27 February 2008

Яг над шиг...

Яг над шиг бүсгүй
Ялдам ааштай хархан нүдтэй
Яг минийх шиг туяхан бэлхүүстэй
Яг л миний өчигдөр шиг...
Яагаад өчигдөр тийм сайхан байв аа
Яагаад өнөөдөр ийм жихүүн салхилна вэ?

Яг над шиг залуухан бүсгүй
Ядруухан Дон Жуаны зуу давтсан үгэнд
Яасан их итгэнэ, яасан их бишрэнэ
Яруухан сэтгэлээ харамгүй цацна ...

Яг миний өчигдөр шиг инээмсэглэл
Яг над шиг хэзээ чи гунина даа
Яасан их уйлна даа
Яг тэр үед тэнэмэл Дон Жуан
Яг чи бид хоёр шиг бүсгүйд очно доо


2008 он 2 сар

25 February 2008

Охин минь том болжээ /цагаан сараар/

/ОХИНЫ ЗУРГИЙГ ЦААШИД ОРУУЛАХГҮЙ БАЙХААР ШИЙДЭВ./

Хайраас ургасан мөчирхөн минь дээ
Хатан цэцэг нялх үрхэн минь дээ
Зүрхэнд мандсан нархан минь дээ
Зул цэцэг энхрий үрхэн минь дээ

23 February 2008

Гунигаа дагаад...

Навчны л настай зун шиг богинохон залуу нас минь дээ
Нарийхан жимд учрал зөрөх шиг уйтай юм аа энэ амьдрал
Үгээр модод ургуулж үйлт сэтгэлээ хуурахаа больё доо
Үдшийн харанхуй шиг нам гүмхэн суух л сайхан юм

Уян харцат уран нулимст бүсгүй араншин минь дээ
Усны хаяанд сар хөвөх шиг уйтай юм аа энэ амьдрал
Үгээр цэцэг зурж өлмийдөө дэвсэхээ больё доо
Үүлний нүүдэл шиг чимээгүйхэн одох л сайхан юм

Хоргодовч холдох орчлонгийн бэлд сүүн сэтгэлийнхээ гэрэлд
Хорвоо ийм богинохон хүн ийм хуурамчийг үзээд
Хөрөг зурагныхаа инээмсэглэлийг л ганцхан энд үлдээгээд
Хосгүй цагаан гунигаа дагаад хов хоосондоо нисмээр байна

Зөрүү яаруу тавилангийн бэлд зүрхний минь гүнд
Зүсэр зүсэрхэн бороотой миний алтан диваажин бий
Гунигын цэнхэр нууранд нь өөрийгөө марттал булхчихаад
Гэрэлтэй цэнхэр тэнгэртээ мөнгөн шувуу байхсан даа

2008 он 2 сар


-------Харц буруугүй -------

Нүд буруугүй дурлал гэж байдаг болохоор
Нүцгэн биеэ чамд л тэврүүлмээр хүсэл надад байдаг
Нүүдлийн шувуу шиг нуур дамжин үдэлдэг болохоор
Нүгэл нөмрөөгүй ариухан сэтгэл чамд даанч алга даа

Харц буруугүй дурлал гэж байдаг болохоор
Харьтыг чинь дэрлээд эрхлэх хүсэл надад байдаг
Хавартаа надад ирээд намартаа өрөөлд буцдаг болохоор
Хайрын үнэнчхэн сэтгэл чамд даанч алга даа

2008 он 2 сар

22 February 2008

Чамдаа

Чангаар дуудахад бурхан хүртэл нэрийг чинь сонсчих вий гэж
Чамайг би орчлонгоос хачин их харамладаг аа
Зөрж өнгөрсөн учралын сэжүүрийг буцаан эргүүлэхсэн гэж
Зүүдэнд үзэгдэх хагацлаасаа хачин их айдаг аа

Намайг гомдоход тэнгис догширч чамд хатуурхах вий гэж
Нулимсаа би ханцуйдаа биш зүрхэндээ атгаж явдаг аа
Өрөөлийн шуналт харцанд чамайг алдчих вий гэж
Өөрийнхөө дэргэд биш өрцөн дотроо нууж явдаг аа

Мөнх бусын орчлонд хайрлаад ханачих вий гэхдээ
Мөрөөр чинь гишгиж мөрийг чинь тэвэрч зүрхэлдэггүй ээ
Гэнэн харцанд чинь бүлээн гуниг цантах вий гэхдээ
Гэргий чинь болж гэмийг чинь зузаалж чаддаггүй ээ

Гоо биенд минь зурсан дурлалын зургийг чинь мөнхлөх гэж
Хожмын учрал ивэлтэл энгэр хумин алхъя аа
Бурханы өгсөн тавиланг чинь бүсгүй үйлэндээ сульдаахгүй гэж
Бүрэнхийд урсдаг шүлгээр чинь нүглээ хучиж амьдаръя аа

2008 он 2 сар

--------Маргааш --------

Мацаж өгсөх жим балархай байсан ч яахав
Маргааш тэнд хүрнэ
Манан дунд зүг бүрэнхий байсан ч яахав
Маргааш нар мандана
Мянган бээр сажлавч үзүүр үгүй байг яахав
Маргааш намайг тосно
Магад би энэ л цэгт зогссон ч
Маргааш дахиад үргэлжилнэ
Эцэс төгсгөлгүй хүсэл зүүд байсан ч яахав
Маргааш өглөө сэрнэ
Энгэрт дүүрэн нулимс хайруу байсан ч яахав
Маргааш гэхэд хатна
Элээх тавилан энэ бие минь зовлон байсан ч яахав
Маргааш нэг жаргана
Эхийнхээ хэвлий рүү эргэж буцахгүйгээс хойш
Маргааш бид хоёр л бие биенээ хүлээнэ

2008 он 1 сар

14 February 2008

Би чамайг мартахгүй

Зохиолч Түмэнбаярын Бум-Эрдэнийн Би чамайг мартахгүй өгүүллэгийг блогтоо толилуулж байна. Хацар гоо охид бүсгүйчүүд минь амьдралын уртыг хамтдаа туулах ханиа зөв сонгож ганцхан туулах насаа нулимстай нүдээр биш аз жаргал, ханийн хайр халамжаар дүүрэн өнгөрөөгөөсэй гэж хүссэндээ түүний энэ сайхан өгүүллэгээс сургамж аваг хэмээн бодож нөгөөтэйгүүр Бумаа ахын эмэгтэй хүний сэтгэлийг ингэж сайхан мэдэрсэнд нь бахархаж блогтоо орууллаа.
Би өнөөдөр чамайг ямар ихээр дурсана вэ? Чиний нүд, харц, царай төрх чинь тодоос тод орж ирэх тусам миний нулимс төдий чинээгээр ундрах юм. Сэтгэл зүрхийг минь уралж саралсан он жилүүд тэртээд одсон хэдий ч би өнөөдөр чамайг ороолж зугтаасан бодлоосоо эрэн байж санах чинь юуны учир юм бол. Гуниглахын жаргал гэж байдаг гэж үү. Аав ээжийнхээ өврөөс гараагүй шахам, алиахан багадаа, хоёр салаа гэзэгтэй, хорь хүрээгүй байхдаа би чамтай анх учирчээ. Хайр гэдгийг ямар мэддэг байсан бишдээ. Хайр бол тэрийг, энийг хэлнэ гэж ном зохиолд гардаг ч, хайр гэж чамайг л хэлнэ гэж би дотроо боддог байж билээ. Тиймээ хайрыг би чамаар л төсөөлдөг байсан. Эр хүний тухай эгч нарын өдий төдий тодорхойлолт байвч би эр хүнийг чамаар л дүрсэлдэгсэн. Хайр сэтгэл гэж хажууд байхаараа тэгж их өнгө зүсээ хувиргадаг гэдгийг тэрхэн үед би яахан мэдэх билээ. Он цаг улирч, охин нас минь ичих, эмзэглэхийн зэрэгцээ нулимс дуслуулан бас ч гэж нууцхан баяр дагуулсаар тэртээ ард хоцорчээ.
Ургаж гүйцээгүй хөх, нарны туяанд гэрэлтэм нимгэн хувцастай
Урагдаж шархлаагүй сэтгэлдээ хайрын дуу аялаастай
Урд шөнийн шүүдэр өвсний толгойд бөнжигнөөстэй
Урьхан салхины аясаар урсгал үс минь задраастай
Учирсан хайрын сэвшээнд сэтгэл задгай, энгэр задгай
Уудамхан талд хөл нүцгэн гүйсэн охин нас минь тэнд үлдсэн.
Чиний үгэнд итгэж бусдыг би сонсоогүй. Чамайг би ганцхан хэмээн санаж өөр бусдыг хараагүй. Дэндүү их хайрласандаа дэлхийг хүртэл чамаас бага хэмээн төсөөлөхдөө би сохорсон. Хайранд сохорсон хүн ухаардаггүй юм билээ.Намайг хамгийн ихээр хайрлаж суугаа ээжийгээ хүртэл гомдоосон. Тэднийгээ би даанч нэг сонсдоггүйсэн. Тэгэхэд ухаарсан бол би алдаагаа засахгүй юмаа гэхэд өөрийгөө улам бүр талхилуулж, урт удаан хугацааг алдахгүй байсан байх. Гэхдээ ойлгох цаг минь тэр үед болоогүй байсан юм байлгүй дээ.Хайр гэдэг тийм уйваагүй, хаврын зэврүүн салхинд гэрийн яндан ёнгинох мэт хөндий хоосон. Хайртай гэдэг үг харанхуй хонгилийн тэртээ үзүүрт үүсэх хөлийн чимээ мэт хүйтэн гэдгийг би мэдээгүй. Сүүлд мэдэрч эхэлсэн хэрнээ өөрийнхөө доторхи хайртай харьцуулж бас барьцалдуулан сэтгэлдээ илэрч эхэлсэн тэр мэдрэмжиндээ итгэхийг хүсээгүйсэн. Анх би цамцны чинь захан дээрхи уруулын будагны өнгө нь минийхээс өөрийг мэдсээр байж юунаас ч юм чамайг хамгаалж, миний будаг болчихож би угаачихъя гээд эргэхдээ хананд өлгөөтэй толинд туссан чиний царайг өдий болтол мартддаггүй. Миний тэнэгийг гайхсан тэр харцыг мартах ч үгүй байх. Тэр л миний анхны мэдрэмж байсан. Тэрнээс хойш тийм будагтай тамхины иш, аяга, халбага манай гэрийн хаа нэгтэйгээс олдох тусам гол харлана. Гэсэн ч би тийм тэнэгтээ тэрүү эсвэл миний хайр тийм бөх байсан уу би олон жилийг өнгөрөөсөндөө. Санаа зовдгоороо ээж минь л түүнийг гадарлаж надад хэлэх. Чаддагаараа би ээжрүүгээ л орилж цамнаж хэн нэгнийг магадгүй түүнийг өмөөрөн хэрэлдэнэ. Бодвол би ээжтэйгээ биш өөрөө өөртэйгөө л тэмцэлдэн байсан нь тэр байх. Одоо ээж минь баяртай байдаг юм. Хүн хань ижил, үр хүүхэдтэй болж ээжийгээ баярлуулдаг байхад би хүнээс салж ээжийгээ баярлуулсандаа. Чамтай амьдарсан арван жилийн хэдийг нь би уйлж өнгөрөөсөн юм бүү мэд. Уруулын будагтай цамцыг чинь угааж суухдаа би нулимстай байсан. Уусан архины чинь шилийг тушааж, шарыг чинь тайлахдаа би нулимстай байсан. Унтах нойрондоо өөр хүний нэрийг дуудаж, хүйтэн могой шиг гараараа хөхийг минь барих гэж тэмтэрч явахад чинь нулимстай байсан. Аягатай хоолоо идэх гэж амаа олохгүй согтууд чинь халбагадаж өгөхдөө би нулимстай байсан. Амруу нь халуун хоол аятайхан хийсэнгүй гэж алгадуулахдаа ч нулимстай байсан. Өглөө босоод эцэс төгсгөлгүй уучлалтаа гуйж, амлалтаа амалж, амнаас минь үг гаргалгүй дарж үйлт ажлаа хийж дуусахыг чинь хүлээхдээ ч би нулимстай байсан. Би яагаад тэгж их тэвчиж байснаа одоо хэр нь ойлгоддоггүй. Бусад бүсгүйчүүл шиг би хардаж сэрдэж, хашгичиж гуугчсан эхнэр байгаагүй. Хашгирах нь битгий хэл хамгийн сүүлд явахдаа хаалгыг чинь ч савж гараагүй.Гаднаас орж ирээд, галзуу юм шиг тачьядан орлилдох та хоёрын дууг сонсоод гацаж орхисноо санадаг. Би тэр хүртэл өөрийгөө буруутгаж, чамд итгэсээр явсан. Тэгээд чичирч салгансан гараараа «Би явъя даа» гэж биччихээд хаалгаа зөөлөн хаагаад гарахдаа харин би уйлаагүй ээ. Хар эрээн амьдралтай он жилүүдийн хаалгыг хааж чадсандаа би баяртай байдаг даа. Халуун саванд нь цайгий нь хийсэнгүйдээ. Хөрчихвий дээ гэсэн хамгийн эцсийн хачин тэнэг бодлоо би одоо ч гайхдаг. Бурхан тэнгэр зохицуулсан юм болов уу даа бидэнд хүүхэд заяагаагүй. Тэр нь ч болсон юм. Тэгээгүй бол бас л нэг зовлонт амьтан нэгээр нэмэгдэх байсан биз. Уусан архи чинь чамаас хальж, уруулын будаг цамцнаас инь хэтэрсэн тэр нэг орой. Хүзүүн дээрх цус шүүртлээ шимүүлсэн шархыг чинь хараад, чамайг яаж ч хайрлаад энэ минийх гэж «худлаа тэнэгтэж» чадаагүй. Түүнийхээ хариуд сувай хуурайгаараа дуудуулж, түүнийг харсны төлөө өрөөсөн нүд минь юм харж чадахгүй болтлоо таглуулсандаа. Унтсаны чинь дараа хүүхэд гаргаагүй заяадаа гомдож өөрийгөө баахан зүхэж, үстэй толгойгоо зулгааж билээ. Өглөө нь босоод олны өмнө гардгийг нь бодож өнөөх улааных нь өнгийг бүдгэрүүлэх гэж пүүдрээсээ түрхэж өгөхөд чи хорссон янзтай татагнаж байсансан. Нэг нүд маань таг, нөгөөх нь дүүрэн нулимстай болохоор сайн харалгүй хөндчихсөн юм байхаа даа. Өрөөсөн нүд уйлдгийг тэгэхэд би мэдсэн. Чамаас салаад арван сар болж байна. Өнөөдрийг хүртэл уйлсангүй. Эмэгтэй хүн гэдэг сонин ааштай байх юм. Арван жил уйлсан тэр зуршлаасаа болдог уу эсвэл миний муугийнх уу. Өнөөдөр гэнэт уйлмаар санагдаад. Тэгээд л чамайг бодсон хэрэг. Түүнээс биш би чамайг ахин хайрлах гэж, эсвэл аль хэдийн унтарч бөхсөн гал голомтоо бадраах гэж би чамайг бодоогүй. Зүгээр л асгартал уйлж, дотроон цэлмээх гэж, ахиж чамайг хэзээ ч хайрлахгүй гэдгээ мэдрэх гэж чамайг бодож байна даа.Чамайг хайр дурлал гээчийн эзэн, эр хүний дээд гэж боддог байсан учраас өөр бусдыг би боддоггүй байсан. Харин одоо бол өөрөө. Алтан нар хэнийг ч ялгалгүй тусдагийн адил амьдрал, хайр дурлал хэнийг ч ялгалгүй ирдэг гэдэгт би итгэсээр байнам. Гагцхүү харин зөв сонгох л хэрэгтэй. Одоо би хорин найман настай яадгаа алдтал хөгширчихөөгүй байна. Бүх эрчүүлийг чамаар төсөөлөн бодож чадахгүй нь. Би хэзээ нэгэн цагт хүсэл мөрөөдлийн хайртайгаа учирах л болно. Магадгүй тэр маань миний гандаж гундсан хайрын цэцэгсийг ахиж цэцэглүүлэхээр хаа нэгтэй намайг хайсаар яваа. Хүүхэд шуугиж, инээд ундарсан тэр сайхан гэр бүлээ бий болгохын тулд тэрэнд минь ихийн их тэвчээр хэрэгтэй болох байхаа даа. Харин чамайг бол мартмаар байсан ч хэзээ ч мартахгүй. Уйлж сэтгэлээ онгойлгохын тулд би чамайг дурсаж, бас ашиглах болно. Яг л гэрт орохдоо гутлынхаа улыг арчдаг шалавчны алчуур шиг. Чи миний гэрэлт амьдралд хүрэхийн тулд авирсан гаслант шатны хамгийн сүүлчийн гишгүүр байх болноо…

Яруу найрагчийг мэдрэхүй буюу миний төсөөлөл дэх яруу найраг

Орчлон ертөнцийн утга учирыг гайхалтай гүнзгий мэдэрч тэрхүү мэдэрсэн ховорхон мэдрэмжээрээ гадаад дотоод хоёр ертөнцөө яруу сонсголонт үгийн урлагаар илэрхийлэх яруу найрагч гэдэг хүн миний харахад хамгийн чамин хээ хуар бүхий хамгийн тансаг торгыг гэрэлт утсаар өдөр шөнө ялгалгүй нэхэн суух шиг... Тэрхүү гэрэлт утас нь хэзээ ч тасрашгүй ид шидийн мэт хөврөх агаад түүний бүтээж буй үнэт торго нь бас л хэмжишгүй урт энгүй үргэлжлэх ажээ. Яруу найрагчийн урлан буй гэрэл цацарсан торгоор хэн дуртай нь тэрлэг хийн өмсөх хувь тавилан бас үгүй тул орчлонд хар цагаан өнгө л давамгайлан оршино.
Тиймээ, яруу найрагчийн зүрхээрээ урласан шидэт торгоор нүгэлд баригдсан сэтгэлээ хучиж ядаж ганц удаа ч болов ариусгаж нэг үзэхсэн дээ. Шүлэг яруу найраг гэдэг миний төсөөлөлд ингэж л бууж шүлэг шиг амьдарч үзэхсэн хэмээн хоосон мөрөөдөлд автан суухуй гэнэтхэн яруу найргийг шүтсэн, яруу найрагчийг мэдэрсэн өөрийн бодлоо хуваалцмаар санагдах юм. Яруу найраг нь өөрөө ундарга арвин үгийн булгаас халгин цалгих уян яруу сэтгэлээс бүтдэг тул харамсалтай нь үгийн баялаг нэн ядуу миний бие түүнийг дүйцүүлэн үгээр илэрхийлэхэд нэн бэрх юмаа. Хүн бүр яруу найрагч болохгүйн адил хүн бүр яруу найргийг төдийлөн ойлгож мэдэрч чаддагүй ажээ. Харин би энд намуун уянгаар хүний сэтгэлд нэвтэрч нэгийг шивнэн учирлах яруу найраг хэмээх хүчинд хүмүүс бага ч болтугай дурлаасай, ойлгож мэдрэхийг хүсээсэй гэж уриалахсан. Муу муухайг шаналал зовлонг хүсдэг сэтгэл нэгээхэн ч үгүй болохоор шүлэг гэдэг нь хамгийн сайн сайхан - аз жаргалыг хүссэн хүний гэгээн хүсэл, ариун сэтгэл, цагаан мөрөөдлөөс гардаг тул өөрөө их гэрэл гэгээтэй билээ. Үүний зэрэгцээ хэдий уйтгар гуниг, хагацал үхэл, ганцаардал зовлонгийн тухай бичих нь элбэг боловч түүний цаана энэ бүхнээс ангижрахыг хүссэн сэтгэл л нуугдан байдаг билээ. Тэгэхлээр шүлэг нь хүний сайхан сэтгэлийн үр бөгөөд хүний сэтгэл дотор амьдрал оршдог хэмээн би ойлгоном. Иймд шүлэг яруу найргийг мэдэрч түүнд дөхөн ойртох нь амьдралын сайханд хүсэн тэмүүлэх дөрөө болж орчлон ертөнцийн гэрэл гэгээг олж харах билгийн нүдийг нээж байна бус уу?
Түм түмэн эгэл түмний, мянга мянган яруу найрагчийн сэтгэлээр дамжуулж амьдрал ямархан утга учиртайг олж харах, бидний сэтгэл зүрхэнд ямархан их далд гэрэл гэгээ оршин байдгийг нээх түүнээсээ улбаалж амьдралын амтанд шунан дурлаж амьдрах сайхан хэрэг бус уу? Энэ утгаар нь яруу найрагч бол хүн төрөлхтөнийг амьдралын сайханд хөтлөгч хэмээн би ойлгодог. Бидний амьдарч буй орчин, бидний мэдэх энгийн мэт санагдах бүхэн яруу найраг болно. Гагцхүү бидний өчүүхэн ч анзаардаггүй тэр энгийнийг яруу болгож зүрхэнд хөглөж өгдөгөөрөө яруу найрагч жирийн бидэнд байхгүй байгалиас заяасан өөр мэлмийтэй юм.
Миний хувьд яруу найргийг хааяа хааяахан чадан ядан ойлгож найрагчийн яг л тэрлэж байх тэр эгшиндээ мэдэрсэн болов уу гэмээр асар их амар амгалант, эрх чөлөөт мэдрэмжийг нь уншиж байхдаа мэдэрч нүгэл шуналд дийлдсэн одоогийн цаг үет сэтгэл зүрх, оюун тархиа нэг сайхан угаагаад авах нь бий. Өөрөөр хэлбэл яруу найраг миний амьдралд зөвөөр нөлөөлж намайг зөв сэтгэлд зөв зүгт хөтөлдөг билээ. Хүүхэд байхаасаа л яруу найрагт дурлаж тэгээд багш, эмч гэдэг шиг том болоод яруу найрагч "мэргэжил"-тэй болно гэж мөрөөддөг байж билээ. Гэтэл харамсалтай нь яруу найрагч болдоггүй төрдөг "хууль"-иар миний дээр хэлсэн байгалиас заяасан яруу найрагчийн мэлмий надад байхгүй байгааг анзаарч хүүхэд насны хамгийн сайхан мөрөөдлөө таягдан хаяв.
Жинхэнэ байгалийн яруу найрагчад авъяасаас гадна асар гүн гүнзгий оюунлаг сэтгэлгээ, танин мэдэхүйн гоц чадвар бас их гойд тэнгэрлиг мэдрэмж ёстой л цаанаас нь байгалиас заяадаг ажээ. Би амьдралдаа шүлэг яруу найраг бичих гэж оролдож хичээж үзсэнгүй ээ одоо болтол өөрөө өөртөө баярлах уярах, гомдох гуних, хайрлах дурлах үедээ дотор давчдаад гаргахгүй л бол дэлбэрэх гээд байгаа мэт санагдаж сэтгэлээ цаас болгон эрээлдэг маань шүлэг биш ээ. Би ойлгохдоо цаг хугацаа л жинхэнэ агуу яруу найрагчийг хүссэн хүсээгүй төрүүлж зарладаг хэмээн бодно. Өнөөдөр цаг үедээ шинэчлэгч байж тэрлэсэн бүтээл нь маргааш танигдан тухайн хүн зоны оюуны их суу болон үнэлэгдэхийн сацуу хичнээн цаг үе улиравч хойч үе нь түүний "хэлсэн үг"-ийг зүрхэндээ бас үйл үйлдэлдээ дагаж явбаас сая тэр сайн яруу найрагч болох болов уу. Ер нь бол шүлэг яруу найргийг ойлгохыг хичээдэг бас бичихийг зориглодог залуус олон гарч ирж байгаад би бахархаж баярладаг.
Яруу найрагчийн сэтгэл зүйг өнгийвөл бас л их өвөрмөц бусдаас ялгаатай хурц бөгөөд хувирамтгай мэт харагдана. Орчлонг гүн гүнзгий мэдэрдэг шигээ аливаад хэт гүнзгий хандаж тэрхүү хэтэрч дэвэрсэн сэтгэлээсээ болж шаналах гутрах нь амархан баярлаж хөөрөх нь ойрхон юм шиг... Яруу найрагчдийн амьдрал, хайр дурлалын түүхийг сөхөн харваас тэр өвөрмөц басхүү ойлгомжгүй гэмээр сэтгэл зүй нь түүнийг хэт их шатаасан бас юу ч үгүй унтраасан байх нь олонтаа тохиолдоно. Ямартаа ч яруу найрагч гэдэг орчлонг тунгалаг нүдээр харж, өрөвч уяхан сэтгэлийн үзүүртээ хар бараан, муу муухайг арчихын төлөөнөө сэмэрч явдаг бурханлиг шинж чанарыг өөртөө шингээсэн дахин давтагдашгүй байгалийн бүтээл хэмээн миний төсөөлөлд буунам.
Яруу найргийн Янжинлхам бурхан та бүхнийг ивээг!!!
Жич: Энэхүү бичлэг нь яруу найраг хэмээх урлагийн гайхамшигт төрлийг зөвхөн шүтэж явдаг өчүүхэн миний үзэл бодол төсөөлөл төдийхөн бөгөөд онолын ямар ч үндэслэлгүй хүний сэтгэлийн үг тул алдаа мадаг, буруу зөв ихээхэн байваас яруу найрагчдаасаа хүлцэл өчъе! Онгод хийморь тань халгин цалгиж олон сайхан бүтээлээрээ гэрэл гэгээт зүг рүү биднийг хөтлөөрэй!!!

12 February 2008

Чамд би дахин дурлахгүй...

Чив чимээгүй хав харанхуй
Чийг үнэртсэн энэ өрөөнд
Цэлэлзэх дарсыг хундага дүүргээд
Чиний зурагтай тулгаж суунаа

Хар шөнө хатуу дарснаас өөр ханьгүй
Харанхуйг сандаачин гэгээ тэмтрэхүйд
Хачин гунигтай чиний харц л
Гарт минь баригдах гэрэл юм даа

Харцны чинь гэрлээр
Энэ л шөнө нөмөрлөөд
Хамгийн сүүлчийн удаа
Хайртай гэж зурганд чинь шивнэчихээд

Цээжний минь нөмөрт сэвэлздэг
Цагаан гунигын салхитай
Зуун жилийн маргаашд
Зүсийг чинь би илгээлээ

Харцыг чинь дарсандаа хөвүүлж уулаа
Ханаж мартамгүй амттай байлаа
Үнсэлтийг чинь энэ бороогоор арчлаа
Үүр цайлаа... ЧАМД БИ ДАХИН ДУРЛАХГҮЙ ЭЭ!!!

Гомдол

Сэтгэл минь хов хоосон шөнийн сар шиг
Сэв суусан шаазан шиг хөдөлгөх л юм бол эмтэрчих гээд
Уйтай өдрүүдийн бүрхэг бараан болгон нь
Уйлуулчих гээд байна намайг үг хэлэх л юм бол

Бие минь хүв хүйтэн цоггүй зуух шиг
Бусдын нүдрүү эгцлэх л юм бол асгарчих гээд энэ нулимс
Бурууд хурц зүрх минь өвдөж байна маш их
Бусармаг худал явдалд шаналж байна даанч гүн

Зүрх минь нам гүм яг шөнийн харанхуй шиг
Зөрж өнгөрөх цаг хугацаа хүслийг минь нэг нэгээр зөөж
Зорих зөгнөх итгэлийг минь хулгайлан одсоор
Зогсоогоор минь үхүүлж байна ҮНЭЭН!!! ... чи намайг

03 February 2008

Ширээний хүүхэн by Р.Эмүжин

Цахирмаа томоос том зөөлөн алчуур нөмрөн цонхны дэргэд зогсоод ээлжээ хүлээнэ. Өнөөдөр түүнийг хамгийн хүнд, хэцүү үзүүлбэр хүлээж байгаа. Энэ давааг давчихвал зэрэг ахиж, цалин нэмэгдэх юм. “Марко” шөнийн цэнгээний газарт ширээний хүүхнээр ажиллах болсоор гурван сар гаруй хугацааг үджээ. Халамцуу эрчүүдтэй зууралдан, дуулж, хуурдаж, инээн хөхрөн сууж байхдаа Цахирмаа гэртээ ганцаар үлдсэн таван настай хүүгээ бодсоор байдаг билээ. Ээж, хүү хоёрыг хувцсаа боож тэврээд гарахад нөхөр нь,-За яахав, гуйгаад гүйхийг чинь харна аа хэмээн тавласан. Зургаан жил ханилж, үнэрлэх үртэй болгосон хань нь үл таних нэгэн хүүхэнтэй нууцхан учраад байгааг мэдмэгцээ Цахирмаа салах шийдвэр гаргасан юм. Дуулгавартай эхнэрийнх нь энэ зоримог алхам нөхөрт таалагдаагүй.Тайван уг нь элдэв дэмий зангүй эр хүн. Эхнэртээ хатуурхаж байсан нь үгүй. Архи ууж агсам тавихгүй.Албан ажлаа гэртээ ярихгүй. Гэхдээ баахан дураараа, ганцаараа шийдвэр гаргадаг нэгэн. Цахирмаад нөхрийгөө ойлгон уучлах, амрагийн явдлыг нь хүлээн зөвшөөрөх, эсвэл салах хоёр зам л байсан. Сүүлчийнхийг нь сонгохдоо тэр огтхон ч эргэлзсэнгүй. Тайван түүнийг зовоохоор шийджээ. Таван жил гэр сахисан Цахирмаад байр, мөнгө аль нь ч байсангүй. Нягтлан бодогчийн мэргэжил нь хуучирч, сургууль төгсөөд удсан түүнийг ямар ч байгууллага сонирхсонгүй.Сайхан биетэй, гоё арьстай, царайлаг Цахирмаа эцэст нь “Марко”-д ажиллах болжээ. Сард 500 доллар, дээр нь цайны мөнгө гэж боломжийн хэдэн юм авчихна.Гоо сайханч эмэгтэй гаднаас менежер залуугийн оруулж ирсэн алим, усан үзэм, тоор, гадилыг угааж цэвэрлэсээр. Цахирмаа алчуураа нөмрөн зогсоод, цонхоор ширтэн ээлжээ хүлээнэ. Үдэш болох “Нүцгэн урлаг” шоунд тэрбээр хүндхэн үүрэг гүйцэтгэх юм. Жимсээ угааж дуусаад эмэгтэй Цахирмааг дуудлаа. Хүүхнийг мөнөөх алим, усан үзмийн адил мөлчийтөл угааж, нууц эрхтэнийх нь үсийг юу ч үлдээлгүй хусан, анхилуун үнэрт тосоор бүх биеийг нь тослоод завины хэлбэртэй том модон тавцан дээр хэвтэхийг шаардлаа. Гоёмсог байдлаар хэвтсэн нүцгэн хүүхнийг жимсээр чимэглэх учиртай гэнэ. Усан үзмээр хэлхсэн урт зүүлт хүзүүнд нь зүүж, суга, цавийг нь жимсээр халхлан, эргэн тойронд нь нөгөө их алим, лийрийг элдэв янзаар байрлуулан бэлтгэлээ. “Нүцгэн хүүхэн” нэртэй энэ амттаныг үдэшлэгт ирсэн ноёдод дуудлагаар худалдахаар төлөвлөжээ. Шоу хэдийнэ эхэлсэн бололтой, зочдын дуу чангарна.Цахирмааг чимэглэж дуусмагц цээж нүцгэн зургаан чийрэг залуу тавцантай нь өргөн авч явлаа. Хөтлөгчийн дуу танхимд цуурайтна.-Одоо та бүхэнд нэгэн өвөрмөц, сонирхолтой зоогийг санал болгож байна. “Нүцгэн хүүхэн” амтат жимсний цуглуулгын анхны дуудах үнэ 300 доллар. Хүүхнүүд инээлдэх, эрчүүд шивэр авир ярилцах нь чих дэлсэнэ.Залуус түүнийг өргөн танхимыг тойрч, ширээ бүрийн дэргэд аваачин уригдаж ирсэн зочдын нүдийг хужирлана.-Амьд хүүхэн байна.-Үгүй ээ, үзүүлэн.-Нүд нь хөдөлж байна.-Гоё биетэй юм аа.-Нүцгэн хүүхэн байна шүү дээ. Хараач, салтаанд нь усан үзэм хавчуулчихаж.-Хөхнийх нь толгойг улаанаар будсан байгааг үзэв үү. Гоё харагдаж байна.-Шал балиар юм. Ямар тэнэг нь ийм заваан юм бодож олдог байна аа.Танхимд цуглагсад зөвхөн нүцгэн Цахирмаа болон жимснүүдийн тухай ярьж байлаа.-500. Гуравдугаар ширээний ноёнтон 500 долларын үнэ өглөө.-600. 600 доллар. Энэ ховор нандин амттаныг та өөр хаана ч харахгүй. Буулаа.-Тэр ноён 700 доллар тавилаа. Ноёд оо, буулаа, буулаа. Худалдан авсан амттаныг нь тавдугаар ширээний ноёд, хатагтай нарт хүргүүлнэ үү. Цахирмаа тэсч үлдэж чадвал сард 700 долларын цалин авах ёстой. Ийм ичгэвтэр, ийм муухай байна гэж төсөөлөөгүй. Энэ тэнэг жимснүүдийг шалаар нэг цацаж орхиод гүйж одох хүслээ тэр арай ядан тогтоон барьж байлаа. Хувцсаа өмсөөд хүүдээ очихсон. Лав телевизээ асаалттай нь мартаад унтчихсан байгаа даа. Айгаад байна гээд уйлаад сууж байдаг үеэ бодоход хүү ээжийгээ хүлээж сурчээ.Тойрон зогссон хүмүүсийн дунд ширээн дээр Цахирмааг тавилаа. Хөгшин залуу, эрүүл, халамцуу үл таних царайнууд. Эзэрхэг хэрнээ ялдамхан дуутай залуухан хүүхэн хөгшин амрагтаа наалдан эрхэлнэ.-Миний хонгор, чамд зориулж авсан шүү дээ. Эхлээд гар хүрчих.Хүүхэн өмнө нь, хөглөрөх жимсэн дунд нүцгэн хэвтэх Цахирмааг эрээ цээргүй ширтсэнээ эгэмнийх нь хонхорхойд тогтсон ширхэг үзмийг авч амандаа хийлээ. Нэгэн халамцуу залуу хоёр хөлийнх нь завсарт тогтоосон хэлхээтэй гадилнаас татна. Гайхсандаа түр нам гүм болоод байсан хүмүүс жимс рүү дайрч эхлэв. Цээжийг нь халхалсан алимнуудыг гар сунган ээлж дараалан шүүрнэ. Жимс цөөрч, Цахирмаа улам бүр нүцгэрсээр. Амьд, нүцгэн хүүхнээр хачирласан ховор сонин амттанаас хүн бүр хүртэхийг хичээнэ.Цахирмаа өөрийгөө гутамшигтай муухайгаар доромжлон хэвтсээр л. Мөнгө хаян худалдан авсан өнөөх хөгшин эр хөхнийх нь товчийг зориуд татсанаа,-Өө, үзэм биш байна шүү дээ гэж хошигнов.Бүсгүйн тэвчээр дуусчээ. Дахиад нэг л хором өнгөрвөл тэр босоод гүйчихэж мэднэ. Өөрийгөө захирч чадахгүй бололтой. Гэнэт тэр танил харцтай тулгарлаа. Нүдээ нээхийг нь хүлээн ширтэж байсан тэр харц хэнийх гээч. Нөхөр нь, салсан нөхөр нь ширээн дээр нүцгэн хэвтэх түүнийг харан зогсч байлаа. Нөхрийнх нь хажууд тас наалдан зогссон үл таних хүүхэн,-Хараач, нүдээ нээлээ гэж цочин хашгирлаа. Тэгснээ-Надад нэг алим аваад өг л дөө. Суганых нь тэнд байгаа ногоон алимыг хоёулаа идье гэж эрхлэв.Цахирмаагийн нүдэнд нулимс дүүрээд ирэв. Тэгснээ сэтгэл зүрх нь хорслоор нэвчихийг мэдэрлээ. Ойлгомжгүй мэдрэмж түүнийг нөмрөн авав.-Чи үүнийг хүсээ биз дээ. Чиний хүссэн амьдралаар би амьдарч байна.Үл ойлгогдох хэрнээ дэндүү илэрхий сэтгэл ханамж Цахирмаагийн дотрыг гижигдэнэ.Тайван мөрөнд нь нялуунаар наалдан зогссон хүүхнийг огцом түлхэв. Тэгснээ мөрөн дээрх гоёлын намирсан алчуурыг нь шүүрч аваад Цахирмаа руу ухасхийлээ. Түүнийг алчуураар ороон тэврээд үүд рүү шийдмэг алхав.Энгэрт нь наалдсан Цахирмаа нулимсаа сул асгана.-Хүү, хүү хаана байгаа вэ?-Гэртээ.-Гэр чинь хаана юм?-Хөлсний байранд. Оюутны хотхоны хажуугийн.-Тэнэг минь, тэнэгхэн минь.Тайван түүнийг тэвэрсээр машин руугаа зүглэв.-Юу хийж яваа юм бэ, миний хайр. Миний тэнэгхэн. Би чамд хайртай шүү дээ.-Намайг уучлаарай, би…-Үгүй ээ, намайг уучил. Намайг уучлаач. Би чамайг ямар их гомдоосноо одоо л ойлголоо. Уучлах уу, уучлана гэж амлаач.Цахирмаа түүнийг түлхэн холдуулж, тэврээс нь мултраад буцан гүйлээ. Шөнийн цэнгээний газрын арын хаалга ард нь хаагдахад дороо бохирон суугаад уйлж эхлэв. Томоос том алчуурын дор турьхан бие нь ганцаардан чичирнэ…