр аргадаж дуудахад нь ойрхон байя даа
Үүлэн сүүдэр зайчилж үнсэхэд нь ойрхон явъя даа гээд дуулахаар тайвширдагийн. Явуухулан гуайн
"Дуулж суугаад ээжийнхээ уйлахыг нь үзэх гэж
Дуунд тийм чадал шингэдгийг мэдээд..." гэдэг шиг дуунд ямар их чадал шингэдгийг ээжийгээ санаад дуулж суухдаа л би мэдэрдэгийн... энэ дууг ээжийгээ их санаж байгаа үед заавал дуулаад үзээрэй. Яасан их тайвширч дотор онгойдог гээч... зүгээр л энэ дуун дотор ороод өөрийнхөөрөө дуулахаар нүдэнд торсон нулимс аяндаа эгшин тайвширч, зорьсон зорилгодоо хүрэх тийм их хүч ээжээс минь надруу урсаж ирэх шиг болдог юм.