23 March 2008

Нойр хүрдэггүй нэг асуудал байна аа...

Яаж ч унтах гэж хичээгээд шөнө нойр хүрдэггүй өвчин тусчихлаа. Хавийн амьтан унтдаг харанхуй шөнөөр босч суудаг шар шувуу болоод бараг сар боллоо. Өглөөний 02-03 АМ-д унтвал хамгийн эрт нь тэр, заримдаа дөрвөн цагт унтчихаад зургаан цагт сэрчих юм. Одоо л гэхэд 03:01 АМ болж байна. Унтах гэж мөн олон янзаар үзлээ. Биеийн эсэргүүцэл сулрав уу, ядаргаанд оров уу гээд хоёр ч төрлийн витамин ууж байгаа боловч тус алга. Хоол унд муудаж, хий хуйнаас болов уу гээд хуушуур хайрч идлээ, долоон банштай цай хийж уулаа, аль аль нь нэмэр болдоггүй. Гөлийгөөд л байгаад байх юм. Оюутан байхад улсын шалгалтанд бэлдээд шөнө суухаар хичнээн аяга кофе уугаад байхад л яасан их нойр хүрдэг байгаа вэ? Тэр их нойр хаачив аа? Нэгэнт нойр хүрэхгүй байгаа юм чинь хэвтээд байхаас дургүй хүрээд босч хөргөгчөөр идэж уух юм эргүүлнэ, тавиуртай номноосоо /худалч хүнд бараг хорин хуруунд багтам цөөхөн/ аль дээр уншсан номоо авч уншина. Энд тэнд хана, хаалга чихран дуугарахад айна. РС-ний хувьд шөнөөр биш өдрөөр ажил тарсны дараа орой 3-4 цаг хэрэглэнэ гэж маш хатуу цагийн хуваарь тогтоосон. Яагаад гэвэл өдрөөс өдөрт муудаад байгаа харааг минь бүүр таг болгох аюултай тул шөнө РС хэрэглэхийг өөрөө өөртөө forbidлсэн. За тэгээд, шөнө хийх ажил гэж үгүй тул цаг нөхцөөж, хэнд ч хэрэггүй мөр холбож цаас эрээлэхээс үнэнийг хэлэхэд залхаад байх юмөө. 30-40өөд оны үедсэн бол цагаан цаас, балын харандааны гарз гэмээр юмдөө. Тэгсэн хирнээ хүчлээд нүдээ аниад хэвтэхээр л эсэн бусын бодлууд толгойд орооцолдоод нүдний өмнүүр хэлхэлдэж, холболдож жирилзээд тархи амраахгүй юм. Энэ толгой доторх тэнэг бодлууд намайг амраагаад өгөөсэй гэж хашхирмаар...
За за орлуугаа явъя даа, Очирвааныхаа арцаар сэнгэнэтэл нэг ариулчихаад хэвтэхээс дээ... /шөнө бүр ингэвч аанай л нойр хүрэхгүй хэвээр/ Эм л уухгүй юм шүү. Нойрны эм байнга уухаар зүрхэнд муу гэнэ шүү.

**************

Ув улаан дарс...
Урсч буй лаа...
Уйлж халтартсан хүүхний нүд
Уруулын будагтай янжуурын иш
Ундуй сундуй ор дэр...
Урагдаж навсайсан шүлгийн дэвтэр
Угаасаа миний биш хүний
Утгагүй ийм амьдралаас
Уйдмаар...зугтмаар
Урд минь гарах хаалга байвч
Түгжээтэй...
Түлхүүрийг нь эрээд олдоггүй ээ...?

21 March 2008

************

Өчигдөрхөн бэлэглэсэн даашинзны чинь
Өнгө нь үхээд утас нь сэмэрчихэж
Өчигдөрхөн хайрласан хайр чинь
Үзэшгүй муухай хардалт болчихож
Өгч гийгүүлсэн сэтгэл чинь
Өнгө мөнгөний хэрүүл болчихож
Өвөрт чинь өнгөрүүлсэн шөнүүд
Ор мөргүй хийсээд явчихаж ....

Сарны шүлэг

"-Хэрвээ би байхгүй бол
Хэцийн мөнгөн саранд
Хайрын үгээ шивнээд үлдээчихнэ
Намайг ирээд явсныг
Наад сарнаасаа асуугаарай!"

Шөнө бүр...
Шөнө бүр би чамруу очдог
Саран ургахыг сэмхэн ажаад
Сормуус юундаа инээвхийлэл хавчуулсаар
Сэтгэл юундаа итгэл тээсээр тэнд очдог
Тэгэвч чи ирээгүй л байдаг
Тэмдэгт газар эзэнгүй угтдаг
Шөнө бүр...
Шөнө бүр би ихэмсэг сарны дороос
Чиний үлдээсэн хайрын үгийг
Чилтэл цөхөртөл сонсдог
Гуньтал гутартал сонсдог
Уйлтал инээтлээ сонсдог
Унтартал астлаа сонсдог
Шөнө дундын ганцаардал намайг хөтлөн
Уйтгарт сартай учруулдагийг мэдэх үү?
Шивнээд үлдээчихсэн чиний сэтгэлээр
Хайрын бадаг тэрлэдгийг мэдэх үү?

Хананд өлгөсөн зургаа хараад...

Хананд өлгөсөн зургаа хараад
Хачин их гунив би
Хагалж самнасан гэзэгтэй
Хайр гэрэлтсэн нүдтэй
Хацар нь улаа бутарсан
Хариугүй туранхай охинд
Хачин их атаархав би
Нүдэнд нь лав гуниг алга
Нүүрэнд нь үрчлээс үзэгдэхгүй
Нимгэн цагаан царайд нь
Нүглийн сүүдэр тусаагүй
Гэгээн харцанд нь нулимс алга
Гэнэн сэтгэлд нь шарх алга
Хайр дурлал...
Хагацал зовлонгийн аль аль нь алга
Хамгийн эмзэг зүрхэнд нь
Хорт могой шиг ЧИ ч алга
Хананд өлгөсөн зургаа хараад
Хачин их гунив би
Яг арван жилийн өмнөх өөртөө
Яасан их атаархав би

20 March 2008

Нулимсан амьтай цэцэг

Урд насандаа би чамаас
Ус харамлаж нүгэл үйлдсэн юм болов уу?
Гашуун гашуун гомдолтой цэв цэнхэр манан татаж
Халуун халуун дуслуудтай хачин их бороо орлоо

Цэгээн чулуу сандайлаад гунигаа сэмэртэл уйллаа
Цээжний гүнд зангирсан гомдлоо тасартал уйллаа
Цэн цэнгийн нулимсаа атга атгаар нь асгалаа
Цэцгийн үндэс услаж гунигын цагаан уул тарьлаа

Нулимсан амьтай өнчин цэцгээ түшиж уйллаа
Нүдэнд ургасан цантай дэлбээг нь хийстэл уйллаа
Хайрын тэмдэгт цагаан цэцгийг эвийлж энхрийлж уйллаа
Харууслын нулимснаас амилсанд нь халаглаж харамсаж уйллаа

Өөртэй минь ижил үзэсгэлэн өнчин ганхахад уйллаа
Өргөс юунд нь хатгуулж өвдөж шаналж уйллаа
Өчнөөн хоногын бороондоо үндэстэй нь хөвүүлж уужирлаа
Өр нимгэн сэтгэлээ үерт нь дайж хатуужлаа би

Урд насандаа би чамаас
Ус харамлаж нүгэл үйлдсэн юм болов уу?
Халуун халуун дусалтай хачин цагаан борооны дараа
Хамгийн олон өнгөтэй тодоос тодхон солонго татлаа

**********

Хайртай гэж чи зөндөө хэлсэн мөртлөө
Хаврын цэцгийг өвлөөр ургуулж сэтгэлд минь тарьчихаад
Хамгийн бардам ганцаардлаа салхич шувуудтай нисгэн
Хаа холоос... яг энд зүрхэнд минь тайлчихаад
Хүлээнээ гэж амласан хавар цаг чинь ирэхэд
Хав хар нүдтэй бүсгүйтэй... хажуугаар минь
Хачин дотно шивнэлдэн өнгөрөх чинь...
Хайртай гэж чи зөндөө хэлсэн мөртлөө

18 March 2008

----МИНИЙ ҮЕ----

Би үхэхгүй үргэлжлэнэ
Бие минь элж, яс минь цайвч
Билиг цуцаж амь тасрахгүй
Бурхан чөтгөрийн алинд ч худалдагдахгүй
Буурал нутагтаа мөнх шингэнэ
Би үхэхгүй үргэлжлэнэ

Хөх хөх уулс минь униартаж байхад
Хөндийт тал нутаг минь зэрэглээтэж байхад
Хөл хүндтэй эх зулын гэрэлд зүүрмэглэж байхад
Хөдсөн өлгийтэй бурхан галын дэргэд үнэгчилж байхад
Би үхэхгүй үргэлжлэнэ

Урт урт мөрөн гол минь харгиж байхад
Уурга барьсан адуучин Эр бор харцагыг хангинуулж байхад
Унтаа жаахан болжмор адуу тургихад дэрхийж байхад
Улбар туяа татуулан шинэ өглөө эхэлж байхад
Би үхэхгүй үргэлжлэнэ

Алтан наран дээрээс цацраг бүтэн мандаж байхад
Аав уул дэргэдээс тохой түшин дүнхийж байхад
Асралт эжий бурхан цацлаа өргөн залбирч байхад
Алс алс зам харгуй сүүн өнгөөр дурайж байхад
Би үхэхгүй үргэлжлэнэ

Тэмээний бөөрөнд арган дотроос нялхсын толгой шоволзож байхад
Тэртээ холоос цай барьсан бүсгүй гар даллан дуудаж байхад
Төлийн дуу цангинаж бууцны үнэр сэнхийж байхад
Төрсөн нутагт хүй дарсан чулуу бүлээнээрээ байхад
Би үхэхгүй үргэлжлэнэ

