-Хүмүүн төрлийг олно гэдэг зүүний сүвэгчин дээр тогтох ширхэг арвай лугаа адил. Тэрхүү зүүний сүвэгчин дээр тогтох гэгээн агшинд амьдрал бэлэглэж, хүн болгодог нь эх хүн. Тиймээс эх хүн бурхад бурхдын дээд нь болох учиртай гэсэн гэдэг.
30 January 2008
Зулай дээр минь залбирсан бурхан
-Хүмүүн төрлийг олно гэдэг зүүний сүвэгчин дээр тогтох ширхэг арвай лугаа адил. Тэрхүү зүүний сүвэгчин дээр тогтох гэгээн агшинд амьдрал бэлэглэж, хүн болгодог нь эх хүн. Тиймээс эх хүн бурхад бурхдын дээд нь болох учиртай гэсэн гэдэг.
24 January 2008
Охин минь ээждээ гомдвол гомддоо...
Ээжтэйгээ ярих дургуй гэвүү охин минь
Эвий дээ үр минь бэтгэрч л байгаа даа
Эрх нялх дүрийг чинь тээгээд хол явчихсан
Ээждээ чи гомдвол гомддоо охин минь
Ижил хүүхэд мөөмөө идэхэд шүлсээ залгидаг гэвүү
Эвий дээ үр минь цангаж л байгаа даа
Энгэрийн илч бүлээн сүүгээ эрт харамласан
Ээждээ чи гомдвол гомддоо охин минь
Бүлээрч хоносон шөнөжин "ээжээ" дуудаж уйлсан гэвүү
Бөртийтэл алсаас тарни шивнэж бурханд даатгачаад
Бүүвэйн дуугаа дэрэн дээр чинь дуулж өгөөгүй
Ээждээ чи гомдвол гомддоо охин минь
Орчлонд мөрөө тамгалж хөлд оржээ үр минь
Ойчиход түших ээж дэргэд чинь байсангүй, хол байлаа
Орхиж гарчаад хайртай гэж хуурдаг муу ээждээ
Охин минь чи гомдвол гомддоо
Ангирхан чи минь ээжээ гэж хэлд оржээ
Айхдаа дуудсан ээж дэргэд чинь байсангүй хол байлаа
Анхны үгийг чинь сонсоогүй явчихсан муу ээждээ
Амь минь чи гомдвол гомддоо
Арван хэдхэн сартай нялх чамайгаа орхичихоод
Ангир уураг эхийн өврөөр өнчрүүлчихээд
Амьдрал гэдэг давалгаанд хөвөн даарахдаа
Атгаж гарсан өрөөсөн оймсыг чинь үнэрлэн бүлээцдэг шүү үр минь
Улаан нялзрайхан чамайгаа ганцаардуулчихаад
Ухаарах болоогүй нялх сэтгэлийг чинь эмзэглүүлчихээд
Урдаас тосох маргаашийн чинь төлөө зоригоо чангалахдаа
Уранхай бойтогийг чинь дэрлэн уужирдаг шүү үр минь
Сананаа үр минь голоо тасартал санана
Салхитай нартай орчлонд чамайгаа жиндэх вий гээд
Сүүдрийг нь хааж гэрлийг нь тусгах гээд ээж нь
Салгуу алсад бага насыг чинь өвөрлөн алхаж явнаа
Өрөвдөнөө үр минь өрөө өмөртөл өрөвдөнө
Өргөстэй цэцэгтэй орчлонд чамайгаа өвдөх вий гээд
Өөр шигээ хүний нутгийн сүүдэрт хиртүүлэхгүй гээд
Өнөөдөр ээж нь зүүдэндээ л чамайгаа үнсэж явнаа
Амьтны хүүхэд аав ээжтэйгээ эрхэлж л байг яахав
Адилхан миний үр элэг бүтэн юм чинь
Алаг зүрхний минь гүнд амин хайраар уяатай
Алхам зайгүй ээжтэйгээ явдаг юм чинь
Хол одсон ч эхийн совинд аргамжаатай
Хүйн холбоо тасардаггүй юмаа үр минь
Цаг нь ирэхэд үрдээ буцаж ивэлдэг
Цагаан сүү ширгэдэггүй юмаа үр минь
Үрдээ тэмүүлсэн эхийн сэтгэлд учрал ойрхон
Үдэш бүр уулзаж хоносон зүүд зөнтэй
Шулганах үр минь өөдөөс тосон гүйнээ
Шувуудын түрүүчээр ээж нь үрдээ очноо
Зөндөө удаан харуулдсан элгийг чинь дэвтээнээ охин минь
Зөрүү харж уйлсан нулимсыг чинь арчнаа охин минь
Ээж нь эзгүй өдөр шивнэсэн хүсэл бүрийг чинь гүйцээнээ
Ээж нь эзгүй шөнө зүүдэлсэн зүүр бүрийг чинь амилуулнаа
....... ээж нь үрдээ очноо
Д.Болорхон
23 January 2008
Болор молор цом мом
Болор цом үзээд ирлээ. Гэхдээ Болор цомын талаар бичмээргүй байна. Болор цом гэж юу юм? Боржоом хийж үсчүүлдэг шилэн стакан л биз дээ. Хүмүүс түүний төлөө хөлөө ч хугалахаас буцахгүй нь гайхшралыг хамгийн ихээр төрүүлэх юм. Яруу найргийн наадам биш улс төрийн ухуулга лекцэнд суугаад ирцийм шиг санагджийна. Би уг нь их сургуулийн улс төрийн ангид сурдаг ухаантай юм л даа. Гэхдээ бидний ямар ч хэрүүлтэй уруултай, хэнхэгтэй, хэнээрхэлтэй лекц болор цомын “морьдын” улс төрийн хэнээрхэлийг гүйцэхгүй. Алга ташилтанд зориулж шүлэг үйлдвэрлэсэн тэдгээр нөхдүүд өөрсдийгаа яруу найрагчид гэж нэрлэв... оносон нэр... яг зохино... хүмүүсийн бухимдал, эмзэглэл дээр нь дөрөөлж боссон нэр хөөгчид болор цомд зориулж шүлэг үйлдвэрлэж байгаа нь шүүгчидээ, бас үзэгчидээ яруугаар “найрч” байгаа хэрэг мөн л дөө. Мөн мөн мөн... Гэхдээ эндээс хэдэн хүний нэрсийг суга татаж гаргаж ирэлгүй горьгүй... Яахав өнгө алдарт шуналгүй, өөрийнхөөрөө, хэнэггүй байснийх нь төлөө, зүгээр л яруу найрагтаа үнэнч байсных нь төлөө, яруу найраг уншсаных нь төлөө Хөөдөөгийн Эрдэнэбаатар хэмээх хөдөөгийн улаа бутарсан ихэмсэг омогшил, Арлааны Эрдэнэ-Очир хэмээх аж төрөхүйн мянган ээдрээг бурханы зөнгөөр даруухан тайлж яваа найрагч, Баянтунгалаг хэмээх урт үст, бүрх малгайтыг, зүгээр л сэтгэлийн амьтан гэдэг нь бүх л талаас нь харахад мэдрэгддэг бас нөгөө Шагдарсүрэнгийн хүү Гүрбазар ахтан, болор цомын отгон найрагч болж залуу авъяастан алтан медалиар энгэрээ мялаагаад хөл нь газарт буухгүй хөөрч яваа гэнэн, гэгээн дэврүүн Хангал найзыгаа. Ингээд л болоо. Бусад нь мэдэхгүй, сонгуулийн шоуны өмнө гарч халтуур хийвэл таарсан намын зүтгэлтнүүд, улс төрийн хэнээтнүүд... Эргүүлийн цагдааг өрөвдөж нулимс унагасан гэнэ, үнэн болов уу? Архи минь баяртай гэж санааширав... Цаг үеээ мэдэрч байгаа нь яамай даа. Ж.Наранцацралт гишүүний араас жигтэйхэн үнэмшилтэйгээр өргөл өргөв... Зүрх нь үнэхээр урагдаж бичсэн нь тун эргэлзээтэй... Зүгээр л муусайн шоучид. Би л лав иймэрхүү юмыг яруу найраг гэхгүй. Эд нар яах вэ? ингэж хэдэн жил жүжиг тавьж байгаад үхээд өгнө. Гэтэл хүмүүс яруу найраг гэж ийм л юмыг хэлдэг юм байна гэсэн ойлголттой үлдээд өгвөл яана гэхээс хоолой хорсох юм...
Уг нь цом ярилгүй Галсансүхийг ярих гэж байсийн. Шүүгч хийвээ тэр... түүний шүүдэг гэж юу байхав... Болор цомд хэн түрүүлэх нь Галсансүхэд ач холбогдолгүй хойно түрүүлэхийг хүсээд байгаа хэнд нь ч хамаагүй өгчихөөд хээв нэг тамхи уугиулаад сууж байх нь гайхаад байх араншин лав биш... надад болор цомоос илүү Галсансүх л гайхалтай санагдаж байлаа. Гэрэлтсэн саарал хослол нь хичнээн сайхан зохио вэ? Цом дуусахаар нь номыг нь нэхлээ. Яагаав нөгөө постпанк... хотод очоод ав л гэнэ. Ирээд утасдлаа. Сургууль руу чинь дөхөж очоод утасдаж байгаад өгий л гэнэ. Ядуу оюутныг тоож, тийн хүндэтгэл үзүүлсэн Галсан ахдаа баярлалаа... Түүнд зориулж цомын дараа шүлэг бичсэн гэж байгаа... буудлынхаа өрөөнд хэвтэж байгаад бичмээр санагдаад бал хайтал огт олддоггүй, тэгээд хөмсөгний харандаагаараа бичсэн гэж байгаа.. уг нь дэвтэр дээрээ гар бичмэлийг нь оруулбал зэрлэг байхгүй юу... шүлгэндээ биш бичсэн харандаандаа л зэрлэг нь байгаа гэж.. хэ хэ
Яруу найрагч Баатарын Галсансүхэд зориулав
.......
Яруу найрагч түүнд яасан сайхан зохио вэ
Өнгийг удирдагч тэрбээр
Ахуйг сандаачин алхах нь
Өнөөдөр миний бишрээд
Маргааш мартах л зураг даа
Цэнхэр цуст, зэвхий царайтын
Цээжин хавиас улаа бутрах юм
Омогшил нь тахал мэт халдвартайд
Одоо миний догдлох нь ямар ч үнэгүй юм
Юу ч мэдэхгүй, юуг ч таниагүй ч
Юуг ч мэдэж, юуг ч таних тэрбээр
Юмсыг сандаачингаа байр байранд нь тавиагаа
Юутай бахтайгаар нотлоно вэ?
Өнгийг удирдагч тэрбээр
Ахуйг сандаачин алхах нь
Өнөөдөр миний бишрээд
Маргааш мартах л зураг даа
21 January 2008
Цонх нээгдлээ...
Би - цас
Xагацлын тамгагүй цагаахан цас
Бударсаар чиний л өлмийд өөрийгөө ивж
Булгилах зүрхэнд чинь хээ урласан
Би - гоо цас
Би - цас
Чимээгүй чимэггүйхэн нэвсийж
Чиний л өвөрт хунгарласан
Энгэрт чинь бүлээцэхдээ хайлж
Эс бүхэнд чинь шингэсэн
Би - шидэт цас
Би - цас
Уруул дээр чинь унаж
Урссаар аманд чинь орохдоо
Халуунаас халуунд цээжийг чинь шатаасан
Хамгийн амтат дарс мэт
Би - халуухан цас
Блог минь сайн байна уу?
16 January 2008
Хайрын эцсийн амьсгал - Л.Санждорж
Халиун өвсний толгой
Газарт мөргөн бөхөлзөж
Хатсан навчсын уйлаан
Зүрх урсан үдшээр
Буцах хайрын сүүдэрт
Дурсамж тэвэрч үлдээд
Ботго тормон нүдэнгээ
Голоо эгштэл санахуй
Сайхан байж дээ ... гэж санаа алдмаар
Сархад сөгнөж өчигдөрт атаархмаар
Минийх байсиймаа гэхээр зүрх омогшмоор
Хэзээ ч уулзахгүй гэхээр сэтгэлээ оршуулмаар
Ухаангүй хайртай чи минь
Тэвэрт минь үгүй болохоор
Уйдхан энэ хорвоод
Амьд явахаас халширдаг
Уйтгарт сарны чөлөөнд
Бусдын өвөрт чамайг бодож
Утгагүй амьдарна гэхээс
Уйлмаар болдог
Зүрхний гашуун дуслууд
Хацар даган урсахдаа
Зүйргүй уран түүний минь
Ялдам харцыг сануулдаг
Цээжнээс зангирах огшил
Хоолойд ирж тээглэхэд
Чиний алчуурыг үнэрлэн
Алдуурах мэт тайвширдаг
Чөдрөө тастсан хүлэг
Салхи үнэрлэн гүйх мэт
Чинийхээ зөөлөн нүд рүү
Гал цахилтал тэмцэхсэн
Гунигийн торноос мултарсан
Уран дууч шувуухай болоод
Хацрын чинь хонхорхойд буух л гэж
Халин дүүлэн нисэхсэн
Зөрүүд заяаны буулганд
Шазуур зуусан сэтгэл
Зөндөө их тэвчлээ
Нулимсыг минь одоо ав даа
Дууль болон үлдэх
Их хайрын буйранд
Дуслах нулимс тоссон
Эргэлгүй хатуу тавилан минь дээ ...
Оддын тоогоор, хүсэж явдагаа больсоон
Орчлонд, хүнээс үнэтэй нь хаа байна
Зүрх сэтгэл хоосолсон, бидэн хоёрын хагацлаас
Зүүгдэж үлдсэн, ухаарал гэвэл энэ байна.
Бардам гэнэн гүнж минь
Аз жаргалтай яваарай
Бодлоороо үнсьё !
Бяцхан зүрхээ зовоож
Намайгаа бүү санаарай
Зүүдэндээ учирья !
Нүгэл бүхнээс
Гөрөөс шиг үргэж яваарай
Нэрийг чинь тарнилан шивнэё !
Нүцгэн сэтгэлдээ гуниг нөмөрч
Аалиа бүү эвдээрэй
Зүсийг чинь сүнсэндээ шингээё !.
10 January 2008
Инээх үү бүгдээрээ өнөөдөр...
Єнгєрсєн жил би Girlfriend 7.0 гэдэг программаа Wife 1.0 болгож сайжруулсан юм. Гэтэл энэ программ маань гэнэтийн урьдчилсан тооцоонд ороогvй Child 1.0 гэдэг апликэйшныг автоматаар vvсгээд байна. Энэ апликэйшн нь цаашид зогсолтгvй vргэлжлэн Child 2.0, 2.1 гэх мэт vргэлжлэх єндєр магадлалтай бєгєєд асар их зай эзэлдэг юм байна. Мєн Wife 1.0 программ суусныхаа дараа бусад программуудад шууд нєлєєлж системийн vйл ажиллагааг бие даан хянах боллоо. Ингээд миний Poker Night 10.3, Football 5.0 , Going to the pub 7.5, Softball 3.6 зэрэг апликэйшнvvд маань байнга гацдаг болсон. Бас заримдаа єєрийн хамгийн дуртай Girlfriend 7.0 дахин ажиллуулах гэхээр Wife 1.0 санах ойд резидентээр суучихаад эсвэл background-д давхар ажиллаад болохгvй байна. Тэгээд un-install хийх гэхээр болохгvй юм. Надад туслаач!!!
Гvнээ хvндэтгэсэн асуудалд орсон хэрэглэгч
ХАРИУ:Эрхэм Хэрэглэгч минь ээ,
Энэ бол байнга эрчvvдийн гомдоллож байдаг асуудал юм. Ихэнх эрчvvд Girlfriend 7.0 программаа Wife 1.0, болгож апгрейд хийхдээ Wife 1.0-ийг зvгээр нэг ютилити юм уу эсвэл нэг энтертейнмэнт программ гэж боддог юм шиг байгаа юм. Yнэн хэрэгтээ Wife 1.0 бол бие даасан YЙЛДЛИЙН СИСТЕМ бєгєєд нэгэнт суусан тохиолдолд устгагддагvй, ан-инсталл хийгддэггvй ба буцааж Girlfriend 7.0 –ийг суулгах ямарч боломжгvй болгодог юм.
Хэдийгээр Wife 1.0 бол маш гайхамшигтай vйлдлийн систем боловч нэлээд нарийн тохиргоо vйлчилгээ хэрэгтэй байдаг бєгєєд Cleaning & Laundry 3.0, Food 1.5, Financial monitoring 4.2 зэрэг программууд дагалдан нэг багц болж ирдэг. Гэсэн хэдий ч эдгээр программуудийг ажиллуулахдаа маш болгоожтой байхгvй бол болохгvй. Учир нь алдаа гарсан тохиолдолд систем Хэрvvл Тэмцэл 9.5 програмыг шууд ажиллуулж єєрийгєє тогтворгvй байдалд оруулдаг. Нэгэнт ийм байдал vvссэн бол Wife 1.0 vйлдлийн системийг хэвийн байдалд оруулахын тулд зарим нэг нэмэлт програмуудыг зайлшгvй худалдан авах хэрэгтэй болдог.
Эдгээр нь Flowers 2.1 ба Diamonds 5.0 зэрэг болно.
Амжилт хvсье!
Техникийн тусламжийн хэлтэс
09 January 2008
Мөртүүд
Түймэр шиг асах миний өчүүхэн зүрх
Тэнэмэл саран хүйтэн дүрээ нууранд унагах шиг
Тийм гунигтай, чив чимээгүй чиний сэтгэл
Бүүр дараа...
Бодол эцэж ганцаардал ханьсахад
Бидэн хоёр ертөнцийн хоёр туйл
Бие биесээ ширтэж удаан амьдарна
*****
Асгарсан нулимсанд чинь хорвоо дэвтэнэ
Ай бүсгүй минь чи инээмсэглэ
Гал цахих инээдэнд чинь ертөнц уярна
*****
Зүйрлэшгүй яруухан эгшинд
Чиний явсан зам дээр
Цэцэг ургахыг мэдэрлээ
*****
Дарс шиг исгэж чамд хадгалъя
Хамгийн гашуун час халуунаар дутахдаа
Хавраар ирж өөрийгөө марттал согтоорой
07 January 2008
Эрүүл байна гэдэг санааных...
Б.Энхтуяа Охин үрээ хайрла
Омогдож загнахдаа ч хайрла!
Охин үрээ хайрла!
Ойворгон зэмлэхдээ ч хайрла!
Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ
Насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг
Нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дуулалддаг
Насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ
Энхрий гарын нь хурууг чилтэл гэр зуураа зарахдаа
Ээжийн цай уулгаж, аавын үгээр энхрийл
Эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана
Харийн газар одож хадмын нүүрийг царайчилна
Насаараа уухгүй амтат цайг нялх багад нь гэрт нь уулга
Насаараа амсахгүй жаргалыг нялх багад нь тоонотод нь эдлүүл
Насаараа сонсохгүй энхрий үгийг нялх багад нь гамнахгүй хэл
Насаараа нууж урсгах гашуун нулимсыг нь бодож цөөн уйлуул, охин үрээ!
Хүний гэргий болох гэж гангар шаазан шиг хагарна
Хүүхэн хонгор үрээ гарын алгандаа энхрийл
Хүй орчлонгийн жамтай тэнцүүлж түүнээ хайрла
Хөөрхөн хонгор аалинд нь эрхлүүлж түүнээ хайрла
Үрийн эх болох гэж алтан заадал сална
Үүлэн хонгор үрээ тэнгэрийн мандалдаа эрхлүүл
Үйл нь дуусдаггүй хорвоод балчирт нь амжиж жаргаа
Үс гэзгээ цайтал өнөд шаналахыг нь болгоо
Зөөлөн булбарай хурууг нь зүү утастай шадарлуул
Зүйдэл оёдлын хорвоод охин үр чинь төрснийг сана
Зөөлөн хонгор аашийг нь зүйр үгтэй шадарлуул
Зөвлөх хэлцэхийн хорвоод охин үр чинь төрснийг сана
Арван жил зэмлээд ч ухааруулж амжаагүй үгийг чинь
Анхны үр ньтөрөөд үдшийн шөнөдөө ухаарна
Хорин жил дуудаад сэрээж чадаагүй нойрыг нь
Хонгор үр нь төрөөд үүрийн жавраар ч хулжаана
Охин үрээ энхрийл, орчлонгийн зовлонд цадахын цагтаа
Огшуун нулимсандаа живэхийн цагтаа хожмоо нэг дурсана
Аавын гэрт жаргасан даа гэж хэзээд нэг тайтгарна
Ээжийн өвөрт эрхэлсэн дээ гэж эрхгүй нэг уужирна
Охин үрээ хайрла
Хясаа сувдаа нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Үүл усаа хураадаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Уул эрдэнээ нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Ус загасаа цэнгүүлдэг шиг хайрла
Хатуугаас хатуу үгийг ханатлаа үр чинь сонсоно
Хавраас намар хүртэл төрхөмдөө очиж хэлэх үү?
Хайртай охиноо зэмлэхдээ харцаараа ч болов энхрийл
Хаврын шувууд шиг намрын жимс шиг үгийг охиндоо хэл
Бусдыг хайрлах л гэж төрсөн юм охин үрээ энхрийл
Буцаж урсдаг ус байхгүй, эргэж та нарыг хайрлахгүй
Эргүүлэгт орчлон харин охин үрийг чинь хайрлахгүй
Энгэсэгт хацраар гэрэлтэвч зовлон нь та нарт харагдахгүй
Үндэс нь газарт цэцэг нь тэнгэрт
Үүн лүгээ адил санаж охин үрээ хайрла
Тэнгэрт чинь нар ч бий хур ч бий аянга ч бий
Тэнгэрлиг охин үрийг чинь жаргал ч тосно зовлон ч тосно
Хөөрхий түүнийг нялхад нь жаргаа
Хүүрнэн сургаад яах вэ дээ орчлон түүний багш юм
Хүний л гарт очих бүсгүй түүнийг энхрийл
Хүний л эрхэнд жаргах охин үрээ хайрла