Уул, ус, навч цэцэг, урьхан салхи хайрын хэлээр ярьж байхад
Утгын чимэг хөглөн эгшигт шүлгүүд төрж байхад
Ухаа толгод дамжин уртын дуу шуранхайлж байхад
Уяхан ээжийн минь сэтгэл ингэний нулимстай бөмбөрч байхад
Би үхэхгүй үргэлжлэнэ

Өрхний завсраар хөх аргалын очис сүүмэлзэн байхад
Өнгийж шохоорхсон одод нь тогоон дотор хөвж байхад
Өөдөсхөн үрс минь тулгаа тойрон шулганаж байхад
Өтгөс буурал судар тэврэн нар зөв гороолж байхад
Би үхэхгүй үргэлжлэнэ

Ээлт хөх тэнгэр дээр налайж байхад
Энгүй тал нутаг дэргэд цэлийж байхад
Эсгий гэрийн хойморьт гүнгэрваатай бурхан амилж байхад
Эмээ ээжийн эрхиний тоогоор маанийн цуваа хөвөрч байхад
Би үхэхгүй үргэлжлэнэ

Нарны амьтай гариг минь цэнхэртэж байхад
Надад заяасан эх орон минь мандаж байхад
Нартад өлгийдсэн нутаг бууралтаж байхад
Нялх балчир үрс минь инээж өсч байхад
Би үхэхгүй үргэлжлэнэ

Бие минь элж, яс минь цайвч
Билиг цуцаж амь тасрахгүй
Бурхан чөтгөрийн алинд ч худалдагдахгүй
Буурал нутагтаа дахин төрнө
БИ ҮХЭХГҮЙ ҮРГЭЛЖЛЭНЭ ЭЭ

15 March 2008

Дилова хутагт Жамсранжавын намтар, дурдатгал

---------Хоёрдугаар хэсэг--------
Юуны өмнө энэ удаагийн бичлэгийг эхлэхийн өмнө түүний шашны энэ цол хэргэм болох Дилова хутагт нэрийн талаар бяцхан тодруулга хийхийг хүслээ. Түүхийн номууд, эх сурвалжууд, бичиг зохиол, хүмүүсийн аман яриа зэрэгт энэ цолыг Дилова хутагт, Дилув хутагт, Дилав хутагт бүүр зарим нь Дилэв хутагт хэмээн янз янзаар дуудаж тэмдэглэсэн байх нь бий. Миний хувьд "Дилова хутагт" гэдгийг сонгон авч бичсэний учир нь тэрээр хуучин монгол бичгээр бичиж үлдээсэн өөрийн намтар, улс төрийн дурдатгалдаа "Дилова хутугту" хэмээн тэмдэглэсэн байх бөгөөд хятад хэлээр гаргасан нэрийн хуудасныхаа нэг талд монгол бичгээр "Дилова хутугту" хэмээн нөгөө талд хятад ханзаар "Дилува" хэмээн галигласан байна. Ер нь хуучин монгол бичигт О, У үсгийг ялгаагүй тэмдэглэдэг тул Дилова, Дилува хэмээн алинаар нь ч дуудсан болох юм байна. Орчин үеийн монгол бичиг буюу крилл бичгийг насаараа сураагүй Дилова хутагт ийнхүү худам монгол бичгээр өөрөө бичиж үлдээснийг хэвээр нь байлгахаар миний бие энэ хувилбарыг сонгон авав. Харин 1941 оноос хойш Монгол улсад крилл бичиг нэвтэрч эхэлснээс хойш Дилова гэдгийг криллд янз бүрээр буулган одоо бараг хүмүүсийн амаар Дилав хутагт болон тогтжээ.

Жич: Дилова хутагт Жамсранжавын өөрийн гараар хуучин монгол бичгээр бичиж үлдээсэн намтар, улс төрийн дурдатгал зэргийн хуулбар хувь болон, түүний Монгол нутагтаа, Нарованчин хийддээ заларч байх үеийн залуугийн зураг сэлт, мөн түүний АНУ-д бүтээн босгосон Буддын шашны Дашгепеллен хийд, тус хийддээ мандал өргөж байх үеийн гэх мэт ховор сонин зураг баримт, тамганы дардас зэргийг хичээн цуглуулсан боловч бэл бэнчин нимгэн миний биед сканнер хэмээх техникийн чухал ололт байдаггүйн харгайгаар энэ удаа оруулж амжсангүй. Угаас хуучин бүдэгхэн зургуудыг камераар татаж дарахаар бүдгэрээд юу ч гарахгүй байгаа тул цуврал бичлэг минь дуусахаас өмнө амжиж сканнердаж хавсаргахыг хичээе.
Дилова хутагт Башлуугийн Жамсранжавын намтар, амьдралын түүхийг энд тэнд хүний бичсэнээс хуулбарлан авч, эсвэл өөрөө зохион бичих шаардлага ердөө гарсангүй учир юун гэвэл би дээр өгүүлснээр тэрээр өөрийнхөө намтрыг он жил, нас бүрээр нэн дэлгэрэнгүй бидэнд бичиж үлдээжээ. Түүнээс илүү үнэн баримт гэж юу байх билээ, харин бидэнд түүний намтрыг өөрийнх нь бичсэнээр уншин суух энэ боломжийг олгосон АНУ-ын нэрт монголч эрдэмтэн, Дорно дахин судлаач Жон Хопкинсийн их сургуулийн дорно судлалын тэнхимийн эрхлэгч, профессор асан, Английн Лийдсийн Их Сургуулийн дорно судлалын тэнхимийн эрхлэгч асан Оуэн Латтимор гэгч эрхэмд талархах учиртай мэт. Энэ эрдэмт хүн Дилова хутагттай 1930 онд Бээжин хотод анх танилцсан цагаас түүний амьдралын сүүлчийн өдөр хүртэл дотно нөхөрлөж бас хамтран ажиллаж явсан бөгөөд Дилова хутагтын худам монгол бичгээр бичсэн намтар, дурдатгалыг түүнийг насан хутгийг олсны хойно англи хэлнээ хөрвүүлэн, эмхэтгэж нийтийн хүртээл болгожээ.
Ингээд олон үгээ нуршилгүй намтраас толилууъя. Дилова хутагтын ярианаас:
"-Би төрсөн үеийнхээ орчин, өөрийн төрсөн ядуу гэр, Энх-Амгалан хааны үед Монгол орноо анх ирснээс хойш тав дахь Дилова хутагт болж хэрхэн хувилсан тухайгаа өгүүлъе. Би өвөг эцгийнхээ нэрийг мэдэхгүй боловч Онхот овгийн хүн гэдгийг мэдэх бөлгөө. Миний эцгийг төрөх цагт өвөг аав маань 86 нас зооглосон хүн байжээ. Иймийн учир түүнийг ямагт хятадаар "па-ши-луу" буюу "наян зуу" хэмээн дууддаг байсан ажээ. Муу юмнаас болгоомжилж харь хэлээр тэгж дууддаг байсан байна. Би бээр аавынхаа 67-тойд төржээ. Миний бие Засагт хан аймгийн Түшээ гүний хошууны Баян хошуу хэмээх уулын өмнө орших Ойгон нуураар нэрлэгдсэн Ойгон баг гэдэг газар Гадаад Монголын өрнөд хэсэгт мэндэлсэн болой. Би Бадаргуулт төрийн есдүгээр он буюу 1884 оны бичин жилийн 10 сарын 8-нд луу цагт нар мандах үеээр төрсөн юм. Би нэг ах, нэг эгчтэй байсан ба намайг төрөх үед ээж маань 48 настай байлаа. Манайх ядуу малчин удамтай бөгөөд гэрт аж төрдөг байв. Намайг төрсний дараа жил 20 хонь, 4 үхэр, 2 морьтой байжээ. Манай нутагт тэмээ ховор тул манайд байгаагүй, сарлаг элбэг боловч манайд байгаагүй. Миний төрсөн жил бэрх жил болж зуднаар мал их үхсэн гэдэг.Аав маань ямагт малаа дагана. Тэрээр 85 настайдаа өөд болсон юм. Намайг төрсөн тэр өвөл манай гэрийн тооноор гэрэл гарч байсан хэмээн олон хүн ярьдагсан. Тийм хачин их гэрэл гарч, настай айлд хүү төрсан тул тэр өвөл ямар нэгэн шидтэй юм болж байна гэж хүмүүс боджээ. Иймээс намайг "мөсөн тахлын эзэн" хэмээн нэрлэсэн бөгөөд миний жинхэнэ нэр Жамсранжав байлаа. Миний төрсөн газар Нарованчин хэмээх том хийдээс 30 орчим бээр зайтай байлаа. Энэ хүрээнд хоёр хутагт /амьд бурхан/ байсны нэгийг нь Нарованчин нөгөөг нь Дилова хутагт гэдэг байж лдээ. Хоёул миний төрсөн жил насан өөд болжээ. Хийдийн хүмүүс Нарованчин хутагтаа хаанас эрж олох вэ, Дилова хутагтаа хаанаас эрж олох вэ хэмээн ярилцах болжээ. Шинэ Дилова хутагтыг тодруулахаар бусад амьд бурхдад эл хүргүүлэхэд зарим нь шоо орхиж зүгийг нь гаргах ёстойгэж байхад зарим нь 108 эрихээр мэргэлж, зарим н бодол болно. Иймэрхүү маягаар эрлийн чигийг тодорхойлж Дилова хутагты өөд болсноос хойш жирийн бус байдалд төрсөн гэж үзсэн 40 орчим хүүхдийн нэрийг нутгийн сүм хийдэд гаргажээ. Гэвч тэр цагийн ёсоор шинээр тодрох амьд бурхныг нэрлэх эцсийн шийдийг Бээжин дэх Манжийн эзэн хаан гаргах ёстой байсан учир түүнд үлдсэн хүүхдүүдийн нэрийг өргөн барьжээ. Энэ үед би хоёр, гурван настай байжээ. Би хүүхэд байхдаа "Завханы цагаан тохой руугаа буцаж явна" гэж наадах дуртай байсан. Манай гэрийнхэн айлынхаа хүмүүсээс, цаадуул нь бусад хүмүүсээс суравч манай тэр хавьд тийм нэртэй газар байдаггүй байлаа. Гэвч Завхан голын ойролцоо тийм нэртэй нэгэн хөндийн Хятадаас Улиастай орох замд байдаг байсан ажээ. Намайг хутагтын хойт дүр хэмээн яриа гарсан болохоор бие барсан Дилова хутагтын эцэг Гончин гэж хүн манайд ирсэн юм. Тэр хүнийг ирэхээс өмнө би "Манай гэрээс нэг хүн өнөөдөр ирнэ" хэмээн хэлж байжээ. Би Гончиг гуайн ирснийг биечлэн санадаг юм. Тэр хүн цай уухаар өврөөсөө мөнгөн дотортой бяцхан аяга гаргаж ирэв "яалаа гэж, наадах чинь миний аяга" гэж хэлэхэд Гончиг гуай уйлж намайг тэвэрч хойморьт бурханы өмнө байдаг, миний дандаа суух дуртай сандал дээр суулган миний өмнө сөхөрч гурвантаа мөргөн нөгөө мөнгөн аягаа шинжааны үзмээр дүүргэн барьж билээ. Би тэр аягыг гадаад монголоос гарахдаа сууж байсан хийддээ орхин орхитлоо хадгалж билээ. Энэ аяга миний өмнөх дүрийн аяга байсан бөлгөө. Гончиг гуай намайг таньснаас хойхно Бээжинд намайг эзэн хаан баталсан юм. Намайг 5 настай байхад хийдэд аваачлаа. /Шилүүстэйн Нарованчин хийд/ Зуны тэргүүн сард хийдэд хүрч очсон юм. Анх намайг хийдэд аваачиж гэр маань ойрхон буусан тэр цагт гэртээ харихсан гэж их мөрөөддөг байж билээ. Лам нар намайг аргадан хориглож удалгүй гэрийнхэнтэйгээ улам цөөн учирсаар хийдэд байж даслаа. Удалгүй би төвд хэл сурч таван настайдаа түвд үсэг таньдаг боллоо. Зургаатайдаа 3000 шологтой номыг түвэггүй тогтоодог болов. /Энэ нь нэг шолог нь 36 үгтэй бөгөөд 108000 гэсэн үг юм/ Долоон настайдаа үүний ихэнхийг монгол руу орчуулж сурав, зургаан настайгаасаа хуралд хурж эхэлсэн бөгөөд уншлага тогтоож, шашны ном заалгаж 12 нас хүрэхэд төвд хэлнээс монголруу, монгол хэлнээс төвд хэлрүү судар орчуулж чаддаг болсон юм."

Жич: Энэ удаад түүний Монгол дахь амьдралыг, гадаадад "цөлөгдөх" болсон шалтгаантай нь хамт хилийн дээс алхсан хүртэл нь оруулъя хэмээн бодсон боловч гэнэтхэн яаралтай ажил гарсан тул өнөөдөр завсарлав.

14 March 2008

Гэртээ байхдаа л...

Гэртээ байхдаа л би хүн болдог
Гэзэг үсээ хумьж гэргий төрхөндөө ордог
Бариу даашинзаа тайлж эрх чөлөө мэдэрдэг
Байж ядсан харцуулын шуналт харцнаас ангижрдаг

Гэртээ байхдаа л би хүн болдог
Хэрүүл уруул, хэл ам, хов живнээс хол
Хуурмаг харц, ёсорхуу үгсээ хөөж орхиод
Хүүгийнхээ сэвлэгийг үнэрлэн бүүвэйн дуу аялдаг

Гэртээ байхдаа л би хүн болдог
Хиймэл инээмсэглэл, хоосон магтаалаас холддог
Хээ хуар, будаг шунх, чимэг зүүлтнээсээ салж
Хэн нэгний өмсгөсөн хуурамч багийг тайлдаг

Гэртээ байхдаа л би хүн болдог
Гэм зэм, алдаа оноо, шагнал шийтгэлийг ч мартдаг
Өнгө мөнгө, өнөө маргаашаас чөлөөлөгдөж
Өөдөсхөн үртэйгээ бурханы хэлээр ярьдаг
Гэртээ байхдаа л би хүн болдог.

---Сормуус тэмтрэх уйт шөнөөр---

Нэг л их хөнгөн гуниг зүрхэнд минь хургаж хургаж
Нэлхийтэл сэтгэлийн хойморт ирж асгараад л
Нил харанхуй шөнүүдэд чиний нүдийг санан санахад
Нэрээр чинь бичсэн шүлэг нимгэн цааснаа амилаад л

Яагаад би ингэж сормуус хөндөн гунигладгаа мэддэгүй
Ялдам хайрын үгсийг зүрхнийхээ нулимсаар сийлдэгээ мэддэгүй
Хэний төлөөнөө сэтгэл сэмрэн сэмрэн өнчирдгөө мэддэггүй
Хээнцэр залуухан насаа хүслээсээ нууж үрдэгээ мэддэггүй

Яах гэж би олон олон гэрэлт мөрүүдийг оддоос түүж газарт үлдээдгээ мэддэггүй
Ямар сайхан хайраа цээж дүүрэн гунигаар арилжснаа мэддэггүй
Хэнд зориулж уйт шөнөөр сормуус тэмтрэн хайрын бадаг тэрлэдгээ мэддэггүй
Хээр талын өнчин саранд гоо үзэсгэлэнгээ өргөдгөө мэддэггүй

Тэгэвч би...
Хөндүүр зүрхний нулимс минь чиний л төлөө урсахад дуртай
Хөнгөн бийрийн үзүүртээ чиний л хайрыг зурах дуртай
Ганцаар үдэх шөнүүдийг чиний л харцаар дүүргэх дуртай
Гуниг баярын аль алинд нь чиний л нэрээр дуудах дуртай

Зуун жил сарны дор ганцхан чамайг л хайрлаж гуниглах бол
Ай ямархан их жаргал тэр билээ
Зуун жил зөвхөн чамд л зориулж салхи надад хайрын үгс шивнэвэл
Ай юутай их хувь тавилан энэ билээ

2008.03

10 March 2008

Их түүхийн хуудас сөхөхийн учир буюу Буддын шашны их хувилгаан Дилова хутагт Жамсранжавыг дурсахуй

--------------ОРШИЛ ХЭСЭГ------------------
Миний насанд яг одоо над шиг л Монголын түүхийг хэдэнтээ эргүүлэн суугаа хүн бий болов уу? Уг нь бол өдий насны бид эх түүхээ тодорхой хэмжээнд судлаад мэдчихсэн байх ёстой гэж би боддог. Одоо уншиж суугаадаа өөрөөсөө ичих ч шиг...
Гэтэл бас уншиж суугаа нь, мэдэхийг хүсч байгаа нь тийм ч ичмээр зүйл биш юм байна аа. 10 жилд сурч байхдаа Монголын түүхийг үзчихсэн гэж эндүүрээд хүүхэд байхын Монголын нууц товчоог бараг худалч хүнд наснаасаа олон уншаад цээжилчихсэн "Дээд тэнгэрээс заяат Бөртэ чоно гэргий Гуа мөрөлын хамт Онон мөрнийг гатлан ирж..." гээд л эгчтэйгээ ам уралдан цээжээр уншдаг байв. Гэтэл тэр маань ёстой л цээжилсэн төдийхэн байж. Саяхандаа санаанд оромгүй нэгэнтэй түүхийн сэдвээр маргаад бүдэрчихсэндээ өөрийгөө их л голж бас шаралхсандаа түүхийн ном барьж авч байж билээ. Өчигдөрхнийг хүртэл би нэгдүгээр ангийн хүүхэд ч мэдэх алдарт Сарны сонатыг Моцартынх гэж "солиорч", ухаант Мөнгөлөн хатныг Зүчийнх хэмээн алд дэлэм эндүүрч явснаа нуугаад яахав. Ерөнхий мэдлэг бол одоо дүүрч гэхсэн эх түүхээ мэдэхгүй байх шиг ичгэвтэр өрөвдмөөр зүйл алга. Улс төрийн түүх, урлагийн түүх гэх мэт нэг талыг дагнаж гүнзгийрэхээ байг гэхэд улсынхаа ерөнхий түүхэн замналыг мэддэг байх ёстой юм гэдгийг хатуу ойлгож сууна.
Эх түүхээ мэдэхгүй хүн
Ойд төөрсөн сармагчин лугаа адил гэсэн мэргэн үг бий.
Намайг нутагтаа байхад Монгол телевизээр АХА гэж танин мэдэхүйн сайн нэвтрүүлэг оюутан, сурагчдын дунд зохиогддог байсан санагдана. Юу ч мэдэхгүй толгой сэгсрэн эсвэл ямарч хамааралгүй дэмий балай хариулт хэлээд зогсох хойч үеээ хараад өөрөө нэг их юм мэддэг хүн шиг толгой сэгсрэн халаглаж, шоолж инээхээсээ илүү өр өвддөг байлаа. Ер нь бол ганц би ч биш магадгүй Монголын өч төчнөөн залуусаас гудамжинд таараад Алтан ургийн сүүлчийн хаан хэ бэ гэх юм уу Цогт тайж Монголын түүхэнд ямар гавъяатай хүн юм бэ? за эсвэл бүүр саяхны нийслэл хот маань одоогийн Улаанбаатар хот гэсэн нэрийг хэзээ яаж авсан бэ, эсвэл анхдугаар үндсэн хууль хэдэн оны хэдэн сард батлагдаваа хэмээн асуухад түгдрэх хүн гарах л болов уу. Ганц хоёрхон жилийн өмнө Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ой гээд сүр дуулиантайхан НААДАМ хийсэн дээ гадна, дотныхон ч их цугласан. Идэж ууж, баярлаж хөөрч, байлж шагнах нь л их байсан уу гэхээс түүхийн шарласан хуудас сөхсөн ажил нэгээхэн ч хийгдээгүй нь үнэн. Хөөрхий муу урлагийнхан л "Атга нөж" гэх мэт ганц нэг жүжиг найруулан тавьж нүүр тахласан. Харин тэр үеэр миний мэргэжил нэгт нэг нөхөр жуулчин дагуулж яваад "Танай Чингис хаан европ он тооллоор хэдэн онд нас барсан юм бэ?" гэж асуухад нь мэдэхгүй ээрч муурсан тухай сүүлд сонсоод түүхээ мэдэхгүй юм гэхэд ажил хийж яваагаа бодоод нууц товчоог өмнө нь нэг хальт харчихгүй дээ гэж бодож харамссан. Ингээд харахлаар бид цаг хугацааны урсгалаар хэн нь танигдахгүй, хэн гэдгээ мэдэхгүй эрлийз хурлийзууд болчихож. Компьютер техникийн эрин л гэнэ, ямар ямар глобал нийгэм л гэнэ унших ном, үзэх харах, сатаарах юм нь ч өөр болж бас их болж. Энэ хирээр бид түүхээ мартаж. Дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт бидний сонссон, сонсоогүй шинэ хичээлийн нэрс нэмэгдэж нөгөө муу Монголын түүх маань шахагдсаар сурагчдын хамгийн дургүй гологдмол хичээлийн нэг болж. Бид түүх дээр өндийж, түүхээр босч, түүхээр бүтээгдсэн түүхийн бүтээгдэхүүн тул түүхийг мартаж хэрхэвч болохгүй. Хүн бүр ялангуяа үр хүүхэд, бидний хойч үе маань түүхийг заавал мэддэг байх шаардлага байна.
За ингээд ярих сэдвийнхээ гол хэсэгт оръё, ам халаад сэдвээс нилээд хазайлаа. Миний хувьд өнөөдөр түүхийг бага ч болтугай унших, судлах "тодорхой шалтгаан" байсны дээрээс монголын түүхийн хуудсыг ганц нэгээр сөхөн харж сууна. Энэ шалтгаан минь үгүй байсан бол магадгүй би өмнөх шигээ мэддэгүйгээ мэддэг болгож бодсоор л байх байсан болов уу. Монголчууд бид өнгөрсөн түүх рүүгээ тодорхой зорилгоор, тухайлбал үнэнийг олдог гүн ухааныхаа нүдээр харж байж ирээдүйгээ итгэлтэй сайн талд нь бүтээх ёстой.
Миний бие хутагт хувилгаадын орон хэмээгдэх Хангайн сайхан нутагт Очирваань бурхны /Отгонтэнгэр уул/ өвөр энгэрт төрснөө туйлын их ховорхон хувь заяа хэмээн сүсэглэж бахархаж явдаг хүн. Монголын их түүхэнд - Монголын их хувь заяанд 18-р зууны сүүлч, 19-р зууны эхэн үед Ар халхад арван дөрвөн их тамгатай хутагт буюу хувилж гэгээрсэн амьд бурхад байсан бөгөөд тэдний ес нь миний нутгаас төрж ард олныхоо жаргал зовлонг хуваалцан тэднийхээ дунд амьдарч, гэгээрэн Буддын шашны ариун үйлийг Монгол нутагт хөгжин дэлгэрэхэд бие сэтгэлээ зориулан зүтгэж хүндтэй хувь нэмэр оруулсан, бусдын төлөөнөө буяныг хураасан ховорхон сайчуул байв. Гучаад оны сүүлч гэхэд Монголын сор болсон сэхээтнүүд бараг бултаараа лам харгүй цаазын тавцанд очсон байхад ухаантай нэгэн хутагт гадаадад "цөлөгдсөн", "оргодол" хувь тавилангийн эрхээр хилийн чанадаас ч болов эх орныхоо хувь заяаг ажиглан харж нэг ёсондоо тэр үеийн Монголын түүхийн гэрч болон амьд үлджээ. Тэгэхдээ тэрбээр зүгээр ч нэг бурханд мөргөж, залбирал үйлдэж явсангүй, зорьсон ажилдаа зүтгэж, эх Монгол улсынхаа тусгаар тогтнол мандал бадралын төлөөнөө сэтгэл зүрхээрээ хамт байж, дотоод гадаадад улс төрийн янз бүрийн хүчний арга эвийг олон зохицож, их гүрний ихэс дээдэст тоогдон, тэр ч байтугай Монголын түүхэнд чухал байр суурь эзлэх томоохон үйл явдлуудын "амьд гэрч" болж явжээ. Миний нутагт төрж өссөн ховорхон сайчуулын нэг зовлон жаргал дунд гэгээрсэн эрдэмт хүн Дилова хутагт хэрхэн юуны учир эх орноосоо халин хорвоо ертөнцийг тойрсоор алс Америкийн тэр хязгаарт амьдралын сүүлчийн он жилүүдээ үдэж, эх орондоо эргэж ирж чадаагүй юм бол оо? Энэ асуултыг хойч үе минь түүхийн өмнө тавих эрхтэй. Чухам иймийн учир миний бие өнөөдөр түүхийн хуудас сөхөн суугаагийн минь шалтгаан энэ билээ.
Би Бурхны ном, Буддын шашинд сүсэглэж шүтдэгийнх үү, эсвэл хутагтуудын өлгий Шилүүстэй нутагт Дилова хутагтийн хийдийн /Нарованчин/ туурины хажуухантай эхээс төрсөнийх үү, хирэндээ л биедээ багтамгүй эх оронч нутгархаг үзэлтэйнх үү, бага байхын эмээ ээжийнхээ дэргэдээс Дилова хутагтын тухай хууч яриа их сонсдог байсаных уу ямартай ч Бурхны Хувилгаан энэ эгэлгүй хүний талаар сонирхон судлах нэгэн гэгээн хүсэл сэтгэл дотроос хатгасаар холбогдох ном зохиол, ялангуяа зохиолч Л.Чойжилсүрэн гуайн Дилова хутагтын тухай хэвлүүлсэн роман, миний аавын Хутагтуудын өлгий миний Шилүүстэй ном, мөн Дилова хутагтын өөрийнх нь гараар бичиж үлдээсэн намтар дурдатгал, мөн түүнтэй нөхөрлөж явсан гадаадын цөөнгүй монголч эрдэмтдийн хэвлүүлсэн ном зэргээс бага сага уншиж судласны эцэст энэ бяцхан тэмдэглэлийг эхэлж байгаа нь энэ билээ.
Дэмчиг бурхны хувилгаан Дүвчин Дилова хутагтын дүр Монголд таван удаа тодорсны тав дахь үеийн хувилгаан Дилова хутагт Башлуугийн Жамсранжав 1884-1965 онуудад амьдарч байжээ. Дилова хутагт Жамсранжавын намтар, амьдралын зам мөр, хувилгаан ид шидийнх нь тухай, Буддын шашны томоохон төлөөлөгч болохынх нь тухай, эх оронч үзлийнх нь тухай, сайн улс төрчийнх нь тухай, хэлж ирдэггүй хувь заяаныхаа эрхээр албан шахалтаар эх орноосоо гарсан тухай нь, "урвагч" нэр зүүсэн тухай нь, эргээд хөл тавих эрхгүй эх орноо, Нарованчин хийдээ санаж бэтгэрэн, зүрхэндээ нулимстай харьд өнгөрүүлсэн 35 жилийнх нь тухай өөрийн ойлгож мэдсэнээрээ хэд хэдэн цувралд хуваан товч атлаа басхүү тодорхой тэмдэглэл блогтоо оруулъя хэмээн бодсоны минь эхлэл нь энэ билээ. Тун удахгүй дараагийн хэсэг Дилова хутагтын намтраар үргэлжилнэ.

06 March 2008

Намар оройн бороонд хэнз соёолсон аригхан сарнай би
Надад дурласан эрчүүдийн зүрхэнд нь дэлбээлэхийг хүсдэггүй ээ
Нар мандаад буцахын цагт зүрх хүртэл цантдаг болохоор
Нулимс зохидоггүй эр нүдэнд л эрхэлж ургахыг хүсдэг ээ

***
Харцан дотор чинь харцаа хөвүүлж шөнийн тэнгэр дороос
Хамгийн гоё ододыг чиний нүднээс түүж энгэр дээрээ асгаад
Хагацлын тухай маргаашийн тухай хүндэдсэн тэрлэгээ тайлаад
Хав халуухан уруулыг чинь нүдээ анин хүлээх сайхаан...

05 March 2008

Чи бидний хайр

Уйтгар гунигт олон олон харанхуй шөнүүдийн
Унтаа хөх ганцаардлыг шатааж бие биедээ ассан
Хэн ч сонсохгүй нам гүмхэн хос зүрхний цохилтыг
Хээрийн өнчин сар л мэднэ дээ
Бид хоёрын хайр ийм нууцыг

Тэр өвлийн нүцгэн модод, цасны дуу шиг
Тийм мартамгүй уянгыг чихэнд минь аялаад л
Салхи ч сонсохгүй анир чимээгүйд хайрын үлгэрээ шивнэдгийг
Сар л ганцхан мэднэ дээ
Бид хоёрын хайр ийм яруухныг

Орь залуухан насны гунигаа марттал дурлалцаж
Оддын гэрэлд хоёрхон биесээ хайр хэмээн дуудан
Сэрүүн зүүдэндээ бичилцсэн амьдралын бяцхан үлгэрээ
Сэвхтэй сарнаас нуугаагүйдээ
Бидэн хоёрын хайр ийм гэнэхэн

Шар нарны гэрэлт өдрүүдэд биесээ танихгүй өнгөрөвч
Шаналалт шөнө нэгэн тэрлэг доор зэрэгцэн суугаад
Зүрх зүрхний дусаал шүлгээ уншихдаа хамтдаа байдгийг
Зөвхөн энэ сар л мэднэ дээ
Зүүд шиг ийм сайхан хайрыг

Хаврын бороо зуны цэцэгс туучин ганц ганцаар алхавч
Хайрын цэцэрлэгт шивнэсэн үлгэр одоо хүртэл жаргаагүй
Хэн хэнийхээ харцыг зүрхнийхээ цэцгээр гоёж амьдардгийг
Хээрийн мөнгөн сар л мэднэ дээ
Бид хоёрын хайр ийм хязгааргүйг